Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 751

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 14-7 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, регистрийн дугаар МС58061110, Борлууд овогт Цэрэнгийн Дамиагийн,

             Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын  04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дамиа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Ц.Дамиа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1957 оны 1 дүгээр сарын 25-нд Увс аймгийн Тэс сумын Нарийны гол гэх газар төрсөн. Тухайн үед аав ээж маань намайг эрхлүүлж Дамиа гэж дуудаж, сургуульд оруулахгүй гэж насыг минь дарж бүртгүүлснээс болж нэр болон төрсөн он, сар буруу бичигджээ. Тэр үед миний нэрийг Дамдин гэдэг байжээ. Одоо миний бичиг баримтууд Цэрэнгийн Дамиагаар байдаг. Иймд миний бие нь бичиг баримтаа үнэн зөвөөр бүртгүүлэх шаардлагатай байна. Миний доод талын дүү Ц.Жижүү 1960 онд, дээд талын ах Ц.Чоной нь 1954 онд төрсөн ба бид гурав хоорондоо гурван насны зөрүүтэй. Иймд намайг 1957 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү. Намайг 1957 онд төрснийг сайн мэдэх Д.Жаргал, С.Батаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Дамиа нь 1957 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

            Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 108/001574 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд: “Я.Дамдин, Д.Дүрзээ нарын гэр бүлд Цэрэнгийн Дамдин нь 1957 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрснийг 1957 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 217 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ.

      Түүнчлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 108/001894, 108/001895 дугаар төрсний бүртгэлийн лавлагаануудад: “Цэрэнгийн Жижүү нь 1960 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, Цэрэнгийн Чоной нь 1954 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрснийг бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ.  

         Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Батаа, Д.Жаргал нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Батаагийн “Ц.Дамиагийн аав Цэрэн ахынх манай хоёр Тэс сумын Нарийны гол гэх газарт зун, хавар, намарт айл хошой нутагладаг байсан. Ц.Дамиа нь дээрээсээ айлын 4 дэх хүүхэд бөгөөд 3 ах, 7 дүүтэй ба ам бүл 13-уулаа. Ц.Дамиаг бага байхад нь Дамиа гэж дууддаг байсан. Ц.Дамиа нь 1957 онд төрсөн, түүнийг 2 настай байхад би төрж байсан талаар аав ээж маань хэлж байсан. Тухайн үед Ц.Дамиаг сургуульд оруулахдаа 9 настай байхад нь насыг нь дарж 8 настай болгож оруулж байсан гэсэн” гэж, гэрч Д.Жаргалын “Ц.Дамиа нь миний төрсөн эгч Дүрзээгийн 4 дэх хүүхэд юм. Цэрэн ахынх ам бүл 13-уулаа бөгөөд Ц.Дамиа нь Тэс сумын Нарийны гол гэх газарт 1957 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрж байсан. Манайх тухайн үед манайх Цэрэн ахынхтай хамт өвөлжиж байсан юм. Ц.Дамиагийн дээд талын ах Ц.Чоной нь 1955 онд төрж байсан ба Ц.Дамиагийн дараагийн дүү Жижүү нь 1960 онд төрж байсан. Дамиаг төрөхөд аав ээж нь Дамдин гэж нэр өгсөн бөгөөд тухайн үед өхөөрдөөд бид нар Дамиа гэж дууддаг байсан. Сүүлд Дамиа 16 нас хүрэхэд түүний аав нь Дамиа гэх нэрээр нь үнэмлэх авсан байсан. Дамиаг сургуульд оруулахдаа аав ээж нь насыг нь 1 насаар дарж байж оруулсан бөгөөд иргэний үнэмлэх дээр нь 1958 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн гэж буруу бичсэн байсан” гэх мэдүүлгүүдийг шүүхэд өгчээ.

           Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 108/001574 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд Ц.Дамиаг Ц.Дамдин хэмээн бүртгэсэн байх бөгөөд түүнд Ц.Дамдин гэдэг нэр өгсөн бөгөөд иргэний үнэмлэх авахдаа Дамиа гэх нэрээр бүртгүүлсэн болох нь гэрч Д.Жаргалын мэдүүлгээр тогтоогдож байна.

           Түүнчлэн гэрч Д.Жаргалын “Ц.Дамиа нь Тэс сумын Нарийны гол гэх газарт 1957 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрж байсан” гэх мэдүүлэг нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 108/001574 дугаар төрсний бүртгэлийн лавлагаагаар няцаагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын 1 дүгээр сарын 25-ны өдөр төрснийг тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Я.Дамдин, Д.Дүрзээ нарын гэр бүлд Цэрэнгийн Дамиа нь 1957 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 108/001574 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч С.Батаа, Д.Жаргал мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Борлууд овогт Цэрэнгийн Дамиаг 1957 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 дүгээр сарын 25-ны өдөр төрснийг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Борлууд овогт Цэрэнгийн Дамиаг 1957 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 дүгээр сарын 25-ны өдөр төрснийг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ц.Дамиагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ