Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 102/2015/05232/И |
Дугаар | 1704 |
Огноо | 2016-10-12 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1704
ХХХХ-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00488 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ
Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие ХХХХХ нь “ХХХХХ” ХХК-тай тохиролцсоны дагуу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс Төв аймгийн Шинэ нисэх онгоцны буудал хавьцаа үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт нь ээлжийн худалдагчийн ажилд томилогдсон. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хариуцсан барааг дараагийн ээлжийн ажилтандаа хүлээлгэн өгч, нягтлан бодогч ХХХХ-тай агуулахад үлдсэн барааны тооцоог нийлж акт үйлдсэн бөгөөд тухайн үед үлдсэн бараанаас дутсан асуудал үүсээгүй юм. Харин хариуцагч компанийн хүний нөөцийн ажилтан маргааш өдөр нь намайг дуудаж “чиний хариуцсан бараанаас тооцоо нийлсэн актын 157 дугаартай милкис /milkis/, 161 дугаартай гэторейд /gatorade/ гэх бараанаас нийт 29 ширхэг дутсан, чи ажилдаа хариуцлагагүй хандлаа. Яаралтай халагдах өргөдлөө бичиж өг” гэж хэлсэн. Миний зүгээс дээрх бараа дутсан асуудлыг тодруулж асуухад өмнөх өдрийн барааны тооцоо нийлсэн актын хуулбарыг тухайн үед авсан ба дээрх дутсан бараа нь миний хуулбарласан баримт дээр дутаагүй нь илэрхий байсан учраас энэ байдлыг хэлсэн боловч анхаарч үзээгүй. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч “ХХХХ” ХХК-ийн захирлын 16/03 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан намайг ажлаас халсан бөгөөд тушаалыг танилцуулсан. Тухайн үед яагаад ажлаас халагдсан талаар асуухад “чи 190 000 гаруй төгрөгийн бараа дутаасан учраас чамайг ажлаас халсан гэж хэлсэн” ба миний зүгээс уг шалтгааныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль бусаар намайг ажлаас халлаа. Иймд “ХХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 16/03 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг тус компанийн худалдагчийн ажилд эгүүлэн тогтоож, одоо ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
ХХХХХ нь ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байсан бөгөөд жишээ болгон дурдахад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нягтлан бодогч ХХХХ-тай “А” дэлгүүрийн 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд ажилласан тооцоог нийлэхдээ зарим зарсан барааны үнийг бууруулж зарсан хэмээж өөртөө ашиг унагасан үйлдэл гаргасан бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрсөн тул тухайн үед амаар сануулга өгсөн. Дахин бараа болон мөнгө дутаах зэрэг алдаа зөрчил гаргаж болохгүйг сануулсаар байтал 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр мөн дэлгүүрийн 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох тооцоо нийлэхэд 195 650 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд энэ үйлдэл мөн тооцоо нийлсэн актаар баталгаажсан болно. Мөн дээрээс нь дээрхи тооцоог нийлэхийн өмнө ХХХХХ ажлаасаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр буусан бөгөөд ийнхүү буухын өмнө “А” дэлгүүрийн тооллого хийгдсэн. Тооллого хийх үед ХХХХХ, дэлгүүрийг хүлээн авч байсан худалдагч ХХХХ мөн дэлгүүр хариуцсан ажилтан ХХХХ нар байсан. Тооллого дуусаж барааны үлдэгдэл зоосон хуудас дээр 1012 кодтой 165мл-ийн милкис /milkis/ нэртэй Солонгос ундаа 2ш, 9017 кодтой 1,5мл-ийн гаторэйд /gatorade/ нэртэй Солонгос ундаа 1ш байсан. Гэтэл барааны үлдэгдэл зоосон хуудсыг ХХХХХ өөр компаний хувилагч машинаар 3% хувилсан бөгөөд 1%-ийг худалдагч ХХХХад мөн 1%- ийг өөртөө барааны үлдэгдлийн эх хуудсыг дэлгүүр хариуцсан ХХХХт өгсөн. Гэтэл барааны үлдэгдлийн эх хувь болон худалдагч ХХХХ нарт өгсөн хуудас дээр дээрхи 2 ундааны үлдэгдлийн ард тус бүр 1-ийн тоог нэмж бичсэн үйлдэл гарсан. Энэ үйлдлийг ХХХХХг ажлаас буусны маргааш барааны үлдэгдлийн хуудасны эх хувийг харвал нэмж бичсэн 1-ийн тоо үлдэгдэл зоосон хүний бичсэн бичгээс өөр байгааг харж болно. Дээр дурдагдсан 2 төрлийн ундаа нь анхнаасаа манай компанид тус бүр 12ш ирсэн бөгөөд ХХХХХ нь барааны үлдэгдлийн хуудсан дээр нэмж бичсэн үйлдэл нь ажил олгогчийг хууран мэхэлж улмаар өөрөө тус ундаануудыг зарж борлуулан ашиг олох санаатай байсан хэмээн үзэж байна. Энэ мэт үйлдлүүд нь Хөдөлмөрийн гэрээнд заасан Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарна. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2015.09.01-ний өдрөөс 2015.10.01-ний өдөр хүртэл хугацаанд “С” дэлгүүрт ажилласан үеийн тооцоо нийлэхэд 627 250 төгрөгийн дутагдал гарч энэ дутагдлыг 10,11 сарын цалингаас суутгасан. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд А дэлгүүрт ажилласан хугацааны тооцоо нийлэхэд 193 250 төгрөгийг илүүдэлтэй гарсан бөгөөд зарим нэг барааг зарагдсан үнээр тооцоог нийлээгүй, бууруулсан үнээр тооцоо нийлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “А” дэлгүүрт ажилласан хугацааны тооцоо нийлэхэд 195 650 төгрөгийг дутагдал гаргаж уг дутагдлыг 3 сарын цалингаас суутгахаар шийдвэрлэсэн. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан болон сахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХ-ийн нэхэмжлэлтэй “ХХХХ” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьдчилан төлөөгүйг дурдажээ.
Нэхэмжлэгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Хариуцагч "ХХХХ" ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 16/03 дугаар тушаалаар ХХХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.4-т заасныг баримтлан ХХХХХ намайг 2 удаа сахилгын зөрчил гаргасан, мөн сахилгын ноцтой зөрчил гарлаа гэж тайлбарладаг. Миний бие нь сахилгын эхний зөрчлийн тухайд хариуцагч "ХХХХ" ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15/02 дугаартай тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан тухайн үед гомдол гаргаагүй. Харин хариуцагчийн хоёр дахь сахилгын зөрчил ногдуулсан нь дараахь байдлаар үгүйсгэгдэж байгаа юм. Тодруулбал хариуцагчаас 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 16/036 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооллого хийхэд 1012 кодтой 165 мл-ийн милкис /milkis/ нэртэй Солонгос ундаа 2 ширхэг, 9017 кодтой 1.5 мл-ийн гаторэйд /gatorade/ нэртэй Солонгос ундаа 1ш үлдэгдэл байсныг тус бүрийнх нь урд талд 1-ийг нэмж засварласан гэх зөрчлийг гаргасан хэмээн намайг буруутгасан. Үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч ХХХХ, ХХХХ нарыг асуулгасан ба тухайн үед дэлгүүрийн бараа хүлээлцсэнээс хойш 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нягтлан бодогч ХХХХ-ийн зүгээс "цалинг өгөхгүй, хэрвээ тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурвал олгоно" гэх байдлаар өмнөх 3 дугаар сарын 31-ний өдрийн барааны тооцоогоор 195 650 төгрөгийн дутагдалтай гэх акт дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед энэ байдлыг миний зүгээс эсэргүүцэж байсан хэдий ч аргагүйн эрхэнд цалингаа авахаас өөр арга үлдээгүй. Харин дээрх нотлогдохгүй байгаа хариуцагчийн буруутгаж буй зөрчлийг сахилгын давтан гаргасан зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.Тодруулбал нь хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан хоёр дахь зөрчлийг шүүхээс нотлоогүй байна хэмээн дүгнэсэн боловч сахилгын хоёр дахь зөрчилд тооцсон нь хуульд нийцэхгүй болно. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00488 дугаар шийдвэрт өөрчлөлд оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, зохигчдийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Нэхэмжлэгч ХХХХХ нь “ХХХХ” ХХК-д худалдагчаар ажиллаж байгаад тус компанийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 16/03 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хэргийн 4 дүгээр тал/
Ажил олгогч 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэгч ХХХХХтай тооцоо нийлсэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ¹15/02 тоот “Тооцооны акт”-аар нэхэмжлэгч ХХХХХ нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл “С” дэлгүүрт ажиллахдаа 627 250 төгрөгийн дутагдал гаргаж, уг дутагдлыг 10 дугаар сарын цалингаас 417 250 төгрөгийг, 11 дүгээр сарын цалингаас 200 000 төгрөгийг суутгахаар тохиролцсон.
Мөн 2015 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал “А” дэлгүүрт ажилласан байх бөгөөд тооцоо нийлсэн актаар 193 250 төгрөгийн илүүдэл гаргасан нь зарм нэг барааг зарагдсан үнээр тооцоо нийлээгүй, барааны үнийг бууруулж тооцоо нийлснийг дэлгүүрийн кассны лентээр баталгаажуулж, илүү гарсан мөнгийг компанийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн,
2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 16/01 тоот “Тооцооны акт”-аар 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугцаанд А дэлгүүрт ажиллахдаа 195 650 төгрөгийг дутагдуулсан үйл баримтууд тогтоогджээ. /хэргийн 71, 76, 80 дугаар тал/
Ажил олгогч ажилтан ХХХХХг “А” дэлгүүрт ажиллаж байхдаа тооллого дуусаж барааны үлдэгдэл бичсэн хуудас дээр 1012 кодтой 165 мл-ийн милкис /milkis/ нэртэй Солонгос ундаа 2ш, 9017 кодтой 1,5мл-ийн гаторэйд /gatorade/ нэртэй Солонгос ундаа 1ш байсныг 2-ын тооны ард 1-ийг нэмж 21, 1-ийн тооны ард 1-ийг нэмж 11 болгосон нь ажил олгогчийг хуурч мэхэлсэн хөдөлмөрийн сахилыг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан байгаа боловч түүнийг ХХХХХ зассан гэдэг нь эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч ажил олгогчийг хууран мэхэлж ноцтой зөрчил гаргасан гэх байдал нь тогтоогдоогүй байна гэж үзсэн нь зөв болжээ.
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажил олгогч нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалдаг бөгөөд хариуцагч “ХХХХ” ХХК нь нэхэмжлэгч ХХХХХг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан мөн ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлан талуудын хооронд хийгдсэн тооцооны акт, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Ажил олгогч ажилтанг ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталж түүнийг “ноцтой зөрчил” гаргасан гэж тусгасан байгаа хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр ХХХХХг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаж, холбогдох баримт ирүүлснийг анхан шатны шүүх үнэлж нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.
Хуулиар сахилгын зөрчлийг давтан гаргасан тус бүрт тогтоосон байхыг шаардах бөгөөд харин зөрчил тус бүрт арга хэмжээ авсан байхыг шаарддаггүй тул анхан шатны шүүх дээрх тооцоо нийлсэн актаар сахилгын зөрчил тогтоогдсон гэж үзсэн нь буруу биш байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьдчилан төлөөгүйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Ц.ИЧИНХОРЛОО