Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1689

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2016/00385 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч ХХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХХ” ХХК-нд холбогдох

 

Түрээсийн гэрээний үүргийн биелэлт 24 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             ХХХХ  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                Ө.Маралмаа нар оролцов.

 

НэхэмжлэгчХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“ХХХХ” ХХК нь манай талд хүсэлт тавьсны дагуу тухайн компанийн үйл ажиллагааг дампууруулахгүй байх үүднээс манай тал түрээсийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн ХХХХ дүүрэг ХХ дүгээр хороо, ХХХХ дугаар гудамж ХХ тоотод байрлах 1033 м.кв дулаан гараашийг 6 сарын хугацаатайгаар, сарын 6 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулж түрээслүүлсэн. Тухайн компани нь эхний 2 сарын түрээсийн төлбөрийг хэл ам болж байж төлсөн ба үлдсэн 4 сарын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Энэ хугацаанд тухайн компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан ХХХХХ гэгч нь гэрээг батлуулах нэрийдлээр авч явж алга болсон /дараа нь уг гэрээг бид Налайхын Дулааны станцын хуулийн зөвлөх ХХХХ-ээс олж авсан. Захирал ХХХХ нь одоо хүн мөнгө өгөх гэж байна, компаниа зарах гэж байна гэх мэтээр шалтаг тоочиж янз бүрийн хүмүүстэй уулзуулж байсан. Иймд “ХХХХ” ХХК-ийн гэрээний дагуу төлөх ёстой 4 сарын төлбөр болох 24 000 000 төгрөг, гэрээний 3.2-т заасны дагуу төлөх ёстой алданги болох 720 000 төгрөг, нийт 24 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 

ХХХХ 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “ХХХХ” ХХК-ийн хүсэлтээр 6 сарын хугацаатай, сарын 6 000 000 төгрөгөөр гарааш түрээслүүлэхээр гэрээ байгуулсан байгаа. Гэвч ХХХХ ХХК нь сүүлийн 4 сарын төлбөрөө төлөөгүй. Хариуцагчийн буруугаас Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж чадаагүй. Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөхгүй яваад байсан. Түрээсийн төлбөрийн асуудлаа яаж төлөх вэ” гэж ярилцан төлөх боломжгүйгээс төлбөрийг өөр байдлаар тооцон хийхээр тохиролцож байсан ч асуудал байгаа. ХХХХ өөрөө гарааш хүлээлгэж өгөхөд бэлэн байна гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл гараашийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Бид гэрээний дагуу 24 720 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

ХХХХтай байгуулсан гэрээ маань түрээсийн гэрээ байгаа юм. Гараашийг зориулалтын дагуу ашигласан. Бид нарын гарааш тавьж байгаа машинууд гадаа өвөлжих боломжтой. Гэхдээ Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу бид дулаан байр хэрэгтэй байсан болохоор тухайн гараашийг түрээслэхээр болсон. Мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт зааснаар эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ гэж заасны дагуу эсрэг талын олж байгаа мөнгөн дүн маань бидэнд үр шимийг хүртээх ёстой байгаа. Бид дулааны үр шимийг хүртэх зорилготой байсан гэж үзэж байна. Түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан байгаа. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэстэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “ХХХХ” ХХК-аас 18 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  ХХХХад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 720 000 /зургаан сая долоон зуун хорин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХХХ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 550  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ ХХК-аас 247 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа нотлох баримт болгон хавсаргаж өгсөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй гараашийн зориулалттай 1 033 м.кв талбай бүхий объектыг бүхэлд талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу "Хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна" хэмээн шүүх үзэж хүчингүй болгосон. Энэ тал дээр хэргийн зохигчид маргадаггүй ба аль аль нь хүлээн зөвшөөрсөн болно. Ингэснээр нэхэмжлэгч талаас тус шүүхэд гаргасан Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болох үндэслэлтэй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би үзэж байна. Гэтэл шүүгч нь хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзсэн нь буруу шийдвэр болсон. Хариуцагч тал нь шүүхэд гаргасан хариу тайлбартай гараашийг 2 сарын хугацаанд ашигласан, Дулааны цахилгаан станц дулаанаар хангах боломжгүй хэмээн мэдэгдэж дулаанаар хангаагүй учир Түрээсийн гол нөхцөл болсон\ Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан Үл хөдлөх хөрөнгийн \ИХ-ийн 86.1-д заасан\ салгаж үл болох бүрдэл хэсэг болох пааранаас ялгарах дулааны үр шимийг\ ИХ-ийн 88.2-д\ хүртэх боломжгүй болсон учир түрээсэлсэн хугацааны төлбөрийг төлж, үлдэгдэл хугацаанд тус объектыг ашиглаагүй болно хэмээн мэдүүлсэн. Гэтэл хариуцагчийг тус объектыг ашигласан эсэх нь тодорхойгүй байхад шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзсэнд гомдолтой байгаа тул 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 104/ШШ2016/00385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний 4 сарын төлбөр 24 000 000 төгрөг, алданги 720 000 төгрөг 24 720 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “… түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ тул түрээсийн мөнгө төлөхгүй гэж” маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны буюу эхний 2 сарын төлбөр төлсөн асуудлаар маргаагүй байна.

 

            Хэрэгт авагдсан нотох баримтаас үзэхэд “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХ, ХХХХ нар 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарааш түрээслүүлэх, түрээслэх гэрээг байгуулж, уг гэрээгээр иргэн ХХХХХ-ын эзэмшлийн ХХХХХ дүүрэг, ХХ хороо, ХХХХ дугаар гудамж ХХ тоот хаягт байрлах 1033 мкв гараашийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар сарын 6 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт “Энэ  хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байна” гэж заасан бөгөөд талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гарааш түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч ХХХХ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 1033 м.кв талбайд гараашийн үйл ажиллагааг явуулдаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “ХХХХХ” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж гараашийн төлбөрөө шаардах эрхтэй.

 

            Зохигчид гараашийг ашигласан хугацааны талаар маргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хариуцагч авто гараашийг ашигласан гэсэн, харин хариуцагч авто гараашийг 2 сар ашиглаад төлбөрөө төлсөн гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага “авто гараашийг 2 сарын хугацаатай ашигласан” гэсэн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар ашигласан гэсэн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч байгууллагаас гарааш ашигласны 2016 оны 1, 2, 3 дугаар сарын төлбөрт 18 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

  

Харин талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг гэрээг үндэслэн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс тооцох хариуцлага болох алдангийг гаргуулах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Багахангай, Налайх пүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2016/00385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “ХХХХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                                             ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                                                             Ц.ИЧИНХОРЛОО