Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00432

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02442 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2466 дугаар магадлалтай,

Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Н ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүжин, өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1996 онд цахилгааны инженерийн албан тушаалд томилогдон орсон ба 1997 оноос ерөнхий инженерийн албан тушаалд томилогдон 2004 он хүртэл ажиллаад Н ХХК-д хувьчлагдснаар орон тооны цомхотголоор уг ажлаас гарсан. МТ ХХК-ийн Хөвсгөл салбарын даргаар 2004 онд томилогдон ажиллаж байгаад Н ХХК-ийн Хангай бүсийн захирал н.Батсуурийн хүсэлтийн дагуу 2007 оны 8 дугаар сарын 01-нд Хөвсгөл Нефть хангамжийн салбарын даргын албан тушаалд томилогдон ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 57 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Н ХХК-ийн дотоод аудитын 2016 оны 3, 4-р улирлын шалгалтаар Хөвсгөл Нефть Хангамжийн салбарын санхүүгийн үр дүн, тайлан тэнцлийг компанийн зохих заавар, журмын дагуу материаллаг зөрчилгүй, ШТС-уудын хяналтыг сайжруулсан, Нефть Хангамжийн салбарын бичиг баримтын хөтлөлт сайжирсан эерэг үр дүнтэй ажилласан гэж дүгнэгдсэн байхад ямар нэгэн тайлбаргүйгээр ажлаас чөлөөлсөн. Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 57 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн зээлээр шатахуун борлуулсан гэж буруутгаж байгаа боловч энэ нь дараа төлбөртэйгээр борлуулсан, компанид хохирол учраагүй болно.

Иймд Хөвсгөл аймаг дахь Нефть Хангамжийн салбарын даргын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Н ХХК-ийн салбарын дарга нь төв компанийн зөвшөөрөлгүй газрын тосны бүтээгдэхүүнийг бусдад зээлээр борлуулах эрхгүй бөгөөд энэ тухай хөдөлмөрийн контрактын 5 дугаар зүйлийн 5.1.8-д тодорхой тохиролцож, энэхүү үйлдлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн контрактыг цуцлах үндэслэл болгон заасан. Гэтэл Б.Г- нь ажиллаж байх хугацаандаа хуулийн этгээд болон хувь хүнд удирдлагын зөвшөөрөл, мэдэгдэлгүйгээр зээлээр бүтээгдэхүүн олгосон. Мөн 7663 ХӨА улсын дугаартай УРАЛ-375 маркийн С ангилалын бор ногоон өнгийн автомашиныг удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан. Уг автомашиныг 9.500.000 төгрөгөөр худалдаж, өөрийн нэр дээр 8252 ХӨА улсын дугаартай Тоёота приус-20 автомашин худалдан авсан тухай тайлбарладаг. Б.Г- нь ажил хүлээлцэх үед энэхүү Тоёота приус-20 автомашинаа компанид шилжүүлсэн. Мөн Петровис-Ойл ХХК буюу Н ХХК-ийн толгой компанийн дотоод аудитын дүгнэлтээр батлагдсан сэлбэгийн болон урсгал засварын зардал нь зориулалтын дагуу зарцуулаагүй, хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөгөөнд тусгагдаагүй ажилд зарцуулах зэрэг зөрчлүүд гаргасан бөгөөд энэхүү зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч уг аудитын дүгнэлтэд гарын үсэг зурсан.

Б.Г- нь удирдлагын ямар нэгэн зөвшөөрөлгүй компанийн салбар дахь хөрөнгийг дур мэдэн бусдад зарах, шилжүүлэх, хөрөнгө оруулалтыг батлагдсан төлөвлөгөөний бус өөр бусад зүйлд зарцуулах, удирдлагын зөвшөөрөлгүй бусдад зээлээр борлуулалт хийж байгаа зэрэг үйлдлүүд нь компанийн үйл ажиллагаа, явуулж буй бодлогод харшилж байгаа бөгөөд хууль болон хөдөлмөрийн контрактаар тохиролцсон нөхцөлүүдийг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр салбарын нэрийн өмнөөс Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт Н ХХК-ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт 43.680 м.кв газрын эзэмших эрхийг Нэмэх хасах ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн утга бүхий албан тоотыг хүргүүлсэн байдаг. Энэ газрыг эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр зөвхөн өөрөө дур мэдэн бусдад шилжүүлэхээр ажиллаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02442 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.Г-ийг Хөвсгөл аймаг дахь Нефть Хангамжийн салбарын даргын ажилд эргүүлэн тогтоож, Н ХХК-иас 6.228.416 төгрөг гаргуулан Б.Г-эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78.854 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2466 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.854 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Б.Г-ийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 5 дугаар сарын 01-ний 57 дугаар тушаал нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг илт буруу хэрэглэсэн байдаг. Учир нь: тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 40.1.7, 41.1.4 дэх хэсэг хөдөлмөрийн контракт гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.8 дахь заалтуудыг тус тус баримтлан гарсан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны үед талуудын хооронд “...7663 ХӨА улсын дугаартай Урал 375 маркын С ангилалын бор өнгийн авто машин ...8252 ХӨА улсын дугаартай тоёото приус-20 автомашин авч ажилд унаж байсан...хөрөнгө оруулалтын төсвийг зориулалтын бусаар ашигласан буюу төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлуудыг хийсэн, батлагдсан сэлбэгийн болон урсгал засварын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн хүрээнд хариуцагч шүүхийн мэтгэлцээнийг өрнүүлсэн.

Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа “...контрактын гэрээний 5.1.8-д “холбогдох зөвшөөрөл, журмыг зөрчин газрын тосны бүтээгдэхүүн зээлээр борлуулсан” бол зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулжээ ...хэргийн 71 дүгээр тал дахь Хөвсгөл НХС-с авсан шатах тослох материалын тооцоо нийлсэн баримтыг ажил олгогч тушаалынхаа үндэслэл болгосон байна...” гэсэн дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн. Ажлаас халах тушаал нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарсан байхад ажил хүлээлгэн өгсөн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн баримтыг шүүх 57 тоот дугаартай тушаалын үндэслэл мэтээр тайлбарлан дүгнэж байгаа нь хууль хэрэглээний илэрхий алдаа болжээ. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх ёстой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан дотоод аудитын дүгнэлтээр зөрчилгүй гарсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Мөн магадлалд “...ажил олгогчоос түүнд олгосон эд хөрөнгө болох Урал-375 маркийн ХӨА улсын дугаартай цистерн авто машиныг фондлож сэлбэгт хэрэглэх зориулалтаас өөрөөр ашиглаж зарцуулсныг Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нотлогдсон” гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл мөн магадлалд уг зөрчлийг хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан зөрчил гэж үзэхгүй ажил олгогчид хохирол учруулаагүй гэсэн байх бөгөөд нэг магадлалд зөрчилдөөн бүхий хоёр дүгнэлт хийжээ. Аудитын дүгнэлтээр энэ үйл ажиллагааг зардал хэмнэсэн гэж дүгнэсэн байгаа. Хэрэгт зөвшөөрөлгүй газрын тосны бүтээгдэхүүнийг бусдад нийлүүлсэн гэсэн утга бүхий ямар ч нотлох баримт байхгүй болохыг анхаараагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 33 дугаар тогтоолын 15-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино" гэж заасан болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Мөн тогтоолын 18-д “Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,-д заасан "контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй" гэдгийг тогтоож, ажилтны контрактаар хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэггэй ба хуулийн энэ зохицуулалтыг контрактад тусгасан үр дүн гараагүй байдал нь ажилтны өөрөөс хамаарах шалтгаанаар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хамааруулан ойлгоно. Контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулан, гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргасан байна" гэсэн байгааг давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2466 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н ХХК-д холбогдуулж гаргасан Хөвсгөл аймаг дахь Нефть Хангамжийн салбарын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан контрактын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд ажил олгогчийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 57 тоот тушаалаар контрактыг цуцалжээ. Уг тушаалд Б.Г-ийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлсэн, компанийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, Петровис ойл ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтээр салбарын хөрөнгө оруулалтын төсвийг зориулалтын бусаар ашигласан буюу хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил хийсэн нь чанарын шаардлага хангаагүй, батлагдсан сэлбэгийн болон урсгал зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчил гаргасан гэж үзсэн байна.

Ажил олгогч дээрх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “...хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил...”, 40.1.5-д заасан “...мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан...” 40.1.7-д заасан “контрактад заасан үндэслэл буй болсон” гэх хууль зүйн үндэслэлүүдэд хамааруулж, “контрактад заасан үндэслэл буй болсон” гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-н “контрактаар ажил олгогчид шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь  нотлогдсон” гэснийг заажээ. 

Б.Г-ийн гаргасан гэх үйлдлүүд тогтоогдсон эсэх, тухайн үйлдлүүд контрактад гэрээ цуцлахаар тухайлан заасан үйлдэлд тооцогдох эсэхэд анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул магадлалын дүгнэлтийг засч, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т заасан үндэслэлүүдээс гадна 41 дүгээр зүйлд заасан үндэслэл нь контрактын үндсэн дээр ажиллаж буй этгээдтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцөл болдог.

Магадлалд “...зөвшөөрөлгүйгээр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдсан...”-г контрактад заасан контрактыг цуцлах үндэслэл болсон гэж дүгнэхдээ уг үйлдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд хамаарна гэсэн нь буруу болжээ.

Харин анхан шатны шүүх 57 тоот тушаалын үндэслэл болгосон зөрчлийг ноцтойд тооцох талаар контрактад тухайлан заагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Контрактын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэг төрөл боловч ердийн хөдөлмөрийн гэрээнээс ялгагдах онцлогтой. Ердийн хөдөлмөрийн гэрээгээр тухайн ажилтны ажиллах хүчийг хөлсөлж байдаг бол контрактын гэрээгээр ажиллагч нь өөрийн ажиллах хүчээс гадна ажил олгогч буюу өмчлөгчийн тодорхой эд хөрөнгийг үр ашигтайгаар эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхүүдийг тогтоосон хэмжээ хязгаарын дотор хэрэгжүүлдэг байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан контрактын гэрээний 5.1.8-д “холбогдох зөвшөөрөл, журмыг зөрчин газрын тосны бүтээгдэхүүн зээлээр борлуулсан бол” контрактын гэрээг цуцлахаар заажээ. Салбарын захирал Б.Г- төв компанийн зөвшөөрөлгүйгээр 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын 03-ны хооронд зээлээр шатахуун тослох материалын борлуулалт хийснээс Хөвсгөл нефть хангамжийн станци бусдаас нийт 287.672.217 төгрөгийн авлагатай болсон нь тогтоогдсон байна.

Иймд дээрх үйлдэл нь өмчлөгчөөс олгосон хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээтэй холбоотой байх тул энэхүү зөрчлийн талаархи заалт нь контрактад тухайлан заасан контрактыг цуцлах үндэслэл буюу өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан зөрчилд хамаарна.

2. Зохигчийн хооронд байгуулагдсан контрактын гэрээний 5.1.3-т ажилтны буруутай үйл ажиллагаанаас компанид хохирол учирсан, түүний  явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь компанийн эрх ашигт харшилсан бол контрактын гэрээг цуцлахаар заасан ба салбарын захирал Б.Г- байгууллагын Урал-375 маркийн 76-63 ХӨА улсын дугаартай цистерн автомашиныг өмчлөгч буюу ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бусдад 9.500.000 төгрөгөөр худалдаж, уг мөнгөөр 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн нэр дээр Тоёото приус маркийн 82-52 ХӨВ улсын дугаартай автомашин худалдан авсан, Петровис ойл ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтээр салбарын хөрөнгө оруулалтын төсвийг зориулалтын бусаар ашигласан буюу хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил хийсэн нь чанарын шаардлага хангаагүй, батлагдсан сэлбэгийн болон урсгал зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй” нь тогтоогджээ.

Магадлалд “...Урал автомашиныг зөвшөөрөлгүй худалдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан “...өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн...” гэж үзсэн боловч өмчлөгчийн эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гаргасан үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа хэтэрсэн үед хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь буруу байна.

Мөн анхан шатны шүүх “Петровис ойл ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтээр салбарын хөрөнгө оруулалтын төсвийг зориулалтын бусаар ашигласан буюу хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил хийсэн нь чанарын шаардлага хангаагүй, батлагдсан сэлбэгийн болон урсгал зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэсэн өмчлөгчийн эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гаргасан үйлдлийг сахилгын зөрчилд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаанд хамааруулан дүгнэж, уг хугацааг өнгөрсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Б.Г- контрактын үндсэн дээр Н ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргаар ажиллаж байхдаа контрактыг цуцлах гэрээнд заасан үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ажлаас халсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2466 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-гийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 78.860 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ