Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 616

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,

Хохирогч: Ж.Ганзориг,

Шүүгдэгч: С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т- д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт урьд ял шийтгэлгүй,  С.Т

Холбогдсон хэргийн талаар:

С.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Ганзоригтой маргалдаж, улмаар гал түлэх гэж байсан банзаар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..“Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ж.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..“Надтай хамт архи, согтууруулан ундааны зүйл хэрэглэж байгаад гэрээсээ хөөсөн. Улмаар надтай маргалдаж миний толгой руу банзаар цохисон. Би эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээс гараад нэг сар гаруй хугацаанд 5.000.000 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн” гэв.

Хохирогч Ж.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...С.Т гэдэг залуутай хамтдаа Яармагт байдаг Гарден Сити хотхонд хамгаалагч хийдэг бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 120-н тэнд манай гэрийн гадаа уулзсан юм учир нь С.Т надаас ажилд өмсчих гутал авна гэж байсан юм. Бид хоёр уулзчихаад 17 цагийн орчимд С.Т гэрт очих болоод Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Замгүүрийн автобаазаас дээшээ байх С.Т гэрт ирсэн юм. Гэрт нь ирэхийнхээ өмнө замдаа 2 шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи авсан байсан бөгөөд тэр архиа хувааж уугаад байж байгаад С.Т гараад л явж байсан бөгөөд нэг мэдэхэд С.Т гаднаас махлаг биерхүү, тайрмал үстэй хүүхэн дагуулаад ороод ирсэн бөгөөд бид 3 юм яриад л байсан юм. Удалгүй С.Т архиндаа халсан уу яасан намайг хөөгөөд муухай хараад байсан тэгэхээр би явлаа гээд боссон С.Т гэрт гал түлэх гээд банзнууд оруулсан байсан бөгөөд тэр банзаар С.Т зминий толгойруу нэлээд хэдэн удаа цохисон бөгөөд гэрийнх нь зүүн талд нь жижиг төмөр тавиур байсан бөгөөд тэр тавиураар миний толгой болон цээж хэсэг рүү нэлээд хэдэн удаа цохисон бөгөөд би ухаан балартаад гарч зугатаах гээд хашаанд гарсан юм. Тэгээд би хол явж чадахгүй байсан бөгөөд буцаад гэрт нь орсон бөгөөд миний чинээс цус гараад байсан тэгээд С.Т унтаад өгсөн юм би хөдөлж чадахгүй газар хэвтэж байтал С.Т сэрээд намайг гудсан дээр хэвтүүлсэн юм. ...С.Т миний нүүрийг гайгүй зүгээр байна гээд байсан юм тэгээд миний цээжээр хөндүүрлээд байхаар нь миний хавирга болохоо байчихлаа гээд хэлэхэд гайгүй байлгүй дээ яваандаа зүгээр болчих байх гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн №4580 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Ж.Ганзоригийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн хугарал, зүүн 3, 4, 5, 6, 7, 9-р хавирганы хоёролсон, гурвалсан хугарал, цээжний арьсан доорх хий хуралдалт, баруун, зүүн, нүдний дээд, доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт, зүүн хацар, зүүн чихний язарсан шарх, дух, баруун хацар, хамрын уг, уруул, зулайн хуйхны зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-н 30-31-р хуудас/

Яллагдагч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн өдөр би хамт ажиллаж байсан найз Ганзоригын хамт архи уухаар манай гэрт ирсэн. Гэрт ирээд 2 жил архи хувааж уусан бөгөөд ууж байх хугацаанд Ж.Ганзориг надаас хүүхэн олоод өгөөч би сүүлийн хэдэн сар хүнтэй унтаагүй хэцүү байна гээд намайг байж суулгахгүй гуйгаад байхаар нь би эмэгтэй олж өгөх гээд ганцаараа гарч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо зам гүүрийн авто бааз орчим явж байтал зүс таних нэг эмэгтэй таараад дагуулан гэртээ авч ирсэн. Бид гурав үргэлжлүүлэн архи ууж байгаад унтаж амрахаар байж байтал Ганзоригтой маргалдаж эхэлсэн бөгөөд түүнийг банзаар цохиж байсан шиг санагдаж байна. Тэгээд нэг хэсэг архиндаа согтоод ухаангүй болоод шөнө 3 цагийн орчим сэрэхэд Ганзориг гэрийн пийшингийн ард талд голлоод хэвтэж байсан. Түүний нүүр ам нь цус болчихсон байхаар нь би босгосон чинь зүрх өвдөөд байна гэж байсан. Ганзориг өөрөөр цагдаа эмнэлэг дуудаад хэрэггүй гээд байхаар нь би ч бас дуудаад хэрэггүй гэж бодоод цагдаад дуудлага өгөөгүй ...03 цагт сэрэхэд Ганзориг бид хоёр л байсан. Нөгөө эмэгтэй явчихсан байсан. Хэзээ явсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 37-38-р хуудас/

Хохирогч Ж.Ганзоригийн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-н 60-63-р хуудас/

Шүүгдэгч С.Т иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 39-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн №1888 дугаартай тодорхойлолт /хх-н 40-р хуудас/

Шүүгдэгч С.Т Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 52-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжний 1097 тоотод иргэн Ж.Ганзоригтой маргалдаж, банзаар цохиж, зодох зэргээр бусдын биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн хугарал, зүүн 3, 4, 5, 6, 7, 9-р хавирганы хоёролсон, гурвалсан хугарал, цээжний арьсан доорх хий хуралдалт, баруун, зүүн, нүдний дээд, доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт, зүүн хацар, зүүн чихний язарсан шарх, дух, баруун хацар, хамрын уг, уруул, зулайн хуйхны зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ж.Ганзориг мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн №4580 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, шүүгдэгч С.С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч С.Т нь архи, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Ганзоригтой маргалдан түүнийг банз модоор цохиж, зодсон үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. С.Т үйлдлийн улмаас хохирогч Ж.Ганзоригийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн хугарал, зүүн 3, 4, 5, 6, 7, 9-р хавирганы хоёролсон, гурвалсан хугарал, цээжний арьсан доорх хий хуралдалт, баруун, зүүн, нүдний дээд, доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт, зүүн хацар, зүүн чихний язарсан шарх, дух, баруун хацар, хамрын уг, уруул, зулайн хуйхны зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байна.

Прокуророос С.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч  С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Ганзориг нь эмчилгээний зардалтай холбоотой 736.026 төгрөгийн баримт ирүүлсэн, эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч С.Тнь хохирол, төлбөр төлөөгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Ганзоригоос “Сайн” ломбард барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлсэн тухай нийт 1.297.000 /хүүгийн хамт/ төлөх баримт гаргаж ирүүлсэн. Энэхүү баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй байх тул шүүхээс үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Т үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч С.С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С.Т -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Т-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-с 736.026 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ганзориг /АЙ73050318/-т олгож, хохирогч Ж.Ганзориг  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.  

6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР