Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 673

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: Ц.Батбямба

Шүүгдэгч: Р.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Р.Д -д  холбогдох эрүүгийн эрүүгийн хэргийг  2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 18-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгч, угсрагч мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 199 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж ялыг тус тус багтааж биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 252 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас 1 жил 7 сар 21 хоногийн ялыг тэнсэн сулласан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.4, 126.2.6 дахь заалтанд зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж ялуудыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 97 тоот захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 7 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан, Р.Д

Холбогдсон хэргийн талаар:

Р.Д нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 28 дугаар гудамжны 290 тоотоос иргэн Д.Баяртогтохын эзэмшлийн Соната 6 маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт найз Мөнхсүх, бид хоёр байж байсан чинь гаднаас Өмнөговь аймагт хамт ажиллаж байсан Р.Д нэг шил архи барьж орж ирж бид гурав архийг хувааж ууж байсан юм. Тухайн өдөр би ажилтай хоноод буусан болохоор унтаад өгсөн. Харин манай найз Мөнхсүх Р.Д хоёр хамт архи уугаад үлдсэн. Гэтэл Мөнхсүх намайг дуудаж сэрээгээд Р.Д машиныг чинь аваад яваад өглөө гэж хэлсэн юм. Тэр үед би гарч ирсэн чинь манай хашаанд байсан миний эзэмшлийн 99-38 УНӨ улсын дугаартай Соната-6 маркын саарал өнгийн тээврийн хэрэгслийг Р.Д унаад яваад өгсөн байсан юм. ...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байх над руу 89942221 дугаарын утсаар нэг эрэгтэй хүн залгаж 99-38 УНӨ улсын дугаартай машины жолооч Баяртогтох гэж хүн мөн үү гэж асуусан. Би мөн байна гэж хэлсэн чинь таны машиныг барьж явсан хүн миний машиныг мөргөөд цагдаа дуудаад яах юм тохиролцъё гэж хэлээд надад бичиг баримтыг чинь өгөөд явсан чинь одоо болтол байхгүй болсон тэр хүнээ олж ирээд бичиг баримтаа аваарай гэж хэлсэн юм. Тухайн үед Р.Д-тай утсаар ярих гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Р.Д над руу утсаар залгаж машиныг чинь офицерийн автобусны буудал дээр үлдээсэн байгаа очиж аваарай гэж хэлсэн юм. Тэгээд би очиж машинаа авах гэсэн чинь Р.Д миний машинтай офицерийн буудал дээр байж байгаад миний машиныг хүлээлгэж өгөөд яваад өгсөн. ...миний машины арын гупер хагарсан, мөн 4 хаалга зурсаныг засварын газраас асуусан чинь нийлээд 80.000 төгрөгөөр засна гэж байсан”

 “Р.Д бид хоёр уулзаж бид хоёр ярилцаж тохиролцож Р.Д надад хохирлын үнэлгээний дагуу дагуу 433.000 төгрөг өгсөн байгаа”гэх мэдүүлэг  /хавтас хэргийн 18-19, 21-р хуудас/

Гэрч Э.Мөнхсүх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз болох Баяртогтохын гэрт очсон юм. Тухайн үед Баяртогтохын гэрт Самбуу гэх залуу байсан бөгөөд Баяртогтох орон дээр хэвтсэн Самбуу архи уугаад сууж байхаар нь Самбуу бид хоёр тэр архийг нь хувааж уугаад дахин нэг шил архи авч хувааж ууж байгаад Самбуу гэрээс гарч яваад Баяртогтохын хашаанд байсан машиныг унаад хашаанаас нь гараад явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/

Гэрч Д.Мэнд-Амар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын дундуур байх сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Цайз зах” автобусны буудал өнгөрөөд зогсож байхад 99-37 УНӨ улсын дугаартай Соната – 6 маркын саарал өнгөтэй машин ухарч ирээд миний 82-19 УНО улсын дугаартай машины урд талын гупер, зүүн талын их гэрэл хагарч эвдэрсэн. Тэгээд машин дотроос нэг ах бууж ирээд намайг уучлаарай ах нь маргааш зах онгойхоор эвдэрсэн эд зүйлийг чинь аваад өгье цагдаа дуудуул ах нь бас торгуулна энэ манай найзын машин байгаа юм гэсэн. Тэгээд жолооны үнэмлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ хоёрыг үлдээгээд маргааш уулзъя гээд явсан”

“би тохироод хохирол болох 200.000 төгрөгөө бүрэн авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 29-30-р хуудас/

 “Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №ЧД2-19-417 тайлан  /хавтаст хэргийн 31-32-р хуудас/

Яллагдагч Р.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 рны 12 дугаар сарын 05-ны үед байх яг он сар өдрийг нь сайн санахгүй байна. Өмнөговь аймагт хамт ажил хийж байсан Баяртогтох гэх найзын гэрт очсон юм. Тухайн үед тэдний гэрт Баяртогтох, нэг найзын хамт архи ууж байсан юм. Би тэдний гэрт орж сууж байгаад машиныг нь унаад гарч явсан юм. Тухайн үед Баяртогтох миний араас утсаар залгаж машины дугаар явахгүй өдөр хаачих гэж байгаа юм бэ гэж асууж байсан юм. Харин би 7 буудал орж таксинд явж байгаад ирье гэж хэлээд явсан юм. Тэгээд тэр өдөр нь таксинд явж байгаад орой 22 цагийн орчим Цайз захын автобусны буудал дээр зогсож байгаад ард хүн гар өргөх үед нь авах гэж ухарсан чинь арын машиныг хараагүй мөргөсөн юм.  Тэгээд тэр машины жолоочтой уулзаж ярилцаж тохиролцож маргааш машины чинь хохирлыг нь барагдуулж өгье гэж ярилцаж салсан юм. ...Баяртогтохтой уулзаж хохирлын үнэлгээний дагуу 433.000 төгрөг гаргаж өгсөн ...Би урьд нь Баяртогтохтой тохиролцож машиныг 2-3 удаа унаж таксинд явж байсан юм. Тэр өдөр харин Баяртогтохын зөвшөөрөлгүй унаад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  37-38-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Р.Дгийн хүсэлт /хавтаст хэргийн 111-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Д.Баяртогтохын хүсэлт /хавтаст хэргийн 112-р хуудас/

Шүүгдэгч .Р.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 42-р хуудас/

Яллагдагч Р.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 56-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Д нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 28 дугаар гудамжны 290 тоотоос иргэн Д.Баяртогтохын эзэмшлийн 99-38 УНӨ улсын дугаартай Соната 6 маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явж авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Баяртогтох, гэрч Э.Мөнхсүх, Д.Мэнд-Амар, мөрдөн шалгах ажиллагааны үед  Р.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Днь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр өөрөөр хэлбэл хөл дайх, унаж тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшсэн байхыг хэлнэ. Машинд орж сууж хөдөлгөсөн бол гэмт хэрэг бүрдэл төгсөнө. Хохирогч Д.Баяртогтох, гэрч Э.Мөнхсүх нарын болоод өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн мэдүүлсэн Р.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргийг үнэлж, дүгнэхэд Р.Д нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, санаатайгаар, шунахайрах зорилгогүйгээр буюу тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулж өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бийй болгох зорилгогүйгээр хөл дайх, унах гэсэн зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн. Сурагчийн 28 дугаар гудамжны 290 тоотоос иргэн Д.Баяртогтохын эзэмшлийн 99-38 УНӨ улсын дугаартай Соната 6 маркын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй машинд орж суун хөдөлгөж авч гарснаар гэмт хэрэг төгссөн байна. Энэхүү гэмт хэрэг нь үйлдэл хийснээр бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.

Прокуророос Р.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Р.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Баяртогтох нь шүүгдэгч Р.Д-с үнэлгээний тайланд тусгагдсан буюу Д.Баяртогтохын эзэмшлийн 99-38 УНӨ улсын дугаартай Соната 6 маркын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болох 433.000 төгрөгийг хүлээж авсан, санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар  гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Р.Д нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэх талаар болон халдлагын зүйлийн талаар урьдаас төлөвлөн, үйлдлийн арга хэлбэрийг сонгон үйлдлээ хэрэгжүүлсэн шинжтэй байх тул тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буюу бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Р.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Р.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Р.Д -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Р.Дд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Р.Д-д сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР