Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 782

 

 

                                                           

 

 

 

 

 

2019           10          11                                   2019/ШЦТ/782

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Г.Анармөнх,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мандухай /ШТЭД:ҮД0102/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн  хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эмээ, эгч нарын хамт, урьд 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын Дугаар 3517 тоот тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 3 жил 2 сар 18 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч 2 сар 18 хоногийн хорих ялыг биеэр эдэлж 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 35-387 тоотод оршин суух иргэн И.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч иргэн Н.Одонхуягийн өмчлөлийн гар оёдлын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Одонхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”...Би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 35-387 тоотод оршин суух иргэн И.Оюунцэцэг гэх айлын хажуу талын байшинд амьдардаг байж байгаад нүүгээд хотын төвд амьдрах болсон юм. Тэгээд нүүгээд явахдаа хажуу айл болох И.Оюунцэцэг эгчийн гэрт нь өөрийн Хятад улсад үйлдвэрлэсэн нэр загварыг нь мэдэхгүй хуучны оёдлын машинаа үлдээгээд явсан. Уг оёдлын машиныг И.Оюунцэцэг эгч засаж сэлбээд хэрэглэж байсан. Тэгээд 2019 оны 5 дугаар сард И.Оюунцэцэгийг гэртээ байхгүй хойгуур гэрийнх нь цонхоор хулгайч орж эд зүйлс алдагдахдаа манай оёдлын машин алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30-р хуудас/

Хохирогч И.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”манайх 2019 оны 2 дугаар сарын 08-наас хойш эзэнгүй байгаа бөгөөд тэгэхдээ би нэг хоног өнжөөд нохойдоо хоол авчирч өгдөг. Би хамгийн сүүлд 5 дугаар сарын 04-ний өдөр ирж байж байгаад 15 цагийн үед явсан тэгэхэд цонх зүгээр байсан. Тэгээд өнөөдөр 13 цагийн үед нохойд хоол өгөх гээд ирсэн чинь коридорын жижиг вакум цонхны салхивч онгорхой хувцасны шкафны хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гэрт байсан эд зүйлсээ бүртгэж үзсэн жижиг унтлагын өрөөнд байсан дээр үеийн хятадын гар оёдлын машин алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30-р хуудас/

Гэрч Б.Бадамтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг  /хавтаст хэргийн 33-34-р хуудас/

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр санагдаж байна. Би тухайн үед нэг залуутай танилцаж түүнтэй хамт түүний одоо дугаарыг нь мэдэхгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаад түүнийг халтууранд явж байхад нь таараад түүний хажууд суугаад цугтаа явсан юм тэгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байгаад Чингэлтэйд буюу 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын гудамж руу ороод явж байгаад нөгөө залуугийн машиных нь бензин тасалдаад байхаар нь би машинаас нь буугаад нөгөө машинаа явуулаад манай нэг хамаатных энд байдаг юм гэж хэлээд энд үлдлээ гэж хэлээд үлдээд тухайн үед үдээс хойш 14-15 цагийн орчимд санагдаж байна нэг хорооллын гудамжаар алхаад явж байгаад цагаан өнгийн төмөр хаалгатай банзан хашаатай айлын явган хүний жижиг хаалгаар нь дотогш явж ороод хашаан дотор байх ягаан өнгийн мансарттай байшингийн хажуу талын буюу ертөнцийн зүгээр баруун зүгт харсан цонхны салхивчийг түлхэн онгойлгож дотогш орж уг айл дотроос хэрэг болох зүйлс байна уу гээд хараад явж байгаад жижиг өрөөнд байх шүүгээн дээр байсан хятадын дээр үеийн оёдлын машин байсныг аваад анх орж ирсэн цонхоороо эргэж гараад доор автобусны дээр очоод автобусанд суугаад ганцаараа Нарантуул худалдааны төв орж зах дотор зогсож байгаад явуулын хүнд уг хулгайлж авсан оёдлын машиныг 25.000 /хорих таван мянган/ төгрөгөөр зарж борлуулаад мөнгийг нь үрээд дуусгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-57-р хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12-р хуудас/

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 35-36-р хуудас/

Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-р хуудас/

Хохирогч Н.Одонхуягт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 76-р хуудас/

Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 59-р хуудас/

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн №1179 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 69-р хуудас/

Шүүгдэгч Б.Бэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 60-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 35-387 тоотод оршин суух иргэн И.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч иргэн Н.Одонхуягийн өмчлөлийн гар оёдлын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 72.000 /далан хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Н.Одонхуяг, И.Оюунцэцэг шүүгдэгч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 35-387 тоотод оршин суух иргэн И.Оюунцэцэгийн цонхоор дотогш нэвтэрч, улмаар хохирогч Н.Одонхуягийн өмчлөлийн оёдлын машиныг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч цаашид захиран зарцуулж бусдад 72.000 /далан хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан, И.Оюунцэцэгийн байшин нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшин байна. И.Оюунцэцэг нь уг байшинд 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш амьдрахгүй байгаа талаар мэдүүлсэн боловч зориулалтын хувьд энэхүү байшин нь хүн байнга амьдрах зориулалттай, бусдын өмчлөлийн эд зүйлсийг тусгайлан хамгаалсан байх тул уг байшинд И.Оюунцэцэг болон өөр бусад хүмүүс байнга амьдардаггүй байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Прокуророос Б.Б үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох И.Оюунцэцэгийн байшин нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 72.000 /далан хоёр мянган/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул одоо бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгохоор гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн арга, халдлагын зүйл зэргийг урьдаас төлөвлөн хэрэгжүүлсэн буюу гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байх тул тухайн зүйлийн хэсэгт заасан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ялын хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Б-г цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.    

6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР