| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 184/2016/00985/И |
| Дугаар | 184/ШШ2016/01365 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2016/01365
2016 оны 11 сарын 07 өдөр Дугаар184/ШШ2016/01365 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот,*****д холбогдох,
“Газрын үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* миний бие нь 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонсголон зах дээр, палк банз зарах гэрээ байгуулан ажиллаж байгаад 2014 оны 8 дугаар сард хөрөө рам ажиллуулах болсон. Тэгтэл Сонсголон захын менежер ажилтай ******* нь надаас 2,500,000 төгрөгийн ажлын байр бүхий талбай худапдаж ав гэсэн. Яагаад гэсэн чинь дараа нь наад газар чинь өшөө үнэд орно би зарж өгнө гэж хэлээд нөхөр ******* бид хоёроос 2,500,000 төгрөг авсан. ******* нь өөрөө бас хөрөө рам Сонсголон зах дээр ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг болно. Надад анх зарахдаа газар зарна гэж хэлж байсан.
Нөхөр ******* бид хоёр 2014 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, Москвагийн гудамж 45/А байр, 2 дугаар орц 10 давхар 135 тоотод байрлах гэрт нь мөнгөө тоолж өгсөн. ******* нь эхнэр Б.Тунгаатай хоёул 2,500,00 төгрөгийг тоолж хүлээн авсан. Ингээд энэ өдрөөс би талбайн түрээс төлж эхэлсэн болно. 2014 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаад үйл ажиллагаа доголдож, хөрөө рамаа ажиллуулах боломжгүй болж 2015 оны хавар Сонсголон захын удирдлагуудтай уулзаж нөхөр ******* нь гэрээг цуцапсан.
Гэтэл талбайгаа авна гэж Сонсголон захын захирал *******, ******* 2 утсаар ярьсан би худалдаж авсан та нар цөм мэдэж байгаа гэхэд захын дотоод журам зөрчиж талбай зарсан байна та *******той учраа ол гэж хэлсэн. *******оос авсан газар дээр хөрөө рам ажиллах амбаар байсан. Хэрэв бид амбаар авах байсан бол өөрсдөө барих байсан. Захын удирдлага газраа чөлөөлж өг амбаарынхаа учрыг *******тойгоо ол гэж хэлээд байгаа.
Ийм учир *******ид хэлэхэд би зараад өгье гэсээр байгаад өдийг хүрлээ. Би *******той ярьж хоёулаа учраа олъё, захын дотоод журам зөрчиж талбай зарсан байна тийм учир мөнгөө буцааж авъя чи талбайгаа ав гэж хэлтэл утасны цаанаас уурлаж явдаг газраа явж заргалдаад олоод аваарай гэсэн ийм учраас би шүүхэд хандаж байна. Иймээс хариуцагч *******оос 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжпэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч *******ийн нөхөр ******* 2014 оны 08 дугаар сард өөрөө над дээр ирээд ахдаа байшингаа зарчихаач ах нь энэ байшинд чинь үйл ажиллагаа явуулмаар байна гэсэн. ******* болон ******* нар надаас газар худалдаж авсан гэсэн байна би огт газар зараагүй тухайн газар дээр барьсан байсан 5,6 х 2,7 м.кв талбайтай байшинг 2,000,000 төгрөгөөр зарсан. Тэгээд ч энэ газар нь миний эзэмшлийн газар биш захын эзэмшлийн газар юм.
Уг байшинг би өөрийн бүрэн зардлаар шал болон гадаа талбайг нь бүрэн цементлэн барьсан. Газар биш байшин зарсан гэдгийг ******* өөрөө мэдэж байсан ба эхнэр ******* нь надтай ярилцаж байгаагүй. Би байшин зарах талаар *******тай хэлэлцэж тохирсон. Тиймээс ******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Тэгээд ч би *******т үйл ажиллагаа явуулах байшин зарсан болохоос газар зарсан зүйл байхгүй гэдгийг ******* өөрөө мэдэж байгаа тиймээс *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2,500,000 төгрөгөөр ажлын байр худалдаж авсан. Уг ажлын байрыг ажиллуулж байтал эдийн засгийн доголдолд ороод үйл ажиллагаа явуулаагүй гэж байна. Мөн 2016 оны хавар хүртэл хөрөө рам ажиллуулсан гэж хэлсэн.
Нэхэмжлэлийн шаардлага дээр ажлын байр гэж байгаа юм. ******* нь ажлын байрыг *******т 2,000,000 төгрөгөөр зарсан. Энэ ажлын байр нь хөрөө рам ажиллуулах зориулалттай жижиг амбаар байсан. Энэ нь үл хөдлөх хөрөнгө биш гэдэгт хоёр тал маргадаггүй юм. Нэхэмжлэгч нь тайлбар дээрээ эдийн засгийн хувьд боломжгүй болсон гэж байгаа юм. Ажиллуулах боломжгүй болсон гэх доголдол үүсээгүй юм. 2016 оны хавар нэхэмжлэгчийн нөхөр нь Сонсголон захын удирдлагуудтай уулзаж гэрээг цуцалсан байгаа юм. Нэхэмжлэгч хөрөө рамыг 2 жил бүтэн ажиллуулчихаад эцэст нь мөнгөгүй болчихоод ажлын байрыг буцаагаад ав гэж ойлгогдож байна. Энэ ажлын байр нь хүн амьдрах, ажиллах нөхцөлтэй газар биш юм. Энэ амбаарыг ******* нь 2,500,000 төгрөгөөр барьсан гэж хэлдэг. Харин нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгөөр зарсан байгаа юм. Тэрнээс биш тусгай зөвшөөрөлтэй газар зараагүй.
Талууд худалдах худалдан авах гэрээнд маргаагүй юм. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар доголдол үүсээгүй юм. Тэгэхээр хууль хэрэглэх боломжгүй нэхэмжлэл гаргасан байгаа юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан газрын үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******оос 2014 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголон захын хашаанд байрлах 5.6*2.7 хэмжээтэй хөрөө, рам ажиллуулах ажлын байр буюу амбаарыг худалдан авсан бөгөөд уг амбаарыг худалдан авснаас хойш нэхэмжлэгч ******* нь үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг, нэхэмжлэгч *******ийн шүүх хуралдаанд гаргасан “... ******* нь надаас 2,500,000 төгрөгийн ажлын байр бүхий талбай худапдаж ав гэсэн ...” гэсэн тайлбар болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... *******оос авсан газар дээр хөрөө рам ажиллах амбаар байсан. Хэрэв бид амбаар авах байсан бол өөрсдөө барих байсан. Захын удирдлага газраа чөлөөлж өг амбаарынхаа учрыг *******тойгоо ол гэж хэлээд байгаа. ******* нь газар зарсан бөгөөд газар нь өөрийнх нь биш учраас 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ зарсан газрын үнэ 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулах гэж тайлбарлаж байгаа боловч ******* нь нэхэмжлэгч *******т Сонсголон захад байрлах газрыг зарсан гэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох газар худалдсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Харин хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т өөрийн эзэмшлийн Сонсголон захад байрлах хөрөө, рам ажиллуулах ажлын байр буюу амбаарыг худалдсан болох нь тогтоогдож байх тул газар худалдсан үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний үндэслэлд худалдан авсан хөрөө, рам ажиллуулах ажлын байр буюу амбаарын талаар гомдлын шаардлага гаргасан гэсэн үндэслэл байхгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******ид холбогдуулан гаргасан “Газрын үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР