Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 640

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Нямсүрэн,

Улсын яллагч: Г.Анармөнх,

Хохирогч: Ж.Ганзориг,

Шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д -д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Мон хатан хаус” ХХК-д мужаан ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт,  урьд ял шийтгэлгүй, Ц.Д

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ка” рестораны гадна иргэн Д.Балжиннямыг “агсам тавьлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар эрүүн тус газарт нь гараараа цохиж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Балжинням мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 24-ны 22:00 цагийн үед ажлаасаа тарчихаад ажлын Эрхмээ, Доржчулуун, Золоо, Далай, Ганаа эгч нарын хамт Чингэлтэй дүүрэгт байрлах “Ка” рестораны караокед орцгоогоод 2 шил 750 граммтай соёрхол архи, ундаа, ус пиво захиалаад дуулж хуурдаад суусан. Орой 00 цагийн үед Эрхэмээ ахтай юм яриад сууж байхдаа ууж байсан пивоо бакалтай нь санаандагүй газар унагаад хагалчихсан чинь чи яагаад байгаа юм бэ, ахын дүү гээд уурлаад босоод ирсэн. Энэ үед Ц.Д хажуунаас босч ирээд Эрхэмээ ахыг боль боль гээд цааш нь түлхээд намайг аваад гадаа гарсан. Тэгснээ над руу ахын дүү чи ингэж болохгүй боль гээд байхаар нь би санаандгүй унагаагаад хагалчихлаа шүү дээ гэтэл зүүн эрүү рүү эхлээд нэг удаа цохьсон. Тэгээд юм яриад байж байтал манай ажлынхан дотор тооцоогоо төлөөд бүгдээрээ гараад ирсэн. Тэгтэл Ц.Д над руу хэл амаар доромжлоод дайрахад Ганаа эгч дундуур орж ирээд хориглосон. Мөн манай ажлын нэг ах намайг цааш нь түлхээд явж байхад Ц.Д хажуунаас Ганаа эгчийг түлхээд явж байхад Ц.Д хажуунаас Ганаа эгчийг түлхээд намайг шууд дахиад эрүү рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цаашаа явж байгаад автобусны буудал дээр хэсэг сууж байгаад такси бариад гэртээ харьсан. ...тэр өдрөөс хойш шүд, буйл хавдчихлаа гэж бодоод тоолгүй явж байгаад нэг л биш болохоор нь шүдний эмнэлэгт очиж зураг авахуулсан чинь зүүн эрүү чинь хугарсан байна нэгдүгээр эмнэлэгт очиж мэс заслын эмчтэй хурдан уулз гэсэн ...би зүгээр байж байгаад эрүүгээ хугалуулсан даа гомдолтой байна“

“надад одоогоор 1.787.060 төгрөгийн хохирол учраад байна. Би Ц.Дд цохиулснаас болж эрүүний хагалгаанд орсон. Эмчилгээний баримтаа гаргаж өгсөн байгаа. Би эрүүний хагалгаанд орохын тулд доод үүдэн шүдний хажуудах зүүн талын 2 шүдээ авахуулсан. Цаашид авагддаггүй имплант шүд хийлгэмээр байна. Нэг имплант шүд хийлгэхэд 1 сая төгрөг, 2 шүд хийлгэхэд 2 сая төгрөг хэрэгтэй гэсэн учраас цаашид гарах шүдний эмчилгээний мөнгөө нэхэмжилж авмаар байна. Надад Ц.Д эмчилгээний 1.400.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хууудас, 10-р хуудас/

Гэрч С.Эрхэмбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “би тэр өдөр 2019 оны 5 дугаар сарын 24-ны шөнө 22:00 цагийн үед ажлаа тараад бид нар Чингэлтэй дүүргийн хажуудах “Ка” нэртэй караокед орцгоосон дандаа манай ажлынхан байж байсан Д.Балжинням, Ц.Д, Золжаргал, Гүндалай, Түвшинбаяр, Гантөмөр эгч бид нар долуулаа байсан тэгээд тэндээ хоёр шил архи ундаа зэрэг аваад дуулцгаасан тэр үед Д.Балжинням нь жаахан согтуурхаад баарны аяга хагалсан, дуу дуулдаг микнийх нь утсыг салгачихсан. Тэгээд бид нар түүнийг боль гэж хэлээд манай ажлын Түвшинбаяр түүнийг өрөөнөөс аваад гарсан тэгээд бид нар бүгдээрээ  тараад явах гээд ар араасаа гарч ирцгээсэн тэгээд тэндээсээ салаад гэр гэртээ харьцгаасан ...2 хоногийн дараагаар нь Д.Балжиннямын гэрт нь Гантөмөр эгч бид хоёр жолооч Батцэцэгийн хамтаар очиход эрүү нь хавдчихсан та нар нэийг хар л даа гээд байсан тэгээд таниас болоод агсараад байхаар чинь Ц.Д намайг цохиж авсан тэгээд миний бие одоо гэмтсэн байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн №803 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Д.Балжиннямын биед эрүү ясны хоёролсон далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/

Яллагдагч  Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Тухайн өдөр Д.Балжинням нь ямар нэгэн шалтгаангүйгээр агсам тавиад байсан. Тэгээд би түүнд ахын дүү ингэж болохгүй гэтэл Өөдөөс бас л агсараад байсан. Тэгээхээр нь түүний эрүү орчим гараараа нэг удаа цохисон. Түүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хүнээс мөнгө зээлж Балжиннямын эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/

Хохирогч Д.Балжиннямын эмчилгээ хийлгэсэн баримтууд /хавтаст хэргийн 27-32-р хуудас/

Шүүгдэгч Ц.Ды иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 37-р хуудас/

Шүүгдэгч Ц.Ды Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 36-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ка” рестораны гадна иргэн Д.Балжиннямтай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний эрүүн тус газарт нь цохиж эрүү ясны хоёролсон далд хугарал бүхий бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Балжинням, гэрч С.Эрхэмбаатар нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн №803 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, шүүгдэгч Ц.Ды мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Балжиннямыг агсам тавьлаа гэх шалтгаанаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдсан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Ц.Ды үйлдлийн улмаас хохирогч Д.Балжиннямын биед эрүү ясны хоёролсон далд хугарал бүхий бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан шууд шалтгаант холбоотой байна.

Прокуророос Ц.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Балжинням мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой 1.787.060 төгрөгийн баримт гаргаж ирүүлсэн, цаашид хийгдэх эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Ц.Д нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол, төлбөрт 1.400.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед, 387.000 төгрөгийг шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлж барагдуулсан байна.  Хохирогч Д.Балжинням нь цаашид хийлгэх эмчилгээний зардалыг Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Днь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй  байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Д -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч .Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч .Ц.Дд сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Днь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Балжинням нь цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР