Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1693

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 101/ШШ2016/04118 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч “ХХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК-д холбогдох

 

Гал түймрийн улмаас учирсан гэм хорын хохиролд 16 148 508 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                ХХХХ

                                                                                                      ХХХХХ  

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ , итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, өмгөөлөгч ХХХХнар тайлбарлахдаа:  

ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХ байрлах “ХХХХ” төвийн ХХХ, ХХХ тоот 220 м.кв талбай бүхий сэндвичин барилгыг "ХХХХ” ХХК 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай, сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлж 013/029 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Уг түрээсийн гэрээний 5.2.2-д заасны дагуу "...Эд хөрөнгийг эвдэж гэмтээхгүй ашиглах, өөрийн зардлаар урсгал засвар хийнэ..." гэж заасан. 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “"ХХХХ” ХХК нь түрээслэн ажиллаж байсан сэндвичин барилгад гал гарч улмаар компанид 9 548 508 төгрөгийн хохирол учирсан. Галын шинжээчийн 141/513 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "...хэргийн газрын үзлэг, шатлалын явц, хүмүүсийн тайлбар зэргээс үзэхэд цахилгааны сүлжээний гэмтлийн улмаас гал гарсан байна гэж үзсэн. "ХХХХХ" ХХК-ийн сэндвичин агуулахын хохирлыг арилгах зардлын өртөгийг 9 548 508 төгрөг байхаар үнэлсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар уг хохирлыг “"ХХХХ” ХХК-иас гаргуулан өгч

"ХХХХ" ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү. Гал гарсныг манай компанийн зүгээс тодруулахад "ХХХХ" ХХК нь талуудын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 013/029 дугаар түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасныг зөрчиж манай байрыг түрээслэхдээ түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр цахилгааны шугамаас манай компанийн зүүн талд байрлах "ХХХХ" ХХК-д нууцаар тог салаалуулан өгч "ХХХХ" ХХК-ийн захирал цахилгаанчин ХХХХгэгч хүнээр цахилгааныг тавиулснаас шалтгаалан манай компанийн цахилгааны сүлжээнд ачаалал үүсч, гэмтэл гарсан байсан. Өөрөөр хэлбэл, "ХХХХХ" ХХК-ийн захирал ХХХХ дур мэдэн "ХХХХ" ХХК-тай хуйвалдаж манай компаниас цахилгаан өгсөн болохыг тус компанийн харуул бидэнд хэлсэн юм. Үүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хохирлоо гаргуулах тухай өргөдөл гаргахад иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн. Иймд, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлд манай компанид учруулсан хохиролд дээрх 013/029 дугаар гэрээний 6.1 дэх хэсэгт заасны дагуу 9 548 508 төгрөгийг "ХХХХ" ХХК-иас нэхэмжилсэн шаардлагыг нэмэгдүүлж, тус барилгын шатсан хэсгийг барихад ажилчдад өгсөн хөлс болох 6 000 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд, "ХХХХ" ХХК-иас нийт 16 148 508 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Барилгыг гэрээнд заасны дагуу ашиглах ёстой байхад гэрээгээ зөрчин цахилгаан залгасан байна. Цахилгааны хохирол учирсан нь тогтоогдож байгаа бөгөөд мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулж байсан нь мөн тогтоогдож байна. Гэрээнд бусдад цахилгаан ашиглуулж мөнгө авна гэсэн үүрэг байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр хүчдэл ихэссэн учраас гал гарсан байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Үүнийг бид бодитой гэж үзэж байна. Бид "ХХХХ" ХХК-иас гэм хорын хохирлоо гаргуулах хүсэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч "ХХХХ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч нь “ХХХХ” ХХК-руу тог татсан гээд байна. Бид тусгай байгууллагаар тог тавиулаад явж байсан. Тухайн үеийн байдлаар тог татах шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг шаардаж байна. Үүгээр шаардахдаа яг ямар үйлдэл гэм хор учруулсан бэ, тэр үйлдлээс ямар хэмжээний хохирол учирсан бэ гэдгийг тогтоох ёстой. Өмнө утас буудаж байсан тэгээд дахиад залгаж байсан гэсэн тайлбар өгдөг. Тэгэхээр манайд ямар ч хамаагүй гэв.

 

Хариуцагч "ХХХХХ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХХХХ” ХХК-ийн ХХХХ дүүргийн ХХХ хороо ХХХХХ төвийн ХХ,ХХ тоот 220 м.кв талбай бүхий сэндвичин барилгыг “"ХХХХ” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай, сарын 1 500 000 төгрөгөөр түрээсэлж эхэлсэн бөгөөд харуул хамгаалалтыг түрээслүүлэгч тал хариуцаж байсан. Манай компани жилийн 4 улиралд хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ гадаад, дотоодод ундаа борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг өвөлдөө дулаан агуулах хайж “ХХХХ” ХХК-ийн агуулахыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Уг агуулахыг бид түрээсэлж эхлэх үед дотроо 380 вт-ын тогоор ажилладаг халаагууртай, цахилгааны шит бүхий хоосон байр хүлээн авч өөрсдийн зүгээс тодорхой хэмжээний дотор засвар хийж агуулахын зориулалтаар ашиглаж ирсэн. Агуулахын зориулалтаар ашиглаж байсан сэндвичин байшинд 380 вт-ын тог оруулж ирэхдээ газраар 500 метр орчим явуулан гаднаас доторх шитрүү орсон байсан. Дотор байсан “ХХХХ” ХХК-ийн өмчлөлийн халаагуур нь 0 градусс дээр тохируулан тавьхад өөрөө тухайн градусст амардаг гэж байсан бөгөөд агуулахад гэрлээс өөр цахилгаантай холбоотой эд зүйл байгаагүй болно. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гал гарсны дараа очиж үзэхэд газраар явсан 380 вт-ын тогны кабель утас агуулахын гадаа буудаж шатсан байдалтай улмаар сэндвичин байшинд тог гаднаас дотогшоо орсон хэсгээсээ гадна шалаасаа шатсан байдалтай, доторхи цахилгааны шит, гал хамгаалагч зэрэг зүйлүүд хэвийн ямар нэг байдлаар гал гарсан, гал гарахад нөлөөлсөн халж хайлсан зэрэг зүйлүүд байгаагүй. Дээрхи гал гарсан шалтгаан нь шинжээчийн дүгнэлтээр цахилгааны сүлжээний гэмтэл гэсэн бөгөөд гал анх гарсан гэх 380 вт-ын цахилгаан кабель нь түрээслүүлэгч талын өмч хөрөнгө бөгөөд манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж гал гараагүй юм. Тухайн үед гүйцэтгэх захирал байсан ХХХХ нь цахилгааны хүчдэл ихэссэний улмаас гал гарсан байна гэж үзэж байсан. Эрчим тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт хэрэглэгч гэж хэн бэ гэдгийг заасан байгаа. Дүрмийн, 3 дугаар зүйлийн 3.20 дах хэсэгт заасан батлан даах гэрээг үндэслэн өмчлөгчийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд орон сууцанд түр оршин суугч иргэнтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж болно гэж заасан. Тэгэхээр “"ХХХХ” ХХК нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээтэй ерөөсөө гэрээ байгуулаагүй. Шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар асуултыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 2012 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахдаа сайн барилга гэсэн баримтыг хуурамчаар үйлдсэн байгаа юм. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр техникийн байцаагчийн дүгнэлтээ хуурамчаар үйлдээд улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байгаа юм. Мөн хүчдэл ихэссэн гээд байна. Тэгэхдээ цахилгаан хэлбэлзэх гэсэн зүйл бас байгаад байна. Энэ хоёрын яг аль нь болохыг тогтоож чадаагүй. Ганцхан сүлжээний гэмтэл гэсэн зүйл л яригдаад яваад байгаа. Уг нь Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний дүрмийг бариад ажилласан бол ийм асуудал гарахгүй байсан. 2002 онд баригдсан барилга дээр Батбаяр гэж нэхэмжлэгч байгууллагын ажилтны гэрчийн мэдүүлэг дээр байгаа 2012 оны 04 дүгээр сард ажилд ороход сүүлд баригдсан барилга, шатсан агуулахын шийднээс тог авч байсан гэсэн байгаа юм. Мөн гэрч ХХХХ манаачийнх мөн тог авсан байсан гэсэн байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтууд дотор “ХХХХ” ХХК нь манайх шинээр холболт хийх гээд байна, зөвшөөрөл өгөөч гэсэн нэг ч баримт байдаггүй, цахилгаан шугам шилжсэн гэрээ ч байгуулаагүй байдаг. ХХХХХ гэж хүн, манайх тог аваагүй, манаачийн гэр байдаг шатсан агуулахын пүтэг дээрээс тог авсан, миний ажлын байр бол тэр пүтэг гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Ийм зүйлийг ХХХХ өөрөө ярьдаг. Мөн манай зүүн кабелаас гал гарсан. Хуучин утсандаа шинэ утас залгаад гал гарсан. Гал гарах шалтгаан нь газар доогуур явж байсан кабель нь байшинруугаа орохдоо нэг хэсэг газраар ил явсан байдаг, ил явсан кабель утаснаас болж гал гарсан гэдгийг эрүүгийн хэрэг дээр тайлбар өгөхдөө хэлсэн байдаг. Тийм учраас гэм буруугийн асуудлыг тогтоож чадахгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч "ХХХХ" ХХК болон "ХХХХ" ХХК-д тус холбогдох, гал түймрийн улмаас учирсан гэм хорын хохирол 16 148 508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "ХХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288 280 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

"ХХХХХ" ХХК нь "ХХХХ" ХХК-тай ХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХХ төвийн ХХ, ХХ тоот 220 мкв талбай бүхий сэндвичин барилгыг 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр "Түрээсийн гэрээг" байгуулсан. Гэтэл "ХХХХ" ХХК нь түрээсэлж байх хугацаандаа "ХХХХ" ХХК-д манай компаниас зөвшөөрөл авалгүй тог өгч өөрсдөө cap болгон тогны мөнгө авч байсан нь нотлох баримтаар нотлогдсон. Харин "ХХХХ" ХХК-ны дур мэдэн өөр компанид тог өгсөн үйлдлээс болж тогны хүчдэл, ачаалал ихсэж улмаар манай түрээслүүлж байсан сэндвичин барилгад гал гарч /шинжээчийн 2014 оны 2 сарын 5-ны өдрийн 141/513 тоот дүгнэлтээр батлагдсан/ улмаар Манай компанид 16 148 508 төгрөгийн хохирол учирсан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ХХХХ ХХК нь “ХХХХ” ХХК-ийн объектоос хариуцагч ХХХХ ХХК-д цахилгаан эрчим хүчийг шинээр холбосон гэж тогтоогдохгүй байна гэж дурдсан байна энэ нь шүүх хуралдаанд “ХХХХ” ХХК нь “"ХХХХ” ХХК-наас тог авч хэрэглэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, үүнийгээ нотолж төлбөр төлж байсан гэдгээ ч хэлж, нотолж байхад шүүх буруу тайлбарлаж байна. Энэхүү гэрээгээ зөрчин өөр компанид тог өгч түүнээс гарч гал гарч манай компанид хохирол учирсан нөхцөл байдлаас үзэхэд “"ХХХХ” ХХК-нийг буруутай гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “"ХХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-д холбогдуулан гал түймрийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 9 548 508 төгрөг, барилгыг засварласан ажилчдын цалин 6 600 000 төгрөг, нийт 16 148 508 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “ХХХХ” ХХК болон хариуцагч “ХХХХ” ХХК-ийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 013/029 тоот түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр ХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХ-ийн ХХ, ХХ тоот 220 мкв талбай бүхий сэндвичен барилыг нэг жилийн хугацаатай сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар тал/

                                                                                                         

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дээрх сэндвичен барилгад гал гарсан байх бөгөөд цахилгаан сүлжээний гэмтлийн улмаас гал гарсан болох нь Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 141/513 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна./ 1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэхийн тулд гэм хор учруулагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл, гэм хор учирсан нөхцөл байдлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “"ХХХХ” ХХК болон “ХХХХХ” ХХК -ийн буруутай ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан болох нь баримтаар нотлогдсон байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

 

Хэрэгт “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХоос эрүүгийн хэргийг хянан шалгах явцад өгсөн мэдүүлэг авагдсан байгаа бөгөөд уг мэдүүлэгт “…манаач ХХХ миний утас руу залгаад цахилгаан татах утас бэлэн болсон байна, та ирээд үүдээ онгойлгоод холбуулаад өгөөч, “ХХХХ” ХХК-ийн цахилгаанчин холбоно гэхээр нь агуулах дээр ирж хаалгыг онгойлгон цахилгаан холбуулсан...” гэж бичигдсэн, гэрч ХХХХ “…агуулахын ар тал руу орсон кабель утаснаас гал гараад буудаж байсан...” гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байна. Эдгээр мэдүүлгүүдийн агуулгаас үзэхэд тухайн объектод “кабель” шатсанаас сэндвичен барилгад гал гарсан үйл баримтад хамааралтай байх боловч кабель утас шатсан нь “ХХХХ” ХХК-ийн цахилгаанчны хийсэн холболтоос болсон гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш болно. /1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар тал/

 

Хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02-07-133/01 тоот шинжээчийн дүгнэлтээр “…уг шугам сүлжээг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад хэрэглэгчийг сүлжээнд нэмж холбон үндсэн тэжээлийн кабель шугамд ачаалал нэмж ачаалсныг нотолж байна” гэсэн дүгнэлт гарсан байх бөгөөд шинжээч ХХХХ нь шүүх хуралдаанд оролцон тайлбар гаргасан байна. Шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд тухайн гал гарсан өдөр цахилгааны ачаалал ямар байсан, тухайн өдөр ачаалал ихэссэн эсэхийг тодорхойлох боломжгүй байснаас гадна кабельд холболт хийсэн нь гал гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.  Хариуцагч байгууллагыг гал гарахад гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар  тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар  сарын 9-ний өдрийн 101/ШШ2016/04118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “ХХХХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

                                                                                         Ц.ИЧИНХОРЛОО