Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00418

 

О.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03170 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2457 дугаар магадлалтай,

О.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Г С ХХК-д холбогдох,

Дутуу авсан цалин 9.712.728 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхбулгантамирын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Сүрэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбулгантамир, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч О.Ж-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хариуцагч Г С ХХК-ийн хүсэлтээр 2000 оноос хойш хамтран ажилласан ба тус компанийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран, цагдаагийн академийн өргөн чөлөө, 50 тоот хаягт барилга барихаар ажил эхлүүлсэн. Ингэхдээ газрын болон барилгын зөвшөөрөл нь гараагүй байсан бөгөөд нэхэмжлэгч тал тухайн үед барих барилгын зураг төслийг боловсруулж өгдөг, барилга барихад хамтарч ажилладаг байсан. Хариуцагч Г С ХХК болон нэхэмжлэгчийн үүсгэн байгуулсан Тамирын шугуй ХХК-ийн хооронд 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Барилга угсралт удирдлагын болон холбогдох ажлын гэрээг байгуулсны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 2 000 ам.доллар өгнө гэж тохирсон боловч уг мөнгөө өгөөгүй. Хариуцагч компанийн удирдлагууд тухайн үед гүйцэтгэгч компанид мөнгө өгөөд яах вэ, харин танд хувиар чинь мөнгө өгье гэж амаар тохирч, өнгөрсөн хугацаанд бэлнээр өгч байсан боловч тэд энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид нийт 33.883.160 төгрөгийг өгсөн боловч 2 000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх монгол төгрөг өгнө гэсэн амлалт буюу үүргээ үл биелүүлж, 4.800.000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгасан ба бидний тооцож байгаагаар 7.885.638 төгрөгийн цалин хөлсийг дутуу олгосон. Энэ талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэхэд нэхэмжлэгчийн сарын цалин хөлсийг 2 000 ам.доллар гэж тохироогүй, харин 4.000.000 төгрөг гэж тохирсон, өнгөрсөн хугацаанд 33.883.160 төгрөгийг олгосон хэмээн хариу өгдөг ч үүнийгээ баримтаар нотолдоггүй. Хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн цалингийн задаргааны хүснэгтийн хамгийн хойд хэсэгт ам.долларын ханшийг дурьдсан байгааг үзвэл талуудын хооронд 2 000 ам.доллартай тэнцэх төгрөг өгөх тухай тохиролцоо байсан гэдгийг илэрхийлдэг. Хэрэгт авагдсан хариуцагч Г С ХХК болон Элста ХХК нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, мөн тус компанийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Би И Эс Ай Жи Эн ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг хариуцагчийг төлөөлж нэхэмжлэгч О.Ж- гарын үсэг зурахдаа гүйцэтгэх захирлын чиг үүргийг хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэрээр Тамирын шугуй ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч түүнд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цалин хөлс олгосон атлаа Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаагүй, мөн ажил олгогчоос төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас 2016 онд дутуу олгосон цалин хөлсөнд 7.885.638 төгрөг гаргуулж, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалингийн задаргаанд зааснаар суутгасан 4.800.000 төгрөгийг хуульд заасан шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгаж, 4.158.520 төгрөгийг төлсөн байх тул зөрүү 3.727.118 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс өнгөрсөн 2016 онд нэхэмжлэгчид нийт 33.883.160 төгрөгийг төлж, үүн дээр нэмж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.158.520 төгрөгийг нэмж төлсөн тул дутуу цалин хөлс олгосон асуудал байхгүй. Талуудын хооронд 2 000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх монгол төгрөг өгнө гэсэн тохиролцоо хийгдээгүй бөгөөд харин 4.000.000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохирч, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч тал энэхүү тохиролцоогоо биелүүлж, нийт 38.041.680 төгрөгийн цалин хөлс төлж, Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагч болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Зохигчдын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч тал өөрөө Тамирын шугуй ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г С ХХК-тай хамтарч ажиллаж байсан тул гэрээний дагуу компанид төлбөр төлж байсан болохоос бус хувь хүнд төлбөр төлж байгаагүй юм. Хариуцагчийн хувьд хувь хүнд бус компанид гэрээний дагуу төлбөрийг төлж байсан тул нягтлан бодох бүртгэлийн ийм баримтууд байхгүй талаар тодорхой дурьдсан. Мөн нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын цалинг авахад л өнөөдрийн яриад байгаа Монгол банкны ханшийн зөрүүний асуудал үүсэх байсан. Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03170 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Г С ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар суутгасны дараах дүнгээр 3.624.912 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ж-д олгож, нэхэмжлэлээс 4.260.726 төгрөгт холбогдох хэсэг болон 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар 240.560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 72.949 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2457 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхбулгантамирын төлсөн 72.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь: хариуцагч нь нэхэмжлэгчийг тус компанийн гүйцэтгэх захирлын хувиар 2012.12.10-ны өдөр “Элста” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, мөн 2013.11.20-ны өдөр “Би И Эс Ай Жи Эн” ХХК-тай байгуулсан “Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах тухай гэрээ”, 2015.11.06-ны өдөр З.Пүрэвсүрэнтэй байгуулсан “Барилга зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан гэх зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд үндэслэж алдаатай дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч нь Г С ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй болохыг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад удаа дараа тайлбарлаж, Г С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгч нь “Г С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж тайлбарлах боловч энэ талаар тушаал, шийдвэр, гэрээ гэх мэт хууль ёсны, хүчин төгөлдөр нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлагын овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэрийг бүртгүүлж, өөрчлөлт орох бүрт энэ талаар бүртгүүлэх талаар зохицуулсан байна. Үүний дагуу хариуцагч нь компанийн гүйцэтгэх удирдлагын талаар өөрчлөлтийг тухай бүрт улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж ирсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д “улсын бүртгэлийн ажиллагаанд нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчмыг баримтална” хэмээн заасан. Ийнхүү хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар бүрэн хэмжээнд нотолсон байтал анхан болон давж заалдах шатны шүүх алдаатай дүгнэлт хийсэн. Зохигчдын хооронд 2016 оноос өмнө, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ямар нэгэн гэрээний болон үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь “Г С” ХХК-д ажиллаж байгаагүй буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар бүрэн хэмжээнд нотлогдож байгаа.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хэсэг дэх “нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан” гэх алдаатай дүгнэлтийг засварлаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Ж- хариуцагч Г С ХХК-д холбогдуулан гаргасан анхны шаардлагаа ажлын хөлс 7.885.638 төгрөг гаргуулах, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах гэж өөрчилж, зохигч эдгээр шаардлагын хүрээнд мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 3.624.912 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр сарын хөлсийг 2000 ам.доллараар бус 4.000.000 төгрөгөөр тогтоосон, хуульд заасан зохих суутгалыг хийж, олговол зохих хөлсөөс 3.624.912 төгрөгийг  хариуцагч Г С ХХК дутуу төлсөн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцсэн байна.

Харин 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгч О.Ж- Г С ХХК-д хөдөлмөрийн гэрээ эсхүл хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдоогүй тул уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч О.Ж-г 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Г С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан...” гэсэн дүгнэлт хийснийг өөрчлүүлэхийг хүсчээ.

Шийдвэр, магадлалын “...О.Ж- Г С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан...” гэх дүгнэлт шүүх хэргийн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамраалтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч О.Ж-гийн Тамирын шугуй ХХК нь 2008-2015 онуудад хариуцагч Г С ХХК-ийн хөрөнгөөр барьж буй барилгын хяналтын болон удирдлага, тэдгээртэй холбоотой ажлыг гүйцэтгэж байсан нь тогтоогджээ.

Дээрхи ажлын хүрээнд 2012, 2013 онуудад Г С ХХК-г төлөөлж О.Ж- бусад хуулийн этгээдтэй барилгын ажил гүйцэтгэх, барилгын бүтээц, зураг төсөл боловсруулах зэрэг гэрээ байгуулсныг зохигч маргаагүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгэгдснээр үүсэхийг заасан байна.

Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд тус бүрд холбогдох мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хэвлэж, хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргаж, хувийн хэргийг хөтлөх, архивт хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Хуулийн этгээдийн хувийн хэрэгт байх шаардлагатай мэдээлэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газар, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцгийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний хуулбар хамаарахыг Улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1.3,  11.1.10-т заасан байна.

Хэрэгт авагдсан Г С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн гүйцэтгэх удирдлагын талаархи улсын бүртгэлийн газрын лавлагаагаар О.Ж- тус компанийн гүйцэтгэх захирал болох нь тогтоогдоогүй байна. Түүнчлэн улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч тэрээр хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын үүргийг бодитоор гүйцэтгэсэн гэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх О.Ж-гийн Г С ХХК-г төлөөлж бусад этгээдтэй байгуулсан гэрээг үндэслэж, түүнийг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд заасан “...нэхэмжлэгч О.Ж- 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны хооронд Г С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан...” гэх дүгнэлтийг залруулах нь зүйтэй.

Харин энэхүү дүгнэлт нь шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт заасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдэлд нөлөөлөхгүй учир шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2457 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 72.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ