Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 694

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Шүүгдэгч: Д.Н

Хохирогч: Н.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Д.Н-д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1960 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Д.Н нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж явсан тортой зүйлээрээ Н.Баярцэцэгийг цохиж унагасны улмаас Н.Баярцэцэгийн биед баруун шуу, богтос ясны зөрөөтэй далд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...5 дугаар сарын 21-ний өдөр бид нар нийлээд айлд хамт очсон. Тухайн үед би 2 хоногийн дараа нь хөдөө явах байсан. Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх “Орон Зай” дэлгүүрээс гар утасны юм авах байсан учраас эрт гарсан. Би гар утсаа янзлуулаад автобусны буудал дээр ирэхэд миний гар утас дуугарахаар нь аваад ярихад Н.Баярцэцэг ирж байна гэж хэлсэн учраас би Н.Баярцэцэгийг хүлээж байгаад хамт алхсан...” гэв.

Хохирогч Н.Баярцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...5 дугаар сарын 21-ний өдөр бүжиг тараад зургуулаа айлд очсон. Тэндээс гараад бид хоёр зам дагуу алхаж байсан. Тухайн үед бид хэрүүл маргаан үүсгээгүй байсан. Тэгээд Ганхүү чамайг тэгж хэлж байсан гэж хэлэх үед намайг гартаа барьсан байсан зүйлээрээ цохисон. Тэгээд унах үед миний гар эвгүй болчихсон. Би миний гар эвгүй болчихлоо гээд орилоход Д.Н цаашаа яваад өгсөн. Автобус ирж байсан учраас босоод араас нь очоод хамт суусан. Тэгээд Гэмтэл согог, судлалын үндэсний төвд очиж боолт хийлгэсэн. Тухайн үед Д.Н надад 2 ширхэг өвчин намдаах лаа, боолт авч өгсөн. Миний гар одоо арай гайгүй болсон. Би гараа хүнээр бариулсан. Мэс засал хийлгэсэн тохиолдолд гар мэдээгүй болох магадлалтай гэхээр нь би хагалгаанд ороогүй. Эмчилгээний зардлыг минь өгөх юм бол нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэв

Гэмт хэргийн талаар гомдол мэдээдэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-р хуудас/

Хохирогч Н.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 17:00 цагийн орчимд Бөмбөгөр худалдааны төвийн урд талын байранд амьдардаг найз Бямбаагийн гэрт 6 найзын хамт уулзаж 1 шил 0.75 архи хувааж уугаад тасарцгаасан. Тэгээд тэднийхээс Д.Н хамт гараад төв зам дагуу хойш алхан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүм өнгөрөөд зам дагаад алхаж байх үед би Д.Н хандаад танай нутгийн Ханхүү надада нэг юм хэлсэн гээд хэлчихсэн чинь гэнэт уурлаад гартаа барьж явсан тортой зүйлээр миний толгойн тус хэсэгт 1 удаа хүчтэй цохих үед нь би газар унасан ба тэгэхдээ баруун гарны бугуй хэсгээрээ газар тулж унасан. Тэгтэл Д.Н намайг татаж босголгүй, шууд хаяад яваад өгөхөөр нь босоод гараа хартал далийчихсан юм шиг эвгүй болчихсон байхаар нь түүний араас гүйж очоод миний гар эвгүй болчихлоо гэж хэлэхэд хамт гэмтлийн эмнэлэг орж үзүүлтэл эмч нар мэдээ алдуулах тариа хийгээд хугарсан байна гээд гипсдсэн. Тэр өдөр Д.Н надад өвчин намдаах 2 ширхэг лааг гарын сойлт 4000 төгрөгөөр авч өгөөд гэрт хүргэж өгсөн. Үүнээс хойш өнгөрсөн хугацаанд 2-3 удаа над руу утсаар ярьж яаж байна гэж асууж байсан. Би тэр үед нь чи намайг цохиогүй бол би юу гэж гараа хугалах юм гэдгийг хэлж байсан.Одоо надад эмчилгээний 300.00-350.000 төгрөгний зардал гарсан.Цагдаагийн байгууллагаар явна гэж бодоогүй учраас баримтаа цуглуулаагүй” гэх мэдүүлэг /хх-н 8-9-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9084 дугаар дүгнэлт: 1.Н.Баярцэцэгийн биед баруун шуу, богтос ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх-н 13-р хуудас/

Хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 219.120 төгрөгийн баримт /хх-н 25-р хуудас/

Шүүгдэгч Д.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 21-р хуудас/

Шүүгдэгч Д.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 23-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж явсан тортой зүйлээрээ Н.Баярцэцэгийг цохиж унагаасны улмаас Н.Баярцэцэгийн биед баруун шуу, богтос ясны зөрөөтэй далд хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлэцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хүний биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9084 дугаар дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээдэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч Н.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Тэгээд тэднийхээс гараад Д.Н хамт төв зам дагуу хойш алхан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүм өнгөрөөд зам дагаад алхаж байх үед би Д.Н хандаад танай нутгийн Ханхүү надад нэг юм хэлсэн гээд хэлчихсэн чинь гэнэт уурлаад гартаа барьж явсан тортой зүйлээр миний толгойн тус хэсэгт 1 удаа хүчтэй цохих үед нь би газар унасан ба тэгэхдээ баруун гарны бугуй хэсгээрээ газар тулж унасан...хамт гэмтлийн эмнэлэгт орж үзүүлтэл эмч нар мэдээ алдуулах тариа хийгээд хугарсан байна гээд гипсдсэн..” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нь хохирогчийг түлхсэн болохоо өөрийн удаа дараагийн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд тухайн цаг хугацаанд өөр хүчин зүйлийн улмаас дээрх гэмтлийг аваагүй, хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9084 дугаар дүгнэлтээр Н.Баярцэцэгийн биед баруун шуу, богтос ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн байна.

            Шүүгдэгч Д.Н нь хохирогч Н.Баярцэцэгийг барьж явсан тортой зүйлээр цохиж  унагаасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч Н.Баярцэцэгийг барьж байсан тортой зүйлээр цохисон идэвхитэй үйлдлээр хүнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байгаа нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь тогтоогдож байна.

            Прокуророос Д.Н ийн үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлтэй тохирч байна.

            Шүүгдэгч Д.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Н.Баярцэцэгт нөхөн төлсөн байна. Хохирогч Н.Баярцэцэг нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байх тул Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай этгээдийн гэм хорыг төлбөрийг жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Д.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

   Шүүгдэгч Д.Н нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн тухайн тохиолдолд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байх боловч тухайн мөчид гэнэт үүссэн санаатай үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Д.Н ийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Д.Н -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт оногдуулсан  тонгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н т мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  хохирогч Н.Баярцэцэг нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байх тул Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай этгээдийн гэм хорыг төлбөрийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Н т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР