Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 544

 

 

 

 

М.Мөнхзулд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор И.Ариунсанаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Төмөрбаатарын, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Мөнхзулын өмгөөлөгч Н.Ганбат,  

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр, даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 222 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Солонгын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 5/44 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр, М.Мөнхзулд холбогдох 20162502573 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шар овогт Моононхүүгийн Мөнхзул, 1982 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 6 дугаар гудамжны 319 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХК82021116/,

М.Мөнхзул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37Б байрны урд байрлах гараашийн орчим М.Мөнхзулыг 7 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Мөнхзулд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.14 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Мөнхзул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37Б байрны урд байрлах гараашийн орчим М.Мөнхзулыг 7 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж санаатай алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд хангаж ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд нь зөрүүтэй. Гэрч Э.Өсөхбаяр, Б.Адъяа нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгаж, шүүгдэгч М.Мөнхзулыг таньж олуулах ажиллагааг хийх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангана гэсэн үндэслэлүүдийг зааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч М.Мөнхзулд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Өсөхбаяр “наадмын дараа хэд хоног өнгөрч байхад “Нарантуул” зах дээр тэрэг түрдэг Б.Адъяа ахтай тааралдаад М.Мөнхзул ахын жижүүрийн байранд очихдоо нэг шил архи аваад тэрийг Зулаа /Мөнхзул/ ахтай хувааж уусан... орой дахиад Зулаа ахын байранд очоод уулзахад “талийгаач М.Мөнхзултай уулзмаар байна” гээд бид гурав Сансар луу хамт явсан. Замдаа бид гурав “Жулия” дэлгүүрээс архи авч уусан... Сансарын баарнуудын ойролцоо очиход талийгаач М.Мөнхзул тамхи, өндөг зараад сууж байсан... гэнэт юунаас болсон юм мэдэхгүй Б.Адъяа, М.Мөнхзул ах хоёр хоорондоо муудалцаад Б.Адъяа ах бид хоёр явсан... М.Мөнхзул ах, талийгаачтай үлдсэн...” гэж, гэрч Б.Адъяа “...Би ер  нь М.Мөнхзултай архи уудаг болохоор хэзээ ууснаа санахгүй байна. Наадмын дараа байх хамт архи уусан...” гэж тус тус мэдүүлсэн.

Гэрч Э.Өсөхбаяр нь гэмт хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч М.Мөнхзултай уулзсан талаар тодорхой мэдүүлдэг, харин Б.Адъяа нь шүүгдэгч М.Мөнхзултай уулзсан талаар мэдүүлээгүй. Иймд гэрч нарын мэдүүлгийг зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй. Мэдүүлгийн зөрүүг арилгах гэсэн заалтыг хангах боломжгүй. Мөн шүүгдэгч М.Мөнхзулыг таньж олуулах ажиллагаа хийх гэдэг нь ойлгомжгүй, энэ заалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” гэсэн заалтыг зөрчиж байна. Гэрч Б.Жавзандулам “найзыгаа хүргэж өгөх гээд явж байхад нэг халзан толгойтой, ногоон цамцтай, цагаан саравчтай малгайтай залуутай хамт сууж байсан” гэж мэдүүлдэг боловч таньж олуулах ажиллагаа хийхээр гэрч Б.Жавзандуламаас мэдүүлэг авахад “харанхуй байсан учир сайн харж чадаагүй. Хувцасаар нь харвал танина. Би хажуу талаас нь харсан. Одоо харвал танихгүй” гэдэг.

Иймд талийгаач М.Мөнхзултай гэмт хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 14-ний шөнө хамт байсан хүнийг харсан гэрч Б.Жавзандуламаар таньж олуулах ажиллагаа хийх боломжгүй болсон учир өөр хэнээр таньж олуулах ажиллагаа хийлгэх нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч М.Мөнхзулын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Мөнхзулын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн дэмжиж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Төмөрбаатарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний хувь заяа шийдвэрлэж байгаа тул шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж эдгээр асуудлыг тодруулах хэрэгтэй гэж байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд Э.Өсөхбаяр, Б.Адъяа нарыг гэрчээр оролцуулж мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар  шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан боловч эдгээр гэрчүүд ирдэггүй. Иймд анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж мэдүүлгийн зөрүүг арилгах нь ач холбогдолтой гэж үзсэн. Харин таньж олуулах ажиллагааны хувьд тухайн гэрч Б.Жавзандулам “одоо хараад танихгүй” гэж байгаа учир 1 жил гаран хугацааны дараа энэ ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч М.Мөнхзулын өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Э.Өсөхбаяр, Б.Адъяа нарыг дуудсан боловч ирээгүй шалтгаанаар анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, тэднийг онц ноцтой хэрэгт холбогдуулж шалгаагүй. Эдгээр гэрчүүд зөрүүтэй, тогтворгүй мэдүүлэг өгдөг. Таньж олуулах ажиллагааг заавал хийх хэрэгтэй. Хэрэгт таньж олуулах ажиллагаа огт хийгээгүй. Гэрч Б.Жавзандуламаас гадна Алтанцэцэг гэх гэрч байгаа. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийг үндэслэж Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч ахмад Батхуяг аман зураг үйлдэхэд шүүгдэгч М.Мөнхзулаас өөрөөр зурагдсан. Иймд энэ хүнийг олж тогтоон, хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

М.Мөнхзулд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байх бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна.

 

Учир нь М.Мөнхзулын сэжигтнээр өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр жижүүрийн байрандаа байхад 14 цагийн орчим Э.Өсөхбаяр, Б.Адъяа нар манай жижүүрийн байранд ирсэн. ...Б.Адъяа “хүүхэн олоод өг” гэхээр нь ажилтай байна гээд гарч чадаагүй. Орой 20 цагийн үед тэр хоёр дахин ирээд намайг дагуулаад гарсан. Тэр хоёр талийгаач М.Мөнхзулыг олж өгөөч гэсэн. ...Б.Адъяа М.Мөнхзулын нуруугаар тэврэхэд М.Мөнхзул “найзыгаа аваад яв” гээд уурлаад байсан...” /1-р хх-167-168/, Э.Өсөхбаярын гэрчээр өгсөн: “...Орой дахиад М.Мөнхзул ахын байранд очоод уулзахад М.Мөнхзул ах “талийгаачтай уулзмаар байна” гээд бид гурав Сансар луу хамт явцгаасан. Юунаас болсныг мэдэхгүй М.Мөнхзул ах, Б.Адъяа хоёр муудалцаад Б.Адъяа ах бид хоёр явсан...” /1-р хх-112-113/ гэж мэдүүлсэн.

 

Мөн Б.Адъяа гэрчээр өгсөн мэдүүлэгт: Түүнээс “М.Мөнхзул гэх эмэгтэйг таних уу, тухайн үед түүнтэй уулзмаар байна гэж хэлж байсан уу” гэсэн асуултад “Би тийм эмэгтэй танихгүй, би “хүүхэн олж өг, М.Мөнхзултай уулзмаар байна” гэж хэлээгүй” /2-р хх-17/, гэж асуусан асуултаас огт өөрөөр мэдүүлсэн байхад энэ талаар шаардлагатай ажиллагаа хийж, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болжээ.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул улсын яллагч С.Солонгын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 5/44 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 222 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 2. Хэргийг прокурорт очтол М.Мөнхзулд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                       Н.БАТСАЙХАН