Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 723

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2019            09          23                                   2019/ШЦТ/723

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга:Б.Номинзул,

Улсын яллагч: С.Энхтуул,

Иргэдийн төлөөлөгч: Ө.Азжаргал,

Шүүгдэгч: Ч.А, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А -д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 08-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт

Урьд: Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар 124 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Дугаар 240 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 3 дахь хэсэг зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 

Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 05 таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 52 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн Дугаар 51 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Ч.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Харгана овогт Ч.А нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57-864 тоотод Б.Уламбаярын хэвлийн тус газар нь хутгалж санаатай хүнд хохирол, Б.Шинэбаярын зүүн бугалга, хонгон тус газарт нь хутгалж хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ж.Тэрбишийн гэрт байж байхад Б.Уламбаяр над руу залгасан. Б.Уламбаяр манай лангуун дээр гар утсаа үлдээгээд явсан байсан. Тухайн үед над руу танихгүй дугаар залгахаар нь аваад ярихад манай эхнэрээс миний дугаарыг авсан гээд Б.Уламбаяр Шаргаморьтын зуслан дээр байна та хэзээ ирэх юм бэ уулзъя гэсэн. Тэгэхээр нь би нэг цагийн дараа очих байх гэж хэлсэн. Тэгээд лангуу нь дээрээ байж байхад Б.Уламбаяр 2 залуутай хамт араас ирсэн. Тэгээд бид нар замаараа дэлгүүр орж 1 шил архи, 2 шил пиво аваад манай гэр рүү хамт явсан. Бид нар хамт ууж байгаад Ж.Тэрбишийн ярьсан зүйлээс болж маргаан гарч ийм хэрэг болсон” гэв.

Хохирогч Б.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед жи-мобайлын дугаараас надруу залгаад “чи хаана байна, зуун айлын буудалд байна. Хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ажилтай орой 18 цагт тарна” гэж хэлсэн. Тэгсэн Ч.А ах “тэр үед чинь би тасарсан байх байхаа гэхдээ над руу залгаарай” гэж хэлсэн. Ингээд би орой ажлаа тараад надруу залгасан дугаар луу нь буцаагаад залгатал утсаа Ч.А ах аваагүй. Ингээд би найз Б.Шинэбаярын гэрт нь очсон. Б.Шинэбаярын гэрт Болдбаатар байсан ба 2.5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй 2 ширхэг пиво авч хувааж уугаад унтаад өгсөн. Ингээд маргааш өдөр нь буюу 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед байхаа би Ч.А ах руу залгалуу, Ч.А ах над руу залга луу сайн санахгүй байна. Хоорондоо яриад Ч.А ах надад “хүнд зодуулчихлаа хүрээд ир” гэж хэлэхээр нь би 2 найзтайгаа “манай нутгийн ах байдаг юм. Хүнд зодуулчихлаа яваад очъё” гээд би гэрээс нь гараад такси барьж 7 буудлын орчимд очиж эхнэр Ганчимэгийн ажиллуулдаг лангуун дээр нь очиход Ч.А ах найз Тэрбишийн хамт байсан Ч.А ахын баруун талын нүдэн доторх нь улаан болчихсон баруун талын хөмсөгний ойролцоо шалбарчихсан харагдаж байсан. Тэгээд барьсан таксин дээрээ очиж хамтдаа Ч.А ахын гэрлүү нь очихоор болсон. Гэрт нь очих замдаа Ч.А ах бид хоёр дэлгүүр орж 0.5 литрыийн экс нэртэй архи 1 шил, 2.5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй пиво 2 ширхэгийг авч гэрт нь очсон. Гэрт нь орж улмаар хоорондоо танилцсан. Манай найз Болдбаатар ууж байгаад сууж байсан сандал дээрээ суугаа байдалтай унтаад өгсөн. Ингээд нэлээн ууж байгаад манай найз Б.Шинэбаяр нэлээн чанга чанга дуугараад байсан чинь Ч.А ах гэнэтхэн уурлаад байхаар нь би аяыг нь олох санаатай гар барилдаан тоглоё гээд Тэрбиш, Шинэбаяр хоёр гар барилдаан тоглож байхад Ч.А ах гэнэтхэн гал тогооруу явж байгаад буцаж ирээд миний гэдэс рүү цохьчих шиг болсон. Гайхаад хартал цус гарсан байсан. Энэ үед Б.Шинэбаяр “та яаж байна аа” гээд дөхөөд очтол гартаа барьсан хутгаараа Б.Шинэбаярыг зүсчих шиг болсон. Тэгээд л хөөцөлдөөд гараад гүйсэн. Энэ үед Тэрбиш цонхон талын сандал дээр сууж байсан. Тэгээд удалгүй Ч.А ах гаднаас орж ирэхэд нь би “та яагаад намайг хутгалж байгаа юм бэ” гэхэд Ч.А ах “мэдэхгүй би яагаад чамайг хутгалчихваа” гээд л байсан. ...Ч.А ах согтуу байсан. Ер нь тэнд байсан бүх хүмүүс согтуу байсан. ...хэсэгтээ ажил төрөл хийж чадахгүй, эрүүл мэнддээ анхаарч байгаа тул гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-23-р хуудас/

Хохирогч Б.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”...2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед сэрээд Б.Уламбаяр гар утсаараа нэг хүнтэй яриад байсан. Ярьж дуусчихаад Б.Уламбаяр, Т.Болдбаатар бид хоёрт “манай нутгийн нэг хуурай ах байдаг юм аа, хүнд зодуулчихлаа, ирээд аваач гэж байна” гэж хэлсэн. Ингээт Т.Болдбаатар, Б.Уламбаяр бид гурав манай гэрээс гарч такси бариад Чингэлтэй дүүргийн 7-н буудлын орчим очсон. Таксинаас Б.Уламбаяр буугаад яваад удалгүй Ч.А, Ж.Тэрбиш ах нарыг дагуулаад ирээд таксинд суугаад Ч.А ахын гэр лүү нь явцгаасан. Замаараа дэлгүүр лүү Б.Уламбаяр, Ч.А нар орж 0.5 литрийн экс нэртэй архи 1 шил,  2.5 литрийн савлагаатай нийслэл нэртэй 2 ширхэг пиво авсан. Ингээд цаашаа Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 57-864 тоот гэрт нь ирцгээсэн. Ингээд гэрт нь ирээд улмаар хоорондоо танилцаж архиа эхэлж ууцгаасан. Архины тал хэсэгт нь ороход манай найз Т.Болдбаатар сандал дээрээ унтаад өгсөн. Ч.А ах шоронгийн тухай яриад бид нарыг бацаанаар нь дуудаад байхаар нь би Ч.А ахад хандан “нутгийн ах битгий муухай юм ярь” гэж хэлээд Ж.Тэрбиш ахтай нутгийн талаар яриад сууж байтал Ч.А ах гэнэтхэн босоод агсараа эхэлсэн. Тэгээд хутга гаргаж ирээд манай найз Б.Уламбаярын гэдэс рүү хутгалахад нь би Ч.А ахад хандан “та яаж байна” гээд татсан чинь Ч.А ах хутгаараа миний зүүн хөлний хонго хэсэг рүү 1 удаа хутгалсан. Тэгээд би гэрээс зугатааж гарахад Ч.А миний араас гүйж гарч ирээд зүүн гарын булчин хэсэг рүү 1 удаа хутгалж гэмтээхэд би Ч.А ахын гарнаас хутгыг нь булааж аваад хашаа давуулж шидээд хашаанаас гараад зугатааж цагдаад дуудлага өгсөн ...Намайг Тэрбиш ахтай Арханхгай аймгийн Их тамир сумын талаар ярилцаж байхад гэнэтхэн огцом уурлан босож ирээд бид нарыг мангар бацаанаар нь дуудаад хутга гаргаж ирээд хутгалж гэмтээсэн ...хар өнгийн төмөр эвхдэг хутга байсан ...миний бие гомдолтой байна. Эмчилгээнд зарцуулсан гомдлоо нэхэмжилж байна ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/

Хохирогч Б.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...би тэрбиш гэх ахтай нутаг ус ярьж байсан чинь Ч.А гэдэг ах гэнэт босч ирээд бацаанууд яагаад байна гэж хэлээд агсан тавих гээд байсан юм. Тухайн үед Уламбаяр бид хоёр тэр ахаас уучлал гуйж тайвшруулаад сууж байсан юм. Нөгөө Ч.А ах удаагүй эвхдэг хар өнгийн жижиг хутга халааснаасаа гаргаж ирээд манай найз Уламбаярын гэдэс орчимд нэг удаа хутгалсан ...би Ч.Аг яаж байнаа гэж татсан чинь нөгөө ах эргэж хараад хутгаараа миний зүүн хөлний хонго хэсэгт нэг удаа хутгалсан юм. Тэгээд би байшингаас гарч зугтсан чинь Ч.А ах араас гүйж гарч ирээд миний зүүн гарын булчин хэсэгт нэг удаа хутгалсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/

Гэрч Т.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед сэрэхэд найз Б.Уламбаяр гар утсаараа нэг хүнтэй яриад байсан. ...Замаараа гудамжны дэлгүүрийн үүдэнд зогссон. Зогсоход машинаас Б.Уламбаяр, Ч.А, Ж.Тэрбиш нар бууцгаасан. Би таксины жолооч ахтай юм яриад л сууж байсан. Яг хэн нь дэлгүүр орсныг би хараагүй. Ингээд дэлгүүрээс 0.5 литрийн Экс нэртэй архи 1 шил, 2.5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй 2 ширхэг пиво авсан. Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 57-864 тоот гэрт нь ирсэн. Ингээд гэрт нь ороод улмаар хоорондоо танилцаж, архиа эхэлж задласан. Архины тал хэсэгт нь ороход нь би маш их ядарч байсан болохоор сууж байсан сандал дээрээ унтаад өгсөн. ...унтаад сэртэл Ч.А, Ж.Тэрбиш хоёр пивоноосоо уугаад сууж байсан. Б.Уламбаяр унтлагын өрөөний орон дээрээ дээгүүрээ нүцгэн дээшээ харсан хэвтэж байсан ба би тухайн үедээ Б.Уламбаярыг тасраад унтаж байна даа гэж бодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39-р хуудас/

Гэрч Ж.Тэрбишийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 16-ны өглөө нь Ч.А бид хоёр 0.33 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж уусан. Тэр үед Ч.А-гийн гар утас нь дуугарч нэг хүнтэй яриад “очих болоогүй байна” гээд л яриад байсан. Тэгээд Ч.А Лхагважаргал бид гурав хамтдаа 12 цагийн үед 7-н буудалд байрлах “Мянганы уул” нэртэй хүнсний захад ногооны лангуун дээрээ ирээд сууж байтал гаднаас нэг шар үстэй залуу Б.Уламбаяр орж ирээд Ч.Аг дуудаад гаръя гэсэн.Ингээд би Ч.Агийн хамтаар гадаа гарахад гадаа машин дотор хоёр залуу /Б.Болдбаатар, Б.Шинэбаяр/ байсан ба машинд суугаад бөөнөөрөө Ч.Агийн гэрт нь очихоор болсон. ...Ч.Агийн гэрт нь очиж улмаар хоорондоо танилцсан. Ингээд архи, пиво уугаад сууж байтал Тэгсэн Б.Уламбаяр намайг гар барилдая гэхээр нь би Б.Уламбаяртай гар барилдаж ялсан. Тэгсэн Б.Уламбаяр надад ялагдчихаад шарандаа “дахиад барилдая ямар овоо муу гар вэ” гээд байхаар нь би Ч.Ад хандан “орон дээр чинь жаахан хэвтчихье” гэж хэлээд орон дээр хэвтээд байж байтал Б.Уламбаяр над дээр ирээд “чи яахаараа хэвтдэгийн бос” гээд агсараад миний толгойруу хөлөөрөө өшиглөхөд би газар уначихсан. Тэгсэн Б.Уламбаяр намайг босоод ир гэхэд нь би өндийгөөд босоход Б.Уламбаяр миний толгой руу дахин хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн цаанаас Ч.А “та нар айлд ирчихээд болиоч” гээд Уламбаяр бид хоёрын дундуур ороход миний толгой дүүрээд маш ихээр өвдөж байсан. Тэгсэн Б.Уламбаяр Ч.Ад хандан “энийг юу гэж өмөөрөөд байгаа юм бэ” гээд орилж хашгираад л байсан. Тэгээд Ч.А Б.Уламбаярыг дагуулаад гал тогооны өрөөнд орсон. Тэгсэн Б.Уламбаяр Ч.А руу “би танай найзыг чинь алчихъя, та манай найзыг ал” гээд орилж хашгираад шууд дайраад хоолойг нь өмсөж байсан цамцаар нь боосон. Тэгээд л миний толгой өвдөөд л хэсэг манараад л цаашаагаа юу болсныг санахгүй байгаа юм. Тэгсэн мэдсэн цагдаа Ч.Агийн гэрт ороод ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/

Гэрч Ш.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 2 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед байхаа над руу Б.Уламбаяр залгаад Ч.А-гийн утсыг асуугаад байсан юм. Тэгэхээр нь би юм бодолгүй 88774840 гэсэн дугаарыг нь өгчихсөн юм. Би уг дугаарыг өгөөгүй байсан бол ийм асуудал гаргахгүй байх байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53-р хуудас/

Гэрч Ц.Лхагаважаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн №2469  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: “1. Б.Уламбаярын биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс, чацархай, гол судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн №2468  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: “1. Б.Шинэбаярын биед зүүн бугалга, хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн №892  дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: “1. Б.Уламбаярын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хэвлийн хөндийн нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, сэмжний хатгагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Б.Уламбаярын биед 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хэвлийн доод хэсэг хүйснээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нарийн гэдэс, чацархай, гол судасны хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна 4. Дээрх 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үүссэн гэмтэл нь 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх болон 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хэвлийн хөндийн нээх мас заслын үед үүсэх боломжгүй ба хамааралгүй гэмтэл болно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-р хуудас/

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Асуулт: “Хохирогч Б.Уламбаярын биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс, чацархай,  гол судсыг гэмтээсэн  хатгагдсан, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдсон байна. Эдгээр гэмтэл нь шинэ гэмтлүүд үү хуучин гэмтлүүд үү?” гэхэд Хариулт:”Эдгээр гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд. Тухайн цаг тухайд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд” ...Асуулт: “Хохирогч Б.Уламбаярын биед учирсан шинэ гэмтлүүд нь урьд өмнө авагдсан /2012 ны 9 дүгээр сарын 14-ны өдөр үзүүлсэн амбулториор эмчлүүлэгчийн картыг үзүүлэв/ гэмтэлтэй давхардсан нэг шарх байж болох уу?” гэхэд Хариулт: ”Хохирогч Б.Уламбаярын №2469 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд тул давхардах боломжгүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 170-172-р хуудас/

Хохирогч Б.Уламбаярын эмчилгээний зардал болон хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 27-32-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хавтаст хэргийн 4-8-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 166-167-р хуудас/

Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх /хавтаст хэргийн 72-81-р хуудас/

Яллагдагч Ч.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай гэрт очоод ууцгаасан. Ингээд сууж байхад манай найз Тэрбиш рүү Уламбаяр хэл яриагаараа өдөөд хэрүүл маргаан үүсгэх гээд байсан. Тэгсэн Тэрбиш айгаад л инээгээд өнгөрөөд л миний гэрийн орон дээр очоод хэвтээд өгсөн. Тэгсэн Уламбаяр гэнэтхэн босож ирээд “чи ингэж хэвтэх болоогүй, хэн болчихоод манай ахын орон дээр хэвтээд байгаа юм бэ” гээд агсраад байсан. Тэгэхээр нь би Уламбаярт хандан “чи болио энэ чинь манай найз байгаа юм аа” гэж хэлсэн. Тэгсэн Уламбаяр манай найз Тэрбишийг хажуунаас нь гараараа цохиж аваад өшиглөөд байхаар нь би дундуур нь орж “болио” гэж хэлэхэд Уламбаяр над руу “энийг юу гэж өмөөрөөд байгаа юм бэ” гээд над руу агсараад дайраад байсан. Тэгсэн Уламбаярын найз болох Шинэбаяр “энэ юун нөхөр вэ энийг цохьчих уу” гээд байсан. Тэгэхээр нь би Шинэбаярт хандан “чи болохгүй айлд ирчихээд ингэж болохгүй ш дээ” гэж хэлсэн чинь Уламбаяр найзыгаа өмөөрөөд над руу дайраад “би танай найзыг чинь алчихъя, та манай найзыг ал” гээд орилж хашгираад над руу шууд дайраад миний хоолойг өмсөж байсан цамцаар бооход хажуунаас Шинэбаяр гар, хөлөөрөө цохиод байсан. Тэгээд би газар дээшээ хараад унаад өгсөн. Тэгээд би ширээ түшиж боссон. Босоход ширээн дээр хар өнгийн төмөр иштэй хутга байхаар нь хутгыг аваад Шинэбаярыг айлгах санаатай хутга автал Уламбаяр урдуур орчих шиг болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-99-р хуудас/

А.Маргадын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 129-р хуудас/

Шүүгдэгч Ч.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 100-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №199 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 101-р хуудас/

Шүүгдэгч Ч.Агийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 87-р хуудас/

Хохирол төлсөн талаар шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57-864 тоотод Б.Уламбаярын хэвлийн тус газар нь хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс, чацархай, гол судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт бүхий хүний эрүүл мэнд хүнд хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан  хохирогч Б.Уламбаяр, Б.Шинэбаяр, гэрч Т.Болдбаатар, Ж.Тэрбиш нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн №2469  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн №892 , шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт,  цэргийн төв эмнэлэгийн өвчний түүх болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо,Жаргалантын 57-864 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Уламбаяр, Б.Шинэбаяр нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эд мөрийн баримтаар тооцох тогтоолд дурьдагдсанаар хар өнгийн төмөр, эвхэгддэг хар өнгийн иштэй /хутганы нийт урт нь 20 см, бариулын урт нь 11.5 см, ажлын хэсгийн урт нь 8.5 см ажлын хэсгийн өргөн нь 1.5 см, бариулын өргөн нь 1 см/ хутгыг зэвсэг болгон ашиглаж хохирогч Б.Уламбаярын биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс, чацархай, гол судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Ч.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ. Ч.Агийн бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан хутга нь аливаа биетийг устгах, гэмтээх зориулалт бүхий эд зүйл байх тул зэвсэг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №2019/ШЗ/840 дугаартай шинжээч томилж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай захирамжийн дагуу гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн №892  дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтээр “...Дээрх 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үүссэн гэмтэл нь 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх болон 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хэвлийн хөндийн нээх мас заслын үед үүсэх боломжгүй ба хамааралгүй гэмтэл болно” гэж дүгнэлт гаргасан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн №2469  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон “...Б.Уламбаярын биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс, чацархай, гол судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж заасан энэхүү хүний эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг шүүгдэгч Ч.А нь үедээ 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо,Жаргалантын 57-864 тоотод хохирогч Б.Уламбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний хэвлийн тус газарт нэг удаа хутгалсны улмаас үүссэн, Ч.Агийн үйлдэл болоод хохирогч Б.Уламбаярын эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд шалтгаантай холбоотой буюу Ч.Агийн үйлдлийн шууд үр дагавар болсон байна.

Прокуророос Ч.Агийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.А нь баримтаар тогтоогдсон хүрээнд 759.150 төгрөгийн бусдад төлөх төлбөртэй байснаас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч Б.Уламбаярт хохирлын 760.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогч Б.Уламбаяр нь нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байна.

Мөн шүүгдэгч Ч.А нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57-864 тоотод Б.Шинэбаярын биед зүүн бугалга, хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Уламбаяр,  Б.Шинэбаяр нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн №2468  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт,  Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо,Жаргалантын 57-864 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Уламбаяр, Б.Шинэбаяр нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эд мөрийн баримтаар тооцох тогтоолд дурьдагдсанаар хар өнгийн төмөр, эвхэгддэг хар өнгийн иштэй /хутганы нийт урт нь 20 см, бариулын урт нь 11.5 см, ажлын хэсгийн урт нь 8.5 см ажлын хэсгийн өргөн нь 1.5 см, бариулын өргөн нь 1 см/ хутгыг зэвсэг болгон ашиглаж хохирогч Б.Шинэбаярын биед зүүн бугалга, хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ч.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. Ч.А нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэм буруугийн хэлбэр болон үйлдлийн арга болсон зэвсэг хэрэглэсэн шинж нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй боловч Ч.А нь хутгыг зэвсэг болгон хэрэглэсэн, санаатайтайгаар хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэргийн нийгмийн хор, аюулын шинжийг нэмэгдүүлсэн байна.

Прокуророос Ч.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Аг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Шинэбаяр нь эмчилгээнд зарцуулсан зардлаа нэхэмжлэхээ илэрхийлсэн боловч энэ талаар материалыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч Б.Шинэбаярыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ч.А нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, мөн Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт буюу 11 дүгээр бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Агийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд заасан хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан хэмжээний дотор оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд заасан хорих ял дээр нэмж, нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн төмөр, эвхэгддэг хар өнгийн иштэй /хутганы нийт урт нь 20см, бариулын урт нь 11.5 см, ажлын хэсгийн урт нь 8.5 см, ажлын хэсгийн өргөн нь 1.5 см, бариулын өргөн нь 1 см/ 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийг бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Харгана овогт Ч.А /РД: СБ81010817/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Аг 3 жил 6 сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой тэнцэх буюу 30 хоног байхаар тооцож нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жил 6 сар 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 3 жил 6 сар 3 хоногийн хугацаатайгаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн төмөр, эвхэгддэг хар өнгийн иштэй /хутганы нийт урт нь 20см, бариулын урт нь 11.5 см, ажлын хэсгийн урт нь 8.5 см, ажлын хэсгийн өргөн нь 1.5 см, бариулын өргөн нь 1 см/ 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7.Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Шинэбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Аг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР

                                                 

                                              ШҮҮГЧИД                                   С.БАТГЭРЭЛ

                                                        

                                                                                           П.АРИУНБОЛД