Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 дүгээр сарын 19 өдөр                         Дугаар 2019/ШЦТ/132                                                      Ханбогд сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Энхбаярын Эд холбогдох эрүүгийн 1929002480123 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Э.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун Сухайт” хилийн боомтоор 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хязгаарлалт тогтоосон бараа болох 278.94 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Нордбенз маркийн 47-96 ӨМҮ улсын дугаартай 05-21 ГЧ дугаарын чиргүүлтэй нүүрсний доор нууж, Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагяаар татах тогтоол /хх-ийн 1-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 23-р хуудас/

Хохирогч Б.Алтангэрэлийн өгсөн: ”...Уг ургамлын үнэлгээ 1 килограмм нь 50 000 төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно гэж заасан байдаг. Тэгэхээр 1 килограмм нь 250 000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч Т.Батхоролын өгсөн: “...Э.Э нь 4796 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0521 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд ачсан, нүүрсний хойд талын хэсэг дээгүүр нь нүүрсээр хуяиж далдалсан 20 шуудайнд хийсэн нийт 280 килограмм дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн: Уг дээж нь Манай оронд тархдаг Майлцтан (Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр жиргэрүү (saposhnikovia divaricate Schischkin 1951)  гэх ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. Уг зүйл нь Монгол орны умард болон дорнод хэсгээр ургамал газарзүйн Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховд, Дундад халх, Дорнод Монголын тойргуудад тархсан бөгөөд үетэнт хээр, хуурай хээр, тариан талбайд ургана. Монгол улсын Байгалийн ургамлын тухай (1995) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно. Уг зүйл нь ургамлын экологи-Эдийн засгийн /БОАЖ-ны сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн а/282 тушаалын хавсралтаар/ одоогийн үнэлгээгээр 1 кг нь 50581 төгрөг байна.” гэх дүгнэлт  /хх-ийн 36-р хуудас/

Э.Эгийн яллагдагчаар өгсөн: “...нэг залуу ирж уулзаад 20 шуудай гүзээ ачаад хилээр гаргаад өгөөч, нэг шуудайнд нь 200 юань өгөе гэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй. ...Тэгээд зогсож байсан чинь 20 цагийн үед нөгөө залуу дахиж ирээд 20 шуудай гүзээ хийчих л дээ ямар ч асуудал байхгүй, Хятадын хил гарангуут хүмүүс ирээд авна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  Шүүгдэгч Э.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун Сухайт” хилийн боомтоор 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хязгаарлалт тогтоосон бараа болох 278.94 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Нордбенз маркийн 47-96 ӨМҮ улсын дугаартай 05-21 ГЧ дугаарын чиргүүлтэй нүүрсний доор нууж, Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:

 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагяаар татах тогтоол /хх-ийн 1-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 23-р хуудас/, хохирогч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Т.Батхоролын мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 36-р хуудас/, яллагдагч Э.Эгийн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Эг Монгол улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Э нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдсан 278.94 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг чанар нь муудсан талаарх дүгнэлт байхгүй тул шинж чанар, ашиг тусыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн орлого болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Энхбаатарын Эг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Эгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ховор ургамал болох  278.94 кг Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА