Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 795

 

 

                       

 

 

 

 

 

 

2019           10          18                                   2019/ШЦТ/795

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж

Нарийн бичгийн дарга:Б.Номинзул,

Улсын яллагч: П.Итгэл,

Шүүгдэгч: Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  Т.А т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 18-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, хойд эцэг, эх, эгч, эгч хүүхдүүдийн хамт, урьд 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлсэн, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Т.А

Холбогдсон хэргийн талаар:

Т.А нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны шөнийн 1 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” гэх бааранд иргэн Б.Дэмбэрэлсамбуутай маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт нь дэвсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Дэмбэрэлсамбуу мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”Миний санаж байгаагаар Чингэлтэй дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуулга баарны 2 давхарын шатны орчим тамхи татаж байхад Т.А над дээр ирээд тамхи байна уу  гэж асуухад татаж байгаа тамхинаас өөр тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн хоёр давхарын шатнаас гадаа үүдний хаалга хүртэл миний өмсөж явсан цамцнаас татаж шатны уруу чирсэн. Тэгээд гадаа гаргаж миний дээрээс гэдсэн дээр хөлөөрөө дэвссэн. Хөлөөрөө 1-2 удаа дэвссэн. Тэгээд би манараад ухаан санаа орж гараад босож чадахгүй гэдсээр өвдөөд байгаа. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/

Гэрч Т.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Намайг өглөө 9 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Бямбахишигийн охин Б.Отгонзаяа нь над руу залгаж та яаралтай гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир ах Б.Дэмбэрэлсамбуу урд шөнө баарны гадаа хүнд зодуулаад 1 цагт гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байна гэсэн. Би ажлаас чөлөө аваад эмнэлэг дээр ирэхэд хавсарсан гэмтлийн тасагт орсон эмчилэгдэж байхаар нь өөрөөс нь юу болсон талаар нь асуухад урд шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Дуулга нэртэй баарны гадна талд зүс таних боловч сайн танихгүй, нэрийг нь мэдэхгүй хүн маргалдсан. Би тэр хүнийг харвал танина. ...надтай маргаад намайг газар унагаж байгаад дээрээс цээж, гэдэс орчимд хөлөөрөө дэвссэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/

Гэрч З.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 8 дугаар сарын 06-ны орой 23 цаг өнгөрч байхад Дуулга нэртэй бааранд ирэхэд Т.Ань манай бааранд ганцаараа ирчихсэн харагдсан. Тэгээд би хяналтын камераа хараад сууж байтал Б.Дэмбэрэлсамбуу дээгүүрээ цээж нүцгэн, цамцаа барьчихсан баарлуу гахнцаараа орж харагдсан ...баарны үүдэн шатан дээр Т.А манай ажилтан А.Ганбаяр луу Бадамцэцэгийг хардан зодох гээд дайраад байхаар нь би юу болоод байна гээд дундуур нь ороод Т.Атай уулзахад “энэ Ганбаяр чинь миний сайн хүүхнийг тэврээд байна” гэж хэлсэн. Тэгээд би Т.Т.Ат хандан “наад Ганбаяр чинь ямар ч хамаагүй, зүгээр тоглож байгаа юм аа” гэж хэлээд салгаж миний хоёр талд зогсож  байхад баарнаас Б.Дэмбэрэлсамбуу гарч ирээд орилж хашгираад, наана чинь юу болоод байгаа юм бэ гээд гарч ирэхэд нь би Б.Дэмбэрэлсамбууд хандан “чамд ямар ч хамаа байхгүй, чи буцаад ор” гэж хэлсэн. Тэгээд Б.Дэмбэрэлсамбуу миний үгийг тоохгүй Т.Алуу дайраад маргалдаад хоёр биенээ заамдаад эхэлсэн. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгсэн Б.Дэмбэрэлсамбуу “за хоёулаа болъё, гарч тамхи татъя” гэж хэлээд шатаар доошоо уруудаж байхдаа дахин хоорондоо маргалдаад Т.А, Б.Дэмбэрэлсамбуу нар бие биенээ заамдалдаж байхдаа Т.А, Б.Дэмбэрэлсамууг цамцнаас нь шатны уруу татаад газар унагааж, чирж татаад гадаа үүдэн дээр гарсан. Тэгээд би араас нь гарч Б.Дэмбэрэлсамбууг бос гэж хэлэхэд “босож чадахгүй байна. Гэдэс өвдөөд байна ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20-р хуудас/

Гэрч Д.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №9760  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Б.Дэмбэрэлсамбуугийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд гэдэсний агуулагдахуун хуралдалт /600мл/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-р хуудас/

Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...хэвлийн тус газар нь өшиглөх, дэвсэх, цохих үед үүсэх боломжтой мөн цохих цохигдох үед үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /36-38-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтүүд /хавтаст хэргийн 111-112-р хуудас/

Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 114-р хуудас/

Шүүгдэгч Т.Аын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 94, 96-р хуудас/

Шүүгдэгч Т.Аын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 103-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны шөнийн 1 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” гэх бааранд иргэн Б.Дэмбэрэлсамбуутай маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт нь дэвсэж эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд гэдэсний агуулагдахуун хуралдалт /600мл/ бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Дэмбэрэлсамбуу, гэрч Т.Болормаа, З.Мягмар, шинжээч эмч М.Золжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №9760  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А нь гэм буруугийн талаар болон прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Т.Аын үйлдлийн улмаас хохирогч Б.Дэмбэрэлсамбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Т.Ань өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэжээ. Шүүгдэгч Т.Аын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, хорих ялын хэмжээг мөн зүйлийн хэсэгт 2-8 жилийн хугацаатай байхаар зааж өгсөн байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 269 тоот тогтоолоор Т.Ат холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоож, хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн байна. Шүүгдэгч Т.Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

Иймд шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Дэмбэрэлсамбуу нь “...Т.А нь надаас албан ёсоор уучлал гуйж миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул бид хоёр сайн дурын үндсэн дээр хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн байна.  Иймд шүүгдэгч Т.Ань бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар  гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Т.Ань урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байсан боловч өмнөх үйлдэлдээ ял шийтгэлээ бүрэн эдэлж дууссан байна. Иймд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Ань өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Т.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар  гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл зэргийг харгалзан шүүгдэгчээс прокурортой тухайн зүйлийн хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар тохиролцсоныг харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.А -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Т.Ат сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ань бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР