| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0133/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд овогт Бямбаагийн Гд холбогдох эрүүгийн 1929002740145 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт оршин суух Ц.Отгончимэгийн гэрт хадам ах Ц.Алтансүхтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу түүнийг “гөлөг” гэж хэллээ гэх шалтгаанаас маргалдаж улмаар Ц.Алтансүхийн нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дээд үүдэн 14, 15-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хадам ахдаа хиймэл шүд хийлгэж өгнө гэж хэлсэн байгаа, 2 сар энд байсан болохоор очиж уулзаж чадаагүй байна. Тэгээд ажил хийх боломжгүй их удсан, дээрээс нь хүүхэддээ хашаа байшин авч өгч 13,000,000 төгрөгний зээл хийж байгаа сардаа 1,200,000 төгрөгний төлөлт хийдэг байсан боловч одоо төлж чадахгүй байдалд хүрсэн тул хувийн байдлыг минь харгалзаж торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэв.
Хохирогч Ц.Алтансүхийн өгсөн: “...Би хэрэлдэж байгаад хэрэлдэхээ зогсоогоод гэрийн баруун орон дээр суутал миний нүдэнд гал бутраад явчихсан. Мөн дахиад миний нүүрлүү хөлөөрөө өшиглөсөн. Г хөлөөрөө өшиглөхдөө миний шүдэнд өшиглөсөн байсан. Гт өшиглүүлээд миний шүд унасан бөгөөд гарын алган дээрээ тосоход амнаас 1 шүд унаж байсан. Ингээд би нэг хэсэг ухаан алдчихсан байсан. Маргааш өглөө нь сэрэхэд миний үүдэн 2 ширхэг шүд булгарсан. Юм идэж чадахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Гэрч Ц.Отгончимэгийн өгсөн: “...Тэр хоёрыг барьцалдаж муудалцах үед Баярцогт гэх ах гаднаас орж ирж салгасан. Өөр хүн байгаагүй. Би хэн нь, хэнийхээ биед, юугаар, хаана нь, яаж гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна. Гэр харанхуйд тэр хоёр түжигнэлдээд л байсан. Барьцалдаж муудалцаад Баярцогт ах Г ахыг аваад гэрээс гарсаны дараа Алтансүх ах “ёооё шүд байхгүй болчихлоо” гээд үглээд унтахгүй байхаар нь би нойроо харамлаад “унтаачээ” гээд тоогоогүй.” гэх өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Ц.Баярцогтын өгсөн: “...Тэгээд Г тэр хоёр хоорондоо маргалдсан. Бас бие биенээ түлхээд байсан. Тэр гэр харанхуй байсан болохоор нэг мэдэхэд хажууд хүн унах чимээ гарсан тэгээд би тэр хоёрыг зодолдох нь гэж бодоод салгах санаатай Гийг тэврээд авсан. Тэгээд гэрээс авж гараад Гийн гэрт орсон. Сүхээ унасныхаа дараа Гт хандан “чи миний шүдийг цохиод унагачихлаа” гэж хэлж байсан. Тэр үед Сүхээ дүүгийндээ үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09шэ/206 дугаартай: “Ц.Алтансүхийн биед дээд үүдэн 14, 15-р шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонго 10% алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,
Яллагдагч Б.Гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт оршин суух Ц.Отгончимэгийн гэрт хадам ах Ц.Алтансүхтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу түүнийг “гөлөг” гэж хэллээ гэх шалтгаанаас маргалдаж улмаар Ц.Алтансүхийн нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дээд үүдэн 14, 15-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: Хохирогч Ц.Алтансүхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, Гэрч Ц.Отгончимэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, Гэрч Ц.Баярцогтын өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09шэ/206 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/, Яллагдагч Б.Гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэнд овогт Бямбаагийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА