Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1668

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/0361 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХ-д холбогдох

 

"ХХХХХ" ХХК болон "ХХХХХ"-ны хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/83 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ", Цалингийн зээлийн эрсдлийг даатгах гэрээ, Ипотекийн зээлийн эрсдлийг даатгах гэрээ, Лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцэл", 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/172 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бyc байх хэлцэлд тооцуулах, "ХХХХХ"-аас 29 278 404 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             ХХХХХХ

                                                                                   ХХХХХ

                                                                                   ХХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                ХХХХХ

                                                                                    ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч "ХХХХХХ" ХХК-ийн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчХХХХХХ ХХХХХ нар тайлбарлахдаа:

"ХХХХХ" ХХК нь "ХХХХХ"-тай дараах гэрээ, хэлцэлийг тус тус байгуулсан. Үүнд: 2012 оны 8 дугаар сарын 22 өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, уг гэрээний 01 дугаар хавсралтаар цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, 02 дугаар хавсралтаар ипотекийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, 03 дугаар хавсралтаар лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцэл, 2012 оны 11 дүгээр сарын 19 өдрийн 12/172 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ зэргийг байгуулсан. Талууд дээрх гэрээг байгуулахдаа "хамтын ажиллагааны ерөнхий гэрээ"-г зөвхөн гадаад илэрхийлэл болгон халхавчилж, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг тодруулбал даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа явуулах гэрээг байгуулсан бөгөөд энэ нь гэрээний 2.4-т зааснаар нотлогдож байна. Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 7 сард "ХХХХХХ" ХХК-д хийсэн шалгалтын тайлангаар, даатгалын зуучлалын эрх аваагүй ХХХХХинд даатгалын зуучлалын шимтгэлийг олгосон байна хэмээн дүгнэж торгууль ногдуулсан. ХХХХХ, “ХХХХХХ” ХХК-тай даатгалын зуучлалын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулахдаа даатгалын зуучлалын тусгай зөвшөөрөл аваагүй ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Төрийн зохицуулалттай байгууллагын хувьд “ХХХХХХХ” ХХК нь даатгал зуучлан борлуулах зөвшөөрөлгүй байгууллагаар өөрийн бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулуулсныхаа төлөө хууль дүрэмд заасан хариуцлагаа хүлээсэн. Харин "ХХХХХ"-ны тухайд тусгай зөвшөөрөл шаардсан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхлэхийн зэрэгцээ зуучлан борлуулж буй даатгалын гэрээнүүдээ өөртөө ашигтайгаар хийж байсан нь сонирхлын зөрчлийг бий болгосон. "ХХХХХХХХ"-ын өмнөөс даатгалын гэрээ байгуулж, түүнийхээ төлөө хөлс шагнал авч, "ХХХХХХ" ХХК-ийн ашиг сонирхлын төлөө бус өөрийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байсан нь даатгалын зуучлагчийн хувьд мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл юм. "ХХХХХ", Хамтын ажиллагааны ерөнхий гэрээгээр "ХХХХХХ" ХХК-ийг банкнаас зээл авагч, зээлийн барьцаа тавигч этгээдтэй холбох, "ХХХХХХ" ХХК-ийн нэрийн өмнөөс даатгалын гэрээг байгуулах, даатгалын хураамж хүлээн авах үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх эдлэж байсан зэрэг даатгалын мэргэжлийн оролцогчийн буюу даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн байна. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 7 сард "ХХХХХХ" ХХК-д хийсэн шалгалтаар тогтоогдож байгаа. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 1 сарын 25 өдрийн 11/223 тоот тодорхойлолтоор, 2016 оны 1 дүгээр сарын 21 өдрийн байдлаар "ХХХХХинд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоогүй болно" гэснээр нотлогдсон. Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. "ХХХХХ"-тай байгуулсан дээрх гэрээ, хэлцэлүүд нь даатгалын тухай хууль, Иргэний хууль, Ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох заавар зэргийг зөрчиж хийсэн, анхнаасаа хийгдэх ёсгүй байсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд "ХХХХХ" ХХК болон ХХХХХны хооронд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 12/83 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 19 өдрийн 12/172 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, Ипотекийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, Лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХХнаас 2 278 404 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүхэд 5 хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахын нэг нь цалингийн зээлийн эрсдэл хүчин төгөлдөр бусд тооцох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээд харшилсан хэлцэл. Цалингийн эрсдэлийг банк өөрөө ХХХХХ даатгалд даатгуулсан гэж тайлбар гаргаж байна. Энэ нь цалингийн зээл даатгалтай гэсэн байдлаар цалингийн зээл олгох журам зөрчиж, зээл олгох нөхцөлийг хөнгөн болгож эргэн төлөх магадлал багатай зээл олгож эхэлсэн. Бусад хэлцлүүдийн хувьд хамтын ажиллагаа гэсэн нэр дор даатгалын гэрээ байгуулсан байдаг. Даатгалын үйл ажиллагааг хамтран эрхэлсэн мэт харагдаж байгаа боловч агуулгын хувьд даатгалын гэрээ биш даатгалын зуучлалын гэрээ юм. Зарлал стенд байршуулсаны төлбөр төлсөн гэж тайлбар гаргаж байгаа боловч хамтын ажиллагааны гэрээний дагуу даатгалын зуучлалын ажиллагаа явуулсаны төлбөр хураамж авсан нь тодорхой байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар түрээсийн төлбөр гэх зүйлийн нэр дор даатгалын үйл ажиллагаа явуулсан байна гэж тайланд тусгасан. Түрээсийн төлбөрөөр халхавчилж даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулсан. Зарлал стендыг шүүх хуралдаанд авчирч харуулж байгаа боловч түрээсийн төлбөрт хэдэн төгрөг авч байсан нь тодорхойгүй. Тооцож бодохоор хураамж байгаа, хураамж нь түрээсийн төлбөр мэтээр харагдаж байна. Санхүүгийн зохицуулах хороо зөрчил гэж дүгнэсэн. Зөрчлийг арилгах үүрэгтэй. Зөрчил арилгах үүднээс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Мөн гэрээний хугацаа дууссан боловч нөхөн төлбөрийн асуудал яригдахаар гэрээг эргэж харахаас өөр арга байгаагүй. Хамтын ажиллагаа ерөнхий гэрээ нэрээр халхавчилж даатгалын зуучлалын гэрээ байгуулсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "ХХХХХ"-ны төлөөлөгч ХХХХХ шүүхэд өгсөн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Цалингийн даатгалын хэлцлийг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийг "ХХХХХ" ХХК шүүхэд гаргаж давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж маргаан дууссан. Тус магадлалд хэд хэдэн зүйлийг дүгнэсэн. Миний үзэж байгаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээг ямар зорилгоор байгуулагдсан талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Хамтран ажиллах Ерөнхий гэрээнд шимтгэлийн орлого гэх заалт байсан боловч үүнээс хойш 3 сарын дараа буюу 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж шимтгэлийн орлого гэдгийг зарлал, самбар стенд байршуулсны түрээсийн төлбөр гэж өөрчилсөн. 2012 оны 8 дугаар сарын 22 өдрөөс 2012 оны 1 дүгээр сарын 19 өдөр хүртэл 3 сарын хугацаанд "ХХХХХХ" ХХК-аас шимтгэлийн орлого гэх төлбөр аваагүй. Гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан 2 сарын дараа 2013 оны 1 дүгээр сарын 07 өдөр анхны түрээсийн төлбөр гэж гүйлгээ хийгдэж байсан. Эд мөрийн баримтаар зарлал буюу стенд байршуулсан байсан. Манай банкны салбаруудаар зарлал байршуулсаны түрээсийн төлбөр авч байсан юм. Хамтран ажиллах гэрээний 3.1-д даатгал нь банкинд дүрмийн сан, нөөцийн сан байршуулах, орлого цуглуулах, гадаад гуйвуулга хийх зэрэг банкны үйлчилгээг авах нөхцөлтэй, банк нь өөрийн зээл болон зээлийн барьцаа хөрөнгөд учирч болох эрсдэлийг даатгалд шилжүүлэх, банк өөрийн харилцагчийн сайн дурын хүсэл зоригийн дагуу, тэдний саналаар "ХХХХХХ" ХХК-ийн даатгалд хамруулахыг эрмэлзэнэ гэж тохирсон. Банк нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс гэрээ байгуулна гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэгчээс тодорхой гэрээ байгуулах эрх олгосон зүйл байхгүй. Банк нь өөрийн олгосон цалингийн зээлийг даатгуулж, цалингийн зээл муудсан бол банк өөрөө даатгуулагч болдог. Лизингийн болон ипотекийн гэрээний хувьд харилцагчийн хөрөнгийг "ХХХХ" ХХК-иар даатгуулдаг ба банк нэг ч харилцагчтай даатгалын байгууллагыг төлөөлж гэрээ байгуулаагүй. Хамтран ажиллах ерөнхий гэрээ нь хамтын ажиллагаа тал руу чиглэсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм, заавар нь даатгалын үйл ажиллагаанд чиглэсэн заавар ба хууль гэж ойлгохгүй. Даатгагч байгууллага Санхүүгийн зохицуулах хорооны баталсан дүрэм мөрдөх ёстой. Харин даатгуулж байгаа банк дүрмийг мөрдөхгүй. Даатгалын зуучлалын үйл ажиллагааны гэрээг халхавчилж хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулсан гэж тайлбар гаргаж байна. Халхавчилж байгаа бол 2 гэрээ байгуулах ёстой ба гэрээг халхавчилсан бол бодит байдал дээр зарлалын самбар, стенд шүүх хуралдааны танхимд баримтаар байх ёсгүй, гэтэл бид баримтаар зарлал самбарыг авчирсаныг харж болно. Нэхэмжлэгч гэрээ байгуулж түрээсийн төлбөр авч байсан. Үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлээгүй гэдэг олон үндэслэлээр тайлбарласан ба хэд хэдэн баримтаар няцаагдана. Шимтгэл гэдгээр гүйлгээ хийгдсэн эсэх, зарлал байршуулсан эсэх, хамтран ажиллах ерөнхий гэрээний утга агуулгаас даатгалын зуучлалын үйл ажиллагаа харагдахгүй. Нэхэмжлэгчийн цалингийн зээлийн эрсдэлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай маргааныг шийдсэн. Санхуүгийн зохицуулах хороо нэхэмжлэгчид 79 тоот акт тавьсанд "ХХХХХ" ХХК нь уг актад гомдол гаргаж маргаагүй байдаг. Харин "ХХХХХ" даатгалын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа мэтээр тайлбарлаж байна. ХХХХХ нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Цалингийн зээлийн эрсдэл даатгах хэлцэл бол банкинд хамааралтай буюу даатгуулагч нь ХХХХХ бөгөөд Ипотекийн зээл, лизенгийн буюу барьцаат зээл, тээврийн  хэрэгслийн даатгал нь банк даатгуулаагүй, иргэн өөрөө даатгуулдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасныг баримталж нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж байна. Санхүүгийн зохицуулах хорооны заавар зөрчсөн эсэх нь даатгуулагчид хамааралгүй, хууль зөрчсөн хэлцэл биш юм. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар тайлбарлаж байгаа, хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, нэмэлт гэрээний хуулийн агуулга нь хамтран ажиллах ерөнхий гэрээнээс гадна өөр нэг гэрээ байхыг шаарддаг. Нэг хэлцэлийг халхавчлах зорилгоор дахин хэлцэл байгуулахыг хэлдэг. Талуудын хооронд даатгалын зуучлалын хэлцэл байгуулаагүй. Халхавчилсан хэлцэл байсан бол "ХХХХХ" ХХК халхавчилсан хэлцлийг хэрэгт баримтаар гаргаж өгөх байсан. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь өөрөө тухайн хэлцэл хийх зөвшөөрөл олгохтой холбоотой. Иргэний хуулийн ерөнхий ангид заасан зохих этгээдийн зөвшөөрөлтэй холбоотой асуудалд хамаарч байна. Зохих этгээдийн зөвшөөрөл гэдэгт Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулаагүй. Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч хэлцэл хийх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд  заасанд хамааралгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д банкыг даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 56.1.8-д заасныг тайлбарласан Дээд шүүхийн тайлбар байдаг. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр зарлалын самбар буюу стенд байршуулсаны төлбөр авах явдал, даатгалын зуучлалын үйл ажиллагаанд хамаарахгүй. Хэрэгт авагдсан баримтаар ХХХХХ, "ХХХХХХ" ХХК-ийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн баримт байхгүй. Банкнаас зээл авсан зээлдэгч нар нь "ХХХХХ" ХХК-тай гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний дагуу түрээсийн төлбөр төлчхөөд буцааж авах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хамтын ажиллагааны гэрээ нь харилцан хамтран ажиллах зорилготой. Орон сууцны даатгалын гэрээг иргэд өөрсдөө даатгуулдаг, цалингийн зээлийг манай банк өөрөө даатгуулсан. Нэхэмжлэгч нөхөн төлбөрөөс зайлсхийж байгаа арга зам юм. Хамтын ажиллагааны ерөнхий гэрээн дээр 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаанд шимтгэл гэсэн үг байдаг боловч гэрээнд өөрчлөлт орж 3 сарын хугацаанд нэг ч удаа шимтгэл гэх утгатай гүйлгээ хийгдээгүй. Хэрэгт авагдсан баримтаар түрээсийн төлбөрийн талаар талууд тохиролцож төлж байсан нь харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Санхүүгийн зохицуулах хорооны актад тавигдсан зөрчлийг арилгах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан боловч акт тавьсан 16 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зөрчил засах байсан бол 1 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах боломж байсан. "ХХХХХ" ХХК нь нөхөн төлбөртэй холбоотой маргаж байгаа гэдэг нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.5 дахь хэсэгт зааснаар "ХХХХХ"-д холбогдох, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, Ипотекийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, Лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцэл, 2012 оны 11 сарын 19 өдрийн 12/172 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 29.278.404 төгрөг гаргуулах тухай "ХХХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчХХХХХХ, ХХХХХ, ХХХХХ нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Хэрэгт авагдсан санхүүгийн нотлох баримтууд нь халхавчилсан гэрээг нотлох гол баримтуудын нэг атал шүүх уг баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүй дан ганц түрээсийн төлбөр гэдэг үгэнд хөтлөгдөн хэрэгт ач холбогдолтой. Бодит байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХийн "цахим нотлох баримт байсан гар утаст үзлэг хийлгүүлэх" гэсэн хүсэлтийг үл тоож зохигчийн төлөөлөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1 дэх заасан үүргээ биелүүлэх боломжгүй болгож хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан, одоо хүчин төгөлдөр захиргааны актын үйлчлэлийг зогсоож, маргааныг хариуцагчийн талд шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтын тайлан, шаардлага байдаг. Харин шүүх Санхүүгийн зохицуулах хорооны тайланд өөрийн зүгээс үнэлэлт өгч хууль бус гэж үзсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болжээ. Хэрэв тайланг хууль зөрчөөгүй гэж үзсэн бол эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хүрээнд маргааныг шийдвэрлэх байжээ. Тэгвэл иргэний шүүх хүчин төгөлдөр тайланд үнэлэлт дүгнэлт өгч учир дутагдалтай эсэхийг тогтоон үйлчлэлийг нь зогсоох эрх бүхий субъект мөн эсэх тухай асуудал гарч ирж байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтын тайланг эс зөвшөөрсөн. Гомдол санал байхгүй байгаа нь тодорхой байна. Тус тайлан эрх ашгийг хөндөж буй гэрээний талууд тус тайлантай холбоотой гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо, Захиргааны хэргийн шүүхэд гаргахаар хандаагүй байна. Гомдол гаргах эрх нь талуудын хувьд нээлттэй байсан бөгөөд энэ нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна гэсэн үг юм. Гэтэл шүүх гэрээний талуудын өмнөөс захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх болсон шалтгаан нь тодорхойгүй байна. Хариуцагч талын хувьд мөн адил тайлан шаардлага, түүний агуулгыг мэдэж байсан боловч хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэдэгтэй утга нэг юм. Эндээс дүгнэж үзэхэд шүүх маргаан хянан шийдвэрлэхдээ өөрийн харьяалалд үл хамаарах захиргааны актын үйлчлэлийг зогсоож, ийнхүү зогсоосон дүгнэлт дээрээ суурилан иргэний маргааныг хянан шийдвэрлэсэн нь алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн байна. Хэрэв Захиргааны хэргийн шүүхээс тайланг учир дутагдалтай гэж үзэн хүчингүй болгосон байсан бол иргэний хэргийн шүүхийн зөв байх байсан атал шүүгч шүүхийн харьяалал зөрчиж захиргааны актыг хууль бус гэж дүгнэсэн байна. Иймд халхавчилсан гэрээ хийснийг нотолсон Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтын тайлан хүчин төгөлдөр үйлчилж байх бөгөөд хэргийн талууд тайланг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй байсан нь тогтоогдож байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/0361 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХХинд холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, Цалингийн эрсдлийг даатгах хэлцэл, Ипотекийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл, Лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцэл, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/172 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр хэлцлийн үр дагавар болох 29 278 404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 7 дугаар сард манай компанид хийсэн шалгалтаар даатгалын зуучлалын эрх аваагүй ХХХХХинд даатгалын зуучлалын шимтгэл төлсөн нь зөрчилтэй болсон гэж дүгнэсэн гэж тайлбарлажээ.

 

Мөн нэхэмжлэгч Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан гэрээ болон 01 дугаар хавсралтын цалингийн зээлийн эрсдлийг даатгах, 02 дугаар хавсралтаар ипотекийн зээлийн эрсдлийг даатгах, 03 дугаар хавсралтаар лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцлүүдийг хууль зөрчиж нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, банк үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, даатгалын үйл ажилгаа явуулах зөвшөөрөл авалгүйгээр хийсэн гэж тодорхойлжээ.

 

Зохигчид хамтын ажиллагааны ерөнхий гэрээгээр банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйлчилгээг банкны үйлчилгээтэй нэгтгэж харилцан ашигтай ажиллахаар зорилгоо тодорхойлсон байх бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч “ХХХХХХХ” ХХК болон ХХХХХны хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.    

 

Нэхэмжлэгчийн шаардлагаа тодорхойлж буй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөнийг, 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийгдсэн байхыг, 56.1.8-д заасан хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхыг, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг үгүйсгэсэн хэлцэл хийсэн байхыг тус тус ойлгох тул зохигчдын хооронд хийгдсэн хэлцлүүдийг эдгээр үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулан үзэх үндэслэлгүй байна.

 

“ХХХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХХХХинд холбогдох Цалингийн эрсдлийг даатгах хэлцэл дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүхийн 2015 оны 2250 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 788 дугаар магадлал тус тус хэрэгт авагдсан байх бөгөөд уг хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцсэн талаар дүгнэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. /хх 46-49 дүгээр тал/  

 

Хамтран ажиллах Ерөнхий гэрээний 4.2 дахь хэсэгт даатгалын хураамжийн орлогоос банкинд шимтгэлийн орлого төлөх, зарлал самбар, стенд байршуулсны түрээсийн төлбөрийг даатгалын хураамжийн орлогоос төлөхөөр тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн байхаас гадна банк үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж даатгалын зуучлалын үйл ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Талуудын байгуулсан гэрээ, хэлцлүүд, тэдгээрийн хэрэгжсэн үйл баримтаас үзэхэд банк, даатгагчийн болон даатгуулагчийн ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгсөн, үүнийхээ төлөө хөлс шагнал авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 7 дугаар сард хийсэн шалгалтын тайлангаар ХХХХХинд зуучлалын шимтгэл олгосон гэж дүгнэснийг, уг шалгалтыг хийхэд оролцсон байцаагч ХХХХ-ийн тайлбарыг хэргийн бусад баримттай харьцуулан нотлох баримтын хувьд анхан шатны шүүх үнэлсэн нь тухай актын хууль зүйн үндэслэлийг хянасан, хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх заалтуудтай нийцүүлэн зөв дүгнэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “…шүүх санхүүгийн баримтууд нь халхавчилсан гэрээг нотлох гол баримт атал үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, ХХХХХийн гар утсанд үзлэг хийх хүсэлтийг хангаагүй, нотлох баримтыг бодитоор үнэлээгүй” гэсэн үндэслэлээр давж заалдсан боловч нэхэмжлэгч талаас гар утсанд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргааүй, мөн энэ талаар мөн шүүх хуралдаан дээр хүсэлт гараагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан нэр бүхий иргэдийн даатгалд хамрагдаж, буй цалингийн зээл, тэтгэврийн зээлийн баталгаажуулалт болон даатгалын хураамжийн тооцоолол гэх санхүүгийн баримтуудыг талууд халхавчилж гэрээ байгуулсан байна гэж үзэх үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд талуудын хооронд хийгдсэн гэрээ хэлцлүүдийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/0361 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчХХХХХХ, ХХХХХ, ХХХХХ нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “ХХХХХХХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                  ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                        Ц.ИЧИНХОРЛОО