Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 767

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2019           10          07                                   2019/ШЦТ/767

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Ш, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш - д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, буддын гүн ухаан судлаач мэргэжилээр суралцдаг гэх, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчиглэн хийдийн Дашчойнпил дацанд лам, ам бүл 5, аав, эхнэр, 2 хүүхдийн хамт,  урьд ял шийтгэлгүй, Б.Ш

Холбогдсон хэргийн талаар:

Б.Ш нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 20 минутын үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.10 хувийн согтоллтой үедээ ” Чингэлтэй  дүүргийн 11 дүгээр хороо Хүчин шонхор захын зүүн талын замд Тоёота Приус-20 маркын 91-30 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний замаар явж байсан явган зорчигч Р.Баасанхүү, Р.Сүхбаатар нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орой би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Маргааш өглөө нь 06 цагийн үед гэртээ харих гээд явж байхад гэнэт нэг хүн машины урдуур гараад ирсэн. Тухайн үед хоромхон зуурын хугацаанд үйл явдал болж өнгөрсөн. Тэгээд би машинаасаа бууж түргэн тусламж дуудсан. Цагдаа нар ирж миний согтолтын зэргийг шалгасан. Би гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Хохирогч Р.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 6 цаг өнгөрч байхад яг хэдэн цагт гэдгээ хэлж мэдэхгүй байна. Гэртээ харихаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох “Хүчин шонхор” ХХК-ийн хүнсний захын зүүн талын засмал замын зүүн талын явган хүний замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй алхаж явтал гэнэт тас няс хийх чимээ гарч толгой буюу хүзүү рүү нурах гээд л явчихсан гэтэл Toyota prius-20 маркын улсын дугаарыг нь сайн санахгүй байна авто машин миний араас намайг мөргөсөн бололтой засмал зам дээр зогсож байсан. Тэгээд би унасан газраасаа босч чадахгүй байхад хүмүүс тэр хавиар шуугилдаад байсан. Тэр үед би алхаж явсан явган хүнийхээ зам дээр унасан байсан. ...Тухайн үед би ямархуу байдалтай авомашинд мөргүүлсэн талаараа өөрөө ч сайн санахгүй байна. Автомашин миний ардаас мөргөсөн байх гэж бодож байна. Яагаад гэхээр би алхаж явсан явган хүний зам дээр унасан, тэгээд бас миний баруун зовхинд цус хуралт, баруун хацар, баруун даланд зулгаралт үүсч хүзүү гэмтэж, тархи доргисон байсан. ...миний хувьд өөрт учирсан эрүүл мэндээ зүгээр хэвийн болгуулах, мөн хохирлоо баримтын дагуу нэхэмжлэн төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/

Хохирогч Р.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 6 цаг 20 минутын орчимд ажил руугаа очихоор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Хүчит шонхор ХХК-ийн хүнсний захын зүүн талын засмал замын зүүн талын явган хүний замаар ерөтнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй алхаж явтал гэнэт тас няс хийх чимээ гарч “Toyota prius-20” маркын улсын дугаарыг нь сайн санахгүй байна автомашин миний араас мөргөх шиг болж би алхаж явсан явган хүний зам дээр унасан. Тэгээд би босч чадахгүй байж байхад манай нөхөр миний ардаас ажил руу маань ирж явж тааран над дээр ирж ямар хүн 103 түргэн тусламж руу залгаж дуудлага мэдээлэл өгсөнийг нь сайн санахгүй байна ...Тухайн үед би ямархуу байдалтай автомашинд мөргүүлсэн талаараа өөрөө ч сайн санахгүй байна. Автомашин миний араас мөргөх шиг болж би алхаж явсан явган хүний зам дээр унасан. Тэгээд миний зүүн хөл хөхөрч, баруун талын хавирга хугарсан байсан. Тийм болохоор уг автомашин миний ардаас мөргөсөн байх гэж бодож байна. ...миний хувьд өөрт учирсан эрүүл мэндээ зүгээр хэвийн болгуулах, мөн хохирлоо баримтын дагуу нэхэмжилэн төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/

Гэрч Х.Даваадуламын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/

Гэрч Ш.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/

Гэрч Б.Цэдэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №7954 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Р.Баасанхүүгийн биед баруун баруун талын 5, 6 дугаар хавирганы хугарал, дагз, баруун зулай, зүүн тохой, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №7955 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Р.Сүхбаатарын биед хүзүүний 4-6-р нугаламын түвшин дэх жийргэвч мөгөөрсний жижиг урагдал, тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, дух, баруун хацар, эрүү, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-р хуудас/

Зам тээврийн осол, хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5, 8-10-р хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 6-7-р хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13-р хуудас/

Шүүгдэгч Б.Шын хохирол төлбөр төлсөн талаар баримтууд /хавтаст хэргийн 106, 112-117-р хуудас/

Шүүгдэгч Б.Шын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 84, 86-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1249 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 94-р хуудас/

Монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийдын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №588 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 93-р хуудас/

Ш.Билгүүний төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 94-р хуудас/

Ш.Нандин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 95-р хуудас/

Шүүгдэгч Б.Ш ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 89-р хуудас/

Шүүгдэгч Б.Шын жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 85-р хуудас/

Шүүгдэгч Б.Шын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 83-р хуудас/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 20 минутын үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.10 хувийн согтоллтой үедээ ” Чингэлтэй  дүүргийн 11 дүгээр хороо Хүчин шонхор захын зүүн талын замд Тоёота Приус-20 маркийн 91-30 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний замаар явж байсан явган зорчигч Р.Баасанхүү, Р.Сүхбаатар нарыг мөргөж хохирогч Р.Сүхбаатарын биед биед хүзүүний 4-6-р нугаламын түвшин дэх жийргэвч мөгөөрсний жижиг урагдал, тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, дух, баруун хацар, эрүү, баруун даланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хохирогч Р.Баасанхүүгийн биед баруун баруун талын 5, 6 дугаар хавирганы хугарал, дагз, баруун зулай, зүүн тохой, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Р.Сүхбаатар, Р.Баасанхүү, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №7954 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №7955 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Ш нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн асуудлаар маргаагүй байна.

            Шүүгдэгч Б.Ш нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.10 хувийн согтоллтой үедээ ” Чингэлтэй  дүүргийн 11 дүгээр хороо Хүчин шонхор захын зүүн талын замд Тоёота Приус-20 маркын 91-30 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний замаар зорчиж явсан явган зорчигчид болох Р.Баасанхүү, Р.Сүхбаатар нарыг мөргөж тэдгээрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Л.Оюунбилэгийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ. Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 20 минутын үед  Тоёота Приус-20 маркийн 91-30 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул жолооч мөн байна. Автотээврийн хэрэгслийн жолооч согуутрсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхаар хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Ш нь гэмт хэрэг үйлдэх үедээ драггер багажийн хэмжилтээр 2.10 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Прокуророос Б.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ш нь хохирогч Р.Баасанхүүгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 780.615 төгрөгийг төлсөн. Хохирогч Р.Баасанхүү нь цаашид нэхэмжлэх зардалгүй талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч Б.Ш нь хохирогч Р.Сүхбаатарын эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 540.000 төгрөг төлсөн байна. Хохирогч Р.Сүхбаатар нь “...эрүүл мэндээ хэвийн болгуулах, хохирлоо баримтын дагуу нэхэмжлэн төлүүлэх хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Ш нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчин замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгсэл жолоодохыг хориглсон замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлсэн бол дээрх осол, хэрэг гарахгүй байх боломжтой нөхцөл байдал байсан байх тул тохиолдлын шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Харин шүүгдэгч Б.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдаж  ирсэн шүүгдэгч Б.Шын В ангиллын 944074 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Шыг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй боловч Б.Ш нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч Б.Шт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг заавал оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч Б.Шын жолоодох эрхийг хасах ялыг  Эрүүгийн хуулийн тухайн зүйлийн хэсгийн дотор заасан хэмжээний дотор хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б.Ш -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж , мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах эрх хасах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч Б.Шт сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч Б.Ш цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.Сүхбаатар нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэлх эрхтэй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч Б.Ш ын В ангиллын 944074 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Цэрэннямд даалгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР