| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2017/0632/З |
| Дугаар | 711 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 711
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “САТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “САТ” ХХК
Хариуцагч: Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яаманд 2017 оны Төсвийн тухай хуульд батлагдсан үнээр гэрээг хэрэгжүүлэн ажиллахыг даалгах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан нээлттэй тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гэрэлмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг, хариуцагч Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болд-Эрдэнэ, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “САТ” ХХК-ийн захирал Б.Гэрэлмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... “САТ” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэнд, Спортын яамтай 1,594,900,000 төгрөгийн үнэ бүхий “Хавдар Судлалын Үндэсний Төвд Компьютер Томографийн аппарат нийлүүлэх ХААГ-2016/XVII.1.3.22 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасны дагуу “САТ” ХХК нь Компьютер Томографийн аппаратын үйлдвэрлэгч болох Япон улсын TOSHIBA Medical Systems корпорацтай “Компьютер Томографийн аппаратыг захиалгаар үйлдвэрлүүлэх гэрээ”-г байгуулж, энэхүү аппарат нь Япон улсаас ачигдан, Хятад улсын Тэнжин боомтод хүргэгдээд байтал, Хавдар Судлалын Үндэсний Төвд Компьютер Томографийн аппаратыг худалдан авах ажил нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн Газрын 38-р тогтоолоор Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дагуу 2016 онд санхүүжигдэх төсвөөс хасагдсан тухай Сангийн Яамны 8/5685 тоот албан бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авсан. Улмаар Сангийн яамны дээрх албан бичгийг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр захиалагч тал болох Эрүүл мэндийн яам тус компанитай байгуулсан ХААГ2016/XVII.1.3.22 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд компьютер томографийн аппарат нийлүүлэх гэрээ”-г санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдэх хүртэл түр түдгэлзүүлсэн тухай 2/3583 тоот албан бичгийг тус компанид ирүүлсэн.
Гэтэл Эрүүл мэндийн яам 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дээрх гэрээ бүхий барааг худалдан авах тухай нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 40, 42 дугаар зүйл, 46.1.4, 46.1.6 дахь хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна.
Учир нь нийлүүлэгч “Хавдар судлалын үндэсний төвд компьютер томографийн аппарат нийлүүлэх ХААГ-2016/XVII.1.3.22 дугаар гэрээний 4 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан барааг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн.
Гэтэл гэрээнд заагаагүй нөхцөлөөр буюу Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолоор төсвийн тодотгол хийсний улмаас уг бараа нийлүүлэх ажил 2016 оны төсвөөс хасагдсан болно. Засгийн газрын энэхүү тогтоол гарах үед гэрээ хэрэгжиж байсан болно.
Ийнхүү хасагдсан тухай Сангийн яамны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичигт “... захиалагч байгууллага танай компанитай гэрээ байгуулсан ч худалдан авалт нь эхлээгүй байсан тул ...” тухайн ажил хасагдсан гэж дурьджээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж зааснаар Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар талууд хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.
... Мөн Засгийн газрын дээрх тогтоолын 3 дахь хэсэгт “2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоох” гэж зааснаас бус хасагдсан гэж заагаагүй болно. Харин Сангийн яам нийлүүлэгч талд худалдан авах ажиллагааг зогсоосныг хасагдсан гэж мэдэгдсэн.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, мөн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалт “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэснийг тус тус зөрчиж байна.
Захиалагч тал болох Эрүүл мэндийн яамны албан бичгээр гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй, гэрээнд заагаагүй “санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдэх хүртэл” гэсэн үндэслэлээр гэрээг түр түдгэлзүүлсэн. Хэдийгээр талууд хооронд байгуулсан гэрээнд түдгэлзүүлэх зохицуулалт байхгүй боловч, энэ нь гэрээ үйлчлэх боломжтойг захиалагч хүлээн зөвшөөрч буйг нотолно.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана” гэж заасны дагуу нийлүүлэгч талд гэрээ хүчин төгөлдөр байгааг нотолсон болно.
Захиалагч гэрээг цуцлах үндэслэлийг “Хавдар судлалын үндэсний төвд компьютер томографийн аппарат нийлүүлэх ХААГ-2016/XVII.1.3.22 дугаар бүхий гэрээний 18-20 дугаар зүйлд заасан бөгөөд гэрээнд заасан гэрээг цуцлах нөхцөл үүсээгүй гэдэг нь Эрүүл мэндийн яамнаас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн бичгийн агуулгаас илэрхий байна.
Мөн уг барааг худалдан авах ажиллагааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2017 оны 07 дугаар 26-ны өдөр дахин зарласан нээлттэй тендер шалгаруулалтын нийт төсөвт өртгийг 2,100,000,000 төгрөг гэжээ. Гэтэл нийлүүлэгч тал болох “САТ” ХХК нь Эрүүл мэндийн яаманд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, гэрээг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлснээр барааг гэрээнд заасан үнээр нийлүүлэх боломжгүй үндэслэлээр тайлбарлан, гэрээний үнийг 2,100,000,000 төгрөг болгуулах хүсэлт бүхий 68/2016 дугаартай албан бичиг хүргүүлсэн.
... ХААГ-2016/XVII.1.3.22 дугаартай гэрээний үнийн дүн гэрээ байгуулагдах үед 1,594,900,000 төгрөг байсан боловч гэрээ байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкны 1 ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 1,980 төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2430 төгрөг болж өссөнөөс нийлүүлэгч талд 499,000,000 төгрөгийн алдагдал үүсээд байна.
Вальютын ханшийн тогтворгүй байдал, нийлүүлэгч талын гэм буруугаас үл шалтгаалах байдлаар үүссэн, нэгэнт гэрээ хэвээр үйлчилж байгаа, зөвхөн хугацааг түдгэлзүүлсэн, энэ нь нийлүүлэгч талаас үл хамаарсан зэргийг харгалзан ХААГ-2016/XVII.1.3.22 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд компьютер томографийн аппарат нийлүүлэх гэрээ”-ний үйлчлэлийг үргэлжлүүлэн, гэрээний төлбөрт учирсан хохирлыг тооцон 2,100,000,000 /Хоёр тэрбум нэг зуун мянга/ төгрөг болгон өөрчилж өгөхийг хүсэн бид 2016 оны 11 дүгээр сард захиалагч талд албан бичгээр мэдэгдэж байсан болно.
Харин 2017 оны Төсвийн тухай хуульд уг ажилд 2,1 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр батлагдсан.
Иймд 2017 оны Төсвийн тухай хуульд батлагдсан үнээр гэрээг хэрэгжүүлэн ажиллахыг захиалагч тал болох Эрүүл мэндийн яаманд даалгаж, 2017 оны 07 сарын 27-ны өдөр зарласан нээлттэй тендер шалгаруулалтын хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Эрүүл мэндийн яамнаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Эрүүл мэндийн яам нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “САТ” ХХК-тай хавдар судлалын үндэсний төвд СТ томографийн аппарат нийлүүлэх ХААГ-2016/XVII.1.3.22 тоот гэрээ байгуулан ажиллаж байх явцад /тоног төхөөрөмжийн тээвэрлэлт хийгдсэн/ Засгийн газрын 2016 оны 38 тоот тогтоолын дагуу гэрээт ажлыг түр түдгэлзүүлсэн болно.
Тухайн компани ам.долларын ханшийн зөрүү, гэрээ цуцалсны торгууль, тээврийн зардлын буцаалт зэргийн бичиг баримтыг үндэслэн гэрээний үнийг нэмэгдүүлэх талаар манай яам болон Сангийн яаманд хандсанаар 2017 оны төсвийн тодотголоор 500 000 000.0 /таван зуун сая/ төгрөг нэмж батлагдсан болно.
Яамны зүгээс “САТ” ХХК-тай байгуулсан гэрээний үнэд өөрчлөлт оруулан нэмж батлагдсан 500000000.0 /таван зуун сая/ төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн боловч Сангийн яамнаас ТБОНӨХБАҮХАТ хуулийн 34.1.3 дахь заалтын дагуу анхны гэрээний үнийн 20 хувиас хэтэрсэн тул дахин тендер зохион байгуулах чиглэл өгсөн болно.
Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Үнэлгээний хорооны байгуулагдсан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарласан болно” гэв.
Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяннэмэх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “САТ” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу нэмэлт тайлбарыг хүргүүлж байна.
XV.3.1 Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппарат /Улаанбаатар Баянзүрх дүүрэг/ төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2016 онд Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж, нээлттэй тендер шалгаруулалт зарласан бөгөөд уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр “САТ” ХХК шалгарч 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн яамтай бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн ТШӨХ-д шаардсаны дагуу “САТ” ХХК тендерийн баримт бичигт заасан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг, мөн шалгарсан тохиолдолд барааг гэрээний үнэ болон хугацаанд багтаан нийлүүлэх баталгааг, бараа нийлүүлэлтийн хуваарьт бараа нийлүүлж эхлэх хугацааг гэрээ байгуулснаас хойш 30 хоногт, дуусах хугацааг 90 хоног гэсэн бараа нийлүүлэлтийн хуваарь зэргийг өөрийн тендертээ гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн.
Үүнийг тодруулж үзвэл 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулагдсан, үүнээс 30 хоногийн дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд барааг нийлүүлж дуусгах баталгааг өгсөн гэсэн үг. “САТ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу сити томографын аппаратыг гэрээний эхний хугацаанд 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийлүүлж эхэлсэн байх ёстой атал бараа нийлүүлж дуусах эцсийн хугацаа буюу гэрээ байгуулснаас хойш 90 хоног өнгөрч 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болчихоод байхад бараагаа нийлүүлж эхлээгүй л байсан. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй гэрээний хугацааг дуусгасан гэсэн үг.
Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдсан.
Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Монгол Улсын төсөвт 2016 оны төсөвт тодотгол хийж уусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд уг тогтоолыг гаргасан бөгөөд уг тогтоолын 3-т 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг зогсоох үүргийг төсвийн ерөнхийлөн захиалагчдад өгсөн хэдий ч яг ямар төсөл, арга хэмээ хамрагдахыг тодорхой нэр заагаагүй.
“САТ” ХХК 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан боловч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ганц ч бараа нийлүүлээгүй, учир дээрх заалтад хамааруулж болох байсан ч захиалагч гэрээг цуцлаагүй, бараа нийлүүлэгдсэн тохиолдолд санхүүжилт өгөхөд бэлэн байсан байна. Гэрээний дагуу бараагаа нийлүүлээгүйн улмаас төсвийн тодотголоор санхүүжилт нь хасагдсаныг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссаны дараа Сангийн яам гүйцэтгэгч компанид мэдэгдсэн байна. Энэ тохиолдолд гүйцэтгэгчийн эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй байна.
- Захиалагч гэрээний хэрэгжилтийн явцад үнийн тодруулга хийж болохоор анх тендерийн баримт бичигт зааснаас бусад тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулах боломжгүй. Энэхүү төсөл, арга хэмжээний тендерийн баримт бичигт “гэрээний хэрэгжилтийн явцад үнийн тохируулга хийхгүй” гэж заасан бөгөөд үүнийг тендерт оролцогч зөвшөөрсөн мэдэгдэл ирүүлсэн байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендер анх зарлахдаа гэрээний хэрэгжилтийн явцад үнийн тохируулга хийхээр заасан тохиолдолд үнийн тохируулга хийх 2 нөхцөлийг заасан. Энэ нь уг хуулийн 40.4-т “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно”, 40.4.1-д “хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн”, 40.4.2-т “суурь үнэ огцом өөрчлөгдсөн”. Тэгэхээр гэрээний үүргээ биелүүлээгүй компани гэрээний үнийг 500 саяар нэмэгдүүлэх санал захиалагчид өгөөд явж байсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4-т зааснаар сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарсныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэдэг үндэслэлээр “САТ” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нөхцөл үүссэн гэж үзэж болохоор байна.
- Уг тендерт шалгарсан компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас энэхүү санхүүжилт 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу төсвөөс хасагдсан.
Төсвийн тухай хуулийн 7.1-д төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно, 7.7-т төсвийн жил дуусахад захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болохоор заасан.
2017 оны Төсвийн тухай хуулиар 2.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй сити томографын аппарат худалдан авах төсөл, арга хэмжээ хуулийн дугаар, төсөвт өртөг бүгд өөрчлөгдөж өөр төсөл арга хэмжээ батлагдсан бөгөөд үүнийг 2016 онд тендер шалгаруулалт зохион байгуулсан төсөл, арга хэмжээ гэж ойлгож болохгүй. Учир нь уг төсөл арга хэмжээ 2016 оны Төсвийн тухай хуульд он дамжин хэрэгжихээр тусгагдаагүй зөвхөн 2016 ондоо л санхүүжиж дуусахаар батлагдсан байсан.
- “САТ” ХХК 2016 онд Худалдан авах ажиллагааны газраас зарласан XV.3.1 Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппарат /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ төсөл арга хэмжээний тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй бараа санал болгосон нь шүүхэд нотлох баримтаар өгөгдсөн тендерийн архивын материал дахь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс тод харагдаж байна. Тендерт шалгарахын тулд үнэ өгч, гэрээний хэрэгжилтийн явцад /3 сарын дотор/ гэрээний үнэ 30%-р нэмэх асуудал тавьж, төрийн ажлыг гацаасан компанид эргээд хариуцлагын асуудал ярьдаг байх шаардлагатай гэж үзэж байна.
Энэ асуудалд худалдан авах ажиллагааны бодлого барьдаг Сангийн яам эцсийн шийдвэрээ өгсөөр байтал гэрээгээр хүлээсэн үүргийн улмаас төсвийн хуулиас хасагдсан өөр төсөл, арга хэмжээтэй хольж хутган, санаатайгаар улсын ажил удаашруулж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхэнд халдаж байна гэж үзэхээр байна.
Иймд “САТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Төрийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Сангийн яамнаас уг тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын төсөв нэмэгдсэн гэдэг шалтгаанаар дахин шинээр тендер зарлаж, шинэ оны төсөвт оруул гэдэг чиглэл ирсний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тендер зарласан” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “САТ” ХХК нь анх “Эрүүл мэндийн яаманд гэрээг хэрэгжүүлж ажиллахыг даалгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан нээлттэй тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны Төсвийн тухай хуульд батлагдсан үнээр гэрээг хэрэгжүүлж ажиллахыг захиалагч тал болох Эрүүл мэндийн яаманд даалгах, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарласан нээлттэй тендер шалгаруулалтын хүчингүй болгуулах” гэж тодруулсан тул шүүх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Худалдан авах ажиллагааны газар /хуучин нэрээр/-аас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Хавдар судлалын төвийн СТ томографийн аппарат” нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан байх ба уг тендерт “САТ” ХХК шалгарч 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр захиалагч Эрүүл мэнд, спортын яам /хуучин нэрээр/-ны төрийн нарийн бичгийн даргатай “Хавдар судлалын төвд компьютер томографийн аппарат нийлүүлэх” ХААГ-2016/XVII.1.3.22 тоот гэрээг байгуулсан байна.
Дээрх гэрээний дагуу нийлүүлэгч нь Хавдар судлалын төвийн компьютер томографийн аппаратыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нийлүүлэх үүрэг хүлээсэн байх ба гэрээний хэрэгжилтийн явцад 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас 38 тоот тогтоолыг гаргаж “...гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг ... зогсоох”-оор шийдвэрлэсэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “... 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид дор дурьдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай” гэж, мөн хуулийн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг баталсан 2 дугаар хавсралтын XV.3.1-т “Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппарат”-ын төсөвт өртгийг 2,100,000,000.00 төгрөг гэж заасан байна.
Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппарат төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тухай ТӨБЗГ-2017/XV.3.1 тоот тендер шалгаруулалтыг зарлажээ.
Нэхэмжлэгч “САТ” ХХК-аас “Хавдар судлалын төвийн сити томографын аппарат нийлүүлэх ... тоот гэрээ түдгэлзсэн нь нийлүүлэгч талаас хамаараагүй бөгөөд захиалагч гэрээг цуцлаагүй, гэрээ хүчин төгөлдөр байхад Эрүүл мэндийн яам гэрээг шинэчлэн байгуулахгүй, дахин тендер шалгаруулалт явуулахаар зарлаж байгаа нь хууль бус” гэж, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас “Барааг худалдан авах үнийн дүн нь өмнө байгуулсан гэрээний үнийн дүнгийн 20 хувиас хэтэрсэн тул шууд гэрээ байгуулах боломжгүй” гэж, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “САТ” ХХК нь захиалагчтай байгуулсан гэрээний хугацаанд барааг нийлүүлэх бүрэн боломжтой байсан боловч нийлүүлж эхлээгүй, төсөв хасагдсан болохыг гэрээний хугацаа дууссаны дараа мэдэгдсэн тул нийлүүлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй,...” гэж тус тус маргажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно”, 34.1.3-т “нэмэлт нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол” гэж заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь нэмэлт нийлүүлэлт хийх тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувиас хэтрээгүй бол шууд гэрээ байгуулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол гэрээг шууд байгуулах эрхийг захиалагчид зөвшөөрсөн зохицуулалт юм.
Гэтэл захиалагч Эрүүл мэндийн яам нь худалдан авахаар төлөвлөгдсөн барааны төсөвт өртөг 2017 оны төсөвт 2,1 тэрбум төгрөгөөр батлагдсан нь анхны гэрээний үнийн дүнгийн 20 хувиас хэтэрсэн гэж үзэж гэрээг хэрэгжүүлж ажиллахаас татгалзсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, 2016 оны ХААГ-2016/XVII.1.3.22 тоот болон 2017 оны ТӨБЗГ-2017/XV.3.1 тоот тендер шалгаруулалтуудаар худалдан авахаар зарласан “Сити томографын аппарат”-ын тоо хэмжээ өөрчлөгдөөгүй, түүнчлэн дахин тендер шалгаруулалт явуулах нь үргүй зардал үүсгэхээр байхад хариуцагч Эрүүл мэндийн яам нь нэмэлт нийлүүлэлт хийгдэх тохиолдолд буюу анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед баримталбал зохих хуулийн дээрх заалтыг баримталж гэрээг хэрэгжүүлж ажиллахаас татгалзаж, дахин тендер шалгаруулалт зохион байгуулахаар захиалга өгсөн буруу болжээ. Учир нь:
- Гэрээгээр худалдан авах барааны тоо хэмжээнд өөрчлөлт ороогүй тухайд хэргийн оролцогчид маргахгүй байх ба хэрэгт авагдсан тендерийн баримт бичгүүдийг харьцуулан үзвэл компьютер томографын аппаратын 2017 онд зарлагдсан тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод дурьдагдсан зарим үзүүлэлт нь 2016 онд зарлагдсан тендерийн баримт бичигт тодорхойлсон үзүүлэлтээс буурсан гэж үзэхээр байх бөгөөд “САТ” ХХК-ийн нийлүүлэх томографийн аппарат нь 2016 болон 2017 онд зарлагдсан тендерийн баримт бичигт дурьдсан үзүүлэлтээс зарим үзүүлэлтээрээ илүү болохыг баталсан албан бичгийг хариуцагчид хүргүүлж байсан байна.
- Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоол гарч “санхүүжилтийг зогсоосон” явдал нь барааг нийлүүлэх ажиллагааг нийлүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар тасалдуулсан шийдвэр байх бөгөөд ХААГ-2016/XVII.1.3.22 тоот гэрээний тусгай нөхцөлийн 8-д “урьдчилгаа төлбөр хийгдэхгүй, Бараа ачигдсаны дараа төлбөр төлөхгүй, барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөр төлөх”-өөр зааснаас үзвэл нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “төсвөөс мөнгө хасагдсан, хэзээ дахин төсөвлөгдөх нь тодорхойгүй тохиолдолд ийм өндөр үнийн дүнтэй барааг нийлүүлснээр манай байгууллага илүү их хохирол амсаж санхүүгийн хүнд байдалд орохоор байсан” гэсэн тайлбарыг хүлээж авах нь зүйтэй байна.
- Захиалагч нийлүүлэгчийг анх гэрээ байгуулагдах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1980,11 төгрөг байсан байх ба 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2464,43 төгрөг болж 24,5 хувиар өссөн байгаа нь компьютер томографын аппаратын 2016 болон 2017 оны төсөвт өртгийн зөрүүтэй дүйцэхүйц байна.
- Дахин тендер шалгаруулалт зохион байгуулж явуулах нь цаг хугацаа, гарах зардал, захиалагч болон нийлүүлэгчид учрах хохирол зэргийг харгалзан үзэхэд үргүй зардал гарах нь тодорхой байна.
Өөрөөр хэлбэл, Тендер шалгаруулалттай холбоотой маргаан үүссэнээс тендер шалгаруулалтын үйл ажиллагаа төсвийн жил дуусахаас өмнө явагдахгүй байх, төсөв эргэн татагдах бодит нөхцөл байдал үүссэнийг талууд хүлээн зөвшөөрч байх ба худалдан авах ажиллагаа хийгдэхгүй байснаараа захиалагч болон нийлүүлэгчид учрах хохирлоос илүүтэй Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэх шаардлагатай байгаа нийтийн эрх ашигт хохирол учрахаар байна.
Гэвч энэхүү бодит нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... санаатайгаар улсын ажил удаашруулж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхэнд халдаж байна”, “гэрээний үнийн дүнгийн 20 хувиас хэтэрсэн тул шууд гэрээ байгуулах боломжгүй” гэж тайлбаруудыг хүлээж авах үндэслэл болохгүй юм.
Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... гэрээ байгуулсан боловч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ганц ч бараа нийлүүлээгүй, ... төсвийн тодотголоор санхүүжилт нь хасагдсаныг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссаны дараа Сангийн яам гүйцэтгэгч компанид мэдэгдсэн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч “санхүүжилтийг зогсоох” 38 дугаар тогтоол нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гарсан, гэрээг хэрэгжүүлэх талаарх нийлүүлэгчийн хүсэл зоригоос үл хамаарсан байх тул дээрх тайлбарыг зөвтгөх боломжгүй.
Хавдар судлалын үндэсний төвд компьютер томографын аппаратыг нийлүүлэх ажил нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд “XVII.1.3.22” дугаартайгаар, 2017 оны төсвийн тухай хуульд “XV.3.1” гэсэн өөр өөр дугаартайгаар өөр өөр төсөвт өртөгтэйгээр хуульчлагдсан хэдий ч энэ нь уг ажлыг өөр төсөл, арга хэмжээ гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...худалдан авах ажиллагааны бодлого барьдаг Сангийн яам эцсийн шийдвэрээ өгсөөр байтал гэрээгээр хүлээсэн үүргийн улмаас төсвийн хуулиас хасагдсан өөр төсөл, арга хэмжээтэй хольж хутган...” гэсэн тайлбар мөн үндэслэлгүй байна.
Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг газраас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зарласан “Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппарат төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тухай ТӨБЗГ-2017/XV.3.1 тоот тендер шалгаруулалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “төсөл, арга хэмжээний тендерийн баримт бичигт “гэрээний хэрэгжилтийн явцад үнийн тохируулга хийхгүй гэж заасан” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэрээр гэрээний санхүүжилтийг зогсоосон, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэх хүртэл гэрээг түдгэлзүүлсэн, санхүүжилтийг хэзээ хэрхэн шийдвэрлэх /Засгийн газрын 38 дугаар тогтоолд хугацаа заагаагүй/ нь тодорхойгүй байсан, валютын ханшийн өсөлтийг харгалзан төсөвт өртгийг нэмэгдүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байх тул “2017 оны төсвийн тухай хуульд батлагдсан дүнгээр гэрээг хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хуульд харшлахааргүй байна.
Иймд “САТ” ХХК-аас гаргасан “2017 оны Төсвийн тухай хуульд батлагдсан үнээр гэрээг хэрэгжүүлж ажиллахыг захиалагч тал болох Эрүүл мэндийн яаманд даалгах, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарласан нээлттэй тендер шалгаруулалтын хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “САТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Төрийн өмчийн бодлого зохицуулалтыг газраас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зарласан “Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппарат нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ТӨБЗГ-2017/XV.3.1 тоот тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд батлагдсан үнээр гэрээг хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн яаманд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “САТ” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ