| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0641/Э |
| Дугаар | 669 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 22.5.2., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 669
2019 08 30 2019/ШЦТ/669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: Ц.Сүхбат /томилолтоор/,
Гэрч: Б.Жамъяндорж,
Шүүгдэгч: П.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Уртнасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн, П.Г /-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Оюуны өмчийн газарт бүртгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн, урьд ял шийтгэгдэж байгаагүй П.Г
Холбогдсон хэргийн талаар:
Нийтийн албан тушаалтан П.Гнь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа тус байгууллагын худалдан авах 13 ширхэг оффиссын зориулалттай компьютер нийлүүлэх хүн, хуулийн этгээдийг харьцуулалтын аргаар сонгох, сонгон шалгаруулалтад өөрийн үүсгэн байгуулсан “Титан софтвэйр” ХХК-р оролцож, шалгарсан боловч техникийн тдорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлж, улмаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх худалдан авах ажиллагаанд оролцсон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Жамъяандоржид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КА” нэртэй хоолны газрын өрөөнд албан тушаалын байдалтай нь холбогдуулан нэг сая төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие Төвлөрсөн хадгаламжийн төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа техник хэрэгсэл худалдан авах үйл ажиллагаа явагдахыг мэдээд, энэ ажиллагаанд оролцъё гээд үнийн санал өгсөн. Тэгээд тендерт хамгийн бага үнэ хэлж шалгарсан. Тендерт шалгараад бараа материал захиалах явцад хөрөнгө оруулалт батлагдах хурал сунжирсан учраас жилийн хугацаанд компютерийн үзүүлэлт, үнийн санал зөрүүтэй болж, ашиг олохооргүй болсон байсан. Миний санал болгосон компьютер 22, 24 инчийн буюу дэлгэцийн ялгаатай, 4 дүгээр үе, 6 дугаар үе гээд мэдээллийн зөрүүтэй байсан. Би Гэрэлттэй уулзахдаа 22 инчийнхийг 24 инч болгож, сольж өгье. Модель, хүчин чадлын хувьд ижилхэн гэсэн боловч зөвшөөрөөгүй. Б.Жамъяндорж бол ах аа үзүүлэлт нь зөрөөд байна. Та солиод өг гэж хэлсэн. Тэгээд Б.Жамъяндоржид мөнгө өгөх авахгүй гэхээр нь чамд байж байг. Чи баар, караокед оролдоо гээд үлдээгээд гараад явсан. Маргааш нь солилцоогоо хийе, мөнгөө буцаах асуудлаар тэд нар луу залгахад гар утсаа авахгүй байсан. Удалгүй авилгатай тэмцэх газраас над руу залгаад ирж уулз гэж хэлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хувийн байдлын талаар ярихад би 2001 оноос хойш 18 жил төрд ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, улсын бүртгэл зэрэг байгууллагуудад удирдах албан тушаал хийж байсан. Энэ хугацаанд гэмт хэрэг, авилга хээл, хахууль, зөрчил зэрэг асуудал гаргаж байгаагүй. Гэмт хэрэг хийж байгаагүй. 2016 онд отгон охин минь төрсөн. Төрөөд 3 сарын дараа эхнэр маань төрөхийн хүндрэл, савны халуунаас болж Шархадны эмнэлэгт 9 сар хэвтэж байсан. 2016 оноос хойш миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, байраа хүртэл зарсан. Мөнгө хэрэгтэй гэж бодоод тендерийн ажиллагаанд орсон. Үүнээс болж гэмт хэрэгт холбогдсон. Эхнэр маань хүнд өвчтэй болсон. Эхнэртэй хэлээгүй байсан боловч эхнэр маань мэдсэн байсан. Уг нь эхнэрийн өвчин сэтгэл санааны хувьд тайван байх ёстой, хүчтэй эм уудаг. Гэтэл энэ асуудлын талаар мэдээд яагаад ийм юм болсон бэ гэж асуусан. Энэ байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хөнгөн ял шийтгэл буюу торгох ялаар шийтгэж өгнө үү. Хэрэг хийсэн тул ял шийтгэлээ хүлээх нь тодорхой. Хувийн байдлыг минь харгалзаж үзнэ үү. Хэрвээ хорих ял шийтгүүлэх юм бол өвчтэй эхнэр, 3 хүүхэд минь түрээсийн байранд хэрхэн амьдрах вэ. Та бүхэн энэ байдлыг миний харгалзаж үзнэ үү...” гэв.
Гэрч Б.Жамъяндорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай компанийн зүгээс жил бүр төлөвлөгөө баталдаг. Тэр төлөвлөгөөний дагуу 26 сая төгрөгөөр компьютер, програм зэргийг худалдаж авах төлөвлөгөө батлагдсан байсан. Үүний дагуу тендер зарлаж, шаардлага хангасан компанийг сонгож шалгаруулсан. Гүйцэтгэх захирал эзгүй байсан учраас ирэхээр нь сонгосон компаниа танилцуулахаар болсон байсан. Тэр сонгогдсон компани бол тухайн үед өөр компани байсан. Түүнээс сарын дараа манай компани дээр нэлээн хэдэн компьютерүүд ачигдаж ирсэн байсан. Тухайн үед хаанаас, ямар комапаниас ирсэн гэдгийг сайн ойлгоогүй байсан. Асууж тодруулахад П.Г гишүүний компани гэж ярьж байсан. Тухайн үед 20 гаран сая төгрөгийн компьютер орж ирсэн. Бид нар тэр компьютерүүдийг задлаад шалгаад үзэхэд шаардлага хангахгүй, бид нарын тендерийн шаардлагад хүрэхгүй байсан. Манайх улсын хэмжээнд төрийн өмчит ганцхан газар байсан. Бүх улсын юм хадагалгддаг компани учраас компьютерийн үзүүлэлтүүд хүрэхгүй байна гэдэг нь муу үр дагавартай. Энэ талаар өөрийн албаны дарга нарт хэлээд, орой нь тухайн асуудлыг авч хэлэлцэх гээд байж байтал П.Ггишүүн өөрөө манай мэдээлэл технологийн захиралтай уулзаад, дараа нь надтай уулзах хүсэлт тавьсан. Би өөрөө энэ үйл ажиллагааны гэрээг хариуцаж байсан. Манайхтай гэрээ байгуулаагүй байсан тул энэ талаар олж мэдэх гээд орж уулзсан. Орж уулзах явцад миний анх мэдүүлсэн бүх үйл явц болсон. Манай компанийн бусад ажилчдад мэдэгдэхгүй үүднээс надад мөнгө өгчихөөд гараад явсан. Тухайн үед албаны захиралдаа энэ талаар мэдэгдэх гэсэн боловч ажил тарсан байсан тул боломж үүсээгүй. Би өглөө авилгатай тэмцэх газарт энэ мөнгийг аваачиж өгч, өөрийн компанийн зарим нэг ажилчдыг хардаж шалгуулъя гэж бодсон. Миний зүгээс авилгатай тэмцэх газраас томилсон эрх бүхий албан тушаалтны үүргийн дагуу энэ асуудлыг шалгуулахаар мэдээлэл өгсөн...” гэв.
Гэрч Б.Жамъяндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ Манай байгууллага нь сангийн яамны харьяанд байдаг 100 хувь төрийн өмчит компани юм. Энэ утгаараа 2018 оны 11 сард ТУЗ-ийн хурлаар худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ батлагдсан төлөвлөгөөний дагуу компани сервер, зарим компьютер тоног төхөөрөмжийг шинэчлэх шаарлагатай гэж үзээд төлөвлөсөн. 13 ширхэг оффис хэрэглээний компьютерыг 26 сая төгрөгөөр авахаар төлөвлөсөн. Холбогдох компаниуд руу үнийн санал ирүүлэх албан бичгийг худалдан авалт хариуцсан ажилтан Б.Гэрэл явуулсан. Түүний дагуу хоног хугацаандаа компаниудаас үнийн санал ирсэн байсан ба надад болон мэдээлэл технологийн албаны захирал Гэрэлт, албаны ажилтан Д.Тулга нарт хэлсэн. Тэгээд тухайн ирсэн үнийн саналыг бид 4 компанийн хурлын зааланд 2018 оны 12 сарын 10-ны хавьцаа байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Тэр хавцаа нээж үзсэн. Задлаад Б.Гэрэлээс тендерийн материал бүгд цагтаа ирсэн үү гэж асуусан. Гэрэлийн зүгээс Титан софтвэйр ХХК нэг цагаар хоцорч ирсэн гэж байсан. Наадах чинь хугацаа хоцорсон тул тендерийн шаардлага хангахгүй тул хас гэж хэлсэн. Тэгээд буад компаниудын үнийн саналыг харсан. Миний хувьд ирсэн үнийг харж байсан. Нөгөө хоёр техникийн тодорхойлолтыг харж байсан. Гэрэл нь шаардлага хангасан компаниудаас ирүүлсэн үнийг тэмдэглэж байсан. Титан софтвэйр ХХК-н ирүүлсэн бичиг нь тендерийн шаардлага хангахгүй байсан. Сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан байгаагүй мөн ижил төрлийн гэрээ гүйцэтгэж байсан туршлага болон холбогдох материал нь дутуу байсан. Мөн бусад компаниудаас ижил төрлийн гэрээ байгуулж байсан туршлагын мэдээллийг явуулсан байсан. Энэ Титан нь хамгийн бага үнийн саналатй байсан ба Симмит ХХК-аас 200,000 төгрөгөөр бага үнийн саналтай байсан. Титан софтвэйр ХХК нь бага үнийн саналтай байсан боловч шаардлага хангаагүй басан учир би хас гэж хэлсэн. Гэрэл,Тулга нар нь хас гэсэн Гэрэл мөн за гэж байсан. Компьютерийг Саммит ХХК шалгарлаа, серверийн хувьд Айти зон ХХК шалгарлаа гэж байсан. Мэргэжлийн хүмүүс нь техникийн хувьд хангаж байна гэсэн. Тэгээд би Гэрэлд гүйцэтгэх захирал Ж.Байгалмаад танилцуул гэсэн. Гэрэл эгч дараа нь захиралд танилцуулсан гэж байсан. Тэгээд нам жим болсон. Би хуулийн зөвлөхийн хувьд гүйцэтгэх захирлын тушаалын төсөл боловсруулдаг юм. Гэрэл нь ийм төсөвт өртөгтэй комьпютер авахаар болсон гэсэн. Тушаал дээр нь компьютер техник хэрэгслийг шинэчлэн сайжруулахтай холбоотой 13 ширхэг компьютерийг худалдан авах төлбөр болох 25 сая /200 билүү 300 мянга/ төгрөгийг хавсралтаар баталсугай гэж гарсан. Төлбөрийн худалдан авалтын төсвөөс гаргахыг еоөнхий нягтлан бодогчид зөвшөөрсүгүй гэсэн байсан. Энэ үед Титан софтвэйр ХХК-аас ав гээд байна гэж Гэрэл хэлсэн. Би наад компани чинь шаардлага хангаагүй байна, хамгийн бага үнэтэй хамаагүй гэж хэлсэн. Гэрэл эгч би бүгдийг тайлбарлан хэлсэн гэсэн. Тэгээд хамаагүй хамгийн бага үнийн саналтай нь энэ байна гэсэн байсан. Би тушаал гарсан эсэхийг би тоогоогүй юм. Компьютер авахаар үнийн санал явуулж байх үед П.Гнь над руу яриад манайхаас компьютер авахаар болсон. Ахын дүү гэрээг нь боловсруулаад хийгээч гэсэн. Энэ талаар Захиргаа хууль, эрх зүйн албан захирал Э.Дамдиндоржид хэлсэн. ТУЗ-ыг гишүүний компани юм бол ашиг сонирхлыг зөрчил үүснэ, яах гэж чам руу яриад байгаа юм бэ? Гүйцэтгэх захирал болон Гэрэлд хэлээрэй гэж байсан. 2019 оны 01 сарын 04-ны өдөр баасан гарагт 12 цагийн үед тамхи татаад ажлын хүмүүстэй зогсож байхад манай дээр 13 ширхэг компьютерыг нэг портер машинтай П.Г болон ажилтын хамт авчирч өгсөн. Бид нартай гар бариад мэндэлсэн. Тэгээл буулгаад компанийн урд буулгаж өрж тавиад тоолоод компани уруу оруулж бид нар өрөөндөө зөөж оруулсан. Одоо ч тэр өрөөндөө байгаа. П.Гмашин холдуулъя гээд яваад өгсөн. Тэгээд 2-3 цагийн дара шалгаж үзье гээд нээж үзсэн. Дэлгэц нь 22 инч байна. 23-24 гэсэн техникийн шаардлагатай гэсэн. Процессорыг нээж үзэхэд 3050 гэсэн байсныг хараад миний 3050 байдаг дээр үеийнх юм биш үү гэсэн. Тэгээд Тулгаа ахтай хамт процессорыг асааж, залгаж үзэхэд манай үзүүлэлтийн хаана ч хүрэхгүй үзүүлэлттэй юм байна гэсэн...тэгээд нэг дэх өдөр солих юм шиг байна, гэсэн гэж Гэрэл хэлсэн. Тэгээд нэг дэх өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажил тарах үед Гэрэлт ах руу утсаар П.Гярьсан байсан. Уулзъя гэсэн байсан. Гэрэлт ах охиноо цэцэрлэгээс авсан байсан учир оруулж өрөөндөө үлдээгээд надад “ П.Г уулзъя гээд хажуу талын Ка ресторанд уулзъя гэж байна уучихаад ирье гээд гарсан. Тэгээд Гэрэлт ах орж ирээгүй байхад П.Гнад руу яриад Ка руу ороод ирээч гэсэн. Тэгээд 2 давхрын шатаар буусан чинь Гэрэлт ах надтай гадна хаалган дээр таарсан. Юу гэж байна гэхэд энийг үлдээх гээд байгаа юм биш үү. Би чадахгүй, мэдэхгүй гэж хэлчихээд гараад ирлээ гэсэн. Тэгээд би яваад ороход зааланд байгаагүй гэтэл хаалгатай 2 жижиг өрөө байдаг ба нэг өрөөнөөс гарж ирээд намайг дуудахад би орж суусан... Ах нь компьютер нийлүүлсэн чинь үзүүлэлт нь тааруу байсан юм байна гэсэн. Үзүүлэлт нь аймаар муу юм байна лээ солихгүй боло болохгүйшдээ гэж хэлсэн. Тэгсэн чинь ах нь энэ талаар уулзах юм гэсэн. Тэгээд компьютерийн үзүүлэлтийн талаар бараг л адилхан гээд байдаг юм. Бм үзүүлэлтийн талаар би мэдэхгүй, энийг солихгүй бол манй ажилчид бүгд харсан үзүүлэлт хүрэхгүй байна гэж хэлсэн. Жамина ахын дүү чи хуулийн хүн байна ямар нэг гаргалгаа гаргаач гэсэн. Гэрээ хийгээгүй байхад мөнгө гарчихсан бараа ирчихсэн байсан учир гэрээгээ байгуулж авах нь манай компанид ашигтай гэж бодоод та гэрээгээ байгуул гэж хэлсэн. Гэрээ нь сангийн сайдын баталсан загварын дагуу байдаг би явуулъя хийх ёстой гэсэн. Би шийдвэр гаргадаг хүн биш, энэ талаар удирдлага л шийднэ гэж хэлсэн. Би тэр үед хувь хүнийхээ хувьд би дотроо дургүй хүрч байсан...Ахын дуу тэгвэл тэгж тус болоорой баярлалаа гээд надад баруун гараараа ширээн доогуур гарт мөнгө бариулсан. Багцалсан мөнгийг надад өгсөн. Барихад дундуур нь нугалсан мөнгө байна гэж мэдсэн. Өгч байхдаа тэгж туслаарай гэсэн. Тэгээд би энийг авахгүй хэрэггүй, ийм юмаар яах гэж байгаа юм бэ? гээд буцаагаад өгөх гэхэд хэрэггүй чи өөртөө аваа гэсэн. Таны энэ комьютерийг манай мэдээлэл технологийн албаны хүмүүс мэдсэн та буцааж таарна гэхэд би Гэрэл, Гэрэлт нартай би ярьчихна гэсэн. Чи надад гэрээний загвараа явуул компани дээр битгий яриа гаргаарай гэсэн. Би гаргаж ирээд буцаагаад гаргаж ирээд өгөх гэхэд хүн харчихна цаашаа хий гэсэн. Тэр үед хажуу халаасанд мөнгөө гараараа атгаад байж байгаад би гаргаад өгөх гэхэд хувцасаа өмсөөд гарсан...тэгээд Гэрэлт ах бид хоёр Дамдиндорж захирал дээр болсон бүх асуудлыг хэлсэн. Тэгээд би АТГ явмаар байна, цаг алдалгүй очиж хэлээд энэ мөнгийг нь холбогдох байгууллагад нь өгмөөр байна гэсэн. Очиж хэл гэсэн...Гүйцэтгэх захирал АТГ-т хэлнэ гэснээрээ хэл гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 8-10-р хуудас/,
Гэрч Ж.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Худалдах авах төлөвлөгөөг ТУЗ-ийн хурлаар 2018 оны 11 сарын 14-ний өдөр баталсан. Нийт 3 худалдан авах ажил батлагдсан. 13 компьютерийг авахаар төлөвлөсөн байсан. Худалдан авалтын ажил хариуцсан ажилтан Б.Гэрэл гэж эмэгтэй байдаг юм. Б.Гэрэл болон ерөнхий нягтлан Саранчимэгт хууль журмын дагуу ажиллаарай гэж үүрэг өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ТУЗ-ийн даргаас чөлөө аваад АНУ-руу явсан юм. Тэр хооронд худалдан авалтын комисс ажилласан гээд Б.Гэрэл Серверт Ай ком ХХК шалгарсан гэхэд энийг нь зөв гэж би хэлсэн.13 компьютерыг нийлүүлэх компани нь Саммит ХХК шалгарсан гэж хэлсэн. Б.Гэрэл надад хэлэхдээ ТУЗ-ийн гишүүн П.Г-ийн Титан Софтвэйр компани хамгийн бага үнийн санал өгсөн, техникийн үзүүлэлт нь адилхан байна гэсэн. Би тендерийн бичиг баримтыг үзнэ гээд авч үлдсэн боловч үзэж амжаагүй. Гэрэлд би ямар ч гэсэн хуулиа бариарай, хамгийн бага үнийн санал өгсөн компанийг шалгаруул гэсэн. Бүх компанийг үнийн дүнгээр жагсаасан бичгийг үзүүлсэн. Хамгийн бага үнийн саналтай ТУЗ-ийн гишүүн П.Г-ийн Титан Софтвейр компани байсан. Тэрний дагуу 12 сарын 26-ны өдөр мөнгө шилжсэн. Ер нь хугацаа тулсан байсан. Яаралтай шилжүүлэх хэрэгтэй гэж байсан. Ерөнхий нягтлан 2 дугаар гарын үсэг, би 1 дүгээр гарын үсэг зурсан...1 сарын 8-ны өдөр өглөө ажилдаа ирээдбайж байхад 10 цагийн үед хуулийн зөвлөх Б.Жамъяндорж нь ТУЗ-ийн П.Г намайг Ка ресторнд дуудаж нэг сая төгрөгийг хүүе гэхийн зуургүй өгсөн гэж хэлсэн...Би компьютерийг буцааж болдоггүй юм болов уу? Гэж хэлсэн чинь Жамъяндорж “П.Гшаардлага хангах компьютерийн талаар ажилтнууд болон удирдлагууддаа битгий мэдэгдээч гэж нэг сая төгрөг өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэгээд би АТГ-т өгөх нь зөв юм байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
Гэрч Б.Гэрэлтийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манай компани 2018 онд техник технологийн шинэчлэлийн хүрээнд 13 ширхэг оффиссын зориулалтын компьютер худалдан авахаар төлөвлөсний дагуу манай албаны зүгээс техникийн шаардлагыг гаргаж өгч харьцуулалтын тендер зарлагдаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн үнийн саналыг Гэрэл, Жамъяндорж, Тулга нартай хамт задалсан. Компьютерын үнийн саналууд “Саммит”, “АйТи Зон”, “Титан софтвейр” компаниудаас ирсэн бөгөөд “Титан софтвейр” нь хугацаа хожимдуулж ирсэн тул шалгаруулалтад оруулалгүй хассан ...харин сүүлд “Титан софтвейр” компаниас худалдан авахаар болсныг сонссон. Хугацаа хожимдуулж ирсэн компани яагаад шалгарсан талаар мэдэхгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр худалдан авсан компьютерүүд ирсэн бөгөөд барааг тоолоод компанийн байранд оруулсан. Компьютерийг түр хугацаанд гэсгээж 1 дэлгэц, 1 компьютерийг задалж үзүүлэлтүүд манайхаас өгсөн техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг Тулга, Жамъяндорж нартай цуг шалгасан. Гэтэл дэлгэцний хэмжээ, компьютерийн үзүүлэлтүүд үнийн санал дээр ирүүлсэн техникийн тодорхойлолтоос зөрсөн байсан бөгөөд энэ талаар Гэрэлд мэдэгдсэн болно. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай ТУЗ-ийн гишүүн Ганзоригоос мессежээр асууж тодруулах зүйл байна уулзах хэрэгтэй байна гэсэн мессеж ирсэн бөгөөд ажлын цагаар уулзах боломжтойгоо хэлсэн...Тэр өдрийн 17:06 минутад ажил дээрээ байгаа эсэх, одоо очлоо гэж П.Ггишүүд залгасан бөгөөд би хүүхдээ 17:30-ийн үед авдаг ажил дээрээ байна гэж хэлсэн. 17:34 минутанд танай ойролцоо ирсэн байна, уулзъя гэхэд нь “ Би хүүхдээ авч байна. Та манай хурлын өрөөнд ороод хүлээж байх уу? Гэхэд “танай тэр хавиар харагдмааргүй байна. Хажуу талын Ка ресторанд ороод байж байя гэсэн.” Ингээд би хүүхдээ ажид дээрээ оруулчихаад Жамъяндоржид П.Ггишүүн ингээд байна улзахаар гарлаа гэж хэлээд “КА” ресторанд орсон. Намайг ороход текэн дээр зогсож байсан ба өрөөнд оръё гэсэн. Наад талын өрөөнд нь орж суусан. П.Ггишүүн нь үзүүлэлт зөрсөн талаар мэдэж байна одоо буцаагаад Хятад явуулж солих боломжгүй байгаа учир компьютерүүдийг хүлээгээд авахад туслаач гэсэн...маргааш өглөө буюу 2019 оны 01 сарын 08-ны өглөө Жамъяндорж ирээд өчигдөр орой болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд АТГ-д мэдэхээ хэлсэн. Миний зүгээс мөн тэгэх нь зөв гэж хэлсэн...мөнгө өгөх оролдлого хийгээгүй, өгнө ч гээгүй..манайх дэлгэцний хэмжээ 23-24 инч гэсэн байсан тэдний үнийн санал дээр 24 инч гэсэн байсан боловч авч ирсэн нь 22 инч байсан. Мөн манай техникийн тодорхойлолтод компьютер нь i5 7 дугаар үе түүнээс дээш гэсэн байсан. Харин үнийн санал дээрээ i7 гэж ирсэн. Бараа бүтээгдэхүүн нь i5 4 дүгээр үе байсан. Үнийн санал дээр dell 7050 серийн компьютер гэсэн боловч dell 30-тай сери байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 19-20-р хуудас/,
Гэрч Б.Жамъяндоржийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 35-37-р хуудас/,
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн Дугаар Б-2 тоот тушаал /2-р хавтаст хэргийн 173-175-р хуудас/,
Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар тушаал ““Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, дүрмийн санг нэмэгдүүлэх тухай” /1-р хавтаст хэргийн 206-207-р хуудас/,
Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаал /2-р хавтаст хэргийн 152-155-р хуудас/
Титан Софтвейр ХХК-ийн нэхэмжлэл, Төлбөрийн даалгавар /1-р хавтаст хэргийн 53-54-р хуудас/
Титан Софтвейр ХХК-н дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 69-73/,
Шүүгдэгч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “Би анхнаасаа болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Манай эхнэр Үүрцайх нь 2016 онд охиноо төрүүлээд 3 сарын дараа савны халуун гэх өвчин тусаж шар хадны эмнэлэгт 9 сар хэвтсэн. Эхнэр хөдөлмөрийн чадвар 85 хувийн алдагдалтай байгаа. Би өөрөө ганцаараа ажилладаг, түрээсийн байраар амьдардаг амьдралын нөхцөл хүнд байдаг. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 150-р хуудас/
Шүүгдэгч П.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “... Миний бие үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн ТУЗ-н гишүүнээр ажилладаг. Тэгээд өнгөрсөн жил 2018 онд ТУЗ-ын хурал болсон. Хурал дээр техниз хэрэгсэл худалдан авах танилцуулга байсан. Компьютерийн би нийлүүлж болох эсэх талаар хуучин захирал Лхагваатай зун болох байлгүй материалаа өгчих гэсэн. Захирал нь солигдож Байгалмаа томилогдсон. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлаагүй байхад Туул ресторанд хамт хоол идэж байхдаа компьютеруудыг би нийлүүлэх боломж байна уу. Үнэлгээний хороо шийдвэр гаргана тэд нарыг оруулаад ирвэл татгалзах зүйл байхгүй гэсэн. Би чиний амьдралыг мэдэж байгаа чамд туслана материалаа өгчих гэсэн...тэгээд 2018 оны 12 сарын 26-ны үед 25,350,000 төгрөг компанийн дансанд шилжүүлсэн байсан.Компьютер нийлүүлдэг Жамсран гэж ахад би өмнө нь хэлсэн байсан ба Компьютер ланд хажуу талын байранд очиж уулзан урагшаа компьютер захиалсан. Нийлүүлэх компьютерийн үзүүлэлт нь i5 7 дугаар үе гэсэн байсан. Би захиалахдаа i5 4 дүгээр үеийн үнэ хямд байсан учир захиалсан. Долоодугаар үе нь монголд байхгүй байна лээ, 8 дугаар үе нь гарсан байсан. Дэлгэцийн хувьд андуурагдсан. Би 22 гэлүү 24 гэлүү яг яаж захиалснаа санахгүй байгаа юм. Тэгээд 2019 оны 01 сарын эхээр компьютерууд ирсэн байсан. Компани дээр компьютеруудыг хүлээлгэн өгсөн. ...Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 50 минутын үед Б.Гэрэлтийг дуудаж КА ресторанд уулзаад адилхан i5 байхад хүлээгээд авчихаач гэхэд тендерийн материалд 7 дугаар үе гээд заасан байхад боломжгүй шүү дээ гээд 2-3 минут болоод гараад явсан. Б.Гэрэлтийг гарангуут би утсаар Жамъяндоржийг дуудаад КА рестораны вип өрөөнд нь уулзсан. Эхлээд үзүүлэлтийн талаар ярих боломжгүй гэсэн. Сонирхлын зөрчил үүснэ, гэрээ байгуулах боломжгүй гэсэн...Энэ асуудлыг зохицуулаад өгөөч гээд 10 000 төгрөгийн дэвсгэртээр нэг сая төгрөгийг задгайгаар нь гарт нь бариулчихсан юм. Тэгсэн чинь ингэж болохгүй гээд буцаагаад өгөхөөр нь би буцаан юм хийчихлээ буцаагаад авая гэж зурвас бичсэн...би нэг сая төгрөгийг бэлтгээд очсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 25-26-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч П.Г-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 151-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх дүгнэлт
Нийтийн албан тушаалтан П.Г нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа тус байгууллагын худалдан авах 13 ширхэг оффиссын зориулалттай компьютер нийлүүлэх хүн, хуулийн этгээдийг харьцуулалтын аргаар сонгох, сонгон шалгаруулалтад өөрийн үүсгэн байгуулсан “Титан софтвэйр” ХХК-аар оролцож, шалгарсан боловч техникийн тдорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлж, улмаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх худалдан авах ажиллагаанд оролцсон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Жамъяандоржид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КА” нэртэй хоолны газрын өрөөнд албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Б.Жамъяндорж, Ж.Байгалмаа, Б.Гэрэлт нарын мэдүүлэг, Б.Жамъяндоржийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн Дугаар Б-2 тоот тушаал, Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар тушаал “ҮЦТХТ-ийн ТУЗ-ын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, дүрмийн санг нэмэгдүүлэх тухай, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаал, Титан Софтвейр ХХК-ийн нэхэмжлэл, Төлбөрийн даалгавар, Титан Софтвейр ХХК-н дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүгдэгч П.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар, гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон үйлдлийг гэмт хэрэг хэмээн тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан байна. Энэхүү гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилжээ. Шүүгдэгч П.Гнь Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, дүрмийн санг нэмэгдүүлэх тухай” 112 дугаар тушаалаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр, мөн Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Оюуны өмчийн газрын захиргаа удирдлагын хэлтэст Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн-архивчаар тус тус томилогдон ажилласан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1., 4.1.3 дахь заалтанд тус тус зааснаар төрийн захиргааны албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус байгууллагын худалдан авах 13 ширхэг оффиссын зориулалттай компьютер нийлүүлэх хүн, хуулийн этгээдийг харьцуулалтын аргаар сонгох, сонгон шалгаруулалтад өөрийн үүсгэн байгуулсан “Титан софтвэйр” ХХК-р оролцож, шалгарсан боловч техникийн тодорхойлолтонд заасан шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлж, энэхүү бараа бүтээгдэхүүнийг шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр солих буюу буцаахаар байгууллагын тавьж буй шаардлагыг биелүүлэхээс зайлсхийж, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу тухайн худалдан авах ажиллагаанд оролцсон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Жамъяандоржид нэг сая төгрөгийн хахуулыг өгсөн байна.
Прокуророос шүүгдэгч П.Г-нүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч П.Гнь прокуророос зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар төрийн бүх шатны байгууллагын албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа олж мэдсэн авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ гэж заасны дагуу гэрч Б.Жамъяндорж нь зохих байгууллагад хандсан байх тул хуульд нийцсэн арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч П.Г-нүйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч П.Г-нүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, энэхүү гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Гнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч П.Г-ийн хувийн байдал, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Гнь нийтийн албан тушаалтан, авлигын гэмт хэрэг буюу албан тушаалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэмэгдэл ял болох эрх хасах ялыг оногдуулж нийтийн албанд томилогдох эрхийг тухайн зүйлийн хэсэгт заасан хугацааны дотор хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Гнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт бүхий 1.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан улсын орлого болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч П.Г-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт бүхий 1.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Г-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР