Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ХШТ/131

 

 

Х.У-т

холбогдох хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1847 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1181 дүгээр магадлалтай Х.У-т холбогдох эрүүгийн 2403006390301 дугаартай хэргийг хохирогч болон түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эх, хоёр дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, Баянбулагийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1736 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 1 сар 20 хоногоор тогтоож, уг ялыг хоёр дахин багасган 3 жил 6 сар 25 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, С овогт Х-ийн У (РД:**********).

 

Шүүгдэгч Х.У нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон зоорины автобусны буудлын орчим “Хьюндай соната” загварын 31-51*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 болон 10.4-т заасныг тус тус зөрчсөний улмаас “Тоёота приус” загварын 10-97*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Б-ын биед баруун шууны дунд хэсгийн зөөлөн эд, булчин ясны бүрэн бус тасрал буюу мэс заслын дараах байдлаар 1/3 хэсгийг тайруулсан хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 1847 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 2 жил 6 сар хорих ял шийтгэж, хохирох ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохоор тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Х.У-с 30.999.810 /гучин сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т, 4.885.265 /дөрвөн сая найман зуун наян таван мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох,

хохирогч Б.Б нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах бүх зардал болон тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчоос гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 1181 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй..." гэж,

5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Х.У-с 26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, Алтайн **-** тоотод оршин суух О овогт Б-ийн Б /РД:********/-т ...олгосугай..." гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Сүхээ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Х.У-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн 2 жил 6 сар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс 1 жил болгон хөнгөрүүлж хохиролд 10.000.000 төгрөг төлснийг “хохирлыг бүрэн барагдуулсан” гэж шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Б.Б нь бэлнээр 10.000.000 төгрөг хүлээн авсан байхад 31.000.000 төгрөг авсан мэтээр дүгнэж, мөн 10-97*** дугаартай автомашиныг 94 км/цагийн хурдтай явсан гэдгийг хэрхэн тогтоосон эсэх, хохирогчийн машинд бичлэг хийх төхөөрөмж байгаагүй, уг машиныг журмын хашаанд очсон цагаас хойш ямар ч хүн очоогүй, үзлэг хийгээгүй, хохирогч өөрийн тээврийн хэрэгсэлд байсан чипийг саяхан олсон байтал хохирогчид мэдэгдээгүй хэрхэн дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй. Мөн онхолдсон машиныг үнэлүүлээгүй, одоо болтол журмын хашаанд байж байна. Тэрээр 2.500.000 төгрөгөөр журмын хашаанаас тээврийн хэрэгслээ авахад эд ангийг нь тоночихсон байсан.

Банк бусаас тухайн тээврийн хэрэгслийн үнийг 30.000.000 тооцож одоо хохирогчоос нэхэмжилсээр байна. Давж заалдах шүүхэд миний бие хурал давхацсан үндэслэлээр хурал хойшлуулах хүсэлтийг өгсөөр байтал оролцуулалгүй, мөн хохирогчийг оролцуулалгүй шийдвэрлэсэн зэрэгт гомдол гаргаж байна.

Мөн нотолбол зохих зүйл нотлогдоогүй гэж үзэж байна. Тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын асуудлыг үндэслэлгүйгээр хамгийн бага хэмжээгээр тогтоосон. Хохирогч нь оршин суух хаяггүй, түүний эх саяхан нас барсан. Тэрээр энэ хэргийн улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Б хяналтын шатын шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Тухайн үед миний жолоодож явсан 10-97*** улсын улсын дугаартай автомашины үнэлгээг гаргуулаагүй, хохирол барагдуулаагүй. Би банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан, одоо журмын хашаанд эвдэрхий хэвтэж байна. Журмын хашаанаас машинаа аваад төлбөрөө төлье гэхэд миний машины эд ангийг тоночихсон байсан.

Мөрдөгч, прокурорууд хэргийг шалгахдаа тухайн үеийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, нотлох баримтыг зохиомлоор бүрдүүлсэн гэж үзэж байна. Жишээлбэл, намайг машин жолоодох үедээ 94 км/цаг хурдтай явсан гэж огт байгаагүй, зохиомол баримт бүрдүүлсэн байна. Учир нь миний машинд бичлэг хийгдсэн мемори карт байгаагүй юм. Мөн осол гарсан даруй ирсэн миний ах н.Д, дүү н.Н нараас мэдүүлэг аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа буруу явагдсан. Тухайлбал, миний машин камертай байсан. Би машин худалдаж аваад 7 хоногийн дараа осолд орсон. Энэ мемори картыг тээврийн хэрэгсэл авсан өдрөө авсан. Үүнийг мөрдөн байцаагчид хэлээд байхад авч хэлэлцээгүй. Уг баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах ёстой байсан. Намайг 94 км/цагийн хурдтай явсан гэдэг. Гэвч бодит байдалд би автобусны буудал дээр гар өргөөд зогсож байгаа охиныг авах гээд зогсох үед 3 дугаар эгнээнээс орж ирсэн машин намайг мөргөн осол гаргаж, гарыг минь тасалсан.

Ослын улмаас баруун гаргүй болсон хохирогч миний эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтсэн зардалд нийт 11.000.000 төгрөг гаргаж өгснийгөө “хохиролгүй” гэж үзсэнд гомдолтой. Миний баруун гар, сэтгэл санаа, эвдэрсэн автомашин нь ийм бага үнэлэгдэх учиргүй. Би нийт 90.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо 80.000.000 төгрөгийг Х.У-с гаргуулж өгнө үү.

Шүүгдэгч Х.У надаас уучлал гуйгаагүй. Эрдэнэт хүний гарыг тастчихаад нэг жил хорих ял шийтгүүлсэнд гомдолтой байна. Надад учирсан хохирлыг барагдуулаагүй атлаа төлж барагдуулсан мэтээр худал ярьсан. Надад хийгдсэн эмчилгээний зардлыг хасаж тооцсон. Давж заалдах шатны шүүх надад учирсан хохирлын дүнг мөн хассан. Гэтэл надад орон гэр байхгүй, банк бус санхүүгийн байгууллага мөнгөө нэхээд байгаа. Х.У нь хар тамхины хэргээр ял эдэлж байсан учир осол хийх үедээ хар тамхи хэрэглэсэн, мансуурсан байсан гэж үзэж байна. Х.У-ын машинд хамт явсан гурван залуугаас шинжилгээ авч тогтоогоогүйд гомдолтой байна.

Х.У нь авто замын гуравдугаар эгнээнд явж байхдаа нэгдүгээр эгнээнд яваа намайг яагаад мөргөж гэмтээсэн юм бэ, санаатай миний машиныг мөргөсөн байх магадлалтай. Машиндаа мансуурч, доргиж, цэнгэж явсан байна.

2025 оны 10 дугаар сарын 07-ны давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Б миний бие оролцох хүсэлтээ бичгээр гаргасан байхад оролцуулаагүй, мөн өмгөөлөгч Г.Сүхээг хуралд оролцуулж миний эрхийг хамгаалуулаагүйд гомдолтой. Би өмгөөлөгчийнхөө хүсэлтийг бариад шүүх хуралдааны танхимын гадна зогсож байсан. Шүүхийн ажилтанд “Өмгөөлөгч энийг өгсөн” гээд өгөх гэтэл намайг тоогоогүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй.

Иймд хохирогч Б.Б миний эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хохиролгүй болгож, уг хэргийг дахин шалгаж, үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсэж байна” гэв.

 

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.У нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, эгнээ байр эзлэхийн өмнө чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй зэргээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 10.4-т заасныг тус тус зөрчиж, Б.Б жолоочтой тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл онхолдож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хохирогч, түүний өмгөөлөгчийн “давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан байхад оролцуулаагүй” гэх агуулга бүхий гомдлын тухайд хэргийн материалтай танилцахад шүүх хуралдааны товыг хохирогч, түүний өмгөөлөгчид мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдэгдэн хэрэгт хавсаргагдсан, давж заалдах гомдолд шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар дурдаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, хуралдааныг хойшлуулах талаар тусдаа хүсэлт гаргасан баримт хавсаргагдаагүй байна. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд саад болох үндэслэл байхгүй буюу оролцогчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах тохиолдол биш байсан гэж үзэхээр байна.

Хохирогчийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгээгүй гэх асуудлын тухайд, анхан шатны шүүх тус асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч өөрт учирсан хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхөөргүй байна. Гомдолд дурдсан 31.000.000 төгрөгийг хүлээн авсан мэтээр шийдвэрлэсэн гэх асуудлын тухайд, давж заалдах шатны шүүх “хохирол төлсөн хохирогчийн хүсэлт гэх баримт нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн бөгөөд “хохирол төлсөн” гэж дурдаагүй байна.

Харин анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгөөр тооцож тогтоосон нь хуульд нийцсэн хэдий ч хохирогчийн эмчилгээний зардал болох 319.810 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах асуудлыг орхигдуулсан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаарх шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч Б.Б болон түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.У-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон журмыг чанд мөрдөж, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг баталгаатай эдлүүлэх үүрэгтэй.

 

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Х.У-т холбогдох хэргийг хянан хэлэлцэ

 

хдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчиж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шүүх хуралдаанд оролцох эрхийг дор дурдсан байдлаар хязгаарласан байна.

 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна. Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаар, шүүх хуралдаанд оролцогчийн эдлэх эрх, үүрэг, мэтгэлцэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.14, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд хохирогч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрх, шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах талаар заасан.

 

Давж заалдах шатны шүүх оролцогчоос гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэхдээ хохирол төлбөр хүлээн авсан талаарх эх сурвалж тодорхойгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх нь тогтоогдоогүй “31 сая төгрөгийн хохирол төлөгдсөн” гэх баримтыг /2 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр тал/ хохирогчоос тодруулалгүйгээр түүнийг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцуулаагүй нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдол, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг шүүхэд танилцуулж, хууль зүйн дүгнэлт гаргах, шүүгдэгчийн гэм буруу, хохирол, хор уршгийн талаар эрх тэгш мэтгэлцэх эрхийг хангаж чадаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд заасан давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх журмыг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хязгаарлаж гаргасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын хяналтын журмаар гаргасан гомдлын “...давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй...” гэсэн агуулга бүхий хэсгийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, Х.У-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хохирогч, түүний өмгөөлөгчийн гомдлын үндэслэлгүйгээр ял хөнгөрүүлсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлэх замаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1181 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлтэл шүүгдэгч Х.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын хяналтын журмаар гаргасан гомдлын “...давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгчийг оролцуулаагүй...” гэсэн агуулга бүхий хэсгийг хангасугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                            ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

 

         Ц.ОЧ

 

          М.ПҮРЭВСҮРЭН

 

           Б.ЦОГТ