Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 756

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй, 
          Хариуцагч:  Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-46 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ86122308, Борлууд овогт Ганжууржавын Баяржаргал, 
         Хариуцагч:  Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-46 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, регистрийн дугаар ФА86030375, Пунцаг овогт Цэнд-Аюушийн Дөлгөөн нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.881.038 төгрөг, нотариатын зардал 29.500 төгрөг, нийт 27.910.538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г.Баяржаргал нь тус банкнаас 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1250014750 тоот зээлийн гэрээг байгуулан 24.850.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20,5 хувийн хүүтэйгээр, хашаа байшин барих зориулалтаар 120 сарын хугацаатай зээлийн гэрээ, 1660007917 тоот зээлийн гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийг 365 хоногт 29,4 хувийн хүүтэйгээр бичил зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлийн гэрээг тус тус байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 4-р баг, 1-46 тоот, 476.1 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй /ГД:000154738, Ү-1520002426/, Увс, Улаангом сум, 4-р баг, 1-46 тоот, 88 м.кв орон сууц /ГД:000200184, Ү-1520003707/, 8 ханатай битүү шалтай гэр, 2012 оны 2 хаалгатай хөргөгч, 2013 оны цагаан өнгийн мечта шарах шүүгээ зэрэг барьцаа хөрөнгүүдийн хамт барьцаалуулсан. Зээлдэгч 1250014750 тоот зээлийн эргэн төлөлтөө 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн эргэн төлөлт хийгээгүй, мөн 1660007917 тоот зээлийн эргэн төлөлтөө 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хийгээгүй байна. Зээлдэгчтэй зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж байсан боловч зээл төлөхөөс  зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг тус тус зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Г.Баяржаргал болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Дөлгөөн нарын төлөх ёстой 1250014570 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл 22.790.336 төгрөг, зээлийн хүү 1.215.421,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.073,25 төгрөг, мөн 1660007917 дансны үндсэн зээлийн үлдэгдэл 3.442.553,42 төгрөг, зээлийн хүү 429.219 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.436 төгрөг нийт 27.881.037,87 төгрөг, нотариатын зардал 29.500 төгрөг, нийт 27.910.537,87 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.  
      Хариуцагч Г.Баяржаргал, Ц.Дөлгөөн нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
        Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

           Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Г.Баяржаргал, Ц.Дөлгөөн нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.881.038 төгрөг, нотариатын зардал 29.500 төгрөг, нийт 27.910.538 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    
        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Баяржаргал, Ц.Дөлгөөн нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.881.038 төгрөг, нотариатын зардал 29.500 төгрөг, нийт 27.910.538 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Г.Баяржаргал, Ц.Дөлгөөн нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
      Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.881.038 төгрөг, нотариатын зардал 29.500 төгрөг, нийт 27.910.538  төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.  
           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.503 төгрөгийн тал хувь болох 148.752 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 148.752 төгрөг, хариуцагч Г.Баяржаргал, Ц.Дөлгөөн нараас 148.752 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нэхэмжлэгч Хас банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27.881.038 төгрөг, нотариатын зардал 29.500 төгрөг, нийт 27.910.538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Баяржаргал, Ц.Дөлгөөн нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 148.752 /нэг зуун дөчин найман мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, хариуцагч Г.Баяржаргал, Ц.Дөлгөөн нараас 148.752 /нэг зуун дөчин найман мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 148.752 /нэг зуун дөчин найман мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   
              3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Баяржаргал, Ц.Дөлгөөн нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ