Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1688

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2016/00438 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХ-нд холбогдох,

 

ХХХХ-ны 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 6350 дугаар захирамжаар ХХХХХөөс 4 151 475 төгрөг гаргуулан ХХХХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилж барьцаалсан эд хөрөнгийг хураан авна гэж заасныг зөрчиж ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо хилчин ХХ дугаар гудамж ХХ тоот 414 м.кв ХХХХХ нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ХХХХ-ийн өмчлөлийн газрыг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 цагт анхны дуудлага худалдаанд оруулах тухай ХХХХ-ны мэдэгдлийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гэтэл ХХХХХ 14 хоногт хариу өгөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Одоо надад нэг сарын хугацаа хэрэгтэй байна. Би төлбөрөө 1 сарын дотор төлчихнө. Иймд ХХХХ-ны 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 6350 дугаар захирамжаар ХХХХХөөс 4 151 475 төгрөг гаргуулан ХХХХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 16270308 дугаар тогтоолоор үүсгэн төлбөр төлөгч ХХХХХ-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хугацаатай мэдэгдлийг 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч мэдэгдлийг биелүүлээгүй, төлбөрийг барагдуулаагүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч ХХХХ-ийн өмчлөлд бүртгэлтэй ХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо хилчин ХХ дугаар гудамж ХХ тоот 414м.кв ХХХХХХХХ нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 170/08 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн хадгалалтыг өөрт нь хариуцуулан төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн дотор барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч биелүүлээгүй тул 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 170/05 дугаар хураах тогтоолоор барьцааны эд хөрөнгийг хураан хадгалалтыг мөн өөрт нь хариуцуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нар 20 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлсэн. Дээрх үнэлгээг төлбөр төлөгч ХХХХХөд 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3/6332 дугаар албан бичгээр мэдэгдэж, талуудын харилцан тохиролцож тогтоосон 20 000 000 төгрөгийн 70 хувь буюу 14 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт дуудлага худалдаанд оруулаад санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 20 000 000 төгрөгийн 50 хувь болох 10 000 000 төгрөгөөр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгийг хураах ажиллагаа хийхгүйгээр албадан дуудлага худалдаанд оруулсан, хугацаа өгөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь заалтыг зөрчсөн гэсэн гомдол нь огт үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж төлбөр авагч талын эрх ашгийг хохироож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар ХХХХ-д холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 6350 дугаар захирамжийн дагуу явагдсан 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...ХХХХ-ны ахлах шийдвэр гүйцэтгэгчид эд хөрөнгийг хураах ажиллагаа хийхгүйгээр анхны албадан худалдаа зарласан нь хууль бус тул хүчингүй болгуулах гомдлыг гаргасан боловч ХХХХХ-наас гомдлын хариуг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан 14 хоногт өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж ХХХХ-ны 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 цагт анхны дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3\88 дугаар тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 цагт ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо хилчин ХХ дугаар гудамж ХХ тоот 414 м.кв ХХХХХХХ нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ХХХХ-ийн өмчлөлийн газрыг дуудлага худалдаанд оруулсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийг хураах ажиллагаа хийгээгүй байж, албадан дуудлага худалдаа зарлаж, дуудлага худалдаанд оруулсан гэсэн байхад шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйлээр дүгнэн шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт "...албадан дуудлага худалдааг битүүмжилж, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсны дараа явуулна..." гэж заасныг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 184\ШШ2016\00438 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч ХХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан ХХХХ-ны 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 6350 дугаар захирамжаар ХХХХХ нь ХХХХ-д 4 151 475 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн байна. /хэргийн 6 дугаар тал/

 

ХХХХХХ нэхэмжлэгчийн өмчлөлийн ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо хилчин ХХ дугаар гудамж ХХ тоот, 414 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр битүүмжилж, 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хураан авах ажиллагааг явуулж, газрын хадгалалтыг ХХХХХд хариуцуулжээ. /хх 7-8, 34 дүгээр тал/

 

ХХХХХ-наас 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрүүдэд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч ХХХХХд хуульд заасан журмын дагуу тогтоосон хугацаанд төлбөрөө төлж барагдуулахыг мэдэгдсэн байна. /хх 29, 31, 35, 40, 44 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч ХХХХХ нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ХХХХ-д өөрийн өмчлөлийн ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо хилчин ХХ дугаар гудамж ХХ тоот, 414 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн саналыг ирүүлжээ. /хх 36 дугаар тал/

 

ХХХХХ нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төлбөр төлөгч ХХХХХд түүний өмчлөлийн газрыг талуудын харилцан тохиролцсон үнэ болох 20 000 000 төгрөгөөс үнийн 70 хувь буюу 14 000 000 төгрөгөөр тооцож, анхны дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 9-10 дугаар тал/

Мөн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулаад санал ирээгүй байх тул 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төлбөр төлөгч ХХХХХд түүний өмчлөлийн газрыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХХ “...хариуцагч байгууллага эд хөрөнгө хураах ажиллагаа хийлгүйгээр албадан дуудлага худалдаа зарласан” гэсэн үндэслэлээр давж заалдсан боловч ХХХХХ нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 170/05 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураах ажиллагааг хийсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2016/00438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХХөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

             ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ                                                                                                                                          

                                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО