Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 936

 

                                   

 

 

 

 

 

 

 

2019           12         05                                   2019/ШЦТ/936

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Э.Бадрал,  

Өсвөр насны шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Б т  холбогдох эрүүгийн  хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дархан аймагт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ,  урьд ял шийтгэлгүй, Б.Б  Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насын шүүгдэгч Б.Б  /гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 9 сар 1 хоногтой байсан/ нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Бадамчимэгийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, хэлэнд язрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Бадамчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12:00 цагийн үед өөрийн ажил болох 23 дугаар сургууль дээр ирж ажлаа хийж байгаад 20:00 цагийн үед гэртээ харихаар ажлаасаа гараад Урт цагааны зүүн тал буюу “Теди” төвийн урдуур явж байгаад ертөнцийн зүгээр баруун тийш эргээд Капитал банкны урдуур явж байгаад хойшоо зам гарсан юм. Тэгээд хойшоо буюу дээшээ тасганы овооны баруун талаар явган хүний замаар дээш өгсөөд явж байтал өөдөөс үл таних 2 согтуу эмэгтэй зөрөхдөө хар богино үстэй, дотуураа цагаан алаг өнгийн фудволктой гадуураа нимгэн задгай энгэртэй хар бараан өнгийн цамцтай эмэгтэй нь хажуугаар өнгөрөхдөө мөргөчихөөр би 2 гараараа цаашаа байгаач гээд түлхсэн, түлхэх үед миний баруун гарт утсаа бариад дуу сонсоод явж байсан тэгээд түлхсэн чинь шууд намайг зөрүүлж түлхээд чи яагаад байгаа юм бэ гээд учир зүггүй толгой руу цохиод байхаар нь өөрийгөө хамгаалах гээд цааш нь түлхтэл дахиад үснээс зулгааж газар уначихаад дээрээс толгой руу өшиглөөд үснээс чирээд байсан. Гэтэл шар үстэй охин хажууд болиоч болиоч гээд хараад зогсоод байсан салгах гэж оролдоогүй. Би газар уначихаад хоёр гараараа нүүрээ хамгаалаад хэвтэж байхад замд явж байсан танихгүй ах хажуугаар өнгөрөхдөө болиоч ээ гээд салгасан. Энэ үед миний барьж байсан гар утас газар унаад хагарчихсан ...намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон, 2 согтуу эмэгтэй байсан. Хар үстэй эмэгтэй нь хажуугаар өнгөрөхдөө мөргөчихөөр нь цаашаа байгаач гээд түлхсэн чинь намайг барьж аваад зодсон. Намайг газар уначихсан байхад миний үүрч байсан цүнхний зүүн мөр нь сугарчихаад орооцолдоод байхаар нь цүнхээ дээшээ болгох гээд өндийхөд хар үстэй охин үснээс зулгааж чирч байснаа тэгээд 2 хөл ээлжлээд толгой руу өшиглөөд байсан”

“...миний хэлсэнчлэн дээрх хар үстэй охин буюу Б.Б миний биед гэмтэл учруулсан. Б.Б нь эхлээд зүүн гараараа баруун шанаа руу нэг удаа цохисон дараа нь үсдэж дараад гараараар толгой руу хэд хэдэн удаа цохисон яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна дараа хөлөөрөө дух хэсэг рүү өшиглөсөн байхаа би яг тоолоогүй тэр үед л энэ гэмтлүүд үүссэн байх ...би эхлээд эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Мөн тухайн үед миний гарт байсан гар утас унаж дэлгэц нь хагарсан асахгүй болсон засвараас асуухад 400.000 төгрөгөөр дэлгэцийг нь солино гэсэн би энэ утсыг цоо шинээр нь аваад нэг сар л барьж байсан юм” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 15-16, 17-18-р хуудас/

Гэрч Ц.Отгон-Оюун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20-21 цагийн орчим хоёр согтуу охин манай колонкийн хажуугаа гараад хойноосоо урагшаа чигтээ уруудаад явж байсан тэгээд ажлаа хийгээд байж байтал колонкын доохон эмэгтэй хүмүүс хашгичаад байхаар нь нөгөө хоёр охиныг хоорондоо хэрэлдэж байна гэж бодоод харахад тэнд байсан хар хувцастай халимаг хар үстэй охин нь нөгөө эмэгтэйг үсдэж аваад нүүрлүү нь гараараа цохиж байгаа харагдсан. Мөн унагаж байгаад өшиглөсөн тэгээд би ирсэн машинуддаа бензинийг нь хийж өгчихөөд дотогшоо орж утсаа аваад нөгөө зодолдож байгааа хүмүүс рүү явахад тэнд зодуулж байсан эмэгтэй нь нөгөө хоёроосоо салаад над руу хүрээд ирсэн. Тэр үед би цагдаа дуудчихсан байсан болохоор удалгүй цагдаа нар ирээд авад явсан. ...миний харснаар хар хувцас өмссөн халимаг хар үстэй охин нь нөгөө эмэгтэйгийн үснээс зулгаагаад доош нь дарсан нөгөө гараараа доороос нь өлгөж нүүр лүү нь цохиод байгаа харагдсан. Хэдэн удаа цохисныг нь тоолоогүй мөн үснээс нь татаад хоёр тийш нь унагаад байсан. Харин нөгөө охин нь хажууд нь наашаа, цаашаа яваад зогсоод байсан. Тэр охин нь миний харснаар зодоонд оролцоогүй байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Нинжинтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.Б эгч энэ гэмтлийг үүсгэсэн. Миний харснаар Б.Б эгч тэр эмэгтэйг үсдээд доош дарчихаад нүүр болон толгой хэсэг рүү нь өшиглөөд байсан. Харанхуй болохоор сайн харагдахгүй байсан” /хавтаст хэргийн 26-р хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8-р хуудас/

Нас тоолсон  тэмдэглэл “Болормаа овогтой Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн өдөр болох 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар насыг тоолоход 16 нас 9 сар 1 хоногтой байв” /хавтаст хэргийн 13-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн №5264 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэд “1. Н.Бадамчимэгийн биед тархи доргилт, дух, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, хэлэнд язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тотоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт  /хавтаст хэргийн 20-р хуудас/

Өсвөр насны яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “миний бие 2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байх үед найз нартайгаа уулзчихаад Нинжтөгсийн хамт телевизээс Гэсэр сүм рүү явдаг замын хажуугийн явган хүний замаар доошоо уруудаад урагшаа чиглэлтэй явж байхад дээшээ өгсөж явсан нэг эмэгтэйтэй зөрөхдөө хөл хазгай гишгээд нөгөө эмэгтэйг шүргэчихсэн тэгсэн нөгөө хохирогч эмэгтэй надад хандан “чи замаа хараач” гээд түлхэхээр нь би “юу гээд байгаан” гээд нөгөө эмэгтэйн үснээс зүүн гараараа барьж аваад доош дараад зүүн гараараа нүүр лүү нь 1-2 удаа цохисон тэгээд удалгүй цагдаа нар ирж цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...би өөрөө ажил хийдэггүй саяхан ээж минь өнгөрөөд 49 хоног болох гэж байна. Мөн аав маань ажилгүй болохоор хохирол барагдуулахад хүндрэлтэй байна. Мөнгөний боломж гарвал хохирол нөхөн төлнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р хуудас/

Шүүгдэгч Б.Б-ний иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44-р хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48-р хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.Бийн эх Х.Болормаагийн нас барсны гэрчилгээ /хавтаст хэргийн 49-р хуудас/

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №1915 дугаар тодорхойлолт /хавтаст хэргийн 47-р хуудас/

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр №2806 дугаар тодорхойлолт /хавтаст хэргийн ...-р хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №10ж/6423 дугаар албан тоот /хавтаст хэргийн ...-р хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 43-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Бадамчимэгийг түлхлээ гэдгээр шалтаглан үсдэж гар болон хөлөөрөө зодож, цохин Н.Бадамчимэгийн биед тархи доргилт, дух, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, хэлэнд язрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Бадамчимэг, гэрч Ц.Отгон-Оюун, насанд хүрээгүй гэрч Б.Нинжинтөгс нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн №5264 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт,  Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, өсвөр насны шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, шүүхээс нотлох баримтуудыг үнэлж дүгнэн энэ хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд заасан өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх дүгнэв.  

Өсвөр насны шүүгдэгч Б.Бийн хууль ёсны төлөөлөгч болох төрсөн эх Х.Болормаа нь 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдөр нас барсан, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээд тогтоогдохгүй байх тул оролцогч нарын саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бийн сонгон авсан өмгөөлөгч Ю.Тогмидыг оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Бадамчимэгийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдэлд хандсан, Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч Н.Бадамчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

            Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь нас тоолсон тэмдэглэлд тусгагдсанаар “Болормаа овогтой Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн өдөр болох 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар насыг тоолоход 16 нас 9 сар 1 хоногтой байв” гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.

Өсвөр шүүгдэгч Б.Б нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Бадамчимэг ”шүүгдэгч Б.Б болон түүнтэй хамт явсан охин нарт зодуулсан. Үүний улмаас сэтгэл санаа, бие мах бодийн болон эд материалын хохирол амсаж ажил үүргээсээ 7 хоногийн чөлөө авсан. Эдгээр хохирлуудыг барагдуулж өгөхийг шүүгдэгчээс нэхэмжилсэн” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд эмчилгээний зардал 123.000 төгрөгийн баримт авагдсан боловч дээрх баримтууд нь хуулбар хувиар хэрэгт авагдсан байх тул шүүхээс үнэлэх боломжгүй гэж үзлээ. Мөн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн комиссын Эд хөрөнгийн үнэлгээгээр Самсунг Галакси А9 загварын 1 ширхэг гар утасны дэлгэц засварлах үнэлгээг 400.000 төгрөг гэж тооцоолон гаргажээ. Энэхүү хохирол нь шүүгдэгч Б.Б нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх үедээ бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол байх тул гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирол гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн нэр дээр хөрөнгөгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн түүний хууль ёсны төлөөлөгч болох төрсөн эх Х.Болормаа нь 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдөр нас барсан болохыг 2479 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, Б.Бийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг  төрийн эрх бүхий байгууллагаас буюу Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар сум, дүүргийн Засаг даргаас асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоогоогүй зэрэг нөхцөл байдалтай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Бадамчимэг нь өсвөр насны шүүгдэгч Б.Бийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утасны дэлгэц засварлах төлбөр 400.000 төгрөг, мөн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбогдох нэхэмжлэлийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.  

Өсвөр насны шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан нийтлэг журам болон мөн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмуудыг хэрэглэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт, шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлахад чиглэсэн эрүүгийн хариуцлагын төрлийг сонгон хэрэглэж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтанд заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатнаас оргон зайлсан үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 44 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тооцон өсвөр насны шүүгдэгч Б.Бийн эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2,18.10, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б ийг 352 /гурван зуун тавин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бт оногдуулсан 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг өсвөр насны шүүгдэгч Б.Бт сануулсугай.

5.Өсвөр насны шүүгдэгч Б.Бийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагтай тэнцүү байхаар тогтоож эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Бадамчимэг нь өсвөр насны шүүгдэгч Б.Бийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утасны дэлгэц засварлах төлбөр 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, мөн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбогдох нэхэмжлэлийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР