Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганжолоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Муу Майхан овогт Дамбадаржаагийн Бт холбогдох 1929002810126 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт нүүрс тээврийн 4 дэх километрт байрлах “Завхан Транс” Хк-ийн кеймпэд иргэн Б.Баасанжавтай “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, аяганы хагархайгаар хүзүү, цээж, хэвлийг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгнө гээд, би 4 дүгээр километр дээр дүүтэй нь архи ууж байхад Бааска ах гаднаас орж ирээд, тэгээд хувцас хунараа тайлсан. Нөгөө дүү нь зөрөөд гарсан. Тэгээд хоёулаа үлдсэн архиа хувааж уугаад улмаар мөнгөнөөс болж маргалдаад би аяганы хагархайгаар зүссэн.” гэв.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тэмдэглэл /хх-н 4-5-р хуудаст/,

Хохирогч Б.Баасанжавын: “...Миний биед Д.Б хоолой зүсэж, баруун цээж хэсгээс доош хүйсний хажуу хүртэл 2 хэсэгт зүсэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 4-5-р хуудаст/,

Б.Баасанжавын гэрчээр өгсөн: “...Б ууж байсан архины шилээ хагалааднадруу дайрсан. Тэгэхэд манай найз Бямбаа шилийг булааж автал Бямбааг өшиглөөд унагаасан. Тэгээд надруу аяга хагалж миний эрүүн доор хагархай шилээрээ зүссэн. Мөн биеийг олон удаа зүсэж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-н 13-16-р хуудаст/,

Д.Бын гэрчээр өгсөн: “...Би Баасанжавын биеийн хүзүү, гэдэс хэсэгт нь аяганы хагархай шилээр зүсэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 17-р хуудаст/,

Гэрч О.Ганболдын: “...Б Баасанжавын дээр нь гарч суугаад 2 гарыг нь өвдгөн доороо хийчихсэн нэг гараараа толгойг нь дараад нөгөө гараараа хоолой хэсгийг нь зүсэж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуудаст/,

Гэрч Б.Өнөрбаярын: “...Би Баасанжав гэдэг хүнийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн үзэхэд эрүүн доороо гүнзгий зүсүүлсэн шархтай, цус их алдсан хэвлий болон цээж хэсгээрээ зулгарсан урт шархтай шоконд орсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-н 21-р хуудаст/,

Д.Бын яллагдагчаар өгсөн: “...Би Баасанжавыг гэрт нь дарж байгаад хоолойг нь аяганы хагархайгаар зүсээд аяганы хагархай булаацалдаж байгаад цээжинд 2 хэсэгт нь зүсэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 25-28-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №587 дугаартай “Б.Баасанжавын биед хүзүү, цээж, хэвлийн өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 30-р хуудаст/,

            Шүүгдэгч Д.Бын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 47-59-р хуудас/,

Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 60-р  хуудас/

Д.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 62-70-р хуудас/

Шүүгдэгч Д.Баас хохирогч Б.Баасанжав нь 12,000,000 төгрөг /баримтгүйгээр/ нэхэмжилсэн, хохирол төлбөр төлөгдөөгүй тухай /хх-н 78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт нүүрс тээврийн 4 дэх километрт байрлах “Завхан Транс” Хк-ийн кеймпэд иргэн Б.Баасанжавтай “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, аяганы хагархайгаар хүзүү, цээж, хэвлийг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогч Б.Баасанжавын: “...Миний биед Д.Б хоолой зүсэж, баруун цээж хэсгээс доош хүйсний хажуу хүртэл 2 хэсэгт зүсэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 4-5-р хуудаст/,

- Б.Баасанжавын гэрчээр өгсөн: “...Б ууж байсан архины шилээ хагалааднадруу дайрсан. Тэгэхэд манай найз Бямбаа шилийг булааж автал Бямбааг өшиглөөд унагаасан. Тэгээд надруу аяга хагалж миний эрүүн доор хагархай шилээрээ зүссэн. Мөн биеийг олон удаа зүсэж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-н 13-16-р хуудаст/,

- Д.Бын гэрчээр өгсөн: “...Би Баасанжавын биеийн хүзүү, гэдэс хэсэгт нь аяганы хагархай шилээр зүсэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 17-р хуудаст/,

- Гэрч О.Ганболдын: “...Б Баасанжавын дээр нь гарч суугаад 2 гарыг нь өвдгөн доороо хийчихсэн нэг гараараа толгойг нь дараад нөгөө гараараа хоолой хэсгийг нь зүсэж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуудаст/,

- Гэрч Б.Өнөрбаярын: “...Би Баасанжав гэдэг хүнийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн үзэхэд эрүүн доороо гүнзгий зүсүүлсэн шархтай, цус их алдсан хэвлий болон цээж хэсгээрээ зулгарсан урт шархтай шоконд орсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-н 21-р хуудаст/,

- Д.Бын яллагдагчаар өгсөн: “...Би Баасанжавыг гэрт нь дарж байгаад хоолойг нь аяганы хагархайгаар зүсээд аяганы хагархай булаацалдаж байгаад цээжинд 2 хэсэгт нь зүсэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 25-28-р хуудаст/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №587 дугаартай “Б.Баасанжавын биед хүзүү, цээж, хэвлийн өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 30-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Баасанжавын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Бын хохирогчийн хоолой, цээж хэсэгт нь аяганы хагархайгаар олон удаа зүссэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Д.Быг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Баасанжавын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №587 дугаартай “Б.Баасанжавын биед хүзүү, цээж, хэвлийн өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 30-р хуудаст/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчээс хохирогч Б.Баасанжав нь хохирол төлбөрт 12,000,000 /арван хоёр сая/-н төгрөг нэхэмжилсэн боловч хохирол төлбөр төлөгдөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Бт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350  /нэг мянга гурван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж, 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Адъяажавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Муу Майхан овогт Дамбадаржаагийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баасанжавын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжилсэн 12,000,000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАТТУЛГА