Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Т.Х, Н.Б, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжирынхан овогт Туяахүүгийн Х, Цэзгэр овогт Нүрзэдийн Б, Түлээч овогт Гомбын Б нарт холбогдох эрүүгийн 1929002300111 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Б, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс 400 000 төгрөгийн хахууль авсан.

Шүүгдэгч Н.Б, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Т.Хад 400 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Цогтцэций сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр согтуу жолооч машин бариад байна гэсэн мэдээллийн дагуу шинэ дэлгүүрийн урд согтуу жолоочийн тийшээ очиход цагаан өнгийн бэлла маркийн машин байсан. Жолооч нь байгаагүй. Ойр хавийн хүмүүсээс асуухад Б гэдэг хүн гарч ирээд “миний машин биш” гэсэн тэгэхээр нь саатууллаа шүү гэсэн чинь “за уучлаарай миний машин гэхдээ би бариагүй” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед цагдаагийн хэлтэс дээр аваачиж драгераар үлээлгэхэд бүхэл зэргийн согтолттой гарсан. Тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул ийм арга хэмжээ авагдана тийм учраас маргааш ирж арга хэмжээ авахуулаарай гээд явуулсан. Тэр үед зам дээр үүрэг гүйцэтгэж байхад Н.Б эгч залгасан. Н.Б эгч шатахуун түгээгүүрийн газарт түгээгч хийдэг учраас хальт таньдаг байсан, тэр үед би боломжгүй гэж хэлээд тасалсан, дахиад залгахаар нь маргааш уулзъя гэж хэлсэн. Би бодохдоо согтуугаар барьж байхад нь бариагүй юм чинь оруулбал шалгагдаад тогтоогдохгүй юм болов уу гэж бодоод маргааш нь Н.Болороо эгч Г.Б хоёртой уулзсан. Тэгээд “ийм торгуультай, эрхээ ингэж хасуулдаг гэж хэлэхэд” Б эгч “торгуулийг нь ингээд өгье, эрхээ хасуулмааргүй байна” гэж хэлсэн. Би Б эгчид “наад мөнгийг чинь авбал 2 уулаа асуудалд орно тийм учраас болохгүй” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Б эгчээс 400,000 төгрөгийг бэлнээр аваад өөрийн дансанд байршуулсан. Маргааш нь би ээлжийн амралттай байсан болохоор дараа дүү нь эргүүлж өгнө гэж Н.Б эгчид хэлсэн. Тухайн үед торгуулийг бэлнээр авсандаа гэмшиж байна.” гэв.
            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Цагаан хаданд ажилладаг найз манайд ирсэн. Мөнгөө гээд найзтайгаа дэлгүүр ороод нэг шил аваад хоолны газарт орж уусан. Машинаа гадаа тавьсан байсан чинь цагдаа орж ирээд “гадаа байгаа машины жолооч байна уу?” гэхээр нь “мэдэхгүй” гэж хэлээд гаргасан. Тэгээд машинд миний бичиг баримт цагдаа түүнийг хараад энэ чинийх юм бишүү гэсэн тэгээд цагдаагийн газар очоод намайг үлээлгэсэн. Уугаад дууссан байсан болохоор нэлээн өндөр гарсан. Тэгээд машин тэргээ орхиод намайг явж амар маргааш ирж уулзаарай гэсэн. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр ээлжийн амралттай ажилтай байсан. Цагдаа клонк 2 харалдаа байдаг, эхнэртээ цагдаад баригдаад машинаа хураалгасан гэж хэлсэн. Эхнэр би цагдааг хальт таньдаг гэсэн. Маргааш нь хуучин захиргааны гадаа уулзъя гэсэн тэгээд “400,000 төгрөгөөр торгоод, 1 жилийн эрх хасдаг” гэж хэлсэн тэгэхээр нь би “ах нь сургуулийн 2 хүүхэдтэй эрхээ хасуулвал 2 хүүхдээ тэжээж чадахгүй болно, 400,000 төгрөг өгье эрх битгий хасаач гэж хэлсэн. Тэгээд 400,000 төгрөг бэлнээр өгсөн. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна, дахиж ийм хэрэг давтахгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр намайг ээлжид гарч байхад “би цагдаад машинаа хураалагчлаа, гэхдээ яг машин барьж байхад бариагүй хоолны газар байхад орж ирж барьсан” гэж хэлсэн би “хэн гэдэг цагдаа байсан бэ? гэхэд “Х цагдаа” гэж хэлсэн тэгээд би тэр оройдоо залгасан чинь “эгчээ боломжгүй” гэсэн тэгээд жолооны эрхийг нь хасуулмааргүй байна гэсэн чинь маргааш үдээс хойш уулзъя гэсэн. Тэгээд хуучин захиргааны тэнд очоод бас л гуйсан. Тэгээд тэр өдөр Хад 400,000 төгрөг өгсөн, бичиг баримтыг буцааж өгсөн. Маргааш нь Х амарна гэж хэлж байсан.” гэв.

Т.Хын тайлбар болон гэрчээр өгсөн: “...Болор гэх хүний эхнэр нь “торгуулийн мөнгийг нь өгье, жолооны эрхийг битгий хасаач. Манай нөхөр таксинд явдаг юм. Хоолоо олдог ганц зүйл. Жолооны эрхээ хасуулчихвал ажилгүй, орлогогүй болно” гээд гуйгаад байхаар нь өрөвдөөд торгуулийн мөнгийг нь бэлнээр 400 000 төгрөг аваад, ямар нэгэн торгуулийн хуудас бичиж өгөөгүй. Мөнгөө авчихаад машиныг нь өгөөд явуулсан. Иргэнээс авсан 400 000 төгрөгөө Хас банкны дансанд тэр өдрөө хийсэн бөгөөд бага багаар янз бүрийн зүйлд зарцуулаад үрчихсэн. Ийм алдаа хийсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 14-15, 16-р хуудас/

Н.Бгийн тайлбар болон гэрчээр өгсөн: “...Нөхрийн маань жолооны эрхийг битгий хасаач гэж гуйгаад торгуулийнх нь мөнгө болох 400 000 төгрөгийг Хад бэлнээр өгсөн. Х нөхөр бид хоёрт торгуулийн хуудас, мөнгө төлсөн баримт зэрэг ямар нэгэн зүйл эргүүлэн өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 11, 17-18-р хуудас/

Г.Бын гэрчээр өгсөн: “...Х хэлэхдээ 400 000 төгрөгөөр торгоод эрх хасдаг шүү дээ гэхээр нь тэгвэл 400 000 төгрөгийг нь өгчихье гэж Б хэлсэн. Ингээд бэлэн 400 000 төгрөг АТМ-ээс аваад Хад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Т.Хын Хас банкны дансны хуулга /хх-ийн 12-р хуудас/

Н.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/

Т.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/

Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/

Т.Хын ажил албан тушаалын байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-34, 56-59-р хуудас/

Гэрч Ц.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/

Гэрч Г.Жавхлангийн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/

Гэрч Ц.Энэбишийн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/

Гэрч С.Төрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/

Шүүгдэгч Т.Х, Н.Б, Г.Б нарын хувийн байдлын талаар:  

Шүүгдэгч Т.Х иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 36-40-р хуудас/,

Шүүгдэгч Т.Х ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,   

Шүүгдэгч Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 50-54-р хуудас/,

Шүүгдэгч  Г.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/

Шүүгдэгч Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

 /хх-ийн 43-47-р хуудас/,

Шүүгдэгч  Н.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/-ийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.Х нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Б, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс 400 000 төгрөгийн хахууль авсан.

Шүүгдэгч Н.Б, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Т.Хад 400 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт  хэргүүдийг үйлдсэн болох нь: Т.Хын тайлбар болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-9, 14-15, 16-р хуудас/, Н.Бгийн тайлбар болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10, 11, 17-18-р хуудас/, Г.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, Т.Хын Хас банкны дансны хуулга /хх-ийн 12-р хуудас/, Н.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/, Т.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/, Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/, Т.Хын ажил албан тушаалын байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-34, 56-59-р хуудас/, Гэрч Ц.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/, Гэрч Г.Жавхлангийн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/, Гэрч Ц.Энэбишийн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/, Гэрч С.Төрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.        

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Т.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 22.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Намжирынхан овогт Туяахүүгийн Хыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

    Шүүгдэгч Цэзгэр овогт Нүрзэдийн Б, Түлээч овогт Гомбын Б нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 700 /хоёр мянга долоон зуу/-н нэгж буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял,

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.Б нарыг 2 700 /хоёр мянга долоон зуу/-н нэгж буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Т.Х, Н.Б, Г.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Т.Х, Н.Б, Г.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА