| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0557/Э |
| Дугаар | 577 |
| Огноо | 2019-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням
Улсын яллагч: Г.Анармөнх
Шүүгдэгч: Л.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн, Л.У- д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Л.У
Холбогдсон хэргийн талаар:
Л.Унь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн гэртээ эхнэр Ү.Жавзандуламыг нүүрэн тус газар нь цохих, алагдах, хөх, гуя орчимд нь базах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Ү.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ Би нөхөр Ууганбаттай хамт амьдраад 6 жил болж байна ...2019 оны 6 дугаар сарын 09-ны өдөр нөхөр бид 2 ажилтай юм чинь гээд 2 хүүхдээ нөхрийн төрсөн дүү охин Тунгаагийн гэр болох 5 шард очиж хоноцгоосон, тэгээд маргааш өглөө нь нөхөр бид хоёр өглөө 09:00 цагийн үед тэндээсээ хамт гараад тус тусын ажил руугаа явсан, тэгээд орой нь ажлаа тараад гэртээ ирцгээсэн, ингээд маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 09:00 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явчихаад орой 19:30 цагийн үед гэртээ харихаар автобусны буудал дээр ирэхэд нөхөр маань намайг хүлээж байсан, тэгээд хоёулаа гэртээ орчихоод би хувцсаа солиод нөхрийн ажлын гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй өөр нэг ах, Боогий эгч нар байсан тэгээд бөөндөө “39” гэдэг /39-р сургуулийн ойролцоо/ караокед ороод 2 цаг дуулж нэг шил 750 граммтай архи хувааж ууцгаагаад гарсан, тэгээд тэндээсээ шууд гэр гэртээ харьцгаасан ...эвгүй нойтон оргиод явчихаар нь биений юм ирчихлээ гэж бодоод хартал биений юм ирж байхаар нь гар нүүрнийхээ алчуураар арчаад зогсож байтал манай нөхөр сэрээд намайг харчихаад чи хүнтэй унтсан байна гээд уурлаад байхаар нь тийм юм байхгүй, миний биений юм ирж байна гээд хажуугаар нь ороод хэвттэл шууд гараараа нүүр нүдгүй алгадаад цохиод эхэлсэн, зүүн гуяны дотор талаас базсан, зүүн хөхнөөс бас базаад байсан, энэ үйл явдал хэсэгхэн хугацаанд болсон, тэгээд гуя, хөхнөөс базаад байхаар нь одоо болио гэсэн чинь тэгээд унтаад өгсөн, маргааш өглөө нь сэрээд намагй харчихаад намайг уучилаарай арай дэндүүлчихсэн байна гээд байсан ...миний толгой өвөөд, нүд хөхөрчихсөн болохоор санаа зовоод ажилдаа явж чадаагүй ...би нөхөртэйгээ учир зүйгээ ололцсон, надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 8-9-р хуудас/
Гэрч Л.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ ахынхаа хүүхдүүдийг аваад гэрт нь яваад очиход Жавзаа эгч ах чинь архи уугаад ар гэртээ агсам согтуу тавиад намайг хардаад зодчихлоо 2 нүд хөхөрчихсөн, уруул нь хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-н 18-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №7400 дугаартай дүгнэлтэнд: 1. Ү.Жавзандуламын биед баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн бугалга, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогтдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 21-р хуудас/
Шүүгдэгч Л.У мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...тухайн өдөр би бага зэрэг согтчихсон байсан, тэгээд эхнэрийгээ бэлэн гоймон чанах хооронд хэсэг дуг хийчихсэн байсан. Тэгээд сэрээд хартал эхнэр бэлэг эрхтнээ ариун цэврийн цаасаар арччихсан зогсож байхаар нь өөр хүнтэй унтсан байж магадгүй гэж хар хөдлөөд нүүр лүү нь алгадсан, хөх, гуя орчимоос нь базаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудас/
Шүүгдэгч Л.У иргэний үнэмлэхний лавлагаа, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 31, 48-р хуудас/
Шүүгдэгч Л.У , хохирогч Ү.Жавзандулам нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 32-р хуудас/
Шүүгдэгч Л.У эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30-р хуудас/
Яллагдагч Л.У хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 49-р хуудас/
Хохирогч Ү.Жавзандуламын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 48-р хуудас/
Яллагдагчид эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулж яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл /хх-н 52-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.У нь 2019 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргийн байх гэртээ эхнэр Ү.Жавзандуламыг нүүрэн тус газар нь цохих, алгадах, хөх, гуя орчим нь базах зэргээр зодож Ү.Жавзандуламын биед баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн бугалга, зүүн хөхөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ү.Жавзандулам, гэрч Л.Тунгалаг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №7400 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.У мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Унь хохирогч Ү.Жавзандуламыг нүүрэн тус газар нь цохих, алгадах, хөх, гуя орчим нь базах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ү.Жавзандулам нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...би нөхөртэйгээ учир зүйгээ ололцсон, надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Унь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Л.У нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.У үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Л.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Л.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Л.У сануулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Унь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР