Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Хохирогч: А.Мөнгөнцоож

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг

Иргэний хариуцагч: Б.Амарсанаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Шүүгдэгч: Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Монгол овогт Ганхуягийн От холбогдох 1929001140060 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 16-50 АЧ дугаарын чиргүүлтэй 86-43 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч М.Орхонбаатарыг дайрч амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О нь  мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Шунхлайн бензин клонкны орчим зогсоолд машинаа байрлуулж тавиад хоол хийж идчихээд хөдлөхдөө ухрах хөдөлгөөн хийхдээ явган зорчигч Отгонбаатарын амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Эмнэлэгт талийгаачийг цагдаагын машинтай цагдаа, эмч нартай хамт би хүргэж өгсөн. Тэгээд буцаад хэргийн газарт цагдаа нар дээр ирсэн. Хэргийн газар дээр хэмжилтээ өөрөө хийсэн. Эрдэнэт хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Ар гэрийн хүмүүсээс нь уучлалт гуйж байна“ гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-16-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /1-р хх-ийн 17-21-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-31-р хуудас/

Хохирогч А.Мөнгөнцоожийн өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би нөхөр М.Орхонбаатар дээр очих гээд гадуур мах, ногоо цуглуулж орой 17 цагийн үед гэртээ ирэхэд хүргэн ах Бат-Эрдэнэ “миний дүү сэтгэлээ бариарай, Орхонбаатар нас барчихсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-62-р хуудас/

Гэрч Д.Балжиннямын өгсөн: “...машинаас буугаад харсан чинь миний машины чиргүүлийн ард хар хувцастай нэг хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь дөхөж очоод “хөөе” гээд дуудсан чинь юм дуугарахгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/

Гэрч Ш.Жанчивын өгсөн: “Оын машин Балжиннямын машины зүүн гар талд баруун тийш харуулан шороон далангаас 1 метр гарангийн зайтай зэрэгцээд зогсож байсан ... Би тэр хүн /талийгаач/-ийг харахад Балжиннямын машины чиргүүлийн ард хэвтэж байсан. Царай нь танигдахгүй, шороо, тоос болчихсон байсан” гэх  мэдүүлэг /1-р хх-н 74-75-р хуудас/

Гэрч Х.Алтанхуягийн өгсөн: “Талийгаач М.Орхонбаатар нилээн согтуу байсан. Биеэ авч явах чадваргүй байсан” гэх өгсөн мэдүүлэг  /1-р хх-ийн 80-81-р хуудас/,

Гэрч Ц.Оюунболдын өгсөн: “Би гудамжинд унтаж байхад Алтанхуяг сэрээгээд “хөөе явъя. Орхонбаатарыг хайж ольё” гэж хэлсэн. Бид хоёр талийгаачийг хайгаад олоогүй. Талийгаачийг нас барсан талаар 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 82-84-р хуудас/,

Гэрч О.Галбаатарын өгсөн мэдүүлэг 1-р /хх-ийн 85-87-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт  /1-р хх-ийн 93-94-р хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт   /1-р хх-ийн 104-105-р хуудас/,

Яллагдагч Г.Оын өгсөн: “Би тэр үед маш их айсан байсан учраас хөдлөөд явчихсан. Тэр хүн миний өмнөөс юм яриад байсан учраас гайгүй юм байна гэж бодсон ... Би эрдэнэт хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. ар гэрийнхнээс нь уучлалт хүсч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-116, 117-р хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай нэмэлт дүгнэлт /2-р хх-ийн 5-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 16-50 АЧ дугаарын чиргүүлтэй 86-43 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч М.Орхонбаатарыг дайрч амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэгт холбогдсон нь: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-16-р хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /1-р хх-ийн 17-21-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-31-р хуудас/, Хохирогч А.Мөнгөнцоожийн мэдүүлэг /1-р хх-ийн 59-62-р хуудас/, Гэрч Д.Балжиннямын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/, Гэрч Ш.Жанчивын өгсөн мэдүүлэг /1-р хх-н 74-75-р хуудас/, Гэрч Х.Алтанхуягийн өгсөн мэдүүлэг  /1-р хх-ийн 80-81-р хуудас/, Гэрч Ц.Оюунболдын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 82-84-р хуудас/, Гэрч О.Галбаатарын өгсөн мэдүүлэг 1-р /хх-ийн 85-87-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт  /1-р хх-ийн 93-94-р хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт   /1-р хх-ийн 104-105-р хуудас/, Яллагдагч Г.Оын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 114-116-р хуудас/, Иргэний хариуцагч /Итайкер ХХК/ Б.Амарсанаагийн “16-50 АЧ дугаарын чиргүүлтэй 86-43 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Итайкер” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд талийгаач М.Оронбаатарын ар гэрийнхэнд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-р хуудас/, Мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 1-р хуудас/, “Итайкер” ХХК болон Г.О нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байсан албан тоот /2-р хх-ийн 2-3-р хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай нэмэлт дүгнэлт /2-р хх-ийн 5-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарах болсон нөхцөл,  хувийн байдал, хохирогч А.Мөнгөнцоожийн зүгээс хэдийгээр бидэнд нөхөж баршгүй хор хохирол учирсан хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, биднээс хүний ёсоор уучлал гуйсан учраас ял шийтгэл оногдуулахад нь хөнгөрүүлэх талаас нь анхаарч үзнэ үү гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч А.Мөнгөнцоожид  шүүгдэгч Г.Оын зүгээс оршуулгын болон бусад зардалд 7 665 000 төгрөг, иргэний хариуцагч “Итайкер” ХХК-наас 15 000 000 төгрөг  нийт 22 665 000 төгрөг төлсөнийг дурдах нь зүйтэй.

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Ганхуягийн Оыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлйин 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 450 /дөрвөн зуун тавин/-н нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Хохирогч А.Мөнгөнцоож нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.О, иргэний хариуцагч “Итайкер” ХХК-ний зүгээс хохирол төлбөрт нийт 22 665 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, №628290 дугаартай B,C,CE,D ангилалын жолоочийн үнэмлэх 1 ширхэг, №628290 дугаартай жолоочийн түр зөвшөөрөл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА