| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0572/Э |
| Дугаар | 585 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг,
Улсын яллагч: Ц.Батбямба,
Шүүгдэгч: Д.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 22-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 425 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасаж, 350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Д.Э
Холбогдсон хэргийн талаар:
Д.Э нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-127 тоотод байх гэртээ архидан согтуурч улмаар хамт архи уусан Д.Пүрэвдоржтой маргалдан түүний нуруун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Д.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр би найз Д.Э гэрт 14 цагийн орчимд очсон. Тэгээд Д.Э түүний эхнэрийн хамт Д.Э ээжийнх нь гэрт оччихоод эргээд гарсан. Тэгээд Нарантуул 2 зах орж мах аваад Д.Э гэрт очсон. Замдаа дэлгүүрээс би 2 шил архи худалдаж авсан. Ингээд тэдний гэр лүү явж байтал Мөнгөн гээд залуу бас нэг залуугийн хамт араас дагаад Д.Э гэр лүү орж ирсэн. ...нэг харсан Д.Э мах хөшиглөөд байж байсан бөгөөд Мөнгөн болон Мөнгөтэй орж ирсэн залууг гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд Д.Э тэд нартай маргалдаад байхаар нь би болиулах санаатай дундуур нь орж байгаад Д.Эт хутгалуулсан юм шиг байна лээ. Тухайн үед Д.Э мах хөшиглөж байсан хутга барьж байсан юм. Би ч нэлээн согтсон болохоороо Д.Эт хутгалуулснаа мэдээгүй. Цус гараад байхаар нь мэдсэн ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/
Гэрч Н.Мөнгөний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 19-20 цагийн орчим Д.Э ахын гэрт ус уух гээд ороход Д.Э ах, Пүрэвдорж ах, Нямсүрэн ах унтчихсан, Д.Э ахын эхнэр Ожгий /Оюунтүлхүүр/ нар баяр тэмдэглээд архи ууж байсан бөгөөд намайг ороход Д.Э ах Пүрэвдорж ахын нуруунд хутгалчихсан цус нь тогтохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 22-р хуудас/
Гэрч Ц.Билгүтэйн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие тухай орой дуудлагын дагуу дуудлагын дагуу Д.Э гэрт ороход тэнд байсан бүх хүмүүс согтуу хэвтэцгээж байсан бөгөөд хохирогч Пүрэвдорж нь хүртэл хэвтсэн байдалтай байсан ...тухайн байшинд орон хутгалуулсан гэхээр нь ойр орчимд нь үзлэг хийхэд ямар нэгэн хутга байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 28-р хуудас/
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Мөнгөн нэг залуу дагуулаад согтуу манай гэрт орж ирсэн байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг яв гэхэд явахгүй байхаар нь айлгах гээд хутга бариад нөгөө хоёрыг айлгаж байтал Пүрэвдорж миний урдуур орж ирж байсан. Тэгээд нэг мэдэхэд л Пүрэвдоржийн нуруунд хатгачихсан, нуруунаас нь цус гараад байхаар нь тогтоох гэтэл тогтохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 40-41-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн №3238 дугаартай дүгнэлтэнд: 1. Д.Пүрэвдоржийн биед нуруунд хатгагдаж хавж зүсэгдсэн гүн шарх хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 33-р хуудас/
Шүүгдэгч Д.Э иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 52-р хуудас/
Яллагдагч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53-р хуудас/
Яллагдагч Д.Э хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 71-р хуудас/
Хохирогч Д.Пүрэвдоржийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 70-р хуудас/
Яллагдагчид эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулж яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл /хх-н 77-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Энь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргт байх гэртээ архидан согтуурч улмаар хамт архи уусан Д.Пүрэвдоржтой маргалдан улмаар түүний нуруун тус газарт хутгалж Д.Пүрэвдоржийн биед нуруунд хатгагдаж хавж зүсэгдсэн гүн шарх хамрын нуруунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Пүрэвдорж, гэрч Н.Мөнгөн, гэрч Ц.Билгүтэй, шүүгдэгч Д.Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн №3238 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Д.Э үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч .Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Пүрэвдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Энь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Энь урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 425 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасаж, 350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч Д.Энь энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж, оногдуулсын ялыг эдэлж дууссан байх тул эрх зүйн байдлыг доруулах үндэслэл болохгүй. Д.Энь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээлгүй бол хорих ялаар солихыг тус тус дурдсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР