Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 120/2020/0015/З |
Дугаар | 221/МА2020/0548 |
Огноо | 2020-09-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2020/0548
2020 оны 04 сарын 02 өдөр Дугаар 221/МА2020/0240 Улаанб
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Б даргалж, шүүгч Б.Т, Н.Х нарын бүрэлдэхүүнтэй, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Шийдвэрийн 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/335 дугаар захирамжаар зарлагдсан Даланзадгад сумын 3 дугаар баг, 24 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах газар буюу нийт 8 байршилд явагдсан гаазар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,
Шийдвэрийн 3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдаж,
Шийдвэрийн 4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... 1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч нь захиргааны акт гаргахаас өмнө “А” ХХК-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн тухайгаа мэдэгдсэн, сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн учир дутагдалтай дүгнэлт болжээ.
Учир нь Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул санал тайлбараа ирүүлнэ үү. Хэрэв заасан хугацаанд санал, тайлбараа ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагааг явуулсанд тооцож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн утга бүхий 1/2396 тоот албан бичгийг нэхэмжлэгч “А” ХХК-д хүргүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг огт тусгаагүй байдаг. Уг албан бичигт тайлбар, саналаа ирүүлсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байх утга агуулагдаж байна. Энэ нь нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл тусгаагүй байдал юм.
Энэ нь нэхэмжлэгч “А” ХХК-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн тухайгаа мэдэгдсэн, сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримталсан байх бөгөөд мөн хуулийн 27.4.1-27.4.7 дахь хэсгүүдэд сонсох ажиллагааг явуулсан нь уг захирамжаас харагдахгүй байна.
Иймд нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2020/0020 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэглэх шаардлагагүй хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамж[1]-аар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг тус тус үндэслэн “эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч “А” ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч “... аймгийн Засаг даргаас 2019 оны ... 1-2396 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бий болсон тул санал, тайлбараа ирүүлэхийг мэдэгдсэн ... мэдэгдлийн дагуу ... уг хариу тайлбарт барилгын зураг төслийн ажил дуусаагүйгээс барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байгаа талаар дурдсан ... хариу албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл аймгийн Засаг дарга зураг төслийн ажил юунаас шалтгаалж удааширч байгааг тодруулалгүйгээр гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй ... газар эзэмших эрх олгосноос хойш 2 жил өнгөрөхөд буюу 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх нь аймгийн Засаг даргад нээлттэй байсан байтал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй ... Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа дутуу явагдсан ... ” гэсэн үндэслэлээр “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гарган маргасан байна.
Анхан шатны шүүх “... хариуцагч нь захиргааны акт гаргахаас өмнө “А” ХХК-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн тухайгаа мэдэгдсэн, сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн ... нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа талаарх үндэслэл бүхий тайлбараа холбогдох баримтын хамт захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй ... маргаж буй газарт барих барилгын зураг төсөл, 2005 оноос хойш зориулалтын дагуу хэрхэн эзэмшин, ашиглаж байсан талаарх ... шаардсан баримтуудыг өнөөдрийг хүртэл нотлох баримтаар гаргаж өгөөгүй ... маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд уг газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй ... нэхэмжлэгч нь хуулийн дагуу эзэмших эрх үүссэн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглахад бусдын буруутай хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, газар эзэмшигчээс үл хамаарах “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл уг газарт байшин барилга, газрыг тойруулан хашаа бариагүй ... “ гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анх Өмнөговь аймгийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 269 дүгээр захирамж[2]-аар нэхэмжлэгч “А“ ХХК-д тус аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт 45000 м.кв газрыг “орон сууцны хороолол” зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0089296 дугаар гэрчилгээ[3] олгож, 2005 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[4]-г байгуулжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзвэл “газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа” нь газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тоологдохоор байна.
Энэ тохиолдлын тухайд “А” ХХК-ийн газар эзэмших гэрээ 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан байх тул уг газрыг 2 жил дараалан ашиглахыг шаардсан хугацаа 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусах байжээ.
Гэвч нэхэмжлэгч “А” ХХК газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны маргаан бүхий А/1184 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэлх 14 жил гаруй хугацаанд газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан “А” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай” 19/78[5] дугаар тайлбар, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл[6] зэрэг баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “... орон сууцны хороолол, үйлчилгээний төв, 100 хүүхдийн цэцэрлэг зэрэг баримтын зураг төсөл, ажлын зургууд, зураг төслийн ажлыг гүйцэтгэх байгууллагуудтай байгуулсан гэрээ, ажлын хөлс төлсөн баримт үрэгдсэн тул одоогоор хүргүүлэх боломжгүй байна ...” гэх тайлбар[7]-ыг шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт барилгын зураг төсөл хийж гүйцэтгэсэн эсэх, барилгын зураг төсөл хийж гүйцэтгүүлэхээр ямар нэгэн байгууллагатай гэрээ байгуулсан эсэх, ажлын хөлс төлсөн эсэх, уг газраа 2005 оны 10 дугаар сараас хойш зориулалтын дагуу хэрхэн эзэмшиж /ашиглаж/ байсан талаарх тайлбар, баримтыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 90 дүгээр албан бичиг[8]-ээр шаардсан байх боловч тэрээр энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Иймд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, уг шийдвэр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн маргаан бүхий актын үндэслэл болоогүй хэдий ч нэхэмжлэгч компанийн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж заасны дагуу газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйг нотлох Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар[9], 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар албан бичиг[10] зэрэг баримтууд хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.2-т “саналыг бичгээр авах” гэж тус тус заасан.
Хариуцагчийн зүгээс дээрх хуульд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “А” ХХК-д захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “... Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт ... –ын дагуу тус газарт хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 43.1 дэх заалтын дагуу албан ёсоор мэдэгдэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор Газрын тухай хуулийн дээрх заалттай холбоотой санал, тайлбараа ирүүлнэ үү ... хэрэв заасан хугацаанд санал, тайлбар ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагаа явагдсанд тооцогдож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно ...” гэх агуулга бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1-2396 дугаар албан бичиг[11]-ийг хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тус аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 45000 м.кв “орон сууцны хороолол”-ын зориулалт бүхий газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлийг бүрдэж байгаа талаар холбогдох санал, тайлбар ирүүлэхийг, заасан хугацаанд санал, тайлбараа ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан сонсох ажиллагаа явуулсанд тооцох талаар мэдэгдсэн байх тул хариуцагчийг шийдвэр гаргахын өмнө хуульд заасан журмын дагуу тайлбар, санал гаргах боломжийг олгосон гэж үзнэ.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг огт тусгаагүй ... Уг албан бичигт тайлбар, саналаа ирүүлсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байх утга агуулагдаж байна ... Энэ нь нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл тусгаагүй байдал ... ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс “... бид уг газар дээр 550 айлын орон сууцны хороолол, үйлчилгээний төв, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барилга барихаар төлөвлөж зураг төслийн ажлыг хийж байгаа болно ... зураг төслийн ажил дуусмагц холбогдох төрийн байгууллагуудаар батлуулж зохих зөвшөөрлүүдийг авах болно ...” гэх агуулга бүхий 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай” 19/78 дугаар[12] тайлбар хүргүүлсэн байхад судлалгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж маргасныг шүүх хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчийн дээрх байдлаар тайлбар хүргүүлсэн нь эзэмшил газраа хууль, гэрээнд заасны дагуу зориулалтаар нь эзэмшиж, ашигласныг нотлохгүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч энэхүү маргааны тухайд хэрэглэгдэх шаардлагагүй хуулийн зохицуулалт болох Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 /Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ/ дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан байх тул шийдвэрт уг зүйл, заалтыг хассан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хавтаст хэргийн 34-35 дахь тал
[2] Хавтаст хэргийн 28 дахь тал
[3] Хавтаст хэргийн 5 дахь тал
[4] Хавтаст хэргийн 9-11 дэх тал
[5] Хавтаст хэргийн 16 дахь тал
[6] Хавтаст хэргийн 64-68 дахь тал
[7] Хавтаст хэргийн 84 дэх тал
[8] Хавтаст хэргийн 88 дахь тал
[9] Хавтаст хэргийн 43 дахь тал
[10] Хавтаст хэргийн 61 дэх тал
[11] Хавтаст хэргийн 14 дэх тал
[12] Хавтаст хэргийн 16 дахь тал