| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0126/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг
Шүүгдэгч: Д.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Долгорын Мд холбогдох 1929003210141 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт “Цагаан хад” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Өсөхбаяртай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөл дээр нь гишгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М нь мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Цагаан хаданд Санхе ХХК-ийн очерт зогсож байгаад нүүрс ачихгүй гэхээр нь Цагаан хаданд хүнсээ авахаар явж байгаад нутгийн хүүхэд Өсөхбаяртай таарсан. Насанжаргал толгойдоо гэмтэл авсан учир түүнийг гаргаж өгөх гээд нэг шил архи аваад гурвуулаа хувааж уусан. Насанжаргалыг явсны дараа бид хоёр хоол идэх гэж цайны газар байж байгаад маргалдаж гадаа гараад Өсөхбаяр намайг хавираад унагаасан. Би зүтгэж босож ирээд зүүн гараараа Өсөхбаярын нүүрэн тус газар цохиж босохдоо хөл дээр нь гишгэсэн байна. Хүмүүс бид хоёрыг салгасан” гэв.
Хохирогч Г.Өсөхбаярын өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд нутгийн танил Насанжаргал, М нарын хамт 1 шил Ерөөл нэртэй архи авч уусан ... М намайг “шөлтэй хоол ид” гэхээр нь “идэхгүй” гэхэд намайг “нарийллаа” гээд маргаан эхэлсэн. Тэгээд би эмийн сан, 1000 нэрийн барааны дэлгүүрийн арын сендвичин гуанзнаас гараад Мтэй маргаад газар унахад дээр сууж байгаад 1 удаа нүүрлүү цохиод, зүүн хөл дээр гишгээд миний хөлийг хугалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/
Г.Өсөхбаярын гэрчээр өгсөн: “...М ах миний дээр гарч суугаад миний зүүн нүдрүү гараа атгаж байгаад цохиод авсан ... Тэгж байснаа босохдоо шатан дээр тэгнээд газраас хөндий байсан хөлөн дээр гишгээд автал хөл аймар өвдсөн. М ах миний хөлөн дээр гишгээд автал хөл аймар өвдсөн. М ах миний хөлөн дээр гишгээд цаашаа яваад өгсөн. Би босох гэтэл миний зүүн хөл газарт гишгэж болохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
Д.Мийн гэрчээр өгсөн: “...Г.Өсөхбаяр намайг газарт хавираад унагаахаар нь би Г.Өсөхбаярын дээр гараад нэг удаа нүүрэн тус газар нь зүүн гараараа цохиод босохдоо хөлөн дээр нь гишгээд боссон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №635 дугаартай шинжээчийн
6. Яллагдагчаар Д.Мийн өгсөн: “Энхбаярыг цаашаа хараад зогсож байхаар нь би араас нь тийрээд, унахаар нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 23-24-р хуудас/
Шүүгдэгч Д.Мийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/,
Шүүгдэгч Д.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, мэдээлэл /хх-ийн 29-32-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Д.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт “Цагаан хад” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Өсөхбаяртай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөл дээр нь гишгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Г.Өсөхбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/, Г.Өсөхбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, Д.Мийн гэрчээр өгсөн: “...Г.Өсөхбаяр намайг газарт хавираад унагаахаар нь би Г.Өсөхбаярын дээр гараад нэг удаа нүүрэн тус газар нь зүүн гараараа цохиод босохдоо хөлөн дээр нь гишгээд боссон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №635 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/, Яллагдагчаар Д.Мийн өгсөн: “Энхбаярыг цаашаа хараад зогсож байхаар нь би араас нь тийрээд, унахаар нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 23-24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Өсөхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирол төлбөрт 1 040 000 төгрөг төлсөн, шүүгдэгч Д.Мөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуу овогт Долгорын Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 1 040 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА