Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

               Улсын яллагч: Б.Энхмэнд,

               Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр

               Шүүгдэгч: М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр Буд овогт Мөнхөөгийн Мд холбогдох эрүүгийн 1929002550132 дугаартай  хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 км-ийн зайд  Баруун балганы бууц гэх газарт О.Отгонтуултай хувийн таарамжгүй харьцаанаас буюу өр, авлагын асуудлаас маргалдаж улмаар түлхэж унагах, нүүр лүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “би О.Отгонтуулруу яриад тэмээ асуусан чинь надад хамааралгүй 400,000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би манай ухныг аваад ир гэж хэлсэн. Тэгээд утсаа таслангуут над руу доромжилсон мессеж бичээд байсан. Тэрний дараа намайг тэмээ зарах гээд явж байхаад ирээд бас өөдөөс элдэв зүйл хэлээд салаавч өгч дайраад байхаар нь 2-3 удаа түлхэж унагаасан” гэв.

Хохирогч О.Отгонтуулын өгсөн: “тэгэхээр нь “би ухнаа аваарай, ухныг чинь уячихсан байгаа шүү” гэж хэлсэн “та нар утсаар хүн доромжилдог юу юм муу ногоон хүүхэн чинь” гэсэн чинь Хүрэлбаатарын эхнэр М “чи хүн ногоон цагаанаар нь дууддаг юу юм” гээд заамдаад түлхсэн тэгэхэд нь би унаад босож ирэхэд намайг түлхэж унагаагаад байсан тэгээд миний нүүр хэсэгрүү нэг удаа цохисон тэгэхэд миний бие эвгүй болоод байхаар нь би нөхөртэйгөө цуг Цогтцэций сум дундын эмнэлэг дээр ирж үзүүлсэн эмчилгээний зардлаа авчихвал гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Н.Алдарын өгсөн: “Манай эхнэр намайг дагуулаад ухныг нь өгөх гээд Хүрэлбаатарынд очсон. Тэгээд манай эхнэрийг Хүрэлбаатар хэл амаар доромжилсон. Тэгээд Хүрэлбаатарын эхнэр гэх Бондгор /нэрийг мэдэхгүй байна/ нь манай эхнэртэй хэрэлдэж байгаад манай эхнэрийг газар түлхэж унагаад нүүрлүү нь 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч А.Хүрэлбаатарын өгсөн: “тэгтэл Отгонтуул М дээр очоод салаавч өгөөд ногоон авгай минь өөрийнхөө юмыг авдаг хүн хүний юм яагаад өгдөггүй юм” гэж хэлж байсан. Отгонтуул Мөнхтайвны нүүрлүү нь салаавч гаргаад ногоон хүүхэн минь гэж хэлээд дайраад байсан. Тэгсэн М Отгонтуулыг түлхэж унагаачихаад цаашаагаа машинруугаа явсан тэгээд тэр хоёр машины цаагуур ноцолдоод орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Яллагдагч М.Мы өгсөн: “...хүрч ирээд намайг ногоон хүүхэн гэж хэлж намайг доромжлоод салаавч гаргаад хараалын үгээр хараагаад байхаар нь би Отгонтуулыг цохиод унагасан дахиж босож ирээд над руу дайрхаар нь би түлхээд унагаасан унаад босч ирээд муу ногоон хүүхэн чамайг ална гэхээр нь би дахиад түлхээд унагсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 588 дугаартай: “...О.Отгончулууны биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун шууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

    Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 км-ийн зайд  Баруун балганы бууц гэх газарт О.Отгонтуултай хувийн таарамжгүй харьцаанаас буюу өр, авлагын асуудлаас маргалдаж улмаар түлхэж унагах, нүүр лүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч О.Отгонтуулын өгсөн: “тэгэхээр нь “би ухнаа аваарай, ухныг чинь уячихсан байгаа шүү” гэж хэлсэн “та нар утсаар хүн доромжилдог юу юм муу ногоон хүүхэн чинь” гэсэн чинь Хүрэлбаатарын эхнэр М “чи хүн ногоон цагаанаар нь дууддаг юу юм” гээд заамдаад түлхсэн тэгэхэд нь би унаад босож ирэхэд намайг түлхэж унагаагаад байсан тэгээд миний нүүр хэсэгрүү нэг удаа цохисон тэгэхэд миний бие эвгүй болоод байхаар нь би нөхөртэйгөө цуг Цогтцэций сум дундын эмнэлэг дээр ирж үзүүлсэн эмчилгээний зардлаа авчихвал гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Н.Алдарын өгсөн: “Манай эхнэр намайг дагуулаад ухныг нь өгөх гээд Хүрэлбаатарынд очсон. Тэгээд манай эхнэрийг Хүрэлбаатар хэл амаар доромжилсон. Тэгээд Хүрэлбаатарын эхнэр гэх Бондгор /нэрийг мэдэхгүй байна/ нь манай эхнэртэй хэрэлдэж байгаад манай эхнэрийг газар түлхэж унагаад нүүрлүү нь 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч А.Хүрэлбаатарын өгсөн: “тэгтэл Отгонтуул М дээр очоод салаавч өгөөд ногоон авгай минь өөрийнхөө юмыг авдаг хүн хүний юм яагаад өгдөггүй юм” гэж хэлж байсан. Отгонтуул Мөнхтайвны нүүрлүү нь салаавч гаргаад ногоон хүүхэн минь гэж хэлээд дайраад байсан. Тэгсэн М Отгонтуулыг түлхэж унагаачихаад цаашаагаа машинруугаа явсан тэгээд тэр хоёр машины цаагуур ноцолдоод орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Яллагдагч М.Мы өгсөн: “...хүрч ирээд намайг ногоон хүүхэн гэж хэлж намайг доромжлоод салаавч гаргаад хараалын үгээр хараагаад байхаар нь би Отгонтуулыг цохиод унагасан дахиж босож ирээд над руу дайрхаар нь би түлхээд унагаасан унаад босч ирээд муу ногоон хүүхэн чамайг ална гэхээр нь би дахиад түлхээд унагсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч О.Отгонтуул нь баримтаар 977 726 төгрөгийг нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.

  Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөр Буд овогт Мөнхөөгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхтайвнаас 241 226 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Отгонтуулд олгож нэхэмжлэлийн 736 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА