Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2016/0389/З |
Дугаар | 519 |
Огноо | 2017-06-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 519
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М. А /
А.Ц
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Сүхбаатар дүүргийн Газрын алба
Гуравдагч этгээд: Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “1/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 279 дүгээр захирамжийн Д.Б холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах,
2/ Анх мэдээллийн санд бүртгэгдсэн байсан 799 м.кв газрыг мэдээллийг өөрчилсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
3/ Д.Б газрын байршил, эргэлтийн цэгийг тогтоож, хүлээлгэж өгсөн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох,
4/ Маргаан бүхий газрын эргэлтийн цэгийг хуульд нийцүүлэн тогтоохыг даалгах,
5/ Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,
6/ Нэхэмжлэгч нарт 700 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ж.Б, гуравдагч этгээд Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие А.Ц, А.И нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан 2015 оны 279 дүгээр захирамжаар А.Ц, А.Ич нараас хүссэн зуслангийн хашааны газартай давхцуулан олголт хийсэн гэж нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримт материалтай танилцсанаар 1/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 279 дүгээр захирамжийн Д.Б холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах,
2/ Анх мэдээллийн санд бүртгэгдсэн байсан 799 м.кв газрыг мэдээллийг өөрчилсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
3/ Д.Б газрын байршил, эргэлтийн цэгийг тогтоож, хүлээлгэж өгсөн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох,
4/ Маргаан бүхий газрын эргэлтийн цэгийг хуульд нийцүүлэн тогтоохыг даалгах,
5/ Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,
6/ Нэхэмжлэгч нарт 700 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгах” гэж тодруулж байна гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хуульд заасан үйлдлээ хийхгүй байх хууль бус эс үйлдэхүй байхыг шаарддаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглах, эзэмших хүсэлтийг өгснөөр тухайн эрх бүхий албан тушаалтан, иргэдийн хооронд газрын харилцаа үүсдэг. Гэтэл шүүх тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, өргөдөл холбогдох материалыг байгаа эсэхийг шалгаж дүүргийн Газрын албанд баримт бичгийн үзлэг хийсэн боловч Засаг даргад хандаж гаргасан аливаа хүсэлт, өргөдөл байхгүй нь үзлэгийн тэмдэглэлээр батлагдсан. Иймээс тус хүсэлт байхгүй зэрэг нь хариуцагчийн илт хууль бус үйлдэл тогтоогдохгүй бөгөөд Засаг даргад эрх олгосон захирамж гаргахыг даалгахыг шаардах хуулийн хүрээнд боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2002 оны 193 дугаар захирамжаар иргэн Б.*******т эзэмшүүлснийг дүүргийн Засаг даргын 2006 оны 74 дүгээр захирамжаар иргэн Б.*******д, 2014 оны Б/556 дугаар захирамжаар Х.*******т, 2015 оны А/279 дүгээр захирамжаар тус тус шилжүүлэн эзэмшүүлэхдээ манай алба хууль журам зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн 10-р хороо ЗБУ-н ******* тоотод оршин суугч ******* овогтой Ба******* би 2015 оны 04-р сарын 01-ний өдөр иргэн Х******* овогтой *******оос Сүхбаатар дүүргийн 19-р хороо зуслан Баянбулагт байрлах 400м2 талбайтай ******* тоот гэрчилгээтэй, ******* тоот кадастрын дугаартай газрьг харилцан тохиролцсоны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанд хандан өөрийн нэр дээр Дүүргийн засаг даргын 2015 оны 06-р сарын 26-ны өдрийн А/279 дүгээр захирамжаар шилжүүлэн авсан.
Уг газар дээр 2015 оны 4-р сараас эхлэн өвөл, зуны сууц барьж эхэлсэн. 08-р сарын 06-ны өдөр “Ж”-ХХК-д хандаж кадастрын цэгүүдийг газар дээр нь тавиулан хашаагаа барьж эхэлсэн.
Гэтэл хойд айлын эзэн гэх 50 гаруй насны эрэгтэй хүн надыг байхгүй үед ирж ажлаа зогсоохыг шаардан уурлан хашгиран луйварчин, дээрэмчин гэж доромжлон ажил хийлгээгүй. ... Хашааны суурь болон жорлон нь манай газар дээр бүрэн байгаа. Үүнийгээ өөрсдөө авч хувийн эзэмшлийн газарт дур мэдэн халдсан хариуцлагаа хуулийн дагуу хүлээх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Ц, А.И нар нь анх “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 279 дүгээр захирамжийн Д.Б холбогдох хэсгийн давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа “иргэн Х.Б 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаар гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, мөн Д.Б газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ газрын байршил, эргэлтийн цэгийг тогтоож, хүлээлгэж өгсөн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, маргаан бүхий газрын эргэлтийг цэгийг хуульд нийцүүлж тогтоолгохыг даалгуулах” гэж нэмэгдүүлжээ.
Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа:
1/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 279 дүгээр захирамжийн Д.Б холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах,
2/ Анх мэдээллийн санд бүртгэгдсэн байсан 799 м.кв газрыг мэдээллийг өөрчилсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
3/ Д.Б газрын байршил, эргэлтийн цэгийг тогтоож, хүлээлгэж өгсөн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох,
4/ Маргаан бүхий газрын эргэлтийн цэгийг хуульд нийцүүлэн тогтоохыг даалгах,
5/ Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,
6/ Нэхэмжлэгч нарт 700 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгах гэж тодруулсан тул дээрх зургаан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Д.Б нь 400м2 газар эзэмших эрхтэй тухайд маргахгүй байна.
Харин нэхэмжлэгч иргэд нь “2000 оноос хойш тухайн газарт оршин сууж байгаа, газрын кадастрын мэдээллийн санд манай газрын зураг бүртгэгдсэн байхад надад мэдэгдэлгүйгээр өөрчилж, улмаар давхцал үүсгээд газар эзэмших эрх олгохгүй байгаа нь хууль бус”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “иргэн Б.Б хүсэлт гаргасан газар нь иргэн Д.Бд олгогдсон газартай давхцалтай тул газар эзэмших эрх олгох боломжгүй” гэж тус тус маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- А.Ц, А.И нарын зусдаг байсан зуслангийн газрын хэмжээ нь анх 799 м.кв хэмжээтэйгээр нэгж талбарын дугаартайгаар, гуравдагч этгээд Д.Бгийн эзэмшиж буй газар нь 199 м.кв хэмжээтэйгээр, дугаартайгаар тус тус газрын кадастрын мэдээллийн санд эрх зүйн харилцаанд орсон эсэх тодорхой мэдээлэлгүй бүртгэгдсэн байж байгаад 2008 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч нарын газрын талбайн хэмжээ нь 628м.кв хэмжээтэй, нэгж талбарын дугаартай болж, гуравдагч этгээд Д.Бгийн газрын хэмжээ нь 400 м.кв хэмжээтэй, нэгж талбарын ******* дугаартай болж өөрчлөгдөн бүртгэгджээ.
- Нэхэмжлэгч А.Ц, А.Ч нар нь 2000 оноос, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2002 оноос тус газарт байрлах зуслангийн байранд зундаа зусч байгаа болох нь нэхэмжлэгч А.Ичинхорлоогийн шүүх хуралдаанд “би хуучнаар Төлөвлөгөөний комисст ажиллаж байхдаа уг зуслангийн байрыг аваад өөрийн үеэл Б.Бөд шилжүүлсэн” гэсэн тайлбар болон гэрч Б.О, Ц.М, Д.Б нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
- Гуравдагч этгээд Д.Б эзэмшиж буй газар нь нэхэмжлэгч нарын оршин сууж буй газрын урьд, залгаа байрлалтай байх ба анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 12-ны 193 дугаар захирамжаар иргэн Б.О 400м.кв талбайтайгаар олгогдсон боловч тухайн үед уг 400 м.кв газрын кадастрын болон тойм зураг хийгдээгүй байснаас газрын байршлын эргэлтийн цэгүүд хаана байсныг тогтоох боломжгүй байна.
Харин дээрх газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 74 дүгээр шийдвэрээр иргэн Б.О Б.Б шилжүүлэн эзэмшүүлж, улмаар иргэн Б.Б нь захирамжид тусгагдсан 400 м.кв талбайн хэмжээгээр кадастрын зураг үйлдүүлж 2009 оны 10 дугаар сард газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын ******* дугаартайгаар бүртгүүлж, энэ хэмжээ болон кадастрын зургийн дагуу Х.Б эцэст нь Х.Б Д.Бд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Мөн маргаан бүхий газарт анх газар эзэмших эрх авсан Б.О нь Сүхбаатар дүүргийн Газар зохицуулалтын албанд хандаж “зуслангийн байрны 20м2 газрыг эзэмших” хүсэлт гаргаж, уг зусланд байрлах 176 тоот байрыг худалдаж авсан тодорхойлолтыг хавсаргасан болон шүүх хуралдаанд гэрчээр дуудагдаж өгсөн мэдүүлэгтээ “байшингийн суурь босгосоны дараа хүсэлтээ өгсөн...ямар хэмжээтэй газар байсан гэдгийг санахгүй байна... 2 машины зогсоол, өргөн нь 6 метр, урт нь 8 метр байсан байх” гэж мэдүүлсэн, мөн зуслангийн газрын кадастрын зургийн мэдээллийн санг анх бүрдүүлэхдээ тухайн үед айлуудын барьсан байсан хашаагаар эргэлтийн цэгийг тогтоож “М” ХХК нэгдсэн журмаар зураг үйлдэж газрын кадастрын мэдээллийн санд шилжүүлсэн тухайд нэхэмжлэгч, хариуцагч маргахгүй байгаа зэргээс үзвэл, нэхэмжлэгч нарын газрын хэмжээг хариуцагч Сүхбаатар дүүргийн газрын алба нь дур мэдэн өөрчилсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Ц, А.И болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын оршиж сууж байгаа газар нь анх 799 м.кв хэмжээтэйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэх үедээ иргэн Д.О эзэмшил газартай давхцалгүй байснаа 2008 оноос эхлэн гуравдагч этгээд Д.Бгийн эзэмшил газартай 252 м.кв талбайгаар давхцалтай болж өөрчлөгдсөн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “газрын кадастрын мэдээллийн санд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөлт оруулсан” гэсэн тайлбар үндэслэлтэй.
Гэсэн хэдий ч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй, тухайн газар дээр удаан хугацаагаар оршин сууж байгаа нь тэдэнд шаардах эрхийг үүсгэхээргүй байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу газрын кадастрын зураг үйлдэх, мэдээллийн санд бүртгэх үйл ажиллагаа нь газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэр гарсны дараа хийгдэх ажиллагаа байх тул нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгогдоогүй тохиолдолд гуравдагч этгээдийн газрын эргэлтийн цэгийг өөрчилсөн үйлдэл нь мөн тэдний эрх, хууль ёсын ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн,... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад ...гаргах”-аар, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг ...тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу иргэн газар эзэмших эрх олж авахын тулд хүсэлт гаргаж хүсэл сонирхлоо илэрхийлсэн байхыг шаардаж байх бөгөөд нэхэмжлэгч нарын тухайд хүсэл зоригоо илэрхийлж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тэдэнд 799 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал,
- Нэхэмжлэгч А.Ц, А.И нар нь 2003-аас оноос хойш 2-3 удаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2005-2008 онд мөн 2-3 удаа газар эзэмших тухай хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж гаргаж байсан хэмээн тайлбарлан маргаж байх боловч тус шүүхээс Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивын баримт бичигт 3 удаа үзлэг хийж, 2002-2008 онуудын өргөдлийн бүртгэлийн дэвтэрт шүүлт хийж, иргэдээс ирүүлсэн өргөдлийн архивыг нэгбүрчлэн эргүүлж үзэхэд нэхэмжлэгч 2 иргэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын нэрээр гаргасан хүсэлт олдоогүй тул нэхэмжлэгч нарын хүсэлтээ гаргаж байсан гэж үзэхээргүй байна.
Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивын 2002 оны өргөдөл, албан бичгийн архивын бүртгэлийн 829-д өргөдөл гаргагч “Ц” гэж бичигдсэн боловч шийдвэрлэлтийн байдалд “Шийдвэрлэсэн”, “2002 оны 6 сарын 3-164” гэж бичсэн, 2002 онд иргэдээс хүлээн авсан өргөдлийн архивын материал дэвтэрт өргөдөл гаргагч “Ц нарын 3 иргэн”, “Б.Б” гэж бичсэн боловч шийдвэрлэлтийн байдал хоосон, өргөдлийн бүртгэлийн дугаараар хайхад өргөдөл нь эх хувиараа олдоогүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... өргөдөл гаргасан боловч олдохгүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Тухайн үед гаргаж байсан өргөдлүүд хадгалагдаж үлдээгүй гэж үзэхээр байна” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй хэдий ч тухайн хүснэгтүүдэд газрын байршил, хаяг тодорхойгүй байх тул тэнд бичигдсэн Ц нарын 3 иргэн, Б.Б гэсэн нэрүүд нь нэхэмжлэгч нар болон, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан өргөдлийг тэмдэглэсэн гэдгийг бүрэн нотлохгүй.
Мөн өргөдлийн бүртгэлийн дэвтэрт дээрх нэрүүдээр өргөдөл гаргагч бүртгэгдсэн байгаа боловч өргөдлүүд эх хувиараа мөн байхгүй байх тул тухайн үеийн өргөдлүүд бүрэн хадгалагдаж үлдээгүй байхыг үгүйсгэх боломжгүй хэдий ч шүүх байхгүй зүйлд үндэслэн шийдвэр гаргах боломжгүй.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч А.Ц, А.И болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар нь 799 м.кв хэмжээтэй газрыг эзэмших тухай хүсэлтээ гаргаж байсан нотлогдохгүй, газар эзэмших эрх олгогдоогүй, мөн дээр дурьдсан 799 м.кв газар нь гуравдагч этгээд Д.Бгийн эзэмшил газартай 252 м.кв талбайгаар давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 279 дүгээр захирамжийн Д.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “...700 м.кв хэмжээтэйгээр газар эзэмшүүлэх эрх олгохыг даалгах” гэж тодруулсан хэдий ч уг хэмжээ нь мөн гуравдагч этгээдийн эзэмшиж буй газартай давхцахаар байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 14 болон 23-ны өдрүүдэд, мөн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж анх үйлдэгдсэн нэгж талбарын дугаар бүхий 799 м.кв гарыг эзэмшүүлэх тухай хүсэлтүүдийг гаргаж байсан нь тус газрын албаны өргөдөл хүлээн авсан тодорхойлолт болон шүүхийн үзлэгийн баримтаар тогтоогдож байна.
Мөн маргаан бүхий газрын 628 м.кв хэмжээтэй талбай нь иргэн Д.Бгийн эзэмшиж буй газартай давхцалгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж буй дээрх “700м.кв газар эзэмшүүлэх” шаардлагын хэмжээгээр холбогдох Засаг даргад хүсэлтээ гаргаагүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 628 м.кв хэмжээгээр хүсэлт гаргавал газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах боломжтой хэмээн тайлбарлаж байна.
Иймд нэхэмжлэлийн “...Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, 700 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 279 дүгээр захирамжийн Д.Бд холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, анх мэдээллийн санд бүртгэгдсэн байсан 799 м.кв газрыг мэдээллийг өөрчилсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Д.Бгийн газрын байршил, эргэлтийн цэгийг тогтоож, хүлээлгэж өгсөн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, маргаан бүхий газрын эргэлтийн цэгийг хуульд нийцүүлэн тогтоохыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүлийн 54.1.3-т заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, 700 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нийт 440 149 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б өөс урьдчилан төлсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ