Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2025/ХШТ/124

 

 

Ө.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, иргэний хариуцагч “Т” ХХК-ийн захирал С.Э, түүний өмгөөлөгч С.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 88 дугаар магадлалтай, Ө.Г-д холбогдох 2432001720172 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагч С.Э, түүний өмгөөлөгч С.Сувдаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, 2005 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ө.Г

Шүүгдэгч Ө.Г нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ө.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ө.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-д 23,100,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ө.Г-аас 44,892,927 төгрөг, иргэний хариуцагч “Т” ХХК-аас 67,992,927 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-д олгож, шүүгдэгч Ө.Г-аас хохирогч Б.Ж-ы 2018 оны ..... дүгээр сарын .....-ний өдөр төрсөн хүү Ж-ы И-ий тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 157,000 төгрөгийг сар бүр гаргуулж, 18 нас хүртэл тэжээн тэтгүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-гийн нэхэмжлэлээс 41,309,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.Гд 6 жилийн хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж, 4 дэх заалтыг “Шүүгдэгч Ө.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-д 67,992,927 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай” гэж, 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Г-аас 27,197,171 төгрөгийг, хохирогч Б.Ж-ы 2018 оны .... дүгээр сарын ....-ний өдөр төрсөн хүү Ж-ы И-ий тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 157,000 төгрөгийг сар бүр гаргуулж, 18 нас хүртэл тэжээн тэтгүүлж, иргэний хариуцагч “Т” ХХК-аас 40,795,756 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-д тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-гийн нэхэмжлэлээс үлдэх 41,309,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн захирал С.Э, түүний өмгөөлөгч С.Сувдаа нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Шүүгдэгч Ө.Г нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө “М” баарны гадаа хохирогч Б.Ж-тай маргалдан, цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж амь насыг нь  хохироосон хэрэгт “М” баарыг иргэний хариуцагчаар татсан.

... 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө “М” баар хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ба ямар нэг хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэжээ. Энэхүү зохицуулалт нь тухайн гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоогүй бөгөөд үр дагавартай үйлдэл, эс үйлдэхүйгээр холбоотой бол иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн ойлголт юм.

Хохирогчийн байсан өрөө нь “М” баарын барилгын схем зурагт №4 дугаартай, цахилгааны узель бөгөөд байгууллагын доторх халаалт, цахилгааны хэсэг. Үүдний жижиг зайд үйлчлэгч шалны мод, хувин зэргийг тавьж ашигладаг гадны хүн орохыг хориглосон өрөө юм. Тус өрөөг үйлчлэгч ашигладаг бөгөөд үйлчлэгчийн ажлын цагийн хуваарь 16-19 цагийн хооронд ирж цэвэрлэгээ хийгээд явдаг тул өөрөөр хүн ашигладаггүй, гадны хүн орохыг хориглосон орон зай байсан. Хохирогч Б.Ж-ы амь нас хохирсонд харамсаж байгаа боловч тус үйлдэлд “М” баар шалтгаант холбоогүй, үүссэн үр дагаварт хамааралгүй.

Гэмт хэргийн шалтгаант холбооны үүднээс авч үзвэл хохирогч нас барахад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ санаатай биелүүлээгүй гэх нөхцөл байдал байхгүй, хохирогч байгууллагын дотоодод ашигладаг өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, үйлчлэгчийн мэдэлд ашигладаг өрөө нь түүнийг ажлаас буусан цаг хугацаанаас хойш өөр хүн нэвтрэх боломжгүй, байгууллагын дотоод журам болон харуул хамгаалалтын ажлын байрны гүйцэтгэх үүрэгт тус өрөө хамааралгүй, хохирогч олон нийт ашиглах, үйлчлэх өрөөнд байгаагүй, тэр өрөөнд орсон байсныг байгууллагын зүгээс мэдэх боломжгүй байдалд прокурор дүгнэлт хийж чадаагүй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө”, 498 дугаар зүйлийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж тус тус заасны дагуу хохирогч Б.Ж нь согтуугаар зөвшөөрөлгүйгээр байгууллагын гадны хүн орохыг хориглосон өрөөнд орж эмнэлгийн тусламж аваагүй үйлдэлд “М” баар шалтгаант холбоогүй байна. Түүнчлэн хохирогчийн хувьд тус баар цоожтой байснаас шалтгаалан гарч чадахгүй, эмнэлгийн тусламж авч чадаагүй гэсэн үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүх иргэний хариуцагчаас гэм хорын хохирол 40,795,756 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн захирал С.Э-ын өмгөөлөгч С.Сувдаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ө.Г нь баараар үйлчлүүлж байхдаа Б.Ж-тай маргаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогчийн амь нас хохирсон. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд иргэний хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадаагүй гэж үзэж, шүүгдэгчийн гэм буруугаас учирсан хохирол болох 135,985,854 төгрөгийг хувь тэнцүүлэн иргэний хариуцагчаас 67,992,927 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчид үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний төлбөр, оршуулгын зардал, өөрийн ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэрэг нийт 135,985,854 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 99,000,000 төгрөг нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, 36,985,954 төгрөг нь хохирогчид үзүүлсэн эмчилгээний төлбөр, оршуулгын зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан хугацааны цалин юм. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус хохирлыг гэм хор учруулсан этгээд хариуцахаар ямар нэгэн салаа утгагүй хуульчилсан тул гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хариуцагчаас бус гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчээс бүрэн гаргуулж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шууд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай асуудлыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдэж бусдын биед хүнд гэмтэл учруулснаас хүний амь нас хохирсон, иргэний хариуцагчийн хувьд хариуцлага алдсан. Уг ялгамжтай байдлыг харгалзан үзэж, хохирол төлөх хэмжээг ялгамжтай тогтоож, иргэний хариуцагчаас хохирлын 30 хувь буюу 10,095,757 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн захирал С.Э хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ялыг хөнгөрүүлэх, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлээр Ө.Г-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлын тухайд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар аж ахуй нэгж, байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, зохион байгуулалтыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах учиртай. Уг хэрэг нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө үйлдэгдсэн ба амь хохирогч тархиндаа гэмтэл авч 04 цагаас маргааш өдрийн 16 цагийн хооронд ухаан алдсан байдалтай байсан. Хохирогч энэ хугацаанд ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, харуул хамгаалалтыг зохих хэмжээнд буюу хуулийн шаардлага хангасан хэлбэрээр ажиллуулаагүйгээс хохирогч амь насаа алдсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх иргэний хариуцагчаар төлүүлэх төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн тогтоосон. Харин давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, “нийт төлбөрийн 30 хувийг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирол нь давж заалдах шатны шүүхээс тогтоосон төлбөрийн хэмжээтэй нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд тус шүүх ямар аргачлалаар төлбөрийн хэмжээг бууруулсан нь ойлгомжгүй байна. Шүүх хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн сэргээх тухай шийдвэр гаргахдаа аливаа этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хохирогчид учирсан хор уршигтай шууд болон шууд бус шалтгаант холбоотой эсэхийг харгалзан үзэх учиртай. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлын 30 хувийг иргэний хариуцагчаас, үлдсэн хэсгийг шүүгдэгчээс гаргуулах тухай шийдвэрийг тодорхой аргачлалаар тооцсон эсэх, эсхүл шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн эсэх нь ойлгомжгүй, тус шийдвэрийг эргэлзээтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд, тэрээр хохирогчийг мөргөсний улмаас гэмтэл учруулсан. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой. Харин хохирогч амь хохирсон нь эмнэлгийн тусламж авалгүй хугацаа алдсан, иргэний хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хамгаалалтын үйл ажиллагааг зүй ёсоор ажиллуулаагүй тул түүний төлөх төлбөрийн хэмжээг нийт хохирлын 30 хувиар тогтоох боломжгүй гэж үзэж байна. Иймд хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч нь өөрийн гэм буруу, шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “Т” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “хохирогчид учирсан хохирлыг хариуцах нь зүйтэй боловч төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү” гэх агуулгаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. Өмгөөлөгчийн зүгээс хохирлыг бүрэн арилгахыг шүүгдэгч, иргэний хариуцагч нарын хэн алинаас нь шаардаж байгаа. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхдээ шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг ухамсарласан, гэм буруутай үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн, учруулсан хохирлоо арилгахаа илэрхийлж, тодорхой хэсгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан тул бидний зүгээс энэ талаар тусгайлан гаргах саналгүй гэв.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ж-ы дух хэсэгт мөргөж, эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээ, оршуулгын зардал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэргийг хувь тэнцүүлэн шүүгдэгч, иргэний хариуцагч хуулийн этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу гэм хор учруулсан этгээд хариуцах хуулийн заалтыг буруу хэрэглэжээ. Энэхүү хэргийн хувьд иргэний хариуцагчийг зөв тогтоосон эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “Т” ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд ...” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн “... Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж үйл ажиллагааг явуулаагүйн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч, амь насаа алдсан түүний улмаас учирсан хохирлоос зохих хэмжээнд арилгах нөхөн төлөх үүргийг хүлээнэ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, хохирогчийн биед учирсан гэмтэл нь иргэний хариуцагчаар тогтоогдсон этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоогүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болоогүй. Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь иргэний хариуцагчаар тогтоогдсон “Т” ХХК-д холбоотой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гэмт хэрэг үйлдсэн этгээд шууд өөрөө хариуцан арилгахаар байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн захирал С.Э, түүний өмгөөлөгч С.Сувдаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Ө.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд гомдлыг хангаж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

2.Хэргийн хувьд шүүгдэгч Ө.Г нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гаднах автомашины зогсоол дээр Б.Ж-тай маргалдах явцдаа энгэрээс нь заамдаж татан нүүр, дух хэсэгт мөргөсөн, энэ үйлдлийн улмаас хохирогчид зүүн зулайгаас чамархай, суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулайг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн зулай чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан, хохирогч Б.Ж уг гавал тархины гэмтлийн улмаас ухаан орохгүй байсаар 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

3.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь үйлдэлдээ санаатай, хор уршигт болгоомжгүй хандсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд энэхүү субъектив талын онцлог шинж нь хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх хууль зүйн шалгуур болдог. Гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэрэг субъектив талын шинжүүд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо, шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хохирогчид учруулсан шарх, гэмтлийн шинж байдал, хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой эсэх зэрэг объектив талын хүчин зүйлүүдэд дүн шинжилгээ хийх нь хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход чухал ач холбогдолтой.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ө.Г, хохирогч Б.Ж нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тохиолдлоор таарч маргасан бөгөөд шүүгдэгчийн нэг удаа мөргөсөн үйлдэл нь санаатай боловч хохирогчийн амь насанд хүрэх хор аюултайг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн, эсхүл илтэд хүний амь нас хохироох үйлдэл гэдгийг мэдэх боломжтой байсан гэх үндэслэлүүд хөдөлбөргүй нотлогдоогүй, хохирогчид учирсан гавал тархины битүү гэмтэл нь цаг алдалгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой хэдий ч “М” баарны агуулахын өрөө рүү хохирогч өөрөө явж орсны дараа гэмтэл нь хүндэрч ухаан алдсаны улмаас хэн нэгэн мэдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, хугацаа алдсан нь удаан хугацааны эмчилгээ үр дүнгүй болж үхэлд хүргэхэд нөлөөлсөн байх тул шүүгдэгч Ө.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.Түүнчлэн давж заалдах шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Ө.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохиролд 67,992,927 төгрөг төлсөн болон бусад хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 6 жил болгон хөнгөрүүлэн өөрчилснийг буруутгах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

5.Анхан болон давж заалдах шатны шүүх “М” баарыг ажиллуулдаг “Т” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд хэмээн иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэний хариуцагч нь хуулийн этгээдийн хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх үүрэг бүхий этгээд байна. Тодруулбал, иргэний хариуцагчаар татагдвал зохих хуулийн этгээд нь шүүгдэгчтэй гэрээний, хөдөлмөрийн, албан тушаалын гэх мэт эрх зүйн харилцаагаар холбогдсон, эсхүл орчин тойрондоо аюултай эд зүйлийн өмчлөл, ашиглалтын явцад гэм хор учирсан зэрэг тохиолдолд хохирлыг хариуцах үүрэг үүсэх бөгөөд гэмт хэргийн хохирол нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа, өмчлөл, ашиглалтын явцад үүссэн байх шалтгаант холбоог зайлшгүй шаардана.

Шийтгэх тогтоол, магадлалд дүгнэснээр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу “Т” ХХК гэм хорын хохирол хариуцна гэж үзсэн байх боловч тус хуулийн зүйл, хэсэг, заалтын агуулга нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх хуулийн этгээдэд хүлээлгэсэн нийтлэг үүрэг учир гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг арилгах шууд үндэслэл болохгүй.

“Т” ХХК болон шүүгдэгч Ө.Г нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүйн гадна хохирогч Б.Ж тус компанийн “М” баарны агуулахын өрөөнд хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр орж, гэмтлийн улмаас ухаан алдан, яаралтай эмнэлгийн тусламж авч чадалгүй хугацаа хожимдсоноос үүссэн гэм хорыг арилгах үүрэг Иргэний хууль тогтоомжоор барилгын өмчлөгч, эзэмшигчид үүсээгүй байх тул иргэний хариуцагчаар тогтоож, төлбөр гаргуулсан тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, гэм хорын хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч Ө.Г-д хариуцуулах нь зүйтэй.

6.Хохирогч Б.Ж нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Зүүнхараа дахь ачааны вагон засварын депод 2023 оны 07 дугаар сараас эхлэн 2024 оны 08 дугаар хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тус тус тогтоогдов.

Шүүх хохирогчийн дундаж цалин хөлсийг “Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо”-гийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 79/150 дугаар албан бичгийг үндэслэн ажил олгогчийн цалингийн тодорхойлолтоор тооцсон нь хуульд заасан дундаж цалин хөлс гэсэн агуулгад нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасны дагуу хохирогчийн 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж авсан нийт 25,800,890 төгрөгийн цалинг, ажилласан сард хуваан дундаж цалин хөлсийг тооцоход 1,842,920 төгрөг болох бөгөөд үүнээс хохирогч болон хөдөлмөрийн чадвартай гэр бүлийн гишүүнд ногдох хэсэг, нийгмийн даатгалын сангаас тогтоосон тэтгэврийг хасч тооцоход шүүгдэгч Ө.Г-н хохирогчийн бага насны хүүхдэд сар бүр төлөх төлбөрийн хэмжээ нь 74,306 төгрөгөөр тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хангаж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 88 дугаар магадлалаас иргэний хариуцагч “Т” ХХК-д холбогдох бүх хэсгийг хүчингүй болгосугай.

2.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 88 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... шүүгдэгч Ө.Г-аас 27,197,171 төгрөгийг ...” гэснийг “... шүүгдэгч Ө.Г-аас 67,992,927 төгрөгийг ...” гэж, “... тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 157,000 төгрөгийг ...” гэснийг “... тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 74,306 төгрөгийг ...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

М.ПҮРЭВСҮРЭН

Ч.ХОСБАЯР

Б.ЦОГТ