| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0625/Э |
| Дугаар | 626 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Нямсүрэн,
Улсын яллагч: М.Энхбаатар
Шүүгдэгч: А.Г, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /ШТЭД:0583/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй А.Г
Холбогдсон хэргийн талаар:
А.Г нь 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-41 тоотод байрлах тусгайлан хамгаалсан байх буюу зочид буудлын чиглэлээр баригдаж байгаа 5 давхар барилгын 1 давхарын вакум цонхны салхивчийг хагалан нэвтэрч бусдын кабелын утас, вакум цонхны түгжээ, хөнгөн цагаан шавар тэгшлэгч төмөр нийвий, хөөсөн пасадны хадаасны тав зэрэг 192.000 төгрөгийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Т.Болдын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манайх Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-41 тоотод баригдаж байгаа 5 давхар барилгын ажлыг хийж байгаа бөгөөд уг барилга зочид буудлын чиглэлээр баригдаж байгаа. 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр барилгын ажил явагдаагүй байсан бөгөөд 16 цагийн орчим барилгын хаалгаар дотогшоо ороод 1 давхарын бүх цонхнуудыг шалгадаг бөгөөд тэр жишгээрээ дотогшоо ороод цонхнуудаа хартал ертөнцийн зүгээр баруун талд байх вакум цонхны салхивчны цонх хагарсан, салхивч нь онгорхой байхаар нь би яг хулгай орсон байна гэж бодоод байж байтал гадна пасад хийж байсан хөөсний ар талаар шагайж үзтэл нэг залуу бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай сууж байсан ...чүйц, барилгын ниви, алх, бахь зэрэг жижиг сажиг зүйлсийг уутанд хийчихсэн байдалтай байсан. Мөн цахилгааны 50 метрын кабелын утсыг тасдаад авч явахад бэлдээд тавьчихсан байсаныг барьсан” гэх мэдүүлэг /хх-н 12-13-р хуудас/
Гэрч З.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “тухайн үед манайд цагдаа орж ирээд энэ хүний талаар асуугаад хяналтын камер шүүж өгсөн байсан. 2019 оны 5 дугаар сарын 19-ны үдээс хойш 16:34 минутанд энэ хүн манайд ганцаараа орж ирсэн бөгөөд тэр үед таны үзүүлсэн хоёр ширхэг зурагт авахуулсан байгаа хувцасаа өмссөн байсан. Тэгээд ширээн дээр сууж хоёр шил сэнгүр авч уугаад 17:12 минутанд манайхаас ганцаараа гараад явсан, ер нь голцуу ганцаараа явж байдаг” гэх мэдүүлэг /хх-н 20-р хуудас/
Яллагдагч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ганцаараа архи уусан тэгээд 5 дугаар сарын 19-ний орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17-ын автобусны буудлын ойролцоо байдаг Дуулга нэртэй караокед 17 цаг өнгөрч байхад орж 2 шил сэнгүр нэртэй 0.33гр пиво авч уугаад нээх удалгүй гарсан, би өглөө 200гр архи уучихсан байсан. Тэгээд орой нь 2 шил пиво уугаад нэлээн халамцуу байсан. Тэгээд караокеноос гараад зам дагуу ганцаараа алхаж яваад 32-н тойргийн баруун талд Анагаахын сургуулийн урд талд баригдаж байгаа 5 давхар барилга руу орж мөнгө болчих зүйл авч архи уух зорилготой 5 давхар барилгын 1 давхрынх нь арын цонхных нь салхивчны шилийг хагалан орсон, дотор ороод ханын цагаан шавар тэгшилдэг төмөр, хөөсөн хана руу тавалж хаддаг хадаасны тав, шавар тэгшлэгч, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг авч гарах гээд цуглуулаад тавьсан, тэгсэн чинь гаднаас гэнэт нэг эрэгтэй хүн ороод ирсэн. Тэгэхээр нь би барилгын дулаалгын хөөснүүдийн ард ороод нуугдсан чинь тэр хүнд газар дээрээ баригдсан ...би халамцуу нэлээн архи уучихсан байсан тэгээд мөнгө болчих зүйл хайж явж байгаад 5 давхар барилга руу хууль бусаар орсон” гэх мэдүүлэг /хх-н 51-52-р хуудас/
Гэрч Б.Одгэрэлийн мэдүүлэг /хх-н 22-р хуудас/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 28-30, 56-57-р хуудас, /
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-н 4-10-р хуудас/
Шүүгдэгч А.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 38-р хуудас/
Шүүгдэгч А.Гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-41 тоотод байрлах тусгайлан хамгаалсан байх буюу зочид буудлын чиглэлээр баригдаж байгаа 5 давхар барилгын 1 давхарын вакум цонхны салхивчийг хагалан нэвтэрч бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт завдсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Т.Болдын мэдүүлэг, шүүгдэгч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн хохирогч Т.Болдын мэдүүлэгт: “...2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр барилгын ажил явагдаагүй байсан бөгөөд 16 цагийн орчим барилгын хаалгаар дотогшоо ороод 1 давхарын бүх цонхнуудыг шалгадаг бөгөөд тэр жишгээрээ дотогшоо ороод цонхнуудаа хартал ертөнцийн зүгээр баруун талд байх вакум цонхны салхивчны цонх хагарсан, салхивч нь онгорхой байхаар нь би яг хулгай орсон байна гэж бодоод” гэх мэдүүлэг болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-41 тоотод байрлах зочид буудлын зориулалтаар баригдаж буй барилга нь тусгайлан хамгаалсан, гаднаас нэвтрэх боломжийг хязгаарлаж цонхнуудыг түгжсэн, хаалгыг цоожилдог талаар хохирогч Т.Болд мэдүүлсэн байдаг. Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр энэ нөхцөл байдлууд нь нотлогдон тогтоогдож байна. Мөн хохирогч Т.Болд, шүүгдэгч А.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд тус тус цонх хагалж нэвтэрсэн талаар мэдүүлдэг. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-41 тоотод байрлах баригдаж буй 5 давхар барилгын дотор барилгын материал, ажлын багаж хэрэгслийг орхисон, уг барилгыг түгжиж явдаг, манаач байдаггүй зэрэг нь тусгайлан хамгаалсан байр болохыг нотлож байна.
Завдалт гэдэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл /эс үйлдэхүй/ хийсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл байдлын улмаас уг үйлдэл /эс үйлдэхүй/ туйлдаа хүрч, гэмт хэрэг төгс үйлдэгдээгүй байхыг эрүүгийн эрх зүйд ойлгодог. Гэмт хэрэгт завдах нь хэдийгээр эрүүгийн хуульд тухайн төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид заасан хохирол учруулаагүй байх боловч эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдаж байгаа шинжээрээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн шаардлагатай байдаг.
Шүүгдэгч А.Г нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-41 тоотод байрлах баригдаж буй барилгын 1 давхарынх нь цонхыг хагалж дотогш нэвтрэх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж эхэлсэн, гэмт халдлага явагдаж эхэлсэн байна. Гэвч хохирогч Т.Болд нь А.Гийг бусдын өмчлөлийн эд зүйлийг авч тухайн байрнаас гарч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдэхээс өмнө таслан зогсоосон. Ийнхүү таслан зогсоосон нь А.Гийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх тул А.Гийн үйлдлийг тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт ирүүлсэн прокурорын зүйлчлэл үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлдээ гэм буруутай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-41 тоотод байрлах бусдын тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч эд зүйл хулгайлахаар завдсан боловч үйлдэл дээрээ баригдсан, гэмт үйлдлээ туйлд нь хүргэж хулгайлах гэмт хэргийг төгс үйлдэж чадаагүй, хулгайлахаар бэлтгэсэн эд зүйлсийг хохирогчид эргүүлэн өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд гэм буруутайд тооцож, хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан уг ялын хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч А.Г -г Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Гт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч А.Гийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР