Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 114/2020/0017/з |
Дугаар | 221/МА2020/0577 |
Огноо | 2020-10-09 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2020/0577
Д аймгийн А намын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.А нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Д аймгийн А намын нэхэмжлэлтэй, Д аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д аймгийн А намын “Д аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаар актыг хүчингүй болгуулах, аймгийн А намын ХААН банкан дахь ... тоот дансны хандивын тайланг баталгаажуулж, аудитын дүгнэлт гаргахыг Д аймаг дахь Төрийн аудитын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д аймгийн А намын дарга Г.Г давж заалдах гомдолдоо: “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37.7-д “Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.
Д аймгийн А намаас 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 140 дугаар албан тоотоор Д аймаг дахь Төрийн аудитын газарт хандан хандивын тайланг баталгаажуулахаар хүсэлт гаргасан. Гэвч Д аймаг дахь Төрийн аудитын газраас мөн өдрийн 398 албан тоотоор ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдөр өнгөрсөн учраас хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэхүү шийдвэрт шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх уг захиргааны акт “хуульд нийцсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Хэдийгээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37.7-д “Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасан хэдий ч энэхүү хуульд заасан хугацааг сонгуульд оролцох улс төрийн нам хэтрүүлбэл хандивын тайланг төрийн аудитын байгууллага хүлээн авахгүй, эсхүл авч болох тухай хуульд заагаагүй. Нэгэнт тухайн харилцааг хуульд заагаагүй бол хууль ямар хууль хэрэглэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Гэтэл шүүхээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг “хандивын тайлан хүргүүлэх хугацаа хэтэрсэн бол төрийн аудитын байгууллага хүлээн авахгүй" гэсэн байдлаар тайлбарлан хэрэглэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-т нийцэхгүй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь хэсэг нь тодорхой үйлдэл хийх хэм хэмжээг сонгуульд оролцогч нам, эвсэлд заасан заалт болохоос биш захиргааны байгууллага руу чиглэсэн, захиргаанд үүрэг хүлээлгэсэн заалт биш гэж үзэж байна. Орон нутгийн сонгуультай холбоотой харилцааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж байгаа ба ерөнхийлөн зохицуулсан хууль одоогоор Монгол Улсад байхгүй. Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр байгаа хэдий ч уг хуулиас орон нутгийн сонгуультай холбоотой заалтууд хүчингүй болсон.
Тиймээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хугацаанд дүгнэлт гаргуулахаар нам, эвсэл төрийн аудитын байгууллагад хандаагүй, хугацаа хэтэрч хандсан тохиолдолд аудитын байгууллага уг хүсэлтийг хүлээн авах боломжтой эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-т заасны Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэх ёстой.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь 1.ардчилсан ёсыг хангах, 2.шударга ёсыг хангах, 3.эрх чөлөөг хангах, 4.тэгш байдлыг хангах 5.үндэсний эв нэгдлийг хангах, 6.хууль дээдлэх юм.
Шүүх хуралдааны явцад хариуцагч хандивын тайланг 7 хоногийн хугацаанд гаргах боломжтой гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч захиргааны байгууллагад 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хандивын тайлан гаргахаар хүсэлт хүргүүлсэн боловч тэр өдөртөө хүлээн авахгүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Гэтэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25.1-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ" гэж заасан ба энэ нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө юм. Өөрөөр хэлбэл Д аймгийн А намын хандивын тайланд дүгнэлт гаргах хугацаа Д аймгийн төрийн аудитын байгууллагад хангалттай байсан.
Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй. А нам, А намын Д аймгийн салбар нь хуульд заасан энэхүү шаардлагыг хангасан нам юм. Тиймээс хуульд заасан шаардлага хангасан нам сонгуульд оролцох хүсэлтэй байхад хандивын тайланд дүгнэлт гаргуулах хугацаа хэтэрсэн, хугацаа хэтэрсэн тул хүсэлтийг хүлээн авахгүй, дүгнэлт гаргахгүй, цаашлаад сонгууль бүртгэхгүй байх үндэслэл үүсэж байгааг ардчилсан ес, шударга ёс, тэгш байдлыг хангах Үндсэн хуулийн зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд Дархан Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар шийдвэр нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дэх хэсгийг зөрчсөн, Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцээгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгоно уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Д аймаг дахь Төрийн аудитын газар нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаартай албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д “Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасан хуулийн хугацаанд хандивын тайлангаа ирүүлээгүй тул хандивын тайланд дүгнэлт гаргах боломжгүй” хэмээн Д аймгийн А намын хандивын тайланд дүгнэлт гаргахаас татгалзжээ.
Нэхэмжлэгч Д аймгийн А нам дээрх хуульд заасан хугацаанд буюу орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хандивын тайлангаа хянуулахаар Д аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй боловч “...тайланг хугацаа хоцроож 07 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоос төрийн аудитын байгууллагын дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл болохгүй” гэсэн үндэслэлээр Төрийн аудитын байгууллагыг дүгнэлт гаргах үүрэгтэй гэж, хариуцагчаас “...хуулийн хугацаанд ирүүлээгүй тохиолдолд дүгнэлт гаргах эрх байхгүй” гэж тус тус маргажээ.
Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д “Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасан хугацаанд хандивын тайлангаа хүргүүлээгүй тохиолдолд төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргах бүрэн эрхтэй эсэх талаарх хууль хэрэглээний асуудлаар талууд маргасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, сонгуульд оролцох нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад хүргүүлэх, нөгөө талаас хуулийн хугацаанд нам, эвслийн зүгээс хандивын тайлангаа ирүүлсэн тохиолдолд түүнийг нь хүлээн авч, дүгнэлт гаргахыг төрийн аудитын байгууллагад үүрэг болгосон зохицуулалт гэж үзнэ.
Гэтэл нэхэмжлэгч нь “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 нь тодорхой үйлдэл хийх хэм хэмжээг сонгуульд оролцогч нам, эвсэлд заасан заалт болохоос биш захиргааны байгууллага руу чиглэсэн, захиргаанд үүрэг хүлээлгэсэн заалт биш...” гэж маргасан нь үндэслэлгүй.
Иймд “...энэхүү хуульд заасан хугацааг сонгуульд оролцох улс төрийн нам хэтрүүлбэл хандивын тайланг төрийн аудитын байгууллага хүлээн авахгүй, эсхүл авч болох тухай хуульд заагаагүй. Нэгэнт тухайн харилцааг хуульд заагаагүй бол ямар хууль хэрэглэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёсны зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн төрийн аудитын байгууллагад “хуульд заасан хугацаа хоцроож ирүүлсэн хандивын тайланг” хүлээн авч, дүгнэлт гаргах бүрэн эрхийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар олгоогүй байхад Д аймаг дахь Төрийн аудитын газар нь хуулиар зөвшөөрөөгүй асуудлаар шийдвэр гаргаж, нэхэмжлэгч намын хугацаа хэтрүүлж ирүүлсэн тайланд дүгнэлт гаргах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчимд нийцэхгүй.
Нэхэмжлэгчийн “...тайланг хугацаа хоцроож хүргүүлсэн нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоос төрийн аудитын байгууллагын дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл болохгүй” гэж маргасан тухайд, нам, эвсэл нь хуульд заасан хугацаанд хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар Зөрчлийн тухай хуульд зохицуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д аймгийн А намын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН