Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 693

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.М даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Д, шүүгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Б.Ан, иргэдийн төлөөлөгч Т.Ч нарыг оролцуулан “Р ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүх хуралдааны 3 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр маргаан бүхий акт болох Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгож ашигт малтмалын ашиглалтын MV-014937 тоот тусгай зөвшөөрлийг “Р ” ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын банкны зээлийн барьцаанд бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Баян төмөртэй нэртэй 506.30 гектар талбай бүхий

 MV-014937 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Р ” ХХК-аас “МТК ” ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон даргын шийдвэр гарсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой” гэв. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А Э.Ж нар  шүүх хуралдаанд гаргасан хүсэлттэй холбоотой тайлбартаа: “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрт холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хэрвээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болговол гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралд “... маргаан бүхий актыг хүчингүй болгож MV-014937 тоот тусгай зөвшөөрлийг “Р ” ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах”  тухай хүсэлт гаргажээ. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр “...MV-014937 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Р ” ХХК-аас “МТК ” ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус тусгай зөвшөөрлийг “Р ” ХХК-ийн эзэмшилд бүртгэж шийдвэрлэсэн байна. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэртэй маргаж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа” гэж тайлбарлаж байна. 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “Р ” ХХК-аас шаардаж буй “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байх тул “Р ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий актыг хүчингүй болгох тухай шинэ захиргааны акт гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, дэмжиж байгаа нөхцөлд нэхэмжлэгч, хариуцагчийн хоорондын маргаан дуусгавар болсон байна. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тохиолдолд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй” хэмээн тайлбарлаж байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэр нь тусдаа бие даасан захиргааны акт буюу маргаан бүхий акт юм. 

Энэхүү захиргааны актын талаар гуравдагч этгээд “М” ХХК нь эрх бүхий этгээдэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг энэ тогтоол хөндөхгүй байх тул “Р ” ХХК-ийн “Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг батлах нь хуульд харшлахгүй гэж шүүх дүгнэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн “Р ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар сарын 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.  

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ         

                                         ШҮҮГЧ                                     А.САРАНГЭРЭЛ

                                         ШҮҮГЧ                                     Н.ДУЛАМСҮРЭН