Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 720

 

                                   

 

 

 

 

 

 

 

2019          09          23                                   2019/ШЦТ/720

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: А.Нямсүрэн  

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Б-д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн,  30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга, зам талбайн ажил хийдэг гэх, ам бүл 3, ээж, охины хамтаар, урьд ял шийтгэлгүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 424б тоотод иргэн С.Бөхмагнайг зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.Бөхмагнайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагруу Одсүрэнгийн ээж аавруу хүүхдүүдээ авах гээд явсан бөгөөд тэндээ хэд хоночихоод хүүхдүүдээ аваад 29-ний өдөр Өвөрхангайгаас ирж явахдаа Одсүрэнтэй ярихад Одсүрэн намайг ирээд авчих гэж хэлэхээр нь би чи өөрөө унаа олоод хотруу ороод ирээч гэж хэлсэн чинь энэ хүн намайг явуулахгүй байна гэж хэлэхээр нь би Төв аймгийн замаар яваад Налайх дүүрэг ороод хамтран амьдрагч Одсүрэнг очиж авах үед Одсүрэнтэй найзлаад байгаа Б.Б гэх залуу согтуу намайг машинаасаа буугаад ир гээд байхаар нь би ямар нэгэн юм ярилгүй Одсүрэнг машиндаа суулгаад хотод байх гэртээ 21 цагийн үед гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд ядарсан байсан болохоор унтах гээд байж байтал манай гэрийн үүдний хаалгыг нүдээд байхаар би гэрийн хаалгаа онгойлтол Одсүрэнгийн найзалдаг Б.Б гэгч хаалгаар шагайгаад толгойгоороо намайг мөргөх гэхэд нь би цааш нь түлхсэн чинь Б.Б миний нүүрний хамар хэсэгт нэг удаа цохисон бөгөөд миний хамарнаас цус гарахаар нь би хойшоо ухрах үед үүдний босгонд тээглээд хойшоо бөгсөөрөө унах үед Б.Б миний дээр гараад миний баруун нүдний чамархай хэсэгт нэг удаа цохихоор нь би эргээд дээр нь гараад Б.Бгийн дээр гараад нэг гарыг нь дарсан бөгөөд манай эхнэр Одсүрэн нөгөө гарыг нь дараад байж байхдаа би өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан бөгөөд удалгүй хашааны хаалга нүдэхээр нь би цагдаа ирж байна гэж бодоод гараад очсон чинь энэ хашааруу орсон залуу хайчив таксины мөнгөө авъя гээд миний үеийн нэг залуу байсан бөгөөд 12000 төгрөг авмаар байна гэж хэлсэн тэгэхээр нь чиний хүргэж ирсэн залуу намайг зодчихлоо чи цагдаа дууд гэж хэлсэн юм. Тэр таксины жолооч нөгөө хүргэж ирсэн залууг манай эхнэрийн нөхөр гэж бодоод цагдаад дуудлага өгөхдөө согтуу хүн эхнэр хүүхэддээ агсан тавиад байна гэж бодоод дуудлага өгсөн байсан юм ” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 11-12-р хуудас/

Гэрч Б.Одсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “би С.Бөхмагнай гэх хүнтэй 2012 онд хамтран амьдарч эхэлсэн бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй юм. Манай нөхөр болох С.Бөхмагнай нь Өмнөговийн Таван толгой гэх газар том тэрэг барьдаг юм. Би 126 дугаар цэцэрлэгт туслах багшийн ажил хийдэг юм. Би Б.Б гэх залуутай 2019 оноос 06 дугаар сараас эхлэн дотно харилцаатай болоод 2019 оны 06 дугаар сарын 20-н гаргаад Б.Б гэх залуугийн ажил болох Налайх дүүрэгт хамтдаа байж байгаад манай 2 хүүхэд Өвөрхангай аймагт манай аав ээж дээр байсан бөгөөд манай нөхөр Бөхмагнай 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр очиж аваад хотод ирж байна гэсэн учраас намайг Налайх дүүргээс ирээд аваач гээд Налайхаас Бөхмагнай ирж аваад хамтдаа гэртээ ирсэн юм. Бид нар гэртээ ирээд унтах гээд байж байтал гэрийн хаалга нүдсэн бөгөөд Бөхмагнай хаалга тайлахад Б.Б гаднаас орж ирсэн ба намайг харах үед Б.Б толгойгоороо Бөхмагнайгийн толгойд мөргөж хүрсэн бөгөөд тэр хоёр барьцалдаж аваад Бөхмагнай Б.Бг доороо хийгээд дээр нь гараад дараад авсан юм би энэ үед хажууд нь очоод тэр хоёрыг салгасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн №8282 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэд “1. С.Бөхмагнайгийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тотоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт  /хавтаст хэргийн 20-р хуудас/

Яллагдагч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...би Бөхмагнайгийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Шүүгдэгч Б.Б.Бий иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44-р хуудас/

Яллагдагч Б.Б.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 46-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 424б тоотод иргэн С.Бөхмагнайг зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч С.Бөхмагнай, гэрч Б.Одсүрэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн №8282 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Б.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бнь хохирогч С.Бөхмагнайгийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хэдийгээр гэм буруугийн хэлбэр нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй боловч Б.Бнь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдэлд хандсан байна.  

Шүүгдэгч Б.Бнь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос Б.Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Бөхмагнай нь 128.000 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Б.Бнь төлж барагдуулсан, одоо бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Бнь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.

Шүүхээс шүүгдэгч  Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч  Б.Бд сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  Б.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР