Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 884

 

                                                           

 

 

 

 

 

 

 

2019           11          18                                   2019/ШЦТ/884

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: Н.Булганчимэг

Шүүгдэгч: О.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, О.Б -д холбогдох эрүүгийн  хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,  2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.Б

Холбогдсон хэргийн талаар:

О.Б нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их Дэлгүүрийн ар талд таксигаар үйлчлүүлэхдээ насанд хүрээгүй хохирогч Э.Мишээлийн Самсунг галакси жи 6 загварын гар утсыг олж авч гээгдэл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Мишээлийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эгч н.Лхагвамаагийн хамт таксинд сууж Улсын Их Дэлгүүрийн ар талд байдаг өвөөгийнхөө гэрт хүргүүлсэн. Таксинаас буухаас өмнө би юмнуудаа шалгасан байсан. Тэгээд би өвөөгийн гэрт ороод гар утсаа олоогүй. Би такси дотор байхдаа гар утсаа ролкины малгай дотор хийсэн байсан. Би таксинаас бууж байхдаа ролкины малгай машин дотор унасан байсан ба малгайгаа авахдаа утсаа анзааралгүй буусан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/

Гэрч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай 10 настай охин болох Э.Мишээл болон дүү Г.Лхагвамаа нар нь Удирдлагын академийн урд талаас приус маркийн саарал өнгийн машинд гар өргөн сууж Улсын Их Дэлгүүрийн ард талын 8/1 дүгээр байранд хүргүүлэхдээ Самсунг галакси жи-6 маркийн гар утсаа машинд мартсан байна. Гэртээ ороод гар утсаа мартсанаа мэдээд өвөөгийн утсаар утасны 94207886 дугаар луу хэд хэдэн удаа залгасан боловч утас аваагүй байна. Тухайн өдөр охин маань гар утсаа алдсан талаар надад утсаар хэлсэн ба би охиныхоо 94207886 гэсэн дугаар луу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд 30 минутын дараа утсыг салгасан байсан. ...Самсунг галакси жи-6 маркийн хар өнгийн 2018 оны 8 дугаар сард Вьетнам улсад үйлдвэрлэсэн IMEI нь 359117094588372 ...манай нөхөр 2019 оны өвөл Теди төвөөс 1.400.000 төгрөгөөр авч өгсөн. Одоо авсан үнээр нь үнэлж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/

            Эд зүйл хүлээж авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30-31-р хуудас/

            Скайтел ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №19/4303 тоот албан бичиг “359117094588372 эмей кодыг шалгахад 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 91100731 дугаар бүртгэлтэй байна. Дугаар эзэмшигч Очирбал овогтой Баярсайхан УБ хот, ЧД, 1-р хороо 2-р 40 мянгат гудамж 36 байр, 30 тоот” /хавтаст хэргийн 37-р хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 32-р хуудас/

            Яллагдагч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын сүүлээр би гэрээсээ гараад Туул рестораны орчмоос таксинд суугаад явж байхад арын суудлын урд талын шалавчин дээр нэг гар утас хэвтэж байсан ба тэр гар утас руу хүн залгаад чичирхийлээд дуугаараад байхаар нь би буухдаа гар утсыг аваад жолоочид хандаж энэ таны утас уу гэхэд би мэдэхгүй байна гэхээр нь таксины мөнгө төлөөд буугаад явсан. Би 10 дугаар хорооллын орчимд буугаад найзуудтайгаа заал авах гэж байсан болохоор шууд заал руу явсан. Ингээд тоглож байгаад гэртээ ирээд эхний өдөр уг гар утсыг цүнхэндээ хийгээд мартсан байсан 2 дахь өдөр нь ашиглаагүй уг гар утсыг гэртээ байлгаж байгаад би Монтел худалдааны төв дээр авч очоод дэлгэцийн кодыг нь засварчнаар тайлуулаад ашиглаж болохоор болгоод гэртээ авч ирээд чи энэ гар утсыг ашиглаж бай гээд эхнэртээ өгчихсөн байсан манай эхнэр өөрийн сим картыг хийж ашигласан гэхдээ уг дугаар нь миний нэр дээр байдаг дугаар юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №19-193 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан “Гар утас 1 ширхэг Samsung Жи-6

 марк, Нийт үнэлгээний дүн 473.000 төгрөг” /хавтаст хэргийн 76-р хуудас/

            Шүүгдэгч О.Б ы иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 39-40-р хуудас/

            Шүүгдэгч О.Б ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38-р хуудас/

            Хохирол төлсөн талаар шүүгдэгч Ж.Болор-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч О.Б нь 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их Дэлгүүрийн ар талд таксигаар үйлчлүүлж байх үедээ насанд хүрээгүй хохирогч Э.Мишээлийн  Самсунг Галакси жи 6 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Насанд хүрээгүй хохирогч Э.Мишээл, гэрч Б.Золжаргал нарын мэдүүлэг,

Скайтел ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №19/4303 тоот албан бичиг,  Дамно ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №19-193 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч О.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг  болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байна.

            Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйл. Гээгдэл эд хөрөнгө гэсний 116.1 дэх заалтанд “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэжээ. Насанд хүрээгүй хохирогч Э.Мишээлийн хүсэл зоригоос гадуур түүний өмчлөлийн Самсунг Жи-6 загварын гар утас гээгдсэн байх тул уг гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ. Гээгдэл эд хөрөнгийг олсон хүн Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээх ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй” ийнхүү мэдэгдээгүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах эрхийг өөртөө дур мэдэн олж авч, цааш захиран зарцуулсан, эзэмшсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө... завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

            Прокуророос О.Б ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Ж.Болор-Эрдэнэ нь гээгдэл эд хөрөнгийг олсон тохиолдолд Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэсэн хуулийн зохицуулалтын талаар мэдэхгүй, гээгдэл эд хөрөнгийг завших нь эрүүгийн гэмт хэрэг болохыг мэдээгүй гэж мэдүүлсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Мөн түүний энэхүү хууль, эрх зүйн талаар мэдлэггүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан, нөхцөл болжээ гэж дүгнэн үзэх үндэслэл болж байна.

            Иймд шүүгдэгч О.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч О.Б нь гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад 473.000 төгрөгийн хохирол учруулсан, эд зүйлийг өмчлөгчид биет байдлаар буцааж өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг өмчлөгчид буцаан өгч хохирлыг барагдуулсан болоод шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт санал болон өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Шүүгдэгч О.Б нь урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэдийгээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх боловч гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь гэмт этгээд тухайн эд хөрөнгийг гээгдэл эд хөрөнгө буюу өөрийн өмчлөлийн эд хөрөнгө биш болохыг мэдэж, ухамсарласны үндсэн дээр завших, захиран зарцуулах, эзэмших эрхийг өөртөө олж авах санаа бодол нь гэмт хэрэг үйлдэх үед үүсч, үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой байх тул тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд шүүхээс шүүгдэгч О.Б д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор торгох ялыг оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс тогтоосон хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч O.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч О.Б д сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Б д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР