Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 666

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А -д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч,  2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 03-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа трос зардаг гэх, ам бүл 2, эгчийн хамт, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 201 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Ад оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялаас 3 жилийг хасч эдлэх ялыг 2 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосон, Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 55 тоот захирамжаар  эдлээгүй үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 65 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 2019/ХМШЗ/13 тоот захирамжаар ялтан Н.А- ийн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын эдлээгүй үлдсэн 250.000 төгрөгийн ялыг 16 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж биечлэн эдэлсэн, Н.А

Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч Н.А нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 45 дугаар байрны 00 тоотод Б.Ариунсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, гараараа зодож Б.Ариунсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Б.Ариунсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”Би Н.А гэх хүнийг 2018 оны 6 дугаар сарын сүүлээр найзынхаа найзаар дамжуулж танилцаж байсан. Тэр өдрөөс хойш хэд хэдэн удаа уулздаг учирдаг байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн ээж, дүү нарын амьдардаг гэр болох Баянгол дүүргийн Их Наранд Н.А тэй хамт амьдрах болсон. Тэнд хамтран амьдарч байх хугацаанд намайг хардсаны улмаас 2 удаа зодож байсан. ...”2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 45, 47 дугаар байрны жижүүрийн ажил хийгээд 00 тоотод амьдрах болсон. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ангийнхантайгаа уулзсан гэж хардаж зодсон”. ...Тухайн үед толгойны зүүн хэсэг хавдсан, нүүр хавдсан, цээж, 2 гарын бугалга хавдсан байсан”

“...миний биед учирсан гэмтлийг Н.А намайг ангийнхаа уулзалтанд явчихаад ирэхэд хаа хамаагүй хүмүүстэй хардаж зодсон. Тухайн үед Н.А согтуу байсан. Намайг гараа атгаж байгаад биеийн энд тэндгүй цохисон ...Би Н.Асайн дурын үндсэн дээр эвлэрсэн, бидний харьцаа хэвийн сайн байгаа надаас уучлалт гуйсан. Би түүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн 11-12, 13-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн №6192 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Ариунсайханын биед тархи доргилт, зүүн зовхи, цээж, хоёр бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 21-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн №760 дугаартай дүгнэлтэнд: “1. Нэмэлтээр ирүүлсэн материалд шинээр гэмтлийн өөрчлөлт тогтоогдсонгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй 2. Б.Ариунсайханы биед тархи доргилт, зүүн зовхи, цээж, хоёр бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2019 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 21-р хуудас/

Шүүгдэгч Н.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 48, 49-р хуудас/

Шүүгдэгч Н.А Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  / хавтаст хэргийн 44-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 45 дугаар байрны 00 тоотод Б.Ариунсайханыг бусадтай хардсаны улмаас маргалдан гараараа зодож, цохиж  Б.Ариунсайханы биед тархи доргилт, зүүн зовхи, цээж, хоёр бугалга, тохойд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Ариунсайханы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №6192 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №760 дугаартай дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Н.А нь өөрийн холбогдсон хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос шүүгдэгч Н.А үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ариунсайхан нь  гомдол саналгүй, хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.А үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Н.А -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР