| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00613/И |
| Дугаар | 754 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 754
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 07-17 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ71042719, Зурхайч овогт Чулуунбаатарын Хосбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом политехник коллежид холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Хосбаяр, хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирал Д.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь анх 2012 онд Улаангом политехник коллежид соёлын ажилтнаар ажилд орж байсан. Ажиллаж байх хугацаандаа албан үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Аймагт жил бүр драмын театрт тоглолт хийж байсан. Сургуулийнхаа хүүхдүүдийн “Авьяас” уралдааныг удирдан амжилттай зохион байгуулж хувиасаа мөнгө гарган шагнал урамшууллын асуудлыг зохицуулж байсан. Гэтэл Увс аймгийн Улаангом Политехник коллежийн захирлын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тоот тушаалын дагуу намайг ажлаас чөлөөлсөн. Урд нь Д.Баттогтох захирал надад Хөдөлмөрийн сайдын тушаал ирсэн гэж хэлж байсан. Бусад аймгуудын орон тоо хасагдаагүй байгаа, мөн соёлын ажилтныг өөр ажилтанд хавсран гүйцэтгүүлж байгаа учир миний орон тоо байгаа гэж үзэж байна. Манай байгууллага 800 гаруй сурагчтай ба соёлын багшгүйгээр байна гэдэг нь үндэслэлгүй юм. Иймд намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байгаа тул соёлын ажилтны ажилд эгүүлэн ажилд тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаангом политехник коллежийн захирлаар томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч Ч.Хосбаярын Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Улаангом политехник коллеж нь нийт 129 багш, ажилтантай ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тоот тушаалаар тус сургуулийн бүтэц орон тоог цомхотгож 122 багш, ажилтантай болгосон шийдвэр гаргасан. Сургууль дээр Ч.Хосбаяр багштай уулзаж ажлаас чөлөөлөх шаардлагатай болсныг хэлсэн. Ч.Хосбаяр багш яагаад намайг чөлөөлж байгаа юм бэ гэж асуухад нь сайдын тушаал үзүүлсэн. Ч.Хосбаяр тус сургуульд соёлын ажилтны орон тоон дээр ажиллаж байсан бөгөөд шинээр ирсэн орон тоон дээр энэ албан тушаал байхгүй учир Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсыг гардуулж хуулийн дагуу ажилласан. Иймд Ч.Хосбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Хосбаяр нь хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежид холбогдуулан соёлын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ажиллаж байх хугацаандаа албан үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Бусад аймгуудын орон тоо хасагдаагүй байгаа, мөн соёлын ажилтныг өөр ажилтанд хавсран гүйцэтгүүлж байгаа учир миний орон тоо байгаа гэж үзэж байна. Иймд намайг ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна“ гэж тодорхойлжээ.
Хариуцагч “Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тоот тушаалаар соёлын ажилтны орон тоог цомхотгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсыг Ч.Хосбаярт гардуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ч.Хосбаярыг Увс аймгийн Улаангом политехник коллежийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар соёлын ажилтны ажлаас чөлөөлжээ.
Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалыг үндэслэн гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан байна.
Увс аймгийн Улаангом политехник коллежийн бүтэц, орон тоог 122 байхаар тогтоож, соёлын ажилтны орон тоог хассан болох нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаал болон уг тушаалын 2 дугаар хавсралтаар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан бөгөөд Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирал нь соёлын ажилтан Ч.Хосбаярт хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухайгаа 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж баримтжуулсан болох нь мэдэгдэл болон мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.
Увс аймгийн Улаангом политехник коллежийн соёлын ажилтны орон тоог хассан байхад Увс аймгийн Улаангом политехник коллежийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр “Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалаар тус сургуулийн соёлын ажилтны орон тоог хүний нөөцийн ажилтанд хавсран гүйцэтгүүлсэн нь буруу бөгөөд уг тушаалыг үндэслэн соёлын ажилтны орон тоог хасаагүй гэж ойлгож болохгүй юм.
Иймд соёлын ажилтан Ч.Хосбаярыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Улаангом политехник коллежийн соёлын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Ч.Хосбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Хосбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Улаангом политехник коллежийн соёлын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Ч.Хосбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Хосбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ