Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Иргэний нэхэмжлэгч Н.Болдбаатар,  Б.Маралмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лам овогт Лхаасүрэнгийн Гд холбогдох эрүүгийн 1929002170120 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 07 дугаар сарын 06 өдөр 00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 6 дахь км-т Шакмен маркийн 8006 ӨМҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” Гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Хаан шоргоолж ХХК-д их хэмжээний буюу 117 601 000 төгрөгийн хохирол учруулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г нь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-17-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болдбаатарын өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орой нар жаргахын өмнө цагийг нь тодорхой мэдэхгүй байна, танихгүй дугаараас “танай машин осол гаргасан байна.” гэсэн, би тэрүүнд нь итгээгүй, тэгээд осолд орсон Г руу утасдсан. Тэгээд цуг явсан жолооч нь над руу утасдсан. “мэдэхгүй ээ ард явж байсан” гэсэн тэгэхээр нь “шалгаад надруу ярь” гэж хэлсэн. Удалгүй Баттөр гэдэг жолооч утасдаад “осол болсон байна, та ирсэн нь дээрээ” гэж хэлэхээр нь үнэн юм байна гэж бодоод ослын газар очсон. Гантулгын машин зорчих хэсгийн эсрэг талын эгнээг өнгөрөөд хөвөөн дээр нь осолд орсон шинжтэй зогсож байсан. “Жолооч нь хаана байна” гээд очсон чинь овоолсон шорооны ар талд шоконд орсон байдалтай байсан. Тэгээд “цагдаа, түргэн дуудсануу” гэж асуухад Эрдэнэс таван толгойн хамгаалалтын ажилтан уурхайн түргэнээ дуудсан байсан. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 683, 695, 696 дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-49-р хуудас/,

Яллагдагч Л.Гантулгын өгсөн: “...Эрдэнэс Таван толгой ХК-ны уурхайруу явдаг шинэ засмал замаар явж байхад миний машин явж байсан эгнээнд нүүрс тээврийн шалаанз зогсож байгаа харагдсан. Тэгээд би тэр зогсож байгаа машиныг тойрох үйлдэл хийгээд эсрэг урсгалд орох үед миний машины 2 чиргүүл араас түрээд би ямар нэг үйлдэл хийж чадалгүй замын зүүн гар талд байсан овоолсон шороо мөргөөд машин онхолдох шиг болсон. Би болгоомж алдсан. Уруу газар авто машиныхаа хурдыг тохируулаагүйгээс болж 2 чиргүүлэнд түрэгдэж замын хажууд байсан шороо мөргөж онхолдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

Шүүгдэгч Л.Гантулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/

Шүүгдэгч Л.Гантулгын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 65-66-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 07 дугаар сарын 06 өдөр 00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 6 дахь км-т Шакмен маркийн 8006 ӨМҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Хаан шоргоолж ХХК-д их хэмжээний буюу 117 601 000 төгрөгийн хохирол учруулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-17-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болдбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 683, 695, 696 дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-49-р хуудас/,

Яллагдагч Л.Гантулгын өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, зэргээр тогтоогдож  байна.

Шүүгдэгч Ц.Г нь хөдөлгөөний аюулгүй байдлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас Хаан Шоргоолж ХХК-д их хэмжээний хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Гантулгыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах нь .

Хохирогчийн төлөөлөгч Н.Болдбаатар зүгээс “ …манай компанийн зүгээс Ц.Гтай хохиролыг талаар  харилцан тохиролцож гэрээ байгуулсан, мөн даатгалын компанийн зүгээс тухайн машинд учирсан хохиролыг нөхөн төлөхөөр болсон”  тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсгийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лам овогт Лхаасүрэнгийн Гантулгыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар Л.Гантулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА