Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 656

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Ж.Энхжаргал /томилолтоор/,

Хохирогч: Ж.Пунсалдулам,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.Ууганхүү,

Шүүгдэгч: Л.О, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О -д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, Үндэсний тагнуулын академид гэрээт үйлчлэгч ажил эрхэлдэг, ам бүл-6, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт,  урьд ял шийтгэлгүй, Л.О

Холбогдсон хэргийн талаар:

Л.О нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, шинэ эцсийн замд өөрийн эзэмшлийн “Ниссан Нөте” маркийн 14-22 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 53 настай эмэгтэй Ж.Пунсалдулам, явган зорчигч 30 настай эрэгтэй Г.Бат-Өлзий, явган зорчигч 9 настай эмэгтэй У.Наранцэцэгөж, Ж.Пунсалдулам нарыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би дэлгүүр орж талх авч гарч ирээд машинтайгаа зогсоолоос хөдлөхдөө зүүн талаас машин байгаа эсэхийг харсан. Энэ үедээ урдуур явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч нарыг санамсаргүй байдлаар мөргөсөн. Би осол гарсан даруйд түргэн тусламж, цагдаагийн байгууллагад хандсан” гэв.

Хохирогч Ж.Пунсалдулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би ач охин У.Наранцэцэгтэйгээ хамт зам хөндлөн гарах гэж байгаад зам тээврийн осолд орсон. Миний аарцагны яс гэмтсэн байна гээд хэвтрийн дэглэм барь гэсэн. Би хувийн эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчлүүлэхдээ дусал, эм тариа хийлгэж байсан. Одоо би таяг тулж байгаа, нөхөн сэргээх эмчилгээ, зүүний эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай талаар эмч хэлсэн. Би хувийн эмнэлэгт 660.000 төгрөгийн зардлаар хэвтэн эмчлүүлсэн. Эмч тарианы зардалд 1.200.000 төгрөг нэхэмжилсэн төлбөрийг төлсөн. Л.О гар утсаар холбогдох гэхээр гар утсаа авдаггүй. Миний бие ямар байгаа талаар асууж, тодруулсан зүйл байхгүй. Би гомдолтой байгаа” гэв.

Насанд хүрээгүй хохирогч У.Наранцэцэгийн хууль ёсны төлөөлөгч П.Ууганхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би У.Наранцэцэгийн аав нь байгаа юм. Манай хүүхэд эмээтэйгээ хамт амьдарч сургуульд сурдаг. Би энэ ослоос болж хүүхдээ асрах шаардлагатай болж маллаж байсан малаа айлд харуулахаар үлдээгээд ирсэн. Баримтаар нэхэмжилсэн зардлууд төлөгдсөн байгаа. Би энэ хэргээс болж Улаанбаатар хотод байх хугацаандаа 750.000 төгрөгөөр 3 сар малчин хөлсөлж айлд малаа үлдээсэн. Энэ зардлаа нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ж.Пунсалдулам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр орой 20 цагийн үед би нөхөр н.Батмөнхийн машинтай ач охин У.Наранцэцэгийн хамт 100 айл орох санаатай явж байгаад замдаа зогсоод телевизийн шинэ АТМ-ээс мөнгө авах гээд зам дээр ач охин У.Наранцэцэгийн хамт буугаад телевизийн шинэ эцсийн явган хүний гарцаар баруунаас зүүн тийш чиглэлтэй бас нэг үл таних залуугийн хамт зам хөндлөн гарч явтал нэг цэнхэр өнгийн суудлын машин 1 дүгээр эгнээгээр шууд орж ирээд бид гурвыг мөргөсөн. Миний ач охин хөл гээд уйлж байсан. Тэгээд түргэн тусламж удалгүй ирээд бид гурвыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...Баруун умдаг ясны дээд салааны зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаа өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргисон байсан ...Жолооч эмнэлэгийн төлбөрт 1.260.000 төгрөг төлсөн байгаа. Би өөрөө 300.000 орчим төгрөгөөр эм тариа авсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч У.Наранцэцэгийн хууль ёсны төлөөлөгч П.Ууганхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...баруун хөлийн шилбэний шаант ясны хоёролсон далд хугаралтай байна гэсэн өөр гэмтэл байхгүй. Одоо хөлөө гибсдүүлээд таягтай явж байгаа. ...25.000 төгрөгөөр таяг авсан, 80.000 төгрөгөөр гибс тавиулсан, 3250 төгрөгөөр эм авсан ...жолооч хүүхдийг хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан ор хоногийн мөнгө 600.000 төгрөг өгсөн. Мөн жолооч бэлнээр 250.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч У.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би эмээ Ж.Пунсалдуламын хамт явган хүний гарцаар цагаан зураасаар хөтлөлцөөд зам хөндлөн гараад явж байтал нэг машин орж ирээд эмээ бид хоёрыг мөргөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/

Гэрч Г.Бат-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20 цаг 00 минутын үед би телевизийн шинэ эцсийн буудлын баруун талаас зүүн тийш зам хөндлөн гарах гээд явган гарцаар баруунаас зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гараад явж байсан ба миний баруун урд нэг хүүхэд хөтөлсөн эмэгтэй хүн зам хөндлөн гараад явж байсан. Тэгтэл телевизийн эцсийн зогсоол дээрээс 14-22 УНТ улсын дугаартай Ниссан Нөте маркийн автомашин гарч ирээд шууд хаазалж ирээд бид гурвыг мөргөөд зогссон. Би мөргүүлээд машины урд унасан. Тэгээд түргэн тусламж ирээд машин мөргүүлсэн эгчийг хүүхэдтэй нь аваад явсан ба би өөрөө гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №5294 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэд: 1. Ж.Пунсалдуламын биед баруун умдаг ясны дээд салааны зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаа өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №5295 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: 1. У.Наранцэцэгийн биед баруун хөлийн шилбэний шаант ясны хоёролсон далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №5275 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: 1. Г.Бат-Өлзийн биед баруун хөлийн гуя, шилбэ, өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-р хуудас/

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №274 дугаар мөрдөгчийн магадлагаа:  “1. Явган зорчигч 53 настай эмэгтэй Ж.Пунсалдулам, 9 настай эмэгтэй У.Наранцэцэг, 30 настай эрэгтэй Г.Бат-Өлзий нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Н.Нөте маркийн 14-22 УНТ дугаарын автомашины жолооч Л.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” /хавтаст хэргийн 70-р хуудас/

Хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-6-р хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 7-8-р хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-р хуудас/

Яллагдагч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн Ниссан нөте маркийн 14-22 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ямар нэгэн зорчигчгүй Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо телевизийн шинэ эцсийн буудлын зогсоол дээр зогсож дэлгүүрээс юм аваад буцаад машинаа жолоодоод зогсоолоос хөдлөөд төв зам руу орохдоо зүүн гар талаас машин байгаа эсэхийг хараад зам руу ороод ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан 3 хүнийг харалгүй мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-85-р хуудас/

Хохирогч Ж.Пунсалдулам, У.Наранцэцэг нарын эмчилгээ хийлгэсэн баримтууд /хавтаст хэргийн 28-34, 37-р хуудас/

Яллагдагч Л.О-с хохирогч нарын эмчилгээнд зарцуулсан хохирлын тооцоо /хавтаст хэргийн 96-99-р хуудас/

Шүүгдэгч Л.О жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 88-р хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 87-р хуудас/

Шүүгдэгч Л.О иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 90-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1249 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 94-р хуудас/

Шүүгдэгч Л.О Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 86-р хуудас/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.О нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр зурагтын шинэ эцсийн замд өөрийн өмчлөлийн “Ниссан нөте” маркийн 14-22 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ  Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явганаар замын хөдөлгөөнд оролцож, зам хөндлөн гарч байсан явган зорчигч 53 настай эмэгтэй Ж.Пунсалдулам, явган зорчигч 30 настай эрэгтэй Г.Бат-Өлзий, явган зорчигч 9 настай эмэгтэй У.Наранцэцэг нарыг мөргөж, Ж.Пунсалдуламын биед баруун умдаг ясны дээд салааны зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаа өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, У.Наранцэцэгийн биед баруун хөлийн шилбэний шаант ясны хоёрлосон далд зөрөөтэй хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ж.Пунсалдулам, насанд хүрээгүй хохирогч У.Наранцэцэгийн хууль ёсны төлөөлөгч П.Ууганхүү, гэрч Г.Бат-Өлзий, яллагдагч Л.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №5294 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №5295 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №274 дугаар мөрдөгчийн магадлагаа, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.О нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн асуудлаар маргаагүй байна.

            Шүүгдэгч Л.О нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ж.Пунсалдулам, насанд хүрээгүй хохирогч У.Наранцэцэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Л.О үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтанд “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ. Шүүгдэгч Л.О нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд  “Ниссан нөте” маркийн 14-22 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул жолооч мөн байна.

Прокуророос Л.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Пунсалдулам нь 1.283.850 төгрөгийн эрүүл мэндэд учирсан гэм хор, эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан, насанд хүрээгүй хохирогч У.Наранцэцэг нь эрүүл мэндэд учирсан гэм хор, эмчилгээний зардалтай холбоотой 735.000 төгрөгийн баримтыг гаргаж ирүүлсэн байна. Шүүгдэгч Л.О нь хавтаст хэрэгт авагдсан эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой  хохирлыг төлж барагдуулсан байна.

Хохирогч Ж.Пунсалдулам, насанд хүрээгүй хохирогч У.Наранцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч П.Ууганхүү нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Л.О нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хадгалж, хураагдаж  ирсэн Л.О В ангиллын 826491 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.О буцаан олгохоор шийдвэрлэж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй  байна.

Шүүхээс шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Л.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ялаар оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Л.О сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хадгалж, хураагдаж ирсэн шүүгдэгч Л.О В ангиллын 826491 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.О нь гэмт хэргий улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ж.Пунсалдулам, насанд хүрээгүй хохирогч У.Наранцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч П.Ууганхүү нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.О урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР