| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2203002080453 |
| Дугаар | 2025/ХШТ/127 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ХШТ/127
А.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Баатарсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц, түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар магадлалтай, А.М-д холбогдох 2203002080453 дугаартай хэргийг шүүгдэгч А.М-н гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ял шийтгэлгүй, М.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г эмчлэх эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ... аймгийн ... 42.900.540 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... дүгээр байрны ... тоотод оршин суух П.Ц-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь насанд гэм хор учруулсны төлбөр 323.136.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ... аймгийн ... 42.900.540 төгрөгийг, шүүгдэгч А.М-гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн хөлс болох 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... дүгээр байрны ... тоотод оршин суух П.Ц .....-д олгосугай” гэж,
7 дахь заалтыг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц нь хүний амь нас хохирсны гэм хорын нөхөн төлбөр, бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хүлээн авч шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.М- гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... миний бие өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу “10,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх агуулгаар гомдол гаргасан. Би ... аймагт тус нутгийг хөгжүүлэх хүслээр нөхрийн хамт эмчээр ажиллахаар ирсэн. Гэтэл ажил үүргээ гүйцэтгэх явцад уг асуудал болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан хугацаагаар үргэлжилсэн. Миний бие хүний мөс чанарын хувьд хохирогчийн ар гэрийнхний сэтгэл санааны байдлыг ойлгон анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Гэвч багаар ажиллаж цөсний хагалгаа хийсэн, хохирогч 2 дахь хагалгаа болон эрчимт эмчилгээнд байсан, хохирогчийг онгоцоор тээвэрлэж зөөвөрлөсөн зэрэг олон үе шаттай үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн цогц ажиллагаа байсан. Миний бие дээрх ажиллагаануудаас хамгийн эхний хагалгаанд л орсон, түүнээс хойших процессуудад оролцоогүй. Жишээлбэл, хохирогчийг тээвэрлэх ажиллагаа, 2 дахь хагалгаа зэрэгт байгаагүй. Гэвч намайг ганцаараа энэ бүгдийг хариуцан хийсэн мэтээр буруутгасан. Иймээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж чадаагүй. Учир нь, үрээ алдсан эх, эхээ алдсан эрүүл мэндийн асуудалтай хүүхэд зэргийг хараад хүний мөн чанар зулгаагаад давж заалдах гомдол гаргах талаар бодож чадаагүй. Гэвч би дангаар хариуцлага үүрмээргүй байна. Хоёр дахь хагалгааны үед хохирогчид зориулалтын бус гуурс тавьсан. Тэр гуурс нь ... байгаагүй. Мөн тээвэрлэлтийн хувьд, ... стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүйн улмаас хохирогчийн ар гэр өөрсдөө онгоц дуудаж өвчтөнийг тээвэрлэсэн. Тус онгоцонд хохирогч нас барсан. Онгоцонд эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй байсныг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 847 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Эдгээр нөхцөл байдлыг бодолцон үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... А.М-гийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан журмын 2.6-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зардлыг дор дурдсанаар тооцно” гээд мөн зүйлийн 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр.” гэж заасан. Гэтэл давж заалдах шатын шүүх дээрх журамд хамааралгүй бусад зардал буюу хохирогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэтэл гэмт хэргийн нотолбол зохих асуудалд 2 зөрчил гарсан. Нэгдүгээрт, анхны болон удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн цагаан мөгөөрсөн хоолой аль хэсэгтээ гэмтсэн болохыг тогтоогоогүй.
Хууль хэрэглээний талаар гаргах санал байна. Шүүгдэгчийн үйлдлийг хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Энэ асуудал анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад яригдсан. Хохирогч нь амьсгалын дутагдлын улмаас нас барсан. Хохирогчийг гуурс, соруулагч байхгүй онгоцоор тээвэрлэсэнтэй холбоотой асуудлыг дүгнэсэн. Энэ нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлье. Иймээс бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Харин шүүгдэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хяналтын шатын шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үздэг тул дараах тайлбарыг гаргана. Анхан болон давж заалдах шатын шүүхийг шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Хуучнаар бол илгээлт аваад явсан 2 хүүхэд гэмт хэрэгтэн болж, төлбөрт унасан. Хохирогчийн амь нас хохироход эмнэлгийн буруутай ажиллагаа, зориулалтын бус тээвэрлэлт зэрэг олон нөхцөл байдлууд нөлөөлсөн. Шударга ёсны, гэм буруугийн зарчмын хувьд хохирогчийн амь нас хохирсон асуудлыг ганц хүнд хүлээлгэж, бусад буруутай этгээд хариуцлагын гадна үлдэж болохгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан гомдлын тухайд, гомдолд дурдагдсан төлбөр нь нотлогдоогүй тул төлөх үндэслэл байхгүй. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймээс нотлогдоогүй өмгөөллийн хөлсийг А.М-гаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэвч бидний зүгээс өмгөөлөгчийн хөлсийг төлөхгүй гэж тайлбарлаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хууль ёсны шаардлага хангасан баримт гаргаж өгөөгүй тул тус зардлыг төлөх боломжгүй байна. Бидний зүгээс хууль ёсны шаардлага хангасан баримтуудаар нотлогдсон хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Мөн шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... миний охин 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ... аймгийн ... цөсний хагалгаанд орсон ба эмчийн буруутай үйлдэл, хариуцлага алдсанаас шалтгаалж амь насаа алдсан. Миний бие 67 настай, энэ үйл явдлын дараа 3 настай аутизмтай хүүхэдтэй үлдсэн. Одоо тэр хүүхэд 7 нас хүрч байна. Анхан шат шатны шүүхийн шийдвэр хохирогч талын эсрэг гарсан. Харин давж заалдах шатны шүүх надад гэрэл гэгээ өгсөн. Шүүгдэгчийг миний охины амь насыг санаатай хохироосон гэж үзэхгүй байна. Гэхдээ тэрээр хариуцлагагүй үйлдэл гаргаж миний охины амь насыг хохироосон атлаа энэ 4 жилийн хугацаанд хохирогчийн өвчтэй охиныг нэг удаа ч эргэж ирээгүй, ямар ч хохирол төлөөгүй. Миний бие хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт өнөөдрийг хүртэл итгэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирэхийн тулд өвчтэй охиноо айлд уйлуулж орхиод 400 орчим километрийн зайтай газраас ирсэн. Маш их гомдолтой байна /уйлав/. Би 650.000 төгрөгийн тэтгэвэртэй, надад олон өмгөөлөгч хөлслөх чадал байхгүй. Гэтэл шүүгдэгч хүний сайхан охины амь насыг хохироочхоод 2 өмгөөлөгч авсан, түүнчлэн уучлал гуйхгүй, буруутай үйлдлээ хүлээхгүй, “чиний охин хавдартай байж байгаад үхсэн” гэдэг. Надад миний амьдралд тус болох ах, дүү байдаггүй. Би цорын ганц 7 настай аутизмтай хүүхэдтэй үлдсэн. Хүүхэд минь 1 дүгээр ангид орсон. Би өглөө бүр хүүхдийнхээ цай, хоолыг хийж, 13 цаг 20 минутаас сургуульд нь хүргэж өгч, хичээлд нь хамт сууж, орой 19 цагт хамт ирдэг. Ганцаар нь суулгахаар үймүүлээд багш, хүүхдүүдийн анхаарал сарниулна гээд байдаг. Улаанбаатар хотод сургуульд явуулах боломж олдоогүй, арга ядаад хөдөө, таньдаг багш нараасаа гуйж байгаад сургуульд сургаж байгаа. Эцэг нь миний охины ажил явдлыг дуусгаад нэг жил болоод л ирнэ гэсэн, сураг байхгүй. Миний амьдрал үнэхээр хэцүү байна. Мөнгө авах гэж шунасан зүйл байхгүй, миний охины амь л хэцүү байна. 7 нас хүрч байгаа аутизмтай хүүхэд намайг үхсэний дараа яах вэ, энэ хүн нэг ч удаа хүүхдийг минь эргэж ирээгүй. Би 67 настай, цаашид хэдэн жил амьдрахаа мэдэхгүй байна. Тус хүүхдийг нийгэмшүүлэх гээд өндөр төлбөртэй сургалтад тэтгэврийн зээл авч байгаад явуулсан. Түүнчлэн эмч охиноо цалингийн зээл авхуулсан. Гэтэл охины минь нөхөр олон жил хавдрын өвчнөөр шаналсаар энэ өвөл өнгөрсөн. Ганц тусалдаг хүн минь байсан юм. Надад 2 өнчин хүүхэдтэй охиноосоо мөнгө нэхэх боломж байгаагүй. Иймээс сарын 1.440.000 төгрөгийн төлбөртэй “гайхамшигт ертөнц” гэх сургалтад 2 жилийн турш, өвөл, зунгүй авч явж байж тухайн хүүхдийг “шээе, баая” гэж хэлүүлдэг болсон. Аутизмтай хүүхдийг ганцаар өсгөх үнэхээр хэцүү байдаг. Намайг үхсэнээс хойш юу болохыг мэдэхгүй, үнэхээр айж байна. Шүүгдэгч нь 2 жилийн эмчлэх эрхээ хасуулснаас өөр хариуцлага хүлээгээгүй. Тэгсэн атлаа 10.000.000 сая төгрөгийн хохирол төлөхгүй гэж гомдол гаргасныг ойлгохгүй байна. Мөнгө авах, авахгүй нь надад хамаагүй, хамгийн гол нь яагаад намайг хохироож, яагаад миний алган чинээ жоохон охиныг бодохгүй байгааг, яагаад миний охины алтан амь нэг ч төгрөгийн үнэгүй байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгч нь төлбөрийн боломжтой, 2 өмгөөлөгч хөлсөн. Надад олон өмгөөлөгч хөлслөх чадал байхгүй, өмгөөлөгчөөсөө гуйж байж төлбөрөө 2, 3 хувааж төлсөн. Миний охин мундаг, миний ганц түшиг, тулгуур байсан.
Охины амь насыг хохироочхоод гомдол гаргасанд гомдолтой байна. Бидний зүгээс шүүгдэгчийг айлгаж ичээсэн, дайрч давшилсан үйлдэл гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг сонсох үед гишгэж байгаа газраа ч олохоо больсон. Тэр үед би шүүгдэгчийн хажуугаар чимээгүй гарсан. Надаас өөр хүн байсан бол хэцүү зүйл болох байсан. Би тэгээгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж шат шатны шүүхэд итгэж өнөөдрийг хүртэл явж байна. Шүүгдэгч нь миний жаахан охиныг эргэж ирээгүй атлаа 10.000.000 төгрөгийн төлөө гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би маш хүлцэнгүй хандаж, уучлал гуйх болов уу гэж найдаж байсан. Би өөрөө адилхан хүүхэдтэй, энэ хүний мууг үзэх хүсэлгүй байна. Хамгийн гол нь хүн хийсэн буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлагаа хүлээх ёстой” гэв.
Мөн шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “системийн асуудлаас болж хохирогч амиа алдсан, онгоцоор тээвэрлэсэн, хохирогчид хийгдсэн эмчилгээнүүд стандартын шаардлага хангаагүй” талаар 2022 оноос хойш тасралтгүй ярьж ирсэн. Энэ хэрэгт шинжээчийн хэд хэдэн дүгнэлт авагдсан, дүгнэлт гаргахаар 20 гаруй шинжээч эмч ажилласан. Шинжээчийн дүгнэлтэд “эхний хагалгааны явцад хохирогчийн цагаан мөгөөрсөн хоолой цоорч, улмаар тухайн хэсэгт агаар орж, цэвэр орчинд голтын хийн идээт үрэвсэл явагдаж, хохирогч нь өөхлөгийн үхжилээр хүндэрч нас барсан”, “3 дахь шатын эмнэлэгт хандсан ч амь аврагдах боломжгүй” гэж тусгагдсан. Шүүх хуралдааны явцад шинжээч эмч энэ талаар хангалттай мэдүүлсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар энэ талаар маргаж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт нь шаардлага хангахгүй” гэж тайлбарлаж байна. Өмгөөллийн хөлсний тухайд, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 4.500.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус хавдрын улмаас нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүргэн ... данснаас шилжүүлсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оноос хойш үргэлжилсэн, шүүх хуралдаан шүүгдэгч талын хүсэлтээр удаа дараа хойшилж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 67 настай, тэрээр охиноо нас барсны улмаас сэтгэл санааны гүн хямралд орсон. Иймээс төлбөрийн баримт бүрдүүлэх боломжгүй байсан. Шүүгдэгчээс өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах асуудлыг 3 үндэслэлээр тайлбарлая. Нэгдүгээрт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргасан нөхцөл байдлаас шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан учир өмгөөлөгчийн үйлчилгээний зардал өндөр болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Монгол Улсын Засгийн газрын тогтоолын талаар тайлбарласан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоол нь 2021 онд хүчингүй болсон. Одоогийн байдлаар өмгөөлөгчийн хөлсийг буруутай этгээдээр төлүүлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна. Хүний амь хохирсон тохиолдолд тус зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Улсын дээд шүүх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүний амь нас эрсэдсэн хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоохгүйгээр амь насны хохирол төлүүлж шийдвэрлэсэн. Өмгөөллийн хөлс нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан бодит хохирол. Хэрэв түүний охин нас бараагүй бол тэрээр надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, төлбөр төлөхгүй байсан болохыг анхаарч үзэхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан тухайд, бидний зүгээс шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу амь насны хохирол нэхэмжилсэн. Гэтэл гэмт хэрэг 2022 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн учраас 2023 оны 07 дугаар сард батлагдсан Шүүх шинжилгээний тухай хууль болоод Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэх боломжгүй гэх Улсын дээд шүүхийн жишиг шийдвэрүүдийг үндэслэж тус хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй болсон. Улмаар гэм хорын нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3-т тус тус заасны дагуу шаардах эрхээ тодорхойлж шаардсан боловч шаардлага хангасан баримт байхгүй гэх үндэслэлээр “иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Олон Улсын хүний эрхийн конвенц, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хохирлын тооцооллыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан аргачлалын дагуу хийсэн. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй ч Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар гомдол гаргасан бөгөөд тус шүүх гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Бид Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонд татвараа төлж, тусгай зөвшөөрлийн хүрээнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, өмгөөллийн хөлстэй холбоотой Хаан банкны бар кодтой баримтууд хэрэгт авагдсан болохыг онцолж хэлмээр байна” гэв.
Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч А.М- нь С.Т-ийн цөсний хүүдийг дурангаар авах мэс засалд мэдээгүйжүүлэгч эмчээр оролцож, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогчийн цагаан мөгөөрсөн хоолойнд цоорол гэмтлийг үүсгэж, уг гэмтэл хүндэрч, нас барсан, мөн А.М- нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д тус тус заасан хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хохирогчийн амь нас хохирсон хор уршигтай шалтгаант холбоотой болох нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүхээс “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хууль, эрх зүйн мэдлэг эзэмшсэн мэргэжлийн хүний туслалцаа зайлшгүй шаардлагатай болсон байна” гэж дүгнээд “өмгөөлөгчид 10.500.000 төгрөгийн хөлс төлснийг шүүгдэгч А.М-гаас гаргуулж олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэх ойлголтыг тодорхойлж хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар буюу хохиролд тооцогдох боломжтой, тус хохирол нь хэрэгт авагдсан дансны хуулга баримтаар тогтоогдсон байна. Улсын дээд шүүх нь хууль хэрэглээний практик тогтоох боломжтой тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлбэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зардлыг хуульчилсан. Тус хуулийн зохицуулалтад өмгөөлөгчийн хөлс багтсан хэдий ч нарийвчилсан харилцааг тусгай журмаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хүн болон төлбөрийн чадваргүй этгээдийг өмгөөлөхөөр томилогдсон өмгөөлөгчийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор байна. Үүний нэгэн адил хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтойгоос гадна хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлээр А.М-д холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэргийг анхан, давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хасч хязгаарлах замаар тэдний хууль ёсны эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй.
... аймгийн ..., ... А.М- нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ... оролцож ... С.Т-ийн цагаан мөгөөрсөн хоолойд интубацийн гуурс тавихдаа цоорол бүхий хүнд гэмтэл учруулсан, уг гэмтлийн хүндрэлийг эмчлүүлэх зорилгоор амь хохирогч нь дараагийн шатлалтын эмнэлэг болох Улсын 1 дүгээр төв эмнэлэг рүү 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яаралтайгаар Улаанбаатар хот руу хүргүүлэх замдаа JU-9993 дугаартай тусгай үүргийн онгоцонд нас барсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Анхан болон давж заалдах шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээ, хууль зүйн дүгнэлт нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч А.М- нь хагалгааны явцад эмчлүүлэгчийн амьсгалыг зохиомлоор удирдах зорилгоор интубацийн гуурс тавихдаа Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар тодорхойлсон “үзлэг, шинжилгээ оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” стандарт, технологийг баримтлан ажиллах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй нь дараах нотлох баримтаар тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Тухайлбал, эмчлүүлэгчийн цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн цооролт бүхий гэмтэл нь цочмог идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжил болон хүндэрч нас барах шалтгаан болсон ба нойрсуулагч эмчийн үйлдэл нь үхэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, түүнийг үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгасан 3 ба 5, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй давтан дүгнэлтүүдээр хангалттай нотлогдсоноос гадна хагалгаанаас 2 цагийн дараа өвчний зовиур, шинж тэмдэг илэрсэн гэдгийг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг, дурангийн хагалгааны явцад шүүгдэгчийн мэдүүлсэн “... дурангийн хагалгаа явагдаж байх явцад хэвлийн хөндийн хийг хэмждэг төхөөрөмж анхааруулах сигнал 2 удаа дуугарсан. Хагалгааны явцад хэвлийн хөндийн хийг хэмждэг төхөөрөмжийн даралтын хэмжээ 17-19 гэсэн заалтыг зааж байсан. Амьсгалын аппарат дээр хэвлийг хэт хийлэхээр уушги, зүрх шахагдсан улмаас миний амьсгалын аппаратад өөрчлөлт гарсан. Peak, Plat даралт өсөж амьсгалын замд тавьсан гуурсыг хийлэгч хийг нь авч 1 сантиметр орчим татсан” гэснээс өөрөөр ямар нэгэн хүндрэл гаргаагүйг гэрчилсэн эмч нарын мэдүүлэг, амь хохирогчид шинээр үүссэн гэмтлийг эмчлэх зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн хагалгааны явцад ямар нэгэн хүндрэл гаргаагүйн дээр үхэлд шууд болон шууд бусаар нөлөөлсөн гэж үзэж болохуйц өөр сэжиг таамаг, нөхцөл байдал, баримт сэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.М-н үйлдсэн гэмт хэрэг нь эргэлзээгүй, хөдөлшгүй баримт сэлтээр нотлогдсон гэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул “... багаар ажилладаг, бусад нь хариуцлага хүлээгээгүй, би ганцаараа хариуцлага хүлээж буй нь шударга бус байна” гэх агуулгаар бичиж шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байна.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний дотор хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилтын хүрээнд гэм буруутай этгээд А.М-н ажил олгогч байгууллагаас амь хохирогчийг оршуулахтай холбоотой болон эмчлүүлэх, тээвэрлэсэн зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн амь насанд гэм хор учирсны төлбөр 323.136.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж өөрчлөхдөө хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах агуулга бүхий нэмэлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн буруу хэрэглээ болно.
Учир нь иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж буй харилцаа нь эрх тэгш, оролцогчийн гэрээний эрх чөлөөнд суурилсан эдийн баялагтай холбоотой иргэний эрх зүйн харилцаа бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэл болох “... насанд хүрээгүй болон төлбөрийн чадваргүй хохирогч, гэрч”-д хууль зүйн туслалцаа үзүүлсэн тохиолдолд өмгөөлөгчийн хөлсийг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-д тооцож нөхөн төлүүлэх ба эрх зүйн харилцааны оролцогч иргэний төлсөн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцох боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “... тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “… тус тус хэлэлцэхгүй орхисугай” гэж өөрчилж, шүүгдэгч А.М-н хяналтын шатны шүүхэд гаргасан “... давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн хөлс 10.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... амь насанд гэм хор учруулсны төлбөр 323.136.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... амь насанд гэм хор учруулсны төлбөр 323.136.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн А.М-н гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ