| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0726/Э |
| Дугаар | 734 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 734
2019 09 26 2019/ШЦТ/734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул
Улсын яллагч: Э.Бадрал
Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Д.М- д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Мөнх нар ази энержи хувьцаат компанид тээвэр зохион байгуулагч менежер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар урьд ял шийтгэлгүй . Д.М
Холбогдсон хэргийн талаар:
Д.М нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 13:50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 72 дугаар байрны гадна хохирогч Ж.Мөнхсоёмботой “автомашины дуут дохио дуугаргасан” хэмээн маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь “баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, ташаанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ж.Мөнхсоёмбын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 6-р хороо 72-53 тоотод оршин суудаг манай байрны гадна талын автомашины зогсоол нь автомат хаалттай болохоор нь машиныхаа сигналыг сигнаалдуулж байж хаалгаа нээсэн. Тэгээд би зогсоол руу дөнгөж ороод эргэх гээд зогсож байтал 64-11 чи машиныхаа сигналыг ямар их дугаргадаг юм бэ, би буугаад очих уу, гэхээр нь тэр залууд тэг тэг гэж хэлсэн. Тэгээд удалгүй машинаа зогсоолд байрлуулж байх үед нөгөө залуу над руу цонхоор орилоод байсан залуу миний машины ард ирчихсэн зогсож байсан. Тэр үед би эхнэртэйгээ машинаас юмаа буулгаж байтал тэр залуу “чи яасан их сигналддаг юм бэ? гэхээр нь чи одоо юун сүртэй юм бэ, бид нар бүгд л ингэж ордог биздээ” гэхэд тэр залуу “манай хүүхэд төрөөд 7 хонож байгаа” гэхээр нь би яаж энэ 200 гаруй айлын хүнийг мэдхэв чи юун сүртэй пизда вэ гээд хэлчихсэн чинь тэр залуу шууд миний баруун талын хацар луу гараараа 1 удаа маш хүчтэй цохьсон ба би газар унаад манраад сонин болоход манай эхнэр Дугармаа намайг түшиж босгож ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/
Гэрч М.Дугармаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 9 дүгээр сарын 01-ний 13:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар байрны гадна нөхөр Ж.Мөнхсоёмботой хүнсээ цуглуулчихаад гэр лүүгээ зөөж оруулахаар байрныхаа зогсоол руу ордог автомат хаалтан дээр ирээд 2-3 удаа дуут дохио дуугаргахад жижүүр онгойлгоогүй тэгэхээр нь манай нөхөр үргэлжлүүлээд 2-3 удаа дарчихсан чинь дээрээс нэг залуу 64-11 ээ чи наад машины дуут дохиогоо дарахаа болиоч ээ гэж байснаа би гараад очих уу гэхэд нь манай нөхөр тэгээ тэг гэж хэлтэл удалгүй тэр залуу гарч ирээд манай хүүхэд төрөөд 7 хонож байна гэсэн утгатай зүйл яриад хараал хэлээд дайраад байсан. Манай нөхөр урдаас нь сүртэй юм бэ энэ байранд өчнөөн хүн амьдардаг чи сэтгэцийн өвчтэй юм биш биз яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. ...Манай нөхрийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохьсон. Тэгэхэд нь манай нөхөр газар унаад босч ирсэн. Дахиад зодолдсон бол бүр балрах байсан байх тэгээд би зүгээр байж бай гээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10589 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “1. Ж.Мөнхсоёмбо-н биед баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-р хуудас/
Яллагдагч Д.Ммөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ 2019 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр манай хүүхэд төрөөд 4 дэх хоног дээрээ байсан ба гэртээ хүүхдээ унтуулаад байж байтал өдрийн 13:30 цагийн орчимд гадаа байрны үүдэнд 64-11 улсын дугаартай автомашин дуут дохиогоо урт хугацаагаар чанга дугаргаад байхаар нь цонхоороо “64-11 ээ наад дуут дохиогоо аядаж өгнө үү, нялх нойтон хүүхэд унтаж байхад нь сэрээгээд байна.” Гэж хэлэхэд чадахгүй гэсэн. Тэгэхлээр нь би буугаад очих уу гэхэд тэр жолооч тэг гэхлээр нь явж очиход жолооч нь эхнэр хүүхдийнхээ хамтаар машинаасаа бууж байсан ба жолооч дээр нь очоод миний хүүхэд төрөөд 4 хонож байнаа, чи өөрөө хүүхэдтэй юу, чамд машинаасаат буугаад 20 метр хүрэхгүй газар алхаж очоод харуулыг дуудчих сэтгэл байхгүй юу, миний хүүхэд цочиж сэрлээ гэж хэлэхэд бүгд л машинаараа дуут дохио орилуулдаг ш дээ “пизда минь” гэж хэл амаар доромжлохоор нь чи намайг пизда гэж дууддаг хэн юм бэ? гэж хэлээд 1 удаа зүүн гараараа шанаа хэсэгт нь цохьтол газар хөл алдаад унасан. Энэ үед нь эхнэр нь цагдаа дуудна шүү гэж хэлэхээр нь дууд гэж хэлээд гэртээ орсон...Хэрэг шалгагдах хугацаанд хохирогчид 173,000 төгрөгний хохирол төлж барагдуулж гомдолгүй болгосон байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч Ж.Мөнхсоёмбын хүсэлт /хавтаст хэргийн 36-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Д.М -н хүсэлт /хавтаст хэргийн 37-р хуудас/
Хохирлын баримт “173.330 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна” /хавтаст хэргийн 20-р хуудас/
Шүүгдэгч Д.М иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 27, 28-р хуудас/
Яллагдагч Д.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 13:50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 72 дугаар байрны гадна хохирогч Ж.Мөнхсоёмботой “автомашины дуут дохио дугаргасан” хэмээн маргалдаж, улмаар хохирогч Ж.Мөнхсоёмбын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж, цохиж зодон эрүүл мэндэд нь баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ж.Мөнхсоёмбо, гэрч М.Дугармаа, мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Мяллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10589 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос Д.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Мөнхсоёмбо нь санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрийг барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Д.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.М нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн талаар хохирогч Ж.Мөнхсоёмбо хүсэлтдээ дурдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.М сануулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6:Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.М урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР