Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 662

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1954, 7/1953, 7/1951,7/1952 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгох болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 700, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 743, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 770 ,  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1013 дугаар шийдвэрүүдийн дагуу Т-д ХА-019006 /NE-026074/,  ХА-019012 /NE-026079/, XA-018992 /NE-026063/, ХА-018989 /NE-026060/ тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компанид нь Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын

1. 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 700 шийдвэрээр Ховд аймгийн Булган, Үенч сумын Тээл нэртэй газарт NЕ-026079 дугаарт бүртгэгдсэн 3639.87 гектар талбайд ХА-019012 тоот,

2. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Дугаар 743 шийдвэрээр Увс аймгийн Малчин, Н сумын Үнэгт нэртэй газарт NЕ-026063 дугаарт бүртгэгдсэн 4147.53 гектар талбайд ХА-018992 тоот,

3. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар 770 шийдвэрээр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Хар толгой нэртэй газарт NЕ-026072 дугаарт бүртгэгдсэн 5762.49 гектар талбайд,

4. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 1013 шийдвэрээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Хөх дов нэртэй газарт NЕ-026074 дугаарт бүртгэгдсэн 1175.98 гектар талбайд ХА-019006 тоот,

5. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 1013 шийдвэрээр Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумын Толгод нэртэй газарт NЕ-026060 дугаарт бүртгэгдсэн 2392.1 гектар талбайд ХА-018989 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шийдвэрүүдийн дагуу “Т” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлүүдийг авахаар эхний жилийн төлбөрүүдийг зохих ёсоор төлж, тусгай зөвшөөрлийг авахаар удаа дараа хандсан боловч “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлс 3 000 000 /гурван сая/ төгрөгийг төлөөгүй” гэх хуульд заагаагүй үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохгүй байгаа бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1954, 7/1953, 7/1951, 7/1952 тоот албан бичгүүдээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүчингүй болгож өргөдлийг бүртгэлээс хасахыг мэдэгдсэн”. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлс” 3 000 000 /гурван сая/ төгрөгийг төлөөгүй нь өргөдлийг бүртгэлээс хасч, тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

Харин “Т" ХХК нь тусгай зөвшөөрлүүдийн эхний жилийн төлбөрүүдийг төлсөн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-т заасны дагуу ". . . ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэх” үүрэгтэй.

...Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлс 3.000.000 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохгүй байгаа.  Татварын ерөнхий хуульд үйлчилгээний хөлс гэдэг нэр томьёо байхгүй боловч, төрийн зохих байгууллагын дагуу хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилсний төлөө тэднээс тухай бүрд нь авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэж нэрлэдэг. 

Тэгэхээр манай байгууллагын зүгээс үйлчилгээний хөлс гэдгийг хураамж гэдгээр ойлгож татварын нэг төрөлд хамааруулан үзэж байна. Татварыг хуулиар тогтоох бөгөөд үүний дараагаар татварын хувь хэмжээг тогтоох асуудал яригддаг.  Ашигт малтмалын тухай хуульд үйлчилгээний хураамж буюу татвар авахаар зохицуулсан зохицуулалт байдаггүй. Иймээс татвар авахаар зохицуулаагүй байхад татвар төлөөгүй байна гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа үйлдэл нь өөрөө хууль бус юм.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1954, 7/1953, 7/1951, 7/1952 тоот мэдэгдлүүд болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 700, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 743, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 770, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 1013 шийдвэрүүдийн дагуу “Т" ХХК-д ХА-019006 /NЕ-026074/, ХА-019012 /NЕ-019012/, ХА-018992 /NЕ-026063/, ХА-018989 /NЕ-026060/ тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Б.Мөнхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... “Т” ХХК-ийн Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумдын нутаг Толгод нэртэй 2392.11 га талбайд гаргасан өргөдлийг өргөдлийн бүртгэлийн NE-26060 дугаарт, Увс аймгийн Малчин, Наранбулаг сумдын нутаг Үнэгт нэртэй 4147.53 га талбайд гаргасан өргөдлийг NЕ-26063 дугаарт, Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Хөх Дов нэртэй 1175.98 га талбайд гаргасан өргөдлийг NE-26074 дугаарт, Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутаг Тээл нэртэй 3639.87 га гаргасан өргөдлийг NE-26079 дүгээрт тус тус бүртгэсэн байна.

“Т” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг дарга нараас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумдын нутаг Толгод нэртэй 2392.11 га талбайд гаргасан NE-26060 дугаар өргөдөл, Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Хөх Дов нэртэй 1175.98 га талбайд гаргасан NЕ-26074 дугаар өргөдлүүдэд Аймгийн Засаг дарга нь 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй тул саналын зөвшөөрсөн гэж үзэж Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1013 дугаар шийдвэрээр Увс аймгийн Малчин, Наранбулаг сумдын нутаг Үнэгт нэртэй 4147.53 га гаргасан NЕ-26063 дугаар өргөдөл, Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутаг Тээл  нэртэй 3639.87 га талбайд гаргасан NЕ-26079 дүгээр өргөдлийн талбайд Засаг дарга нар нь “Дэмжсэн” санал ирүүлсэн тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 700 дугаар шийдвэрээр, мөн оны 09 дүгээр 14-ний өдрийн 743 дугаар шийдвэрүүдээр хайгуулын тусгай зөвшөөрлийг Т-д олгохоор тус тус шийдвэрлэсэн байдаг.

... Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д “тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох” заалтад геологи, уул уурхайн эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Уул уурхайн сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоож өгсөн болно.

Уул уурхайн сайдын /хуучин нэрээр/ “Үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яам нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3515 дугаарт бүртгэснээр хүчин төгөлдөр болсон ба өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна.

 Мөн дээрх сайдын тушаалд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох 14 хоногийн эрх 500.000 /Таван зуун мянга/, 60 хоногийн эрх 2.000.000 /Хоёр сая төгрөг/ байхаар тогтоосон ба Т нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох эрх хүсч 3.500.000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч Т нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Хар толгой нэртэй 5762.49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасны хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож XV-19003 тоот тусгай зөвшөөрөл үүсчээ.

Ашигт малтмалын хайгуулын XV-19003 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Т” ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл гаргасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр “Цайна инвэстмент монголиа” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь анх ашигт малтмалын хайгуулын ХV-19003 тусгай зөвшөөрлийг эзэмшихийн тулд Уул уурхайн сайдын /хуучин нэрээр/ “Үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” тушаалын хавсралтаар баталсан 3.000.000 сая төгрөгийг төлж тусгай зөвшөөрлийн эрхийг авч байсныг дурьдах нь зүйтэй.

... Тус компани нь дээрх 15 дугаар тушаалын хавсралтад заагдсан 3 сая төгрөгийг төлбөл тусгай зөвшөөрлийн бичилт хийхэд татгалзах зүйлгүй.

Харин “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдэд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Т” ХХК нь агуулгын хувьд “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн  7/1951, 7/1952, 7/1953, 7/1954 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгох болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 700, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 743, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 770 ,  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1013 дугаар шийдвэрүүдийн дагуу Т-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 700 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Булган, Үенч сумын Тээл нэртэй 3639,87 га талбайд , 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 743 дугаар шийдвэрээр  Увс аймгийн Малчин, Наранбулаг сумын Үнэгт нэртэй 414753 га талбайд, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр  Өмнөговь аймгийн Баяндалай сумын Хар толгой нэртэй 5762,49 га талбайд, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1013 дугаар шийдвэрээр  Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумын Толгод нэртэй 2392,11 га, Баацагаан сумын Хөх дов нэртэй 1175,98 га талбайд тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж тусгай зөвшөөрлүүдийн эхний жилийн төлбөрүүд болон ... эрх олгох үйлчилгээний хөлсийг төлөх тухай мэдэгдлүүдийг 2015 оны 09 дүгээр сард “Т” ХХК-д хүргүүлсэн байна. 

“Т” ХХК нь дээрх 770 дугаар шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн Баяндалай сумын Хар толгой нэртэй 5762,49 га талбайд тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлс болох 3000000 төгрөгийг 2015 оны 10 сарын 30-ны өдөр тус тус төлж  XV-019003 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авсан байна. 

Мөн нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 700 дугаар шийдвэрийн дагуу Ховд аймгийн Булган, Үенч сумын Тээл нэртэй 3639,87 га талбайд авсан хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 528000 төгрөг, 2015 оны 743 дугаар шийдвэрийн дагуу Увс аймгийн Малчин, Наранбулаг сумын Үнэгт нэртэй 414753 га талбайд авсан тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 602000 төгрөг, 2015 оны 1013 дугаар шийдвэрийн дагуу авсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумын Толгод нэртэй 2392,11 га талбайн тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 347000 төгрөг, Баацагаан сумын Хөх дов нэртэй 1175,98 га талбайд авсан хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 171000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Харин нэхэмжлэгч нь Уул уурхайн сайдын 2015 оны 15 дугаар тушаалаар тогтоосон “тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний хөлс гурван сая төгрөгийг төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газраас Т-руу хүргүүлсэн  2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1951 , 7/1952 , 7/1953 , 7/1954  албан бичгүүдээр “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарснаас хойш 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүчингүй болгож өргөдлийг бүртгэлээс хасах”-ыг мэдэгджээ. 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Татварын ерөнхий хуулийн дагуу төрийн байгууллагын үйлчилгээний хөлс нь хураамж хэлбэрийн татвар бөгөөд татвар тогтоох нь Улсын Их Хурлын халдашгүй бүрэн эрхэд хамаарах бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоогоогүй байхад хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй Уул уурхайн сайдын тушаалаар тогтоосон төлбөрийг төлөхийг шаардаж байгаа нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан эрх хэмжээнийхээ дагуу тогтоосон Уул уурхайн сайдын 2015 оны 15 дугаар тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь уг тушаалаар тогтоосон 500,000 төгрөгийг төлж өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр авсан. Улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл авсан атлаа мөн тушаалаар тогтоосон үйлчилгээний хөлсийг төлөхгүй байгаа үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.  маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг тайлбарлавал:

Татварын ерөнхий хуульд татвар нь “албан татвар, хураамж, төлбөр”-өөс бүрдэхээр, төрийн байгууллагын хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний хөлс нь “хураамж”-д хамаарахаар заасан байх бөгөөд татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй байхаар тус тус зохицуулснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “татварыг хуулиар Улсын Их хурал тогтоох онцгой бүрэн эрхтэй” гэсэн тайлбар үндэслэлтэй. 

Гэвч хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “тусгай зөвшөөрөл авах ....үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох бүрэн эрх”-ийг Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр заасны дагуу Уул уурхайн сайд нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлс”-ний хэмжээг 3 000 000 /гурван сая/төгрөг байхаар тогтоожээ. 

Дээрхээс үзвэл, Ашигт малтмалын хуулиар үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоогоогүй боловч “үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох эрх”-ийг шилжүүлж зохицуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ашигт малтмалын тухай хуульд үйлчилгээний хураамж буюу татвар авахаар зохицуулсан зохицуулалт байдаггүй. Иймээс татвар авахаар зохицуулаагүй байхад татвар төлөөгүй байна гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг олгохгүй байх үндэслэлгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Мөн Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1-1/282 дугаар албан бичгийн хавсралтын 7-д 3515 бүртгэлийн дугаартай “Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай” актыг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасах тухай санал -ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн байх боловч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 03/410 тоот албан бичигт “...15 тоот тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа” гэснээс үзвэл маргаан бүхий 7/1951, 7/1952, 7/1953, 7/1954 тоот мэдэгдлүүдийг “Т” ХХК-д хүргүүлсэн цаг хугацаанд дээрх тушаал хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

Түүнчлэн “Т” ХХК нь Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 15 тоот тушаалыг эс зөвшөөрч маргасан байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 415 дугаар тогтоолоор ““Т” ХХК-ийн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч “Т” ХХК болон бусад этгээдээс Уул уурхайн сайдын “...15 тоот тушаалыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй”-тэй холбогдуулж захиргааны хэргийн шүүхэд үүсгэсэн маргаан байхгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д “Энэ хуулийн 19.6-д заасан шийдвэр гаргаснаас хойш өргөдөл гаргасан этгээд 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ” гэж заасан нь хариуцагч байгууллага “...өргөдлийн бүртгэлээс хасах тухай” мэдэгдлийг хүргүүлж болох 2 тохиолдлыг зохицуулсан буюу 1/Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй байх, 2/ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн боловч 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй байх гэсэн 2 шаардлагын аль нэгийг хангаагүй тохиолдолд мэдэгдэл хүргүүлнэ гэж ойлгоно.

Дээрхээс үзвэл, “Т” ХХК нь тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш нэг жил гаруй хугацааны дараа тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлсөн боловч үйлчилгээний хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул хариуцагчаас маргаан бүхий 7/1951, 7/1952, 7/1953, 7/1954 тоот мэдэгдлүүдийг “Т” ХХК-д хүргүүлсэн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй эс үйлдэхүйг нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д “үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах”, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасны дагуу хариуцагч нь үйлчилгээний хөлс төлөхийг шаардах үүрэгтэй. 

Нөгөө талаас, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах үүрэгтэй тул хүчин төгөлдөр үйлчилж буй хууль болон Уул уурхайн сайдын тушаалаар тогтоосон төлбөрийг төлөхийг шаардах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь Ашигт малтмалын тухай хууль болон сайдын тушаалаар тогтоосон шаардлагыг хангах талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлж үйлчилгээний хөлс төлөөгүй атлаа мөн хуулийн өөр нэг заалтыг үндэслэн “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн бол 3 хоногийн дотор гэрчилгээ бичиж олгох үүргээ хэрэгжүүлээгүй” хэмээн тайлбарлаж хуулийн нэг заалтыг хэрэгжүүлэх, нөгөө заалтыг хэрэгжүүлэхгүй байхыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд “Т” ХХК-ийн “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1954, 7/1953, 7/1951,7/1952 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгох болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 700, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 743, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 770 , 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1013 дугаар шийдвэрүүдийн дагуу “Т” ХХК-д ХА-019006 /NE-026074/,  ХА-019012 /NE-026079/, XA-018992 /NE-026063/, ХА-018989 /NE-026060/ тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20, 11.2, 19 дүгээр зүйлийн 19.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1954, 7/1953, 7/1951,7/1952 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгох болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 700, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 743, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 770 ,  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1013 дугаар шийдвэрүүдийн дагуу “Т” ХХК-д ХА-019006 /NE-026074/,  ХА-019012 /NE-026079/, XA-018992 /NE-026063/, ХА-018989 /NE-026060/ тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ц.МӨНХЗУЛ