| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0776/Э |
| Дугаар | 809 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 809
2019 10 23 2019/ШЦТ/809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: Г.Ууганбаатар,
Шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Таван толгой түлш ХХК-д савлагч ажилтай гэх, ам бүл 2, ээжийн хамт урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 341 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М3 жил хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 , 5 заасныг журамлан шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Г.М
Холбогдсон хэргийн талаар:
Г.М нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер Ланд худалдааны төвд засварчингаар ажиллаж байхдаа Ө.Мөнх-Эрдэнийн 750.000 төгрөгийн үнэ бүхий Тошиба брэндийн зөөврийн компьютерийг засварлаж өгнө гэж 240.000 төгрөгийг, компьютерийн хамт авч нийт 990.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Компьютер Ландын зоорийн давхарт өөрийн Toshiba брэндийн нөүтбүүкийг засуулахаар өгсөн тухайн үед гар утас байхгүй байгаа фэйсбүүкээр холбогдчих гэж хэлсэн тухайн үед цагаан сар дөхсөн байсан учир хятадын хил хаагдсан 14 хоногийн дараа хүрээд ир гэж хэлсэн. Түүнээс хойш буюу 2019 оны 03 дугаар сарын эхээр Фэйсбүүк хаяг руу нь миний нөүтбүүк юу болж байна гэсэн боловч арай ирээгүй байна, дараа долоо хоногоос асуугаарай гэж хэлээд түүнээс хойш таг болсон учир цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Тухайн үед өөрийн Toshiba брэндийн нөүтбүүкийг газар унагаад гадна гэр нь хагарсан мөн дэлгэц нь гэмтсэн байсан учир бэлнээр 240.000 төгрөг өгсөн засварын хөлстэй нь хамт. ...Би тухайн залууд засварын 120.000 төгрөг болон Toshiba брэндийн гадна гэр нь хагарсан нөүтбүүк үлдээсэн. Уг эд зүйлээ буцаан авч хохиролгүй болмоор байна. Компьютерээ одоо 900.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,
Хохирогч Ө.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажилиллагааны үед дахин мэдүүлсэн: “...Компьютер Ланд төвийн зоорийн давхарт байрлах засварчин гэх 30 орчим насны залууд өөрийн тошиба брендийн нөүтбүүк засуулахаар өгсөн юм. Тухайн үед сэлбэг нь байхгүй хятадаас захиж авчруулна гэж хэлсэн. Ингээд 120.000 төгрөгийг ажлын хөлс болгож тэр залуугийн Хаан банкны 5020935274 тоот данс руу 120.000 төгрөгийг шилжүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,
Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: ”...миний хувьд компьютер ланд худалдааны төв дээр ажиллаж байхдаа хүмүүст өртэй болсон. Тийм болохоор хүмүүс өрөө нэхээд байхаар нь мөнгө олох гээд ажлаа хаяад явчихсан боловч мөнгө ч надад олдоогүй, буцаж ажил дээрээ очоогүй юм. Хохирогчийн засварын хөлс болох 240.000 төгрөгийг хувийн хэрэглээндээ зарцуулсан, харин компьютерийг нь авч явж байгаад алга болгочихсон юм. Миний үйлдэл болохоор би гэм буруугаа ухамсарлаад хохирогчийн хохирлыг төлж барагдуулна гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн комиссын тайлан: TOSHIBA I-5 загварын зөөврийн компьютерийг 750.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 27-р хуудас/,
Шүүгдэгч Г.М Хаан банк дахь 5020935274 төгрөгийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 30-р хуудас/
Шүүгдэгч Г.М иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 31-р хуудас/
Шүүгдэгч Г.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Компьютер Ланд” худалдааны төвд засварчинаар ажиллаж байхдаа хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошиба загварын зөөврийн компьютерийг засварлаж өгнө гэж ажлын хөлс, сэлбэгийн үнэ болох 240.000 төгрөгийг, компьютерийн хамт авч нийт 990.000 төгрөгийг хохирол учруулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээний 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн комиссын тайлан, шүүгдэгч Г.М Хаан банк дахь 5020935274 төгрөгийн депозит дансны хуулга зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хөрөнгө завших гэдэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Г.М нь гэм буруугийн талаар болон хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн зүйлчлэл, нотолгооны хүрээнд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос Г.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.М нь хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Ө.Мөнх-Эрдэнэ нь ямар нэгэн гомдол, саналгүй талаараа бичгээр тайлбар илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Г.Мнь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Г.M эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн өмгөөллийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.М нь хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч ял хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор завшиж өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн шинж, гэмт санаа зорилго зэргийг харгалзан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Г.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй боловч Г.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч Г.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.М нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.М- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч Г.М –д сануулсугай.
4.Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.М урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР