Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 703

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

2019         09          13                                   2019/ШЦТ/703

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: М.Энхбаатар,

Шүүгдэгч: П.Л /өөрийгөө өмгөөлж/ нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л -д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Кензо бааранд бармен хийдэг гэх, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын сарын 13-ны өдөр 214 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, П.Л

Холбогдсон хэргийн талаар:

П.Лнь согтуугаар 2019 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Их-Хишиг” хүнсний дэлгүүрийн гадаа байсан хохирогч Б.Амаржаргалын эзэмшлийн 8269 УНС улсын дугаартай Тоёота Филтер маркийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 8-10-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

Хохирогч Б.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ Би 2019 оны 02 лугаар сарын 26-ны 22 цаг 50 минутын орчимд Чингэлэтй дүүргийн тахилтын 4 гудамжны 166 тоотод байх гэрээсээ ахын нэр дээр байдаг миний өөрийн эзэмшлийн королла филтер загварын 82-69 УНС улсын дугаартай автомашиныг унаад дэлгүүрлүү эхнэр Ундармаагийн хамт явсан юм. Төв засмал замын баруун талд үйл ажиллагаа явуулдаг Хишиг дэлгүүрийн гадаа ирж зогсоод дэлгүүрлүү орж юм авах гээд машинаасаа буугаад эхнэр Ундармаагийн хамт дэлгүүрлүү орох үед үл таних 3 залуу дэлгүүрийн үүдэнд зогсож байсан бөгөөд П.Л гэх залуу нь миний араас гараараа далайсан, дэлгүүр орчихоод гараад ирэхэд П.Л гэх залуу машины урд буруу хараад  шээгээд зогсож байгаад дуусах үед нь машины урдаас хөдлөхгүй байхаар би автомашинаа сигналдсан, тэр үед П.Л гэх залуу нь жолооч талын цонхон дээр ирээд, цонх руу гараараа цохисон, цонхоо буулгаад яаж байна аа гэхэд миний нүүр лүү цохиод авсан  тэгэнгүүтээ би араагаа мултлаад машинаа зогсоогоод машинаас буух үед хамт явсан Сүмбэр гэх залуу нь хөл дайрчихлаа гэж хэлээд машин руу хөлөөрөө өшиглөж, крилан, копут, гупер, хаалга зэрэг эд зүйлийг эвдэлсэн, түүний дараа намайг машиныхаа гадна зогсож байхад том чулуу авч шидэж, миний зүүн хойд нурууны ташаа , оносон юм. Энэ үед би дэлгүүрийн эгчийн утсыг гуйж байгаад цагдаад дуудлага өгсөн, харин хамт явсан хоёр найз нь цагдаа дуудаж яах гэсэн юм, эвээр шийдчихье гэж хэлээд манай эхнэрбид хоёрыг дэлгүүрлүү дагуулж ороод 2-3 минут болоод  дэлгүүрээс гараад ирэхэд миний автомашин алга болчихсон нэг харсан уг дэлгүүрээс доош 200 метр орчмын зайд машин харагдаж байсан. Харин би эрүүл байсан найзынх нь машинтай хамт очиж машин дээр очиход,замын боржур мөргөөд машин унтарчихсан байсан. Харин жолооны хүрдэн дээр П.Л, түүний эсрэг талд нь Сүмбэр гэх залуу сууж явсан. Тэгээд нөгөө хоёр залууг машинаас буулгаад шар дэлгүүр лүү машинаа аваад очиж бай гэж хэлсэн. Тухайн дэлгүүрийн гадна машинтайгаа хамт очиход П.Л гэх залуу машины дугуй руу алыаар шээсэн, зодолдъё гэж Сүмбэр нар дайраад байсан. Цагдаа ирээд автомимашины дэргэд зогсох үед тухайн 2 залуу шууд замаа дагаад урагшаа зугтаасан, би араас нь Аавтай цуг хөөж барьж авсан. Нэг хашаа даваад зугтаах гэж байхад нь нохой дайраад зугтаж чадаагүй юм.Тэгээд тухайн 2 залууг цагдаагийн машинд суулгаж аваад тус цагдаагийн хэлтэс дээр ирсэн, харин автомашины дугуйнд хөлөө дайруулсан гээд байхаар нь бид гар тус тусынхаа автомашинтай гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хугарсан зүйл байхгүй, зүгээр байна гэж хэлээд явсан юм... П.Л нь анх машины урд шээгээд зогсож байгаад хэрүүл, маргаан, зодооныг үүсгэж, улмаар намайг нүүр лүү нэг удаа цохиж, миний машиныг унаж зугтаагаад машины явах эд анги болон, замын боржур зогссон үйлдлийг П.Л нь харин Сүмбэр гэх залуу машины урд албаар зогсож байгаад хөдлөх гээд d араан дээрээ тавиад зогсож  байгаад П.Л хийсэн үйлдлийг зогсоох зорилгоор машинаас буух үед хөлөө дугуйны дор хальт гишгэгдсэн гэж хэлээд байгаа юм. Харин гишгэгдэж дайрагдсан эсэхийг би мэдэхгүй, ийм шалтгааны улмаас миний унаж тээврийн хэрэгслийн эд ангиыг эвдэж гэмтээн, улмаар намайг чулуу шидэж оносон, мөн П.Л той хамт машин унаж зугтаасан юм. Харин нөгөө хоёр залуу нь оролцоогүй юм... Тухайн залуучууд өөрсдөө хүнийг зүгээр явж байхад өдөж, хоргоон, архидан согтуурсан үедээ бусдыг зодож, эд хөрөнгө эвдэж гэмтээн, тээврийн хэрэгслийг авч зугтаан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг үйлдлүүдийг нэгэн зэрэг хийсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

Гэрч Э.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой 21-22 цагийн орчимд гэртээ байж байгаад нөхөр бид хоёр хадам аавыг гэрт очихоор гэрээс нөхрийн машинтай явж байгаад зам дагуу нэрийг санахгүй байна, хүмүүсийн хэлдгээр шар дэлгүүр орж ундаа авахаар дэлгүүрийн гадна ирээд нөхрийнхөө дэлгүүрлүү орох гэж байхад дэлгүүрийн үүдэнд манай тэндхийн зүс таних залуу П.Л зогсож байсан бөгөөд миний араас цохих гэж байгаа юм шиг далайсан. Тэр үедээ тоолгүй, нөхөртэйгээ хамт дэлгүүрлүү явж орсон. Энэ үед П.Л нь дэлгүүрлүү орж ирсэн. Дэлгүүрээс ундаагаа авчихаад гарч ирэхэд П.Л нь дэлгүүрийн урд шээгээд зогсож байсан. Нөхөр бид хоёр машиндаа суучихаад арагшаа ухраад урагшлах явцдаа машины урдаас холдохгүй болохоор нь манай нөхөр машинаа сигналдсан юм. Тэр үед П.Л гэх залуу жолооч талын хаалган дээр ирж зогсоод хаалганы шилийг гараараа цохисон, тэр үед юу болов оо гээд манай нөхөр машиныхаа шилийг буулгахад, манай нөхрийг шууд гараа оруулж цохисон юм. Тэр үед машины зүүн талд Сүмбэр гэх залуу нь хөл дайрчихлаа ш дээ гээд орилоод байсан. Тухайн үед манай нөхөр бид хоёр машинаасаа буугаад яасан юу болсон бэ гэж асуухад, Сүмбэр гэх залуу шууд бид 2 луу чулуу аваад шидсэн, мөн урд гупер, зүүн талын крилан хэсэг газар луу гараараа болон хөлөөрөө мөн чулуугаар машины эд анги чулуудсан юм. Тэр үед уг залуугийн хамт явсан эрүүл хоёр найз нь эвээр энэ асуудлыг шийдье гэж хэлээд манай нөхөр бид хоёрыг дэлгүүрлүү аваад орсон юм. Харин тэр хойгуур П.Л болон Батсүмбэр нар нь машин аваад зугтаасан. Дэлгүүр ороод гараад ирэхэд дэлгүүрийн гадна байсан, байхгүй нэг харсан төв замаар доошоо 7 буудал чиглээд явж байсан. Тухайн үед хамт явж байсан хоёр найзынх нь машинд суугаад араас нь яваад, дамбын замын цагдаагийн постны наана эргээд зогссон байсан. Тэр үед П.Л нь жолооч талын суудлаас буусан, Батсүмбэр гэх залуу нь жолоочын эсрэг талын суудлаас бууж ирсэн. Тэгээд буцаад дэлгүүрийн гадна машинтайгаа явж ирэхэд, П.Л нь “машин руу чинь шээж чадна ш дээ” гэж хэлээд жолоочын эсрэг талын урд хойд хаалганы тэр хэсэг рүү шээсэн юм. Тэр үед бид нар цагдаа дуудсан байсан, цагдаагийн машин харчихаад тухайн хоёр залуу зугтаасан. Энэ үед манай аав Эрдэнэбаяр болон манай нөхөр Амаржаргалан нар тухайн залуугийн хойноос нь гүйж очоод барьж авсан юм...Сүмбэр гэх залуу нь машинд гэмтэл учруулсан, харин нөгөө залуу нь машин унаж зугтаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

Гэрч Ш.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр уг дэлгүүр дээрээ ажлаа хийгээд байж байхад манай дэлгүүрээр орж гараад явдаг зүм мэдэх Сүмбэр, түүний 3 найз залуу дэлгүүрээр орж гараад явж байсан юм. Тэр залуусыг дэлгүүрээс гараад явсан хойно нүдний шил зүүсэн залуу өөрийнхөө найз эмэгтэйгийн хамт орж ирсэн. Тэр үед хамт явсан эмэгтэй нь уурлаж орж ирсэн. Цуг явсан залуу нь  яав гэж асуухад “энэ хэдэх юм солиороод” гээд хэлэх шиг болсон юм.Тэгээд манай дэлгүүрээс худалдан авалт хийгээд эрэгтэй, эмэгтэй хоёр дэлгүүрээс гарч явсан. Тэр залуучуудыг гарч явсны дараа дэлгүүрийн гадна шуугилдаад эхэлсэн, тэгэхээр би дэлгүүрээс гараад харахад эрэгтэй, эмэгтэй хоёр нь машиндаа сууж байсан, харин нэг залуу нь уг машины буруу талд хөл дайрчихлаа гээд сууж байсан юм. Харин хамт явсан залуучууд нь чи хүний хөл дайрчихлаа ш дээ гэж байсан.(машины жолооч залууг) Харин жолооч нь нэг залууг чамайг шээж байхаар нь хажуугаар нь гарахдаа мөргөчихлөө ш дээ гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд бие биенрүүгээ дайраад байсан. Харин зодолдож сүйд болсон зүйл нээх болоогүй. Сүмбэр нартай хамт явсан 2 залуу нь салгаж, зодолдуулаагүй. Хоёр биенээ элдэв янзаар хэл амаар доромжилсон. Харин машинтай явж байсан залуу утас байхгүй байна. Цагдаа дуудах гэсэн юм гэж ярихаар нь би утсаа өгөөд цагдаад дуудлага өгсөн юм. Дэлгүүрийн гадаа маргалдаж муудалцаад яах вэ гээд Сүмбэр нартай явсан эрүүл хоёр залуу нь хэрэлдэж муудалцалгүй салъя гээд машинын жолооч эрэгтэй, эмэгтэй хоёрыг дагуулаад дэлгүүрлүү ороод ирсэн. Харин тэгсэн чинь дэлгүүр дотроос жолооч нь билүү аль нэг нь машин аваад явчихлаа гэж хэлсэн.Тэр үед би дэлгүүрээс гараад харахад машин явчихсан байсан. Тэгээд араас нь эрүүл хоёр залуугийн машинтай араас нь яваад эргээд үрээд ирсэн. Жолооч залуу хэлэхдээ постны наана очоод унтраад зогссон байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд, тухайн хүмүүсийн ар гэрийнхэн ирээд тарж явцгаасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

Гэрч Б.Эрдэнэдалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад манай найз Сүмбэр, П.Л манай гэрийн гадаа ирээд намайг авсан, замдаа найз Тэлмэнг аваад тэндээс 5 буудал орж караоке орж тэндээ дуулж байгаад нэг шил архи ууцгаасан. Караокед дуу дуулж байгаад Тэлмэн, Сүмбэр, П.Л бид дөрөв 5 буудлаас такси бариад постны арын шар дэлгүүр байж байхад П.Л дэлгүүр орсон, Сүмбэр миний утсыг аваад хүнтэй утсаар ярьж байсан. Харин би Тэлмэнтэй юм яриад зогсож байсан.Тэр үед дэлгүүрийн гадаа зогсож байсан хар өнгийн машинд нэг эрэгтэй, эмэгтэй хүн суугаад хөдлөх үед “манай найз Сүмбэрийн хөлөн дээгүүр гарчихлаа гэж хэлээд Сүмбэр хашхирсан, очоод харахад гутлан дээр машины дугуйны хээ байсан.Тэр үед Сүмбэр гэх залуу машин руу өшиглөсөн, тэр үед П.Л жолооны хүрдэн дээр очоод жолооч залуутай хэрэлдээд байх шиг байсан.Тэгээд ххорондоо маргалдаж муудалцаад, бие биенрүүгээ чулуу шидэлцээд байсан, харин тэр үед Тэлмэн бид хоёр салгах гэж оролдоод машины жолооч дэлгүүрлүү дагуулж орсон, харин жолооч залуу найз бүсгүйн хамтаар дэлгүүрлүү Тэлмэн бид 2-ыг дагаад орсон. Харин 1 минут орчим хүрээгүй хугацаанд дэлгүүрээс гараад ирэхэд нөгөө залуугийн машин байсан газраа байхгүй байсан. Тэгээд дэлгүүр орчихоод гараад ирэхэд төв зам ирчихсэн, Сүмбэрийн суулгаад хөдөлж байсан. Харин тэр үед хэргийн хохирогч, найз бүсгүйн хамтаар дэлгүүрээс гарч ирэхэд, машин төв зам дагаад 7 буудал тал руу чиглээд явсан юм. Тэгээд би Тэлмэнгийн хамт машинд нь суугаад хохирогч эрэгтэй, эмэгтэй хоёрыг суулгаад машины араас нь явж байхад 200-300 метрийн орчим газар явж байгаад постын хойд талд төв зам дагуу хойд зүгт эргэж хараад зогссон байсан. Тэр үед машин дээр очиход жолооны хүрдэн дээр П.Л сууж байсан, би машинаас буулгаад, нэг алгадаад хойшоо явж бай гэж хэлсэн юм. Тэгээд хохирогч залууд машиныг нь хүлээлгэж өгсөн юм. Дэлгүүрийн тэнд очоод зогсож байгаад П.Л нарыг тэр эрэгтэй, эмэгтй хоёроос уучлалт гуй гэж хэлээд, уучлулт гуйх гээд очиход жолооч залуу, та хоёрын амьнаас миний машин үнэтэй шүү гэж хэлээд, үгээр идэж байгаад хэрэлдэж байхад, хохирогч залуугийн ар гэрээс нь хүмүүс ирчихсэн байсан. Тэр үед цагдаа нар ирж байх үед П.Л, Сүмбэр жалгаруу зугтаасаг, тэгснээ эргээд гарж ирсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 37-р хуудас/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 32-р хуудас/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан:

Шүүгдэгч  П.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 69-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч П.Лнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 26–ны шөнийн 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Хишиг” хүнсний дэлгүүрийн гаднаас хохирогч Б.Амаржаргалын эзэмшлийн 82-69 УНС улсын дугаартай Д.Эрдэнэбаярын өмчлөлийн Тоёота Королла Фиелдер маркийн автомашиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгт  шинжлэн судлагдсан хохирогч Б.Амаржаргалын мэдүүлэг, гэрч Э.Ундармаагийн мэдүүлэг, гэрч Ш.Алтантуяагийн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэдалайгийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Л нь прокуророос түүнд холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч П.Лийн хохирогч Б.Амаржаргалын эзэмшлийн автомашиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр өөрөөр хэлбэл хөл дайх, унаж тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшсэн байхыг хэлнэ. Машинд орж сууж хөдөлгөсөн бол гэмт хэрэг бүрдэл төгсөнө. Шүүгдэгч П.Л нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, санаатайгаар, шунахайрах зорилгогүйгээр буюу тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулж өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгогүйгээр хөл дайх, унах гэсэн зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Хишиг” хүнсний дэлгүүрийн гаднаас иргэн Д.Эрдэнэбаярын өмчлөлийн, Б.Амаржаргалын эзэмшлийн 82-69 УНС улсын дугаартай Тоёота Королла Фиелдер маркийн автомашиныг  өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй машинд орж суун хөдөлгөж авч гарснаар гэмт хэрэг төгссөн байна. Энэхүү гэмт хэрэг нь үйлдэл хийснээр бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч П.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч П.Лнь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч П.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

   Шүүгдэгч П.Лгэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна. Тэрбээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч ял тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч хохирогч Б.Амаржаргалын өмчлөх эрхэд халдаж, түүний эзэмшилд байсан автомашиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь халдлагын зүйлийг сонгон авсан, үйлдлийн арга, гэмт хэрэг үйлдэх зорилго зэргийг урьдчилан тодорхойлж, гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө үүссэн шинжтэй байх тул тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд  П.Лийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Лнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болно. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч П.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д 320 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан 320 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялыг  өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан  нийтэд  тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Лид сануулсугай.

5.Шүүгдэгч П.Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Л-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР