Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2025/ХШТ/126

 

 

О.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1513 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1153 дугаар магадлалтай, О.Г-д холбогдох 1911001031226 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Г

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний орой Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “L” нэртэй уушийн газрын гадаа Х.Ц-тэй маргалдан, зодож баруун чамархай ясны хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальс дээрх ялтаслаг цусан хураа, баруун эгэм далны холбоосын урагдал, 1 шүдний булгаралт, 1 шүдний сулрал, уруул, эрүүнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, хохирогч Х.Ц-гийн цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хэргийн үйл баримтын тухайд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн оройн 21:00 цагийн орчим хохирогч Х.Ц нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь олон тооны гэмтэл бүхий хүнд хохирол учирсан. О.Г-ыг уг хэрэгт холбогдуулан гэрчээр асууж байснаа 3 жил орчмын дараа  хохирогч, гэрчүүд үгссэн байдалтайгаар мэдүүлэг өгсний улмаас яллагдагчаар татагдсан. Миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татсан нь эргэлзээтэй, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, хохирогч Х.Ц, гэрч Л.Б нар хэт хувийн бодлоо дурдсан, зөвхөн О.Г-ыг буруутгасан шинжтэй мэдүүлгүүдийг үнэлж, бусад мэдүүлгүүдийг няцаасан дүгнэлт хийлгүй орхигдуулж хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр дүгнэж чадсангүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийж чадаагүй.

Хохирогч Х.Ц согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж О.Г-аас гадна Д.М, Л.Б нартай муудалцан зодолдож байсан талаар холбогдох гэрчүүд мэдүүлэг өгсөн байхад үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно.

Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас удаа дараа хэргийг буцаасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүхийн даалгаврыг бүрэн гүйцэд биелүүлээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж чадаагүй, үүнээс өөрөөр яаж шалгах билээ гэсэн байдлаар хандсан нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл нотлох баримтын болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхой бус байхад гэм буруутайд тооцсон байгаа нь яллагдагчийг хөдөлшгүй нотлох баримтаар буруутгах ёстой хууль ёсны зарчим алдагдсан.

Энэхүү нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх үнэн зөв хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй. Зөвхөн О.Г-д оногдуулсан эрүүгийн хариуцлага  “хөнгөдсөн”, үйлдсэн хэргийн гэм бурууд нь тохироогүй гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн чухам аль заалтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй. Түүнчлэн уг хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн заалтыг хүчингүй болгосон атал аль заалтыг үндэслэл болгож буй нь ойлгогдохгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлэхийн оронд эсрэгээр эрүүгийн хариуцлагыг “хүндрүүлэх” чиглэл өгч байна.

Шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Гэрч Г.А нь хохирогч Х.Ц-г гэрч Л.Б-тэй маргалдаж, Х.Ц нь Л.Б-ийг автомашин дотор цохиж байсныг гэрчилдэг. Гэрч Л.Б нь гэрч Д.М-г хохирогч Х.Ц салтаа руу нь өшиглөж, зөрүүлээд Х.Ц-г Д.М толгойд нь 2 удаа цохиж унагасан /нүүрэлдүүлэн байцаалтын явцад унатал цохисон талаар хэлсэн байдаг/ болохыг гэрчилдэг. Мөн гэрч Д.М нь Х.Ц-тэй маргалдсан, өөрийнх нь салтаа руу өшиглөсний дараа нүүр лүү нь гараараа түлхсэн гэж мэдүүлдэг. Өшиглөсний дараа Х.Ц холдоод явсан байхад араас нь очиж цохиж унагаах үед хүү О.П, дүү Г.П нар нь харж байсан тул Д.М-ыг “Та яаж байгаа юм бэ” гэж хэлж болиулсан тухай мэдүүлсэн байдаг. Үүний дараа Х.Ц-г сэрээж Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан үйл баримт хэрэгт авагдсан. Хохирогч Х.Ц нь 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон асуудлын талаар санахгүй байсан бөгөөд хамгийн түрүүнд санаж байгаа зүйл нь “Ямар ч байсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр Ж /Л.Б/, Х /Г.А/, Д.М, О.Г нартай маргалдаж муудалцсан байсан” гэдгээ өөрийнхөө хүү, дүү, эхнэртээ хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоосон эсэх эргэлзээтэй, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор, шүүх бүрэн хэрэгжүүлээгүй.

Болсон асуудлыг санахгүй, өөрийнхөө үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй хэмжээний согтолттой байсан хүн гэнэт 2021 онд бүх зүйлийг маш тодорхой санаж эхэлсэн гэдэгт эргэлзэж байна. Гэрч нарын мэдүүлэг нь хохирогчийнхоос зөрүүтэй байгааг анхаарч үзэлгүй орхигдуулсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй нөхцөл байдлыг асууж тодруулалгүй, мэдүүлэг авсан /хохирогч Х.Ц-гийн эхнэрийн төрсөн дүү болох Д.М, түүний багын найз Г.А, Х.Ц-гийн эхнэр Д.О-ийн төрсөн хүү О.П, Д.О-ийн ойрын хамаатны дүү, хамт амьдардаг байсан Г.П/ нөхцөл байдал байгаа. Энэ нь хэргийг шударгаар шийдвэрлэх боломжийг хязгаарлаж, хэт нэг талыг барьсан нотлох баримтад тулгуурлахад хүргэсэн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлүүдээр тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаан холбогдох ажиллагаануудыг бүрэн дүүрэн хийлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгаж өгнө үү гэв.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Г-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан. Тухайлбал, хохирогч Х.Ц-гийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь шүүгдэгч О.Г-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчээс өөр хүний үйлдэл, оролцоо үүнд хамааралгүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгчид холбогдох хэрэгт нотлох баримтыг шалгах, үнэлэхтэй холбоотой үндэслэл бүхий эргэлзээ үүсээгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 40,000 нэгжээр торгох буюу уг гэмт хэрэгт оногдуулах торгох ялын дээд хэмжээгээр ял шийтгэжээ. Иймд шүүгдэгчид оногдуулсан ял нь шударга ёсны зарчимд нийцээгүй, хөнгөдсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Харин анхан шатны шүүхээс торгох ялыг 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэхдээ “шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан” гэж дүгнэсэн атлаа 40,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөх боломжтой гэдгийг нотолсон тодорхой баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын төлөх хугацааг боломжит байдлаар тогтоосон өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хууль хэрэглээний зөрүү байгаа эсэхийг хянаж үзэхээр шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийг түүний өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

2.Хэргийн хувьд шүүгдэгч О.Г нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний орой Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “L” нэртэй уушийн газрын гадаа Х.Ц-тэй маргалдан, зодож баруун чамархай ясны хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хураа, баруун эгэм, далны холбоосын урагдал, 1 шүдний булгаралт, 1 шүдний сулрал, уруул, эрүүнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

“... Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг шүүгдэгч О.Г учруулаагүй, өөр хүн учруулсан байж болзошгүй байхад энэ талаар шалгаагүй, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд зөрүүтэй байдалд шүүхээс дүгнэлт хийгээгүй ...” буюу тогтоол, магадлал хэргийн бодит байдалд нийцээгүй гэх агуулга бүхий өмгөөлөгчийн гомдлын дагуу хоёр шатны шүүхийн дүгнэлтийг нягтлан үзэхэд хохирогч Х.Ц-гээс баарны гадаа О.Г заамдаж аваад цохисон талаар тодорхой мэдүүлсэн. /Хэргийн 1 дүгээр хавтасны 31-36, хэргийн 2 дугаар хавтасны 16 дахь хуудас/ Харин гэрч Л.Б-ийн хувьд “О.Г, Х.Ц-тэй хамт явж байгаад унасан” буюу хохирогч явганаас унаснаас болж эрүүл мэнддээ хохирол амссан байж болзошгүй үндэслэлийн талаар мэдүүлэг өгсөн боловч ийнхүү мэдүүлсэн шалтгаан нь хэрэг гарснаас хойш анхны мэдүүлэг өгөх хүртэл О.Г “Х.Ц ахыг цохисныг минь хүнд битгий хэлээрэй” хэмээн уулзах бүрдээ гуйсан тул нэг нутгийн хүмүүс гэсэн байр сууринаас хандаж худал мэдүүлсэн болохоо тайлбарлаад, үнэн хэрэгтээ О.Г нь Х.Ц-г 2-3 удаа цохисон, тэд зууралдаад дахин цохих гэсэн, О.Г-д цохиулсны дараа хохирогчийн ам, чихнээс цус гарсан зэргийг харсан болохоо тодорхой мэдүүлжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 58, 79, хэргийн 2 дугаар хавтасны 131-132 дахь хуудас/ Түүнчлэн хэрэг гарсан “L” баарны гадаа гадуур хувцастай болон хувцасгүй хоёр хүн маргалдан зууралдаж, тэднийг гадуур хувцастай өөр нэг хүн салгаж байхыг хөндлөнгөөс харсан гэрч Б.Д-ын мэдүүлэг /Хэргийн 2 дугаар хавтасны 128 дахь хуудас/, хэрэг гарах үед хохирогч Х.Ц, Л.Б нар явахаар гадуур хувцсаа өмсөөд гарсан, араас нь О.Г гадуур хувцасгүй гарсан болох нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч О.Г нь хохирогч Х.Ц-гийн нүүрэнд цохиж, унаган шинжээчийн дүгнэлтэд дурдсан хүнд хохирлыг учруулсан хэргийн үйл баримт эргэлзээгүй нотлогдож байх тул “хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс дээрх хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч О.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж хяналтын шатны шүүх үзлээ.  

4.Харин шүүгдэгч О.Г нь анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хамгийн доод хэмжээгээр буюу ял хөнгөрүүлэх агуулгаар, түүний өмгөөлөгч С.Чинзориг хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох талаар тус тус давж заалдсан байхад дээд шатны шүүхээс тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох ялын хамгийн дээд хэмжээгээр шийтгэсэн ялыг шударга ёсны зарчмыг хангаагүй гэж үзэхдээ хэргийн нөхцөл байдал, бодит баримт нотолгоонд тулгуурлаагүй, “… ялын зохист харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй …” гэх зэрэг хууль зүйн ерөнхий ойлголт, агуулгыг зааж тогтоолыг хүчингүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялын зөв, зохистой төрөл хэмжээг сонгон оногдуулах, түүнийхээ үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах нь хууль тайлбарлан хэрэглэх үйл ажиллагааны салшгүй чухал хэсэг мөн.

Үүний нэгэн адил дээд шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын асуудлаар дүгнэлт хийхдээ доод шатны шүүхийн үндэслэл, дүгнэлтийг няцааж буй шалтгаан, хууль хэрэглээний алдааг тодорхой тайлбарлах шаардлагатай.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурор, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч маргаангүй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх агуулга бүхий гомдол гаргасан нөхцөлд эрүүгийн хариуцлагын хүрээнд дээд шатны шүүхийн хяналтыг хэрэгжүүлэхдээ шударга ёсны зарчим, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг харилцан тэнцвэртэй харгалзан үзэх ёстойг анхаарвал зохино.

5.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж, 6.4-т “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна” гэж тус тус заасан байхад шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаж байх тул түүнд оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хоёр жилийн хорих ялтай дүйцэх хэмжээ болох 10,950,000 төгрөгийг эдлэх ялаас өршөөн хасах нь зүйтэй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1153 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1513 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 40,000,000 төгрөгийн торгох ялаас 10,950,000 төгрөгийг өршөөн хассугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

Ц.ОЧ

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ